| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2105 02022 2073 |
| Дугаар | 2023/ДШМ/77 |
| Огноо | 2023-01-19 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ш.Анужин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2023/ДШМ/77
Т.П-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Анужин,
яллагдагч Т.П-ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1831 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Анужингийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар эсэргүүцэлд үндэслэн Т.П-д холбогдох 2105 02022 2073 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Т-ын П, 1977 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрлөг угсралтын мэргэжилтэй гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,
Нийслэлийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ял,
Нийслэлийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 96 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялын зарим хэсэг болох 2 жилийг нэмж, бүгд 5 жил хорих ял,
Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15, 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 22 жилийн хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 69 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 06 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/864 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ялыг биелүүлсэн;
Т.П нь 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “И” ХХК-ийн хөнгөн блокийн үйлдвэрт хохирогч Б.Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун талын 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы хугарал, баруун уушгины бүрэн бус авчил, баруун уушгины эдийн няцрал, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн нүдний дээд зовхи, нүдний алимны салст, нуруунд цус хуралт, зүүн сарвуунд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газар: Т.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9157 дугаар дүгнэлтэд “...Б.Б-ын биед зүүн нүдний дээд зовхи, нүдний алимны салст, нуруунд цус хуралт, зүүн сарвуунд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн бөөрний хальсан доорх голомтот цус хуралт бүхий гэмтлүүд үүссэн нь тогтоогдсон. Хохирогч Б.Б-ын биед гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон. ...” гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин шинжилгээ хийлгэж 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 327 дугаар дүгнэлтээр “...Б.Б-ын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн цээжний компьютер томографийн шинжилгээнд цээжний баруун талд 12, 11, 10, 9, 7, 6 дугаар хавирганы суганы арын шугамын зөрөөгүй, 8 дугаар хавирга хоёрлосон зөрөөтэй, ясны сэлтэрхийтэй хугаралттай, баруун уушги бүрэн бус ателектазтай, баруун уушгины дунд доод дэлбэнд паренхимийн эдийн няцралттай, баруун уушгины дэлбэн хоорондын таславч зузаарсан, баруун плеврийн хөндийд 1,2 см зузаан шингэнтэй байна. ...Биед баруун талын 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар хавирганы хугарал, баруун уушгины бүрэн бус авчил, баруун уушгины эдийн няцрал, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн нүдний дээд зовхи, нүдний алимны салст, нуруунд цус хуралт, зүүн сарвуунд шарх, гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт гарчээ.
Дахин шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй ч эхний шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлт болон дахин шинжээч томилж гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтийн хооронд тодорхой хугацаа өнгөрсөн, мөн гэмтлийн зэрэг өөр өөр тогтоогдсон байх тул энэ хугацаанд хохирогч шинээр гэмтэл авсан байх боломжтой эсэхийг шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгаж, дээрх хоёр шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй байдлыг арилгах шаардлагатай учир яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авч дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэргийн үйл баримтыг тогтоож хэргийн зүйлчлэлийг тогтооход чухал ач холбогдолтой.
Дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,1.5-д заасан нотолбол зохих байдлуудыг нотолж чадаагүй. ...” гэж дүгнэж, Т.П-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Т.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Ш.Анужин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Үйл баримтын тухайд хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд дараах нөхцөл байдал тогтоогддог. 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 06 цагийн үед Б.Б нь Т.П-д зодуулж, уг өдөртөө Гэмтэл согог судлалын Үндэсний төв дээр очиж, тус эмнэлгийн хүлээн авахын эмчид үзүүлсний дараа Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт очиж дахин үзлэг хийлгэхдээ “цээжний зөөлөн эдийн гэмтэлтэй, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн гэмтэл” гэх, мөн хэвлийн ЭХО-д үзлэг хийсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл зэрэг гэмтлийн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн баримтуудыг гарган өгчээ. Шинжээч эмчээс Б.Б-ын биед хэсэг газрын үзлэгийг хийснээс гадна гэмтлийн эмнэлгийн дээрх баримтуудад тулгуурлан 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9157 дугаартай “Б.Б-ын биед зүүн нүдний дээд доод зовхи, нүдний алимны салст, нуруунд цус хуралт, зүүн сарвуунд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн бөөрний хальсан доорх голомтлог цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, Б.Б нь шинжээч эмчид үзүүлэх үедээ өөрийн зовиурыг хэлэхдээ “...амьсгаа авахад нурууны ар хэсэг рүү хатгана, хөдөлж болохгүй байна” гэсний дагуу шинжээч эмчээс түүнийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр явуулсан боловч ирээгүйн улмаас хэсэг газрын үзлэг, гэмтлийн эмнэлгийн үзлэгийн дээрх баримтуудад тулгуурлан түүний дүгнэлтийг гаргажээ. Гэмтэл согог судлалын Үндэсний төвд 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б.Б нь яаралтайгаар хэвтэж, тухайн өдөртөө цээжний компьютер томографит харуулахад “цээжний баруун талд 12, 11, 10, 9, 7, 6-р хавирганууд суганы арын шугамаар зөрүүгүй, 8-р хавирга хоёрлосон зөрөөтэй, ясны сэлтэрхийтэй хугаралттай, баруун уушги бүрэн бус ателектазтай, баруун уушгины дунд доод дэлбэнд паренхимийн эдийн няцралтай, баруун уушгины дэлбэн хоорондын таславч зузаарсан, баруун плеврийн хөндийд 1,2 см зузаан шингэнтэй” гэж оношлогдон улмаар хэвтэн эмчлүүлсэн байдаг.
Иймд шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9157 дугаар дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан “...бүрэн биш, шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон” гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэн, Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс хохирогч Б.Б-ын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, эмчилгээ, онош зэрэг холбогдох нэмэлт баримтуудыг гаргуулан авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид даалгаснаар, шинжээч нь нэмэлтээр гаргаж өгсөн баримтуудад үндэслэн дахин дүгнэлт гаргасан байна.
Гэтэл шүүгчийн захирамжид “дахин шинжилгээ хийлгэсэн” гэж дурдсан байх боловч тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад нэмэлт шинжилгээ хийлгэсэн бөгөөд дахин шинжилгээ хийлгүүлэхээр томилоогүй болохыг дурдах нь зүйтэй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасан ба дахин шинжилгээ хийлгэх үндэслэл нь өмнөх шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тус шинжилгээг томилох учиртай. Гэтэл дээрх тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн нэмэлт баримтын хүрээнд нэмэлтээр дүгнэлтийг гаргуулсан байхад дээрх хуулийн заалтыг шүүх буруу тайлбарлан хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзлээ.
Эрүүгийн дээрх дугаартай хэрэгт хийгдвэл зохих мөрдөн байцаалтын мөрдөн шалгах бүхий л ажиллагаа хийгдсэн, шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9157 дугаар дүгнэлт, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 327 дугаар нэмэлт шинжээчийн дүгнэлт хүртэлх хугацаанд хохирогч Б.Б шинээр гэмтэл авсан байх боломжгүй гэж үзэв. Учир нь хохирогч Б.Б-ын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, эмчилгээ, онош болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй юм. Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзсэн бол шүүх өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасны дагуу дахин шинжилгээ хийлгэх хуульд заасан бүрэн эрхтэй. Шүүх хэрэгт цугларсан баримтуудын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтыг буруу ойлгон тайлбарлаж, хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул Баянгол Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1831 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийлгүүлэх зорилгоор бичсэн. ...” гэв.
Яллагдагч Т.П-ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт хүчингүй болсон учраас шүүгчийн захирамж заавал биелэгдэх шинжтэй. Өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа гэмтлийн хүнд зэрэг гарсан байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин өөр шинжээчид даалгах нөхцөл байдал үүсэж байна гэдэг байдлаар урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаж, энэ хүсэлтийг анхан шатны шүүх хангасан. Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. 2 шинжээчийн дүгнэлтийн зөрүүтэй байдлыг арилгах явдал хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1831 дүгээр захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Прокуророос яллагдагч Т.П-ийн хохирогч Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээс гадна Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт яллах үндэслэл болгожээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр гэмтлийн зэрэг өөр тогтоогдсон тул энэ хугацаанд хохирогч шинээр гэмтэл авсан эсэхийг тогтоох, хоёр дүгнэлтийн эргэлзээтэй байдлыг арилгах” гэх үндэслэлийг зааж, хэргийг прокурорт буцаасан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч Б.Б-ын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээчид “Б-ын биеийн хаана, ямар гэмтэл учирсан болох, ямар зүйлийн үйлчлэлээр, хэзээ учирсан, шинэ, хуучин аль гэмтэл болох, гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх” зэрэг асуултууд тавьж, эхлээд шинжээч томилжээ.
