Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0554

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б**

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.С***

Хариуцагч: Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын улсын байцаагч Б.О***

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.П***

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б**, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонго, хариуцагч Б.О***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Б** нь “Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн *** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хэргийн нөхцөл байдлын талаар:

2.1. Г.Б** нь 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай нислэгээр Тайланд улсаас Бээжингээр дамжин Улаанбаатар хотын Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд 11 цаг 00 минутад бууж гаалийн хяналт шалгалтын ногоон гарцаар гарахдаа Тайланд мөнгөн тэмдэгт болох *** THB, *** ам.долларыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй улсын хилээр авч гарсан зөрчилд Чингис хаан  Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан.

2.2.Нэхэмжлэгчээс дээрх шийтгэлийн хуудсын хүчингүй болгуулахаар 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШЗ2024/3042 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

3. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Г.Б** би 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай нислэгээр Тайланд улсаас Бээжингээр дамжин Улаанбаатар хотын Чингис хаан ОУНБ-д *** цагт буусан. Би Тайланд улсаас ирэхдээ бэлнээр мөнгө авч ирсэн.

Онгоцноос буугаад паспортын шалгалтаар ороод цааш гарсан. Ачаагаа аваад улаан гарц дээр байцаагч байхгүй байсан тул, ногоон гарц дээр байсан байцаагч дээр очиж бэлэн мөнгөтэй явж байгаа тухайгаа өөрөө хэлсэн, тэднээс мэдүүлгийн хуудас авч ачаагаа шалгуулаад мэдүүлгийн хуудас бөглөсөн.

Гаалийн байцаагч “мэдүүлгээ бөглөөд тамгалуулаад өрөөнд орж тоолуулаад аваад гарч болно" гэсэн. Би мэдүүлэг бөглөхдөө өөрт авч явсан мөнгөө бүгдийг үнэн зөвөөр мэдүүлж, нуун дарагдуулах ямар ч үйлдэл хийгээгүй. Тухайн мөнгөө мэдүүлэхгүй байх болон нуун дарагдуулах ямар ч шалтгаан байгаагүй. Учир нь мөнгийг мэдүүлснээр би татвар төлөх шаардлагагүй, мэдүүлэх тоо хэмжээнд хязгаар байхгүй, хуурамч болон хууль бус мөнгө биш. Мэдүүлгээ байцаагчид өгч тамгалуулаад мөнгөө тоолуулахаар хажуугийн өрөөнд хамт орсон.

Энэ үед ахлах байцаагч нь орж ирээд "улаан гарцаар гарах ёстой байсан хүнийг ногоон гарцаар гаргах" гэж байна. Мөнгийг нь хурааж торгоно чи ажлаа мэдэхгүй байна" гэж ажлаа хийж байсан байцаагчийг загнаж, намайг айлган дарамталж гэмт хэрэгтэнтэй харьцаж буй мэт ёс зүйгүй бүдүүлэг зан гаргаж эхэлсэн. Тэгээд нөгөө өрөөнд ороход мөнгийг чинь хураана торгоно, хорьж шийтгэнэ, эрүүгийн хэрэг үүсгэж шалгана гэж айлган сүрдүүлж маш хүнд нөхцөл байдалд оруулж улмаар арга хэмжээ авсан.

Би өмнөх өдрийн 19:30-д Тайландын Бангкок хотоос Бээжингийн чиглэлд нисэж шөнө 01 цагт Бээжин бууж, хоол унд нойргүй хонож өглөө 08:45-д Бээжингээс Улаанбаатт ирсэн тул маш их ядарсан байхад ингэж их айлгаж дарамталсан нь надад хүндээр нөлөөлж тухайн нөхцөл байдлыг ойлгохгүй юу болж байгааг ч мэдэх чадваргүй болгосон. Хүнийг ингэж гүтгэж буруутай байдал руу түлхэж хамаг эд хөрөнгийг хүчээр хурааж авдаг байдал манай улсад байна гэхэд итгэмээргүй байлаа.

Өмнө ажлын шаардлага болон хурал уулзалтаар БНХАУ, Тайланд, Солонгос улс руу удаа дараа явж байсан, охиноо сургуульд сургахаар хүргэж өгсөн араас нь эргэж очсон аяллуудыг маань тоолж явах болгондоо мөнгөтэй явсан байна гэж гүтгэсэн.

Чингис Хаан онгоцны буудал дээр Гаалийн байгууллагын үйл ажиллагаа тодорхойгүй байдаг. Надад 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсгийн дагуу ... төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, зөрчилтэй гэх *** THB, ... ам. долларыг хураахаар шийдвэрлэсэн.

Мөн түүнчлэн холбогдогч миний бие зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй, техник хэрэгслээр илрүүлж тогтоогоогүй байхад "Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж" шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн албан тушаалтан зөрчлийн хэрэг нээх, зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлэх, эсхүл хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эсэхийг 3 хоногийн дотор шалгаад, дээрх шийдвэрийн аль нэгийг гаргана гэсэн байна.

