Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0978/З |
Дугаар | 128/ШШ2024/0555 |
Огноо | 2024-07-01 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2024/0555
2024 07 01 128/ШШ2024/0555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** ХХК /РД:***/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Н***,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н***,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*** /цахим/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нэхэмжлэгчээс тус шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/9474 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“*** ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг Нүхтийн аманд байрлах *** га газрыг ашиглах эрх авсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр *** дугаар газар ашиглах гэрээ байгуулсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалаар *** ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх тухайд:
2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан *** дугаар Газар ашиглах гуравласан гэрээний дагуу ашиглах эрх бүхий газар дээр хашаа барих гэсэн боловч зэргэлдээ газар ашиглагч Г*** ХХК манай ашиглах эрх бүхий газрыг бүхэлд нь хашаалж, байнгын хамгаалалтаар хамгаалуулснаар биднийг ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Энэ талаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд удаа дараа гомдол гаргасан. Тухайн гомдлын дагуу Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Г*** ХХК-д хууль бус үйлдлээ таслан зогсоох тухай шаардлагыг мөн удаа дараа тавьж, Г*** ХХК-ийн ашиглах эрхтэй газрыг нь цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлж байсан боловч хоёр жил гаруйн хугацаанд манай газрыг чөлөөлж өгөлгүй 2022 оны 4, 5 сард Мэргэжлийн хяналтын байгууллага тус компанид торгууль ноогдуулж, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран албадан чөлөөлсөн.
Мөн манай газрын баруун урд талд зэрэгцэн байрших *** хотхон нь газрын хэмжээнээс хэтрүүлэн хашаа болон байшин барьсан, олон тооны контейнер, бараа материалаа дур мэдэн манай газар руу оруулсан байх бөгөөд энэ тухай тухайн хотхоны захирал *** /***/ гэх хүнтэй холбогдох бүрд удахгүй чөлөөлж өгнө гэсэн хариу өгсөн байдлаар чөлөөлдөггүй тул ашиглах эрхтэй газрыг чөлөөлүүлэхээр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар албан бичгийг хүргүүлсэн боловч одоо хүртэл хариу өгөөгүй, гомдлыг авч хэлэлцээгүй.
Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх тухайд:
2020 онд Цар тахал гарч нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** тоот, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ***, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ***, 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ***, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ***, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот захирамжуудаар нийслэлд үргэлжилсэн хөл хорио тогтоож аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарласан нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй манай аж ахуй нэгжийн үйл ажиллагаа зогсож эдийн засгийн хувьд маш хүндээр нөлөөлсөн бөгөөд 2022 оноос эхлэн хөл хориог зогсоож үйл ажиллагаа явуулах боломжтой болсон байдаг.
Цар тахлын улмаас тогтоосон хөл хориотой хоёр жилийн хугацаанд орлого олох боломжгүй давагдашгүй хүчин зүйл бий болж хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ч газрын төлбөрийг төлсөн, 2 жил гаруй үргэлжилсэн хөл хорио, мөн Г*** ХХК-ийн хууль бус үйл ажиллагаанаас хамааран 2022 оны 5 cap хүртэл манай компаниас үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулах, ашиг орлого олох боломж нөхцөл хязгаарлагдаж орлого олоогүй боловч үйл ажиллагааг хэвийн явуулах, газрын төлбөрийг төлөх зэргээр авч болох бүхий л арга хэмжээг авч мэргэжлийн архитектурын байгууллагаар хоёр удаа зураг төсөл хийлгүүлж, газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгаа, байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий үнэлгээг хийлгүүлэх зэргээр маш их хэмжээний зардал гаргасан. Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, нийслэлийн замын хөгжлийн газруудаас нисэх, яармагийн замын төлөвлөлтийг хийхэд манай ашиглалтын газар тухайн замын газарт орсноос шалтгаалан төлөвлөлт, зураг төсөл өөрчлөгдөж, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хүндрэл учруулсан.