Шинжээч М.Аригуунтөгсийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9157 дугаар дүгнэлтээр /хх 44-45/ “...нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр явсан боловч ирээгүй...” үндэслэлээр тухайн үеийн нөхцөл байдалд дүгнэлтээ гаргасан буюу хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхи, нүдний алимны салст, нуруунд цус хуралт, зүүн сарвуунд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн бөөрний хальсан доорх голомтлог цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоожээ.
Дээрх шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр мөрдөгч “Нэмэлт шинжилгээ” хийлгэх тогтоол үйлдэж, өмнөх тогтоолд дурдагдсанаас өөр буюу “хохирогч Б.Б-ын авахуулсан цээжний компьютер томографи зургаар түүнд гэмтэл тогтоогдсон эсэх, гэмтэл тогтоогдвол гэмтлийн ямар зэрэгт хамаарах болох, уушги болон хавирганд гэмтэл тогтоогдвол гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох эсэх” зэрэг асуултууд тавьж, нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид даалгасны дагуу хийгдсэн мөн шинжээч М.Аригуунтөгс /урьд дүгнэлт гаргасан/-ийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан 327 дугаар дүгнэлтээр /хх 50-53/ Гэмтэл, согог судлалын Үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн компьютерт томографийн шинжилгээ, өвчний түүх, шинжээчийн өмнөх дүгнэлт, эмчийн тэмдэглэл зэргийг шинжилж “Б.Б-ын биед баруун талын 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар хавирганы хугарал, баруун уушгины бүрэн бус авчил, баруун уушгины эдийн няцрал, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн нүдний дээд зовхи, нүдний алимны салст, нуруунд цус хуралт, зүүн сарвуунд шарх гэмтэл” учирсан болохыг тогтоож, уг гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг хамаарах болохыг дүгнэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх үндэслэл журмыг хуульчилсан бөгөөд “дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон” үндэслэлээр нэмэлт шинжилгээ хийлгэхээр, харин шинжээчийн дүгнэлт “эргэлзээтэй” бол дахин шинжилгээ хийлгэхээр заажээ.
Шинжээчийн дахин шинжилгээ хийсэн дүгнэлтээр өмнөх дүгнэлтээс өөр нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд өмнөх дүгнэлт үгүйсгэгддэг бол нэмэлтээр хийсэн шинжилгээ нь өмнөх дүгнэлтийг үгүйсгэхгүй, харин нэгэн зэрэг нэг буюу нэмэгдсэн нөхцөл байдлыг тогтоосон гэж үзнэ.
Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн нэмэлт дүгнэлт нь өмнө гаргасан дүгнэлтийг гаргахад тавигдсан асуултуудаас өөр асуултад хариулт өгсөн буюу өмнөх дүгнэлтээ үгүйсгээгүй, эдгээр дүгнэлтүүд нь хамтдаа хохирогч Б.Б-д учирсан гэмтлийг тогтоосон гэж үзэх тул энэ талаар ямар нэгэн эргэлзээ үүсгээгүй байна.
Шинэ нөхцөл байдал бий болсон үндэслэлээр хийсэн нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлт байхад анхан шатны шүүх “дахин шинжилгээ” хийсэн мэтээр буруу дүгнэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хязгаарласан тул давж заалдах шатны шүүх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1831 дугаар захирамжийн тогтоох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иймд, прокурор хэргийг хүлээн авмагц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасны дагуу дахин яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг даруй шилжүүлэх нь зүйтэй болохыг магадлалд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ц.ОЧ