Гэтэл "зөрчлийн шинжтэй ямар нэг үйлдэл илрүүлээгүй, Төрийн албан хаагч ажлын байрандаа байгаагүй тул зорчигчид үйлчлэх үүрэг бүхий ногоон гарц дээр сууж байсан Гаалийн байцаагчаас үйлчилгээ авч байсан намайг буруутай мэт хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй юм.

Миний зүгээс нисэх буудлын гаалийн хяналтаар нэвтрэх үедээ биедээ авч явсан бэлэн мөнгийг нууж авч гарах ямар нэг зорилго байгаагүй, гаалийн байцаагчийн зүгээс зөрчил илрүүлэх ямар нэг процесс болоогүй, улаан гарц хүнгүй байсан шалтгаанаар ногоон гарцаар орж, байцаагчид учир байдлаа хэлж мэдүүлгээ бөглөж, мөнгөө тоолуулахаар өрөөнд дагаж орсон тул энэхүү шийтгэлийн хуудсыг хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Би Тайланд улсад нислэгийн удирдагч мэргэжил эзэмшсэн бөгөөд Тайланд руу сургалт, хурал цуглаан гэх мэт ажлаар маш олон удаа зорчиж байсан. Одоо манай охин бас Тайланд улсад сурч байгаа тул олон удаа Тайланд руу ирж очиж байгаа. Ийм учраас би Тайланд улс руу бизнес эрхлэх боломжтой гэж бодоод мөнгө авч очсон ч ашигтай бараа олж чадаагүй байсан мөн улсын ажилтай байсан тул чөлөө зав гарахгүй байсаар бизнес эхлүүлж чадаагүй байсан.

Сая зээлүүдийн төлөлт нэхэгдээд мөн 3 сарын 29-ний дотор хүүхдийн Солонгост сурах төлбөрийг төлөх барьцаа хөрөнгийн материалуудыг бүрдүүлэх яаралтай шаардлага гарсан тул уг мөнгөө буцааж авчирч байсан юм.

Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн тухай материалтай танилцахад болсон бодит байдлаас маш зөрүүтэйгээр өөрсдөө рентгенээр хараад илрүүлсэн мэт болгож материалыг бүрдүүлсэн байгаад гомдолтой байна.

Жишээ нь: Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхгүйг илрүүлсэн тухай" тэмдэглэлд:

Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч Б.О*** би хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтын бүсийн орох хэсгийн гар тээш шалгах зааланд Бээжин Улаанбаатар чиглэлийн *** онгоцоор ирсэн Г.Б** "улсын хилээр нэвтрэхдээ зорчигчийн гар тээш болох хүрэн өнгийн гар цүнх болон хар өнгийн 2 ш үүргэвч рентген аппаратаар шалгахад ... батыг гаалийн байгууллагад мэдүүлээгүйд холбогдох зөрчил гаргасан" гэж худал тэмдэглэсэн. *** миний бие рентгенд шалгуулахын өмнө бэлэн мөнгөтэй явж байгаа мэдүүлэг бөглөе гэж мэдэгдээд тэднээс өгсөн тамгатай мэдүүлгийг үнэн зөв мэдүүлсэн. /мэдүүлсэн хувь нь эх хувиараа одоо ч надад байна./

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд гаалийн хилээр нэвтрүүлэхгүйгээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчилд үзлэг шалгалт хийж тэмдэглэл үйлдэв гэж худал бичсэн. Мөн үзлэгийн үйл ажиллагаанд гаалийн улсын байцаагч Н.О*** гаалийн улсын байцаагч Б.О*** нар оролцсон нь хөндлөнгийн гэрч биш ажилтнууд нь байсан. Рентген аппаратаар шалгаад үзлэгийн өрөөнд оруулан шалгасан мэтээр бодит болсон байдлыг илт гуйвуулан бичсэн.

Битүүмжилсэн хөрөнгө орлого эд зүйлийг хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн хүнд эд зүйлийг хүлээлгэн өгөх тухай баримтад: Хөрөнгө эд зүйлийг хүлээн авсан Н.С*** гарын үсэг зураагүй байх тул уг мөнгө одоо хэнд хаана байгаа нь тодорхойгүй.

Мөн уг эд зүйл хүлээлгэн өгсөн тухай баримтад "хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж" гэж бичсэн байгаа нь үндэслэлгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн бол прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гэж заасан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлд... зөрчлийн талаарх гомдол мэдээлэлтэй танилцаад гэж бичсэн байх тул хэн хэзээ ямар гомдол мэдээлэл өгсөн болохыг тодруулж шалгаж өгнө үү.