Гэтэл захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасныг зөрчсөн ба дээрх заалтуудаас үзвэл захиргааны байгууллага нь газар ашиглах эрхийг цуцалсан захиргааны актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг, тухайлбал ашиглах эрх үүссэнээс хойш тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулсан эсэх, явуулаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг судалгаа хийж нарийвчлан тогтоох үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй атлаа манай компанийг “гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй” гэж шууд дүгнэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, тухайн захиргааны актыг зорилгодоо нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд захиргааны акт гаргахын өмнө хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгон сонсох ажиллагаа хийхээр заасан. Гэвч захиргааны байгууллагаас манайд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлээгүй, сонсох ажиллагааг явуулаагүй тул эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** тушаалаар манай *** ХХК-ийн газар ашиглах эрхтэй *** га газрын эрхийг Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 41.6-д заасан үндэслэлээр бүхэлд нь цуцалсан.
Нэгдүгээрт, Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасан үндэслэлийг авч үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр газар ашиглах эрх авсан. Үндсэндээ 2020 оноос эхлээд бид бүгдийн мэдэж байгаа цар тахал гэдэг зүйл бий болсон. Газрын зориулалт нь аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан. Маргаан бүхий газар дээр хүн отоглох, түр буудаллах зориулалттай аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж, түүнээсээ ашиг орлого олж, газрын төлбөр төлж явах зориулалттай гэрээ байгуулсан.
2020 онд ковид цар тахал гарч 2021-2022 он хүртэл Улаанбаатар хот Нийслэлийн Засаг даргын болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын үргэлжилсэн захирамжаар байнгын хөл хориотой байсан тул энэ хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Мөн Г*** ХХК манай газрын зэргэлдээ газар ашиглах эрх авахдаа манай газрыг хашаалсан байсан. Хэргийн материалд Геодези зураг зүйн газраас он оны харьцуулсан зураг ирсэн. Энэ зураг дээр тодорхой харагдаж байна. Хашаалсан газартай холбоотой 2020, 2021, 2022 онд удаа дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гомдол гаргаад явсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Г*** ХХК-д удаа дараа сануулж, тухайн газрын байгаль хамгаалагч нар удаа дараа очиж акт тавиад арга хэмжээ авахад ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, газрыг суллаж өгдөггүй байсан. 2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 100 дугаар албан бичгээр Г*** ХХК-д *** ХХК-ийн ашиглах эрхтэй газрыг чөлөөлж өгөхгүй бол танай газрын эрхийг цуцална гэдэг албан бичиг хүргүүлсэн боловч суллаж өгөхгүй 2023 он хүрсэн. Энэ албан бичгийг нотлох баримтаар шүүхэд өгсөн. 2023 он хүртэл тухайн үеийн Мэргэжлийн хяналтын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран энэ компанид торгууль тавьж, мөн газар ашиглах 5 жилийн хугацаа дуусаж байсан тул *** ХХК-ийн газрыг чөлөөлж өгөхгүй бол дахин сунгахгүй гэсэн шаардлагыг тавьсан тул 2023 онд манай газрыг суллаж өгсөн. Ингэснээр манай компани өвлийн хугацаанд хашаа барьж үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Үүгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оноос хойш 2 жил ашиглах боломжтой байсан ч ашиглаагүй гэдэг үндэслэл үгүйсгэгдэж байгаа юм.
Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу бусад этгээдийн хууль бус буруутай үйл ажиллагааны улмаас 2 жилийн хугацаанд ашиглах боломжгүй байсан шалтгаан нь Г*** ХХК юм. Энэ нь холбогдох баримтуудаар нотлогдоно. Мөн маргаан бүхий газрын баруун талд *** хотхон байдаг. Шүүхээс хийсэн үзлэгээс харсан байх. Энэ хотхон нь том оврын автомашин орж үйл ажиллагаа явуулах боломжтой ганц орц гарцыг таглаад маш их хэмжээний барилгын хог хаягдал, барилгын материал, контейнер овоолсон байгаа. Анх 2019 онд газар эзэмших эрх авахад л байсан. Түүнээс хойш Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд удаа дараа хандаж үүнийг чөлөөлж өгөөч гэж мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан боловч мэргэжлийн хяналтын байгууллага нь татан буугдсан тул үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чадаагүй. Богдхан уулын захиргаа энэ дээр ямар нэгэн байдлаар хариу үйлдэл, арга хэмжээ аваагүй.
2023 оны 07 дугаар сард газрыг чөлөөлж өгөөч *** хотхон бидний үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаж байна, ашиглах эрхтэй газарт хууль бусаар маш их хэмжээний барилгын материал оруулж тавиад байна гэх шаардлага тавьсан боловч эс үйлдэхгүйгээр хариу арга хэмжээ аваагүй.
Энэ 3 үндэслэлээр бид 2023 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарах өдрийг хүртэл газраа ашиглах боломжгүй байсан. Энэ 3 үндэслэл дээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 гэж зааж байгаа үндэслэл нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага өөрөө бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр зураг авч, үүнийгээ үндэслэн газрыг ашиглаагүй байна гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан асуудал байна. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоож сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт гаргах ёстой гэж тодорхой заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий газарт очиж зураг авахад газрыг ашиглаагүй байсан учраас цуцалсан гэдэг тайлбарыг өгсөн. Газрын тухай хуульд заасан 41 дүгээр зүйлийн 41.5-д газрын төлбөр төлөөгүй гэдэг нь 2020, 2021, 2022 онуудад ковидын нөхцөл байдлын улмаас манай байгууллага нэг ч төгрөгийн ашиг орлого олоогүй. Газар ашиглах гэрээ хийхдээ маргаан бүхий газар дээр 5 жилийн хугацаанд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулна, олсон орлогоороо газрын төлбөрөө төлнө гэдэг байдлаар гэрээ хийсэн. Тиймээс бид нэг ч төгрөгийн орлогогүй байж 90 гаруй сая төгрөгийн газрын төлбөр төлсөн. Үүнээс хойш яагаад төлөөгүй гэдэг нь бусад этгээдийн хууль бус үйлдэл буюу ковидын нөхцөл байдал дуусаад бид аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах гэтэл Г*** ХХК болон *** хотхоны буруутай үйл ажиллагаанаас болж маргаан бүхий газрыг ашиглаагүй. Үүнээс болж газрын төлбөрөө төлөх, ашиг орлого олох боломжгүй болсон.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд удаа дараа албан бичгээр хүсэлт гаргаж байсан. Энэ 3 нөхцөл байдлаас шалтгаалаад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6-д заасан хариуцагчийн нэрлээд байгаа үндэслэл бүрдсэн гэж үзээд байгаа юм.
Дөрөвдүгээрт огт ашиглаагүй зүйл байхгүй. 100 гаруй сая төгрөгөөр хашаа барьж, 2 удаа эскиз зураг хийлгэсэн. Архитектур төлөвлөлтийн даалгавар Хот байгуулалт хөгжлийн газраар батлуулсан, эскиз зургаа батлуулсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийсэн, хянан баталгааны дүгнэлт хийлгэсэн. Захиргааны байгууллага өөрөө процессын хувьд алдаа гаргасан. Манай байгууллагад ямар нэгэн байдлаар сонсох ажиллагааны талаар мэдэгдэл хүргүүлээгүй, танай газрыг цуцлах гэж байна, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 40.6 заасан үндэслэлүүд бүрдсэн байна гэдэг асуудлыг нэг ч удаа мэдэгдээгүй. Захиргааны акт гаргахдаа процессын алдаа гаргаад, сонсох ажиллагаагаа хийгээгүй нь өөрийн захиргааны актыг хүчин төгөлдөр байх нөхцөл байдлыг үгүйсгэж байгаа юм. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны *** дугаар тушаалаар *** ХХК-д Богдхан-Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд *** м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” *** дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон.
Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй болох нь Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** тоот санал, газар дээр нь үзлэг хийсэн гэрэл зураг зэргээр нотлогдож байна.
Мөн Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.
Мөн Богдхан-Уулын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” *** дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай *** дугаар тушаалаар *** ХХК-д холбогдох газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримталсан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрийг төлөөгүй тухайд 2020-2022 оныг хүртэл газрын төлбөр төлөөгүй байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 88,000,000 төгрөгийг төлсөн юм байна. Үүнээс хойш газрын төлбөрийг төлөөгүй гэдгийг компанийн зүгээс илэрхийлж байгаа юм байна гэж ойлголоо.
Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасан газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд буюу улирал бүрд тэнцүү хэмжээгээр хуваагаад дараа сарын 20-ны дотор төлнө гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Мөн газар ашиглах гэрээнд тухайн газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаандаа газрын төлбөрийг заавал төлсөн байна гэж газар ашиглах гэрээнд заасныг зөрчсөн байна. Тиймээс газрын төлбөрөө төлөөгүй гэж газар эзэмших эрхийг цуцалсан сайдын тушаалд үндэслэлтэй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд Богд хан уулын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналаар тухайн газрыг ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой байгаа. Мөн шүүхийн үзлэгээр тодорхой харагдаж байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *** ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан.
2.1.Газрын төлбөрийн үлдэгдэлгүйгээр баталгаажуулсан, бүрэн төлсөн төлбөрийг тооцоогүй,
2.2.Газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг 2 удаа гаргасан боловч Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар шийдвэрлээгүй.
2.3.Бусдын хууль бус эзэмшил, зам засвар, цар тахал гэх мэт нэмэлт давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас манай компани үйл ажиллагаагаа эхлэх боломж нөхцөл бүрдээгүй.
3.*** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт *** га газрыг ашиглах эрхтэй болж, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр *** тоот газар ашиглах гэрчилгээ авч, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай газар ашиглах тухай гэрээ байгуулсан.
4.Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалаар *** ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
5.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг шалгахад:
5.1.*** ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр газар ашиглах гэрээ байгуулж, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хянан баталгааны дүгнэлт авсан бөгөөд Г*** ХХК нь *** ХХК-ийн ашиглах эрх бүхий газрыг бүхэлд нь хашаалснаас шалтгаалан газраа ашиглах боломжгүй байгаа талаараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр, мөн *** хотхоны хашаа барьсан, олон тооны контейнер, бараа материалаа ашиглалтын газарт тавьсан талаар тус тус гомдол гаргасан байна.
5.2.Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 100 дугаар албан бичгээр Г*** ХХК-д “ ...талбайн хэмжээг хэтрүүлэн газар ашиглаж хашаа барьсан ... зөрчлөө арилгах...” талаар мэдэгдэл өгсөн.
5.3.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар албан бичгээр 2019-2023 оны *** ХХК-ийн ашиглаж байсан газрын нэгж талбарын байршлыг агаарын зурагтай давхцуулан харуулсан, мөн тус шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрын дотор бусдыг ашиглалтын хашаа, агуулах сав, барилгын материал, хог хаягдал зэрэг зүйлүүд байгаа нь тодорхой харагдаж байв.
Түүнчлэн нэхэмжлэгчээс ашиглалтын газартаа хашаа барьж, Эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар Хот байгуулалт хөгжлийн газраар батлуулсан, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хянан баталгааны дүгнэлт зэргийг холбогдох байгууллагаар хийлгэжээ.
5.4.Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд Газрын тухай хуулийн 40.1.6 нь нэгдүгээрт газар эзэмшигчийг 2 жил дараалсан хугацаанд, хоёрдугаарт газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй байх 2 нөхцөл зэрэг бүрдсэн байхыг шаарддаг. “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг ..., бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.” гэж заасан нөