Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 01755

 

МАГАДЛАЛ

 2020.08.12                                       Дугаар 1755

 

 

 

 

 

 

 

Ц.Насантогтохын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/01897 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Насантогтохын хариуцагч Г.Дорждагвад холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг 17 377 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батням

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Насантогтох шүүхэд гаргасан нэхэмжлэл гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Дорждагватай 2008 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ бүртгүүлэн хамтран амьдрах хугацаандаа 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү Д.Энх-Амгалан, 2014 оны 4 дүгээр сарын 23-ны хүү Д.Эрхэмдалай нарыг төрүүлсэн. 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан боловч дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлээгүй. Бид хамтран амьдарч байхдаа Улаанбаатар банкнаас орон сууц худалдан авахад зориулж 61 000 000 төгрөгийн зээл авч Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал, 646 байр, 142 тоот, 58.22 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Г.Дорждагвын буруугаас болж эцэг, эх, ах дүү нарынхаа гэрээр хоног төөрүүлэн маш хүнд нөхцөлд амьдарч, ямар ч зээлэнд хамрагдах боломжгүй эрх нь маш ихээр зөрчигдөж байна. Улаанбаатар хотын банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээнд үндсэн зээлдэгчээр нөхөр Г.Дорждагва, хамтран зээлдэгчээр эхнэр Ц.Насантогтох нар бүртгүүлж тэдний нэр дээр зээл гарсан. Мөн хариуцагч Г.Дорждагва хамтран зээлдэгчээс Ц.Насантогтохын нэрийг хасуулах, орон сууц худалдаж авахад урьдчилгаа төлбөрт дэмжлэг үзүүлэхээр тохирсон боловч тохирсон зүйлээ биелүүлээгүй.

Орон сууцны үнийн урьдчилгаа 30 хувь болох 26 330 000 төгрөгийг бид дундын орлогоосоо төлсөн тул өөрт болон хүү Д.Энх-Амгаланд ногдох 17 377 800 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч Г.Дорждагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Насантогтохтой 2008 онд танилцан 2009 онд гэр бүлээ батлуулж 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү Д.Энх-амгалан, 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүү Д.Эрхэмдалай нар төрсөн. Ц.Насантогтох нь гэр бүлээс гадуурх харьцаа үүсгэсний улмаас гэрлэлтээ цуцалсан. Ц.Насантогтох нь гэрээсээ явахдаа хүү Д.Энх-Амгаланг эцэг, эх дээрээ үлдээж, бага хүү Д.Эрхэмдалайг авч явсан. Д.Энх-Амгалан нь Ц.Насантогтохын эцэг, эхийнд амьдарч байна. Гэрлэлт цуцлах үед хүү Д.Энх-Амгаланд хүүхдийн тэтгэмж тогтоолгох, 2 хүүг өөрийн асрамжид үлдээсэн. Дундын эд хөрөнгийн талаар шүүх хурлаас өмнө ямар нэгэн тохиролцоогүй хийгээгүй.

Бид хамтран амьдрах хугацаандаа цахилгаан бараа авах зорилгоор “Хаан банк” ХХК-аас 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөгийн зээл авч нийт 6 881 485 төгрөгийн үнэ бүхий Sony ТV 50 инч, Samsung хөргөгч, Samsung тоос сорогч, Indesit бүрэн автомат угаалгын машин, Sony DVD тоглуулагч, Раnаsonic суурин утас зэргийг худалдан авсан. Ц.Насантогтох нь дээрх бараа болон эрдэнэт хивс, аррlе брэндийн нөүтбүүк зэрэг гэр бүлийн дундын эд хөрөнгийг авч явсан. Миний бие бүх зээлийг нь төлж барагдуулсан. Мөн Ц.Насантогтох нь Тоёото приус-20 маркийн автомашиныг авч явсан. Орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 26 330 000 төгрөгийг бид дундын орлогоосоо гаргасан нь үндэслэлгүй. Учир нь миний бие 73-13 УНИ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг 24 800 000 төгрөгөөр бусдад худалдаж зээлийн төлбөрт 10 000 000 төгрөгийг, мөн 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дахин 2 400 000 төгрөг төлсөн.

“Эс девелопмент” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилгаа төлбөрийн 15 хувь болох 13 842 990 төгрөгийг төлсөн. Дахин 15 хувийн төлбөр хийх шаардлага байсан учир “Шунхлай” ХХК-иас 15 000 000 төгрөгийн зээл авч байрны урьчилгаа 30 хувь бүрдсэн. “Эс девелопмент” ХХК-аас авсан байрны м.кв-ын үнэ өндөр байсан тул Я.Ганбаатараас Сонгинохайрхан дүүрэг, ХМК-д Шинэ төв 168 айлын орон сууцыг худалдан авахаар болж гэрээний дагуу урьдчилгаа 26 330 000 төгрөгийг шилжүүлсэн. “Шунхлай” ХХК-аас 2015 оны 6 дугаар сард өөрийн санаачилгаар ажлаас гарсан тул 15 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 12 075 575 төгрөгийг 24 сарын хугацаатай нэг сард 500 000 төгрөгийг төлөхөөр 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн В/97 тоот зээлийн батлан даалтын гэрээ байгуулсан ба 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 500 000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 11 575 575 төгрөг үлдсэн байсан. 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д ажилд орж 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Г/125 тоот өр авлага барагдуулах гурван талт хэлцэл байгуулж “Шунхлай” ХХК-д төлөх зээлийн төлбөрийг уг компани төлж сар бүр цалин дээрээсээ 200 000 төгрөгийг суутгахаар тохиролцсон. “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь цалинг хугацаандаа өгөхгүй байсан тул ажилтны санаачлагаар 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Тус компанитай байгуулсан гэрээний дагуу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 200,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний 600 000 төгрөг, нийт 800 000 төгрөгийг төлж үлдэгдэл зээл 10 755 574 төгрөг байсан.

Ц.Насантогтохыг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрээсээ явснаас хойш буюу 2017 оны 4 дүгээр сарын 20-ноос 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хооронд бага багаар төлсөөр байрны урьдчилгааны 15 000 000 төгрөгийг төлж дуусгасан. Орон сууцны урьдчилгаа 30 хувь болох 26 330 000 төгрөгийг төлөхөд Ц.Насантогтох оролцоогүй.

Ц.Насантогтохын эцэг, эхийн амьдарч байгаа Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхонд байрлах орон сууцыг худалдан авахад нь миний ах Г.Доржийн нэр дээрх хаашаа байшинг худалдаж урьдчилгаа төлбөрт 6 000 000 төгрөгийг өгсөн. Мөн Ц.Насантогтох нь миний ах Г.Доржийн автомашиныг бусдад худалдсан боловч төлбөрийг өгөөгүй. Мөн Ц.Насанжаргалын сургалтын төлбөрт 1 500 000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Иймд Ц.Насантогтохын гаргасан дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс ногдох хэсэг 17 377 800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Дорждагва шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Насантогтох бид амьдрах хугацаандаа гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулж 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Хаан банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийн зээл авч нийт 6 881 485 төгрөгийн үнэ бүхий ТV 50 инч, хөргөгч, тоос сорогч, бүрэн автомат угаалгын машин, DVD тоглуулагч, суурин утас зэргийг худалдан авсан. 6 881 485 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөнөөс өөрт ногдох 2 293 828 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд дурьдсан дээрх цахилгаан бараануудыг зохигчид худалдан авсан буюу цахилгаан бараанууд нь гэр бүлийн хэрэгцээнд тодорхой хугацаанд ашиглах үед зурагт булан хэсэгтээ хагарсан учир зах зээлийн үнэ ханшинд хүрэх боломжгүй. Ц.Насантогтох нь өөрт болон хоёр хүүхдэдээ ногдох хэсгийг авч явсан. Дээрх барааг авч явахаас гадна гэрт классик загварын шкап, буйдан, ширээ сандал, мөлхөө ширээ, гал тогооны тавилга, шарх шүүгээ зэрэг зах зээлийн ханшаар 10 000 000 гаруй төгрөгийн эд хөрөнгийг үлдсэн. Энэ нь дундын эд хөрөнгөөс Г.Дорждагвад ногдох хэсгийг өгсөн гэж үзэж байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Дорждагваас Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал 64б байрны 142 тоот, 2 өрөө орон сууцны урьдчилгаанд төлсөн мөнгөн хөрөнгөөс нэхэмжлэгч Ц.Насантогтох болон хүү Д.Энх-Амгаланд ногдох хэсэг 17 377 800 төгрөгийг гаргуулан Ц.Насантогтоход, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын Sony ТV 50 инч, Samsung хөргөгч, Samsung тоос сорогч, Indesit бүрэн автомат угаалгын машин, Sony DVD тоглуулагч, Раnаsonic суурин утас зэрэг эд хөрөнгийг нэхэмжлэгч Ц.Насантогтоход үлдээн, уг эд хогшлийн үнээс хариуцагч Г.Дорждагвад ногдох хэсэг болох 2 293 828 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Насантогтохоос гаргуулан хариуцагч Г.Дорждагвад тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,839 төгрөгийг, мөн хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,660 төгрөг төлснийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 244,839 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 51,660 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Орон сууцны урьдчилгаа төлбөрөөс Ц.Насантогтох болон хүү Д.Энх-Амгалан нарт ногдох хэсэг 17 377 800 төгрөгийг гаргуулан шийдвэрлэснээс 8 149 140 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн хэсгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... 2013 онд худалдах, худалдан авах гэрээний дагуу Toyoto Harrier маркийн автомашины худалдан авсан, уг автомаишныг 2014 оны 24 800 000 төгрөгөөр худалдаж орон сууцны урьдчилгаа төлбөрт 13 842 990 төгрөгийг, мөн ондоо Г.Дорждагва нь “Шунхлай “ХХК-тай орон сууцны урьдчилгаанд зээл олгох тухай гэрээг байгуулан 15 000 000 төгрөгийг зээлж, 13 842 990 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээ, төлбөрийн баримт, Хаан банк дахь Г.Дорждагвагын дансны хуулга зэрэг бичгийн баримтуудаар, Г.Дорждагва нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу тус компанид ажлын албаны чанарын менежерээр ажиллаж байхдаа “Тусламж, зээл олгох гэрээ”-г байгуулан 11 575 575 төгрөгийн хүүгүй зээлийг авч “Шунхлай” ХХК-тай байгуулсан зээлийн төлбөрийг төлж барагдуулсан байх бөгөөд дээрх төлбөрийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байна” гэж урьдчилгаа төлбөр бий болгосон орлогын эх үүсвэрийг зөв дүгнэсэн атлаа “...шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөронгийг хуваахдаа тэдгээрт ногдсон хөрөнгийн хэмжээгээр өрийг хувааж болох боловч дээрх бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу төлбөрийг төлсөн, энэ талаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй тул өрийг хуваах болон ногдох хэсгийг хасч тооцох боломжгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Орон сууцны урьдчилгаа төлбөр 26 330 000 төгрөгөөс Тоёото харриер маркийн автомашиныг худалдан борлуулж гаргасан 13 842 990 төгрөг нь хамтран амьдрах хугацаанд бий болсон орлогоос гаргасан дундын өмч юм. Уг дундын өмчийн хүү болон Ц.Насантогтоход ногдох хэсэг болох 9 228 660 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин Г.Дорждагва нь “Шунхлай” ХХК-иас зээлж орон сууцны урьдчилгаанд төлсөн 13 842 990 төгрөг нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс бий болоогүй. Ц.Насантогтохыг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тусдаа амьдрахаар явах үед нь 10 755 574 төгрөгийн зээлийн төлбөр үлдсэн байсан. Хариуцагчийн зүгээс уг асуудлаар тусгайлан нэхэмжлэлийн шаардлага гаргахгүйгээр шүүх уг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хамт шийдвэрлэх ёстой байтал сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэсэн үндэслэлээр уг асуудалд дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

             Нэхэмжлэгч Ц.Насантогтох нь хариуцагч Г.Дорждагвад холбогдуулан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө буюу орон сууцны урьдчилгаанд төлсөн 26 330 000 төгрөгөөс өөрт болон хүү Д.Энх-Амгаланд ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Г.Дорждагва нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээ, орон сууцны урьдчилгаа төлбөрийн зарим хэсгийг төлөхөөр “Шунхлай” ХХК-иас 15 000 000 төгрөг зээлсэн бөгөөд уг зээлийн үлдэгдэл 10 775 574 төгрөгийг дангаар төлж барагдуулсан тул хасаж тооцно гэж тайлбарлан маргаж, 6 881 485 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшлын барааны үнээс өөрт ногдох 2 293 828 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн байна.

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1868 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Насантогтох хариуцагч Г.Дорждагва нарын гэрлэлтийг цуцалж, хүү Д.Энх-Амгалан, Д.Энхдалай нарыг эхийнх нь асрамжид үлдээж, Д.Энх-Амгаланд эцгээс нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ. /х-17-18х/

           

            Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал, 64б байр, 142 тоотод байрлах 58,22 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрт 26 330 000 төгрөг төлж, “Улаанбаатар хотын банк” ХХК-аас 61 000 000 төгрөгийн орон сууцны зээл авч, худалдан авсан талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байхдаа төлсөн орон сууцны урьдчилгаа төлбөрөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулна гэж шаардсан ба хариуцагч нь орон сууцны урьдчилгаа 30 хувь болох 26 330 000 төгрөгийг автомашинаа зарж, цалингийн зээл авч төлсөн гэж маргажээ.

 

Хэдийгээр маргаж буй орон сууц хариуцагч Г.Дорждагвын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.

         

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний шаардлагаар гэрлэлт цуцалсны дараа нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт “маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно” гэж заасан.

           

Иймээс шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахдаа тэдгээрт ногдсон хөрөнгийн хэмжээгээр өрийг хувааж болох боловч талууд тухайн үед гэр бүлийн хамтын амьдралтай байсан учраас хариуцагч Г.Дорждагвын “Шунхлай” ХХК-аас зээлсэн мөнгөн хөрөнгийг түүний хуваарьт хөрөнгө гэж үзэх боломжгүй тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Дээрхийг үндэслэн хариуцагч Г.Дорждагвагаас орон сууцны урьдчилгаа төлбөрт төлөгдсөн 26 330 000 төгрөгөөс ногдох хэсэг болох 17 377 800 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ц.Насантогтох, хүү Д.Энх-Амгалан нарт тус тус олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

            Мөн нэхэмжлэгч нь 6 881 485 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг маргаагүй, харин дээрх хөрөнгөөс гадна 10 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хариуцагчид өгсөн гэж маргасан. Гэвч уг эд хөрөнгийг худалдан авахаар бусдаас 5 000 000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийг бүрэн төлж барагдуулаагүй гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй тул шүүх Ц.Насантогтохоос 2 293 828 төгрөгийг гаргуулж Г.Дорждагвад олгосоныг буруутгах үндэсгүй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/01897 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 145 340 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

                                                  ШҮҮГЧИД                                Э.ЗОЛЗАЯА

                                                                                                  Д.БАЙГАЛМАА