Гаалийн улсын байцаагч шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийг үндэслэн миний биедээ авч явсан мөнгийг хураахаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 2-т заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Миний бие Гаалийн тухай хуулийн 228.1-т заасны дагуу гаалийн хилийн ногоон гарцаар нэвтрэх эрхтэй бөгөөд 55.2.4-д заасны дагуу өөрийн авч явсан бэлэн мөнгийг гаальд мэдүүлсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-т заасан зөрчлийн шинжгүй юм. Иймд 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн *** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

4. Нэхэмжлэгч Г.Б** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тухайн өдөр Тайланд улсаас өөрийн бэлэн мөнгийг гаалийн ногоон гарц дээр очиж мэдүүлсэн. Өмнө нь 11 дүгээр сард мөн адил мэдүүлж байсан тул өмнөх процессоор ногоон гарц дээр очиж мэдүүлэх боломжтой гэсэн бодолтойгоор мөнгө авч яваа гэдгээ хэлээд гаалийн эрхийн хуудас бөглөсөн. Тухайн мэдүүлсэн хуудас энд байна. Тайланд улсад манай охин сурч байсан. Биеийн байдал маш муу, сурах боломжгүй, сэтгэл санааны гутралд орсон гэх олон асуудал үүссэн учраас охиндоо санаа зовоод тухайн өдөр онгоцноос бууж охинтойгоо холбогдох гэж утсандаа сүлжээ оруулах гээд утсандаа анхаарч нэлээн цаг алдсан. Гаалийн мэдүүлэх хуудасны дагуу мэдүүлэх ёстой гэдгийг мэдэж байсан. Мөнгө нууж орох санаа, бодол байгаагүй. Яагаад гэвэл амьдралаа шийдэх бүх мөнгө байсан учраас надад нуух зүйл байхгүй байсан. Сэтгэл санааны байдлаас болж тухайн өдөр маш хүнд байдалтай байсан. Гаалийн мэдүүлгээ бөглөөд гарчих гэсэн учраас болох юм байна гэж ойлгож байсан. Гэтэл Н.Б*** ахлах байцаагч орж ирж ногоон гарц дээр гаалийн мэдүүлэг бөглөсөн гэж байцаагч нарыг загнасан. Тухайн өдөр нойргүй 24 цаг явсан сэтгэл санаа муу байхад эрүүгийн хэрэг үүсгэнэ, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэхэд шоконд орж ямар шийтгэл оногдуулах гэж байгааг ойлгох сэхээгүй байсан тул нөхрөө дуудаж байсан. Тухайн үед 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдээ гадаадад сургалтад суулгана гээд хүүхдийн төлбөр мөнгө гэсэн олон асуудлууд үүсчихсэн байсан. Мөн хүнээс мөнгө зээлсэн байсан тул мөнгө нь нэхэгдээд хэцүү байсан учраас Тайланд улсаас мөнгөө авч ирж нэг тийш нь болгох зорилгоор ирсэн юм. Дараагийн хүүхдээ сургуульд сургах боломжгүй болсон. Үнэнийг хэлэхэд жирийн иргэн санаатайгаар мөнгө нуусан үйлдэл хийгээгүй гэдгийг шүүхийн өмнө мэдүүлж байна.” гэв.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нотлох баримт шинжлэн судалсан болон талуудын тайлбартай холбогдуулаад нэмэлт тайлбараа хэлье. Нэгдүгээрт хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн тухай материалыг нотлох баримтаар шинжлэн судлах явцад эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл дээр прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1.1 дэх хэсэг зөрчигдсөн гэж үзэж байна. Хоёрдугаарт эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн үзлэгийг шинжлэн судлуулахдаа 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр батлан гаргасан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Мөнгө угаах болон террорист терроризмыг санхүүжүүлэх тухай хуулийн 15.4-д заасан заалтыг үндэслэл болгосон байгаа юм. Гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчил гаргасан нь энэ хуулийг 15.4-т заасан тайлбар нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө гэсэн тайлбартай байгаа. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө гэсэн хуулийн заалтад үндэслэсэн боловч 2024 оны 03 дугаар сарын 23-нд гарсан үйл явдал байгаа. Үүнийг мөн анхаарч үзэхийг хүсэж байна. Битүүмжилсэн эд хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хүнд эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай баримт дээр эд зүйлийг хурааж авсан боловч эд зүйлийг хүлээн авсан этгээд бол байхгүй байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.6.3-ыг зөрчсөн байна. Шийтгэлийн хуудас дээр дурдсан Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн боловч хариуцагчийн хариу тайлбар дээр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг нотлоогүй гэж байгаа. Энэ нь өөрөө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй болохыг илэрхийлж байна. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйл Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тухай хуульд заасан 3.1.1, 3.1.2-т заасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой мөнгө авч явсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. Мөнгөний эх үүсвэрийг бол нотолсон байгаа. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Монгол Улсын хилээр мөнгө бэлнээр нэвтрүүлэх бол гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ гэсэн заалт байгаа. Г.Б** өөрт байсан гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн гэдгийг нотолж байгаа. Өөрөөр хэлбэл гаалийн мэдүүлгээр бүх мөнгөө үнэн зөвөөр нь мэдүүлсэн гэж хариуцагч тал хэлж байна. Хариуцагчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа зөрчил нь ногоон гарц, улаан гарцын дэглэмийг зөрчсөн талаар ярьдаг. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх байсан мөнгө болохыг зөрчил шалган шийдвэрлэж байгаа эрх бүхий албан тушаалтан бол өөрөө нотлох үүрэгтэй гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15-д заасан үүргээ хэрэгжүүлэлгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь өөрөө үндэслэлгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд зааснаар эд зүйл, баримт бичгийг хураан авах талаар зохицуулалт тусгагдсан. Нотлох баримт шинжлэн судлахад хураан авсан эд зүйл, баримт бичгийн жагсаалт үйлдээд эд зүйл, баримт бичгээ хураалгасан ажиллагаанд байлцсан хүнээр гарын үсэг зуруулаад хураан авсан тэмдэглэлийн нэг хувийг Г.Б*** өгөөгүй байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд зөрчлийг нотлох зохицуулалт орсон. Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрээ өөрөө нотолно. Хураан авсан эд зүйлээ тусгай дансанд байршуулдаг болоод удаж байгаа. Өнөөдрийн байдлаар хураан авсан эд зүйл хүлээж авсан этгээдийн гарын үсэг байхгүй байгаа. Мөн байршуулсан дансны тэмдэглэл байхгүй. Үүнийг анхаарч үзнэ үү. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхтэй холбоотой. Урьдчилан сэргийлэх нөхцөл байдлыг тогтоосон талаарх баримт байхгүй байгаа юм. Гомдол гаргагчийн биедээ авч явсан валют нь ямар байдлаар мөнгө угаагаад байгаа юм, ямар байдлаар терроризмыг санхүүжүүлээд байгаа юм бэ гэдгийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг нь нотлогдоод байна. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гаалийн хяналтын тухай дурдсан байна. Гаалийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлд гаалийн хууль тогтоомжийг гаалийн харилцаанд оролцогчдод үнэ төлбөргүй мэдээлэх үүрэгтэйгээс гадна үүнтэй холбоотой зөвлөгөө өгөх үүрэгтэй байдаг. Мэдүүлэг бөглөөд гаальд мэдүүлснээрээ мэдээлсэн гэж манай үйлчлүүлэгч бол хэлээд байна. Гэтэл өмнө нь байх ёстой, хойно нь байх ёстой гэдгийг Гаалийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлд зааснаар гаалийн байцаагч өөрөө зөвлөгөө өгөх ёстой байдаг. Энэ үүргээ мөн биелүүлээгүй байна гэж үзэж байна. Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журам мөн үйлчилж байгаа. Амаар болон бичгээр зөвлөгөө өгөх үүрэгтэй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг бол хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулна гэж заасан байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа өөрөө хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй байна гэдгийг нотлох баримт шинжлэн судлах явцад судлуулсан баримтууд өөрөө нотлоод байна гэж үзэж байна. Мөн хуулийн 4.12 дугаар зүйлийн 3-д хураан авсан валютыг тусгай дансанд байршуулна гэж заасан байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15-д эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийн үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ. Нотлох үүргээ хүлээхгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой мөнгө байсан гэдэг юм ярьж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэнэ гэсэн байгаа. Гаальд мэдүүлээгүй байна гэж хариуцлага хүлээлгэж байгаа нь шууд мөнгө угааж, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоогүй юм. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д үр нөлөөтэй байх ёстой, бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстой гэж үзэж байна. Энэ шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулъя гэдэг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Тухайн гаргасан шийдвэр бодит нөхцөл байдалд нь тохирсон шийтгэл хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл дэглэм зөрчсөн гэж үзэж байгаа нь хариуцагчийн хариу тайлбар дээр улаан гарцаар орох байсан гэтэл ногоон гарцаар орсон гэж тайлбарладаг. Зөрчлийн тухай хуулийн 11.21.1 рүү оруулж шийтгэлийн хуудсыг өөрчлөх боломж байна. Гаргасан зөрчлийг бодит байдалтай нийцүүлж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Хэрэв хялбаршуулсан журмаар зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол мэдүүлээд байх ямар ч шаардлага байхгүй. Тийм учраас хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал дотор гаалийн мэдүүлэг өөрөө байхгүй байгаа. Хариуцагчийн мэдүүлээгүй гарсан гэдэг нь нотлогдохгүй байна. Дэглэм зөрчсөн нь *** төгрөгөөр торгуулаад л явах ёстой. Гэтэл одоо *** төгрөгөөр торгоод бүх бэлэн мөнгийг хураан авсан байгаа юм. Гаалийн мэдүүлэг дээр гаалийн байцаагч тамга дараад, нэг хувийг өгсөн байгаа юм. Дэглэм зөрчсөн нь өөрөө мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлсэн гэж шууд нотолж байгаа хэлбэр биш юм. Тиймээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

6. Хариуцагч Б.О*** шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбартаа:

“Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О*** би 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажил үүргийн хуваарийн дагуу **** буюу ирэх зорчигчийн гар тээш шалгах рентген аппарат дээр хувиарлагдан ажиллаж байсан. Ирэх зорчигчийн хяналт шалгалтын хэсэгт улаан гарц 1 ширхэг, ногоон гарц 2 ширхэг байдаг бөгөөд улаан болон ногоон гарц бүрт гаалийн байцаагч нар ажиллаж байсан. Тухайн өдөр 10 цаг 58 минутад *** нислэгээр Бээжин- Улаанбаатар онгоцоор ирсэн зорчигч Г.Б** нь гаалийн ногоон гарц сонгон рентген аппаратаар шалгуулсан. Гар дээш болох хар өнгийн хоёр үүргэвч болон хүрэн өнгийн гар цүнхийг рентген аппаратаар оруулан шалгахад тод улбар шар өнгийн дөрвөлжин хэлбэртэй мөнгөн дэвсгэрт байх магадлалтай дүрс харагдсан тул зорчигчоос гаальд мэдүүлэх бараа байгаа юу? гэж асуухад улаан түрүүвчтэй *** гаргаж үзүүлсэн. Дахин мөнгө байгаа юу? гэж асуухад дуугараагүй тул та гаальд мэдүүлэх эрхтэй гэж жижүүрийн өрөө рүү оруулсан. Ээлжийн эрсдэл хариуцсан байцаагч тухайн зорчигчоос яагаад гаальд мэдүүлээгүй талаар тайлбар болон мэдүүлэг бөглүүлж байсан. Би хяналт шалгалтаа хийж дуусаад дээрх зорчигчийн рентген дүрсийг дахин шалгаж хоёр хар үүргэвчинд тод улбар шар өнгийн дөрвөлжин хэлбэртэй дүрс харагдсан тул биет үзлэг хийхэд хар гялгар уутанд хийсэн валют болох *** дэвсгэрт бүхий нийт *** ширхэг мөнгөн дэвсгэрт бүхий Тайланд улсын бат байсан нь гаалийн байгууллагад мэдүүлэхгүйгээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зорчигч гаалийн үзлэгийн шалгалтаар хийж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн.

Тухайн зорчигч нь гаальд мэдүүлсэн мэтээр тайлбар өгсөн нь үнэнд нийцэхгүй болно. Үзлэг, шалгалт хийж байгаа нь камерын бичлэгээр баталгаажна. Эрсдэлийн санд бүртгэх зорилгоор зорчигчийн мэдүүлэг бичүүлж байсан.” гэв.

7. Хариуцагч Б.О*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тухайн өдөр Бээжин, Улаанбаатар *** нислэгээр Г******* овогтой *** зорчигч нь гаалийн ногоон гарц сонгон рентген аппаратаар шалгуулсан. Гар тээш болох хар өнгийн 2 үүргэвч, хүрэн өнгийн гар цүнхийг рентген аппарат дээр тавьж шалгахад тод улбар шар өнгийн дөрвөлжин хэлбэртэй, мөнгөн дэвсгэрт байх магадлалтай дүрс харагдсан тул зорчигчоос гаальд мэдүүлэх бараатай юу гэж асуусан. Энэ тухай хэлээгүй. Ээлжийн эрсдэл хариуцсан гаалийн улсын байцаагч н.Т******* бичиг баримтыг нь шалгаж мөнгө байгаа эсэхийг асуусан. Хүрэн цүнхэнд дөрвөлжин хэлбэртэй мөнгө байсан болох харагдаж байсан тул бэлэн мөнгө байгаа юу гэж асуухад цүнхнээсээ түрийвчээ гаргаж *** доллар л гаргаж өөр гаальд мэдүүлэх бараатай тухайгаа хэлээгүй. н.Т*** хяналт шалгалтын өрөө рүү авч ороод яагаад гаальд мэдүүлэх бараагаа мэдүүлээгүй тухай тайлбар авч гаалийн мэдүүлэг бичүүлж байсан. Гаалийн хяналтын бүсийн Си Ди бичлэг дээр тодорхой харагдаж байгаа. Си Ди бичлэгийг Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн газрын 04 дүгээр сарын 19-ний *** дугаар тоотын дагуу Гаалийн ерөнхий газрын 05 дугаар сарын 10-ны өдрийн албан тоотоор тухайн өдрийн *** гарцын 6 бичлэгийг хүлээн авч шүүхэд хүлээлгэн өгсөн. Би тухайн онгоцны зорчигчийн хяналт шалгалтыг үргэлжлүүлж дуусаад дахин зорчигчийн рентген аппарат дахь дүрсийг шалгахад 2 хар үүргэвчинд бас мөнгөн дэвсгэрт байх магадлалтай дүрс харагдсан. Энэ нь рентген зургаар баталгаажиж байгаа. Зорчигч Г.Б** нь гаалийн байгууллагад ямар нэгэн бараа мэдүүлээгүй, шууд ногоон гарц сонгон харилцаанд орсон байгаа. Бидний үндсэн барих журам нь Гаалийн тухай хууль байдаг. Гаалийн ерөнхий газрын 2019 оны *** зорчигчийн хувийн хэрэглээний эд хөрөнгийг улсын хилээр нэвтрүүлэх журам, *** гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, гаалийн хяналт шалгалт тавих нийтлэг журам. *** дугаар журмын 23.6.1-д олон улсын нисэх буудал нь хос гарцын систем нэвтрүүлсэн. Хилийн боомтод зорчигч улсын хилээр нэвтрэхдээ гаалийн улаан болон ногоон гарцыг сонгон үйлчлүүлнэ гэж байгаа. 6.11-д зорчигч ногоон гарцыг сонгосон бол энэ журмын 5.5-д заасан бараа байхгүй гэж үзнэ. Энэ нь *** төгрөгөөс дээш төгрөгтэй зорчигчид гаалийн мэдүүлэг гаальд мэдүүлэх ёстой. Гааль хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл гаалийн хяналт шалгалт тавих нийтлэг журмын 11.5-д зорчигч ногоон гарцыг сонгосон бол хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан, биеэс тусдаа ачаа бусдад дамжуулах, гаалийн болон бусад татвар төлөх бараа, гаалийн байгууллагад мэдүүлэх бараа, валют байхгүй гэж мэдүүлсэн гэж үздэг. Чингис хаан олон улсын нисэх буудлын хяналт шалгалтын хэсэгт улаан гарц 1, ногоон гарц 2 байдаг. Гарц бүрт тухайн өдөр байцаагч нар ажиллаж байсан. Улаан гарц дээр гаалийн улсын байцаагч байхгүй байсан гэж нэхэмжлэлд бичсэн байсан. Камерын бичлэгээр улаан гарц дээр байцаагч ажиллаж байгаа нь тогтоогдож байгаа. Гаалийн хяналт шалгалтаар зорчигч Г.Б**ы 2 хар үүргэвч болон хүрэн цүнх нь тус бүрт хар гялгар уутанд хийсэн Тайланд улсын мөнгөн дэвсгэрт бүхий 3 хэсэг нийт 3591 ширхэг мөнгөн дэвсгэрт гаалийн байгууллагад мэдүүлэхгүйгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил үйлдсэн. Зөрчлийн хуулийн эд зүйлсийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 6.13 дээр ногоон гарцаар нэвтэрч буй зорчигч энэ журмын болон гаалийн хууль тогтоомж зөрчсөн нь гаалийн хяналтаар илэрсэн эсвэл гаалийн байгууллагад энэ талаар мэдээлсэн бол гаалийн байгууллага шалгалт хийнэ. Энэ хуулийн 6.14-д нь гаалийн шалгалтаар зорчигч хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдвол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ гэж заасан. Тухайн зөрчлийг Зөрчлийн хуулийн тухай хуулийн 11.29 буюу 22 дугаар хэсгийн 22.3-д заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Зорчигч гадаад валют, санхүүгийн хэрэгсэл Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэхэд доорх хууль тогтоомжийн дагуу зохицуулна гэж байгаа юм. Нэгдүгээрт, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу зорчигч *** төгрөгөөс дээш төгрөг эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, цахим өнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ. 15.2-т энэ хуулийн 15.1-д заасны дагуу мэдүүлсэн бэлэн мөнгийг гаалийн байгууллага нэгтгэж сар бүр холбогдох журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлдэг. Үүний дагуу бид мэдүүлгийг үндэслэж *** системийн эрсдэлийн удирдлага хэсгийн бэлэн мөнгөний хяналт гэсэн программ дээр бид нар тухайн үед бүртгээд явдаг. Гэтэл Г.Б** нь улаан гарц дээр гаалийн улсын байцаагч байхгүй байсан. Ногоон гарц дээр байсан байцаагч дээр очиж бэлэн мөнгөтэй явж байсан тухайгаа хэлсэн гэж Г.Б** нь ярьж байгаа ч өөрийн авч явсан мөнгө буюу гадаад валютыг гаалийн байгууллагад ямар нэгэн хэлбэрээр мэдүүлээгүй зөрчил илэрсний дараа хэрэг шалгалтын өрөөнд оруулж гаалийн мэдүүлэг бичүүлж, тайлбар бичиж байгаа нь камерын бичлэгээр нотлогдож байгаа. Тухайн албан бичиг баримтыг гаалийн байцаагчийн зөвшөөрөлгүй авч яваад гаальд мэдүүлсэн мэт нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна. Г.Б** нь улсын хилээр урьд нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарах чиглэлд 100 мянган доллар, орох чиглэлд 3 хоногийн дараа буюу 11 дүгээр сарны 25-ны өдөр *** тайланд батыг гаалийн байгууллагад үнэлүүлж кайс системийн эрсдэлийн удирдлага хэсгийн бэлэн мөнгөний хяналтын программд бүртгэсэн болон урьд нь мэдүүлж байсан гаалийн мэдүүлгийг нотариатаар батлуулан нотлох баримтаар гаргаж өгсөн. Их хэмжээний валютыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тодорхой байна. Дээрх мөнгөний гарал үүсэл бас анхаарал татаж байгаа. 100,000 доллартай гараад буцаагаад **** тайланд баттай ямар эх үүсвэрээр олсон гэдэг нь анхаарал татаж байна.” гэв.

          8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нэхэмжлэгч талаас прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй байна гэж байна. Зөрчил илрээд цахимаар бүртгэлээ явуулдаг. Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээд зогсохгүй хянагдсан байгаа. Прокурорын зүгээс ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй байна гэж хянагдаад ирсэн байгаа. Терроризмтой тэмцэх тухай хуулийн үйлчлэх хугацаа гэж яриад байна. Зөвхөн нэг заалт байсан *** төгрөгөөс дээш хэмжээний төгрөгийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон заалтын хугацаа дуусаж байгаа. Түүнээс бусад хууль бол хүчин төгөлдөр байгаа. Хураан авсан эд зүйлс дээр хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй байна гэж яриад байна. Хүний энэ их хэмжээний мөнгийг зүгээр хураагаад авдаггүй юм. Нэг бүрчлэн серийн дугаараар нь бүртгээд тоолоод жагсаалт гаргаад хурааж авсан. Хурааж авахад орлого хариуцсан нярав байхгүй байсан тул тухайн үед гарын үсэг зуруулж амжаагүй байсан. Одоо бол зурагдсан байгаа.

          Шийтгэлийн хуудсан дээр Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-т заасныг зөрчсөн гэж байгаа юм. Мөнгөний эх үүсвэр нь анх Монгол улсын хилээр авч гарсан л юм шиг байгаа юм. Гаалийн байгууллагад мэдүүлэг гарсан байх ёстой. Гэтэл бас гаалийн байгууллага мэдүүлээгүй. Энэ хүн Монгол улсын хилээр авч гарахдаа мөн хууль зөрчөөд аваад гарсан юм шиг байгаа юм. Ер нь улсын хилээр нэвтрэхдээ өөрт яваа, зорчигчийн хувийн хэрэглээнээс бусад бараа бүтээгдэхүүнүүдийг гаалийн байгууллагад мэдүүлээд явах ёстой шүү дээ. Зөрчил нотлогдохгүй байна гэж яриад байна. Зөрчил нь нотлогдоод байгаа. Камерын бичлэгээр нотлогдож байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд явагдсан тэмдэглэлүүд дээр холбогдогч бол гарын үсгээ зураад хүлээн зөвшөөрсөн асуудал байгаа. Гаалийн тухай хуульд заасан мэдээллээ өгөхгүй байна гэж мөн яриад байна. Онгоцонд 200 гаруй хүн явж байгаа. Бид бүхэн 200 гаруй хүн бүрт заавар зөвлөгөө өгч ажиллах боломж байхгүй. Зурагт хуудас, гаалийн мэдүүлэх хэсэг гэсэн тайлбар, танилцуулга, сурталчилгаа хийсэн байгаа. Гаалийн улсын байцаагчаас ирээд асуусан тохиолдолд бид хууль дүрмээ тайлбарлаад явдаг. Хяналтын бүсийн дэглэм зөрчсөнтэй холбож зүйлчлэл өөрчилнө гэж яриад байна. *** төгрөгөөс дээш хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлээгүй бол барааг нь хураагаад 15%-тай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно гэж заасан байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Г.Б**ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1.Г.Б** нь “Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргасан.

2.1.Улаан гарц хүнгүй байсан шалтгаанаар ногоон гарцаар орж, байцаагчид учир байдлаа хэлж мэдүүлгээ бөглөж, мөнгөө тоолуулахаар өрөөнд дагаж орсон тул энэхүү шийтгэлийн хуудсыг хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгуулахаар маргаж байна.

2.2. Зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй, техник хэрэгслээр илрүүлж тогтоогоогүй байхад хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй.

3.Г.Б** нь 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар нислэгээр Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд бууж, гаалийн хяналтын ногоон бүсээр нэвтэрсэн.

Ийнхүү гаалийн хяналтын бүсээр нэтрэхдээ биедээ авч явсан бэлэн мөнгийг мэдүүлээгүй гэх үндэслэлээр Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-д заасны дагуу *** төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, *** THB, 500 ам.долларыг хураахаар шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчээс нисэх буудлын гаалийн хяналтын бүсээр нэвтрэхдээ авч явсан бэлэн мөнгийг гаалийн ногоон гарц дээр очиж мэдүүлсэн, гаалийн байцаагчийн зүгээс зөрчил илрүүлэх ямар нэг процесс болоогүй, улаан гарц хүнгүй байсан шалтгаанаар ногоон гарцаар орж, байцаагчид учир байдлаа хэлж мэдүүлгээ бөглөж, мөнгөө тоолуулахаар өрөөнд дагаж орсон гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

5.Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхгүйг илрүүлсэн тэмдэглэлд “... хяналтын бүсийн орох хэсгийн гар тээш шалгах зааланд Бээжин Улаанбаатар чиглэлийн *** онгоцоор ирсэн Г.Б**ы гар тээш болох хүрэн өнгийн гар цүнх болон хар өнгийн 2 ш үүргэвчийг рентген аппаратаар шалгахад *** Тайланд баттыг гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчил гаргасан..." гэж тэмдэглэсэн.

6.Мөн өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “... гаалийн хяналт шалгалтын өрөөнд оруулж, ... өөрөөр нь гаргуулж үзэхэд 1000 дэвсгэрт бүхий нийт *** ширхэг Тайланд улсын мөнгөн тэмдэгт ... гаалийн байгууллагад мэдүүлэхгүйгээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчилд үзлэг шалгалт хийж тэмдэглэл үйлдэв.” гэжээ.

7.Нэхэмжлэгчээс “рентген аппаратад шалгуулахын өмнө бэлэн мөнгөтэй явж байгаа мэдүүлэг бөглөе гэж мэдэгдсэн” гэх үндэслэлийг тодруулахаар Чингис хаан олон улсын нисэх буудлын Гаалийн газрын 04 дүгээр сарын 19-ний *** дугаар албан бичгээр ирүүлсэн *** гарцын 6 ширхэг видео бичлэгийг шүүх хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10.00 цагт Гаалийн ерөнхий газрын Хяналтын нэгдсэн  төвд үзлэг хийж баталгаажуулсан.

8.Үзлэгээр 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 58 минутад Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О*** А7 буюу ирэх зорчигчийн гар тээш шалгах рентген аппарат дээр ажиллаж байгаа,

Ирэх зорчигчийн хяналт шалгалтын хэсэгт байх 1 улаан гарц, 2 ногоон гарц тус бүрт бүрт гаалийн байцаагч нар ажиллаж байгаа,

 Г.Б** нь гаалийн ногоон гарц сонгон рентген аппаратаар шалгуулахаар хар өнгийн хоёр үүргэвч болон хүрэн өнгийн гар цүнхийг рентген аппаратаар оруулан шалгуулж байгаа,

Үүний дараа улаан түрүүвчтэй зүйл гаргаж үзүүлж байгаа бичлэг тус тус бичигдсэн байна.

9.Г.Б** гар тээшээ рентген аппаратад шалгуулахын өмнө мэдүүлэх мөнгө байгаа гэж хэлсэн гэх тайлбар нь дээрх дүрс бичлэгээр нотлогдохгүй байх тул уг рентген аппаратад ачаа эд зүйлийг оруулах ажлыг хийж байсан гэрч Б.О***-ыг шүүх хуралдаанд оролцуулан асуухад Г.Б**ы тайлбар нотлогдоогүй болно.

10.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ.”,

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “"мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг;”, 57 дугаар зүйлийн 57.2.1.”гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах;”, 57.2.4.”мэдүүлсэн барааг гаалийн байгууллагад шалгуулах;”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Гаалийн байгууллага, албан тушаалтан гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хүлээн авч бүртгэснээр барааг гаалийн байгууллагад мэдүүлсэнд тооцно.” гэж хуульчилсан байна.

Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын 2019 оны *** дугаар тушаалаар батлагдсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 5.5.2-т  “15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгө;”-ийг  гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад бичгээр мэдүүлнэ.” гэж,  2019 оны *** дугаар тушаалаар батлагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих журмын 11.5-д “Зорчигч ногоон гарцыг сонгосон бол хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан, биеэс тусдаа явуулсан, бусдад дамжуулах, гаалийн болон бусад татвар төлөх, гаалийн байгууллагад мэдүүлэх бараа, валют байхгүй хэмээн мэдүүлсэн гэж үзнэ.”, 11.6-д “Ногоон гарцаар нэвтэрч буй зорчигч энэ журам болон гаалийн хууль тогтоомж зөрчсөн нь гаалийн хяналтаар илэрсэн, эсхүл гаалийн байгууллага энэ талаар мэдээлэл авсан бол гаалийн шалгалт хийнэ.” гэж зохицуулсан байна.

            11.Эдгээр зохицуулалтаас үзэхэд Г.Б**ы гар тээшиндээ авч явсан бэлэн мөнгийг хилээр нэвтрүүлэхдээ гаальд мэдүүлээгүй зөрчилд Зөрчлийн хуулийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-д гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн;” шинжтэй зөрчил гаргасан гэж дүгнэх нь зүйтэй бөгөөд уг хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-д “... зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй болжээ.

12.Нэхэмжлэгчээс Битүүмжилсэн хөрөнгө орлого эд зүйлийг хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн хүнд эд зүйлийг хүлээлгэн өгөх тухай баримтад хөрөнгө эд зүйлийг хүлээн авсан Н.С*** гарын үсэг зураагүй гэж маргах боловч уг баримтад эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан бөгөөд хураан авсан эд зүйл гаалийн байгууллагад байгаа эсэх талаар маргаан байхгүй.

Мөн Тээврийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн *** дүгээр албан бичгээр маргаан бүхий зөрчлийн хэргийг ирүүлсэн бөгөөд  прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн гаалийн хилээр нэвтрэхийн өмнө тээш хүлээн авах хэсэгт мэдүүлгийн хуудас, түүнтэй холбоотой мэдээллийг байршуулсан бөгөөд  нэхэмжлэгчээс ямар нэгэн мэдээлэл зөвлөгөө авахаар хандсан гэх нөхцөл байдал шүүхээс хийсэн үзлэг болон хариуцагчаас ирүүлсэн видео бичлэгээр тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн мэдээлэх, зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

 13.Иймд Г.Б**ыг гаргасан “Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Зөрчлийн хуулийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1, Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б**ы гаргасан “Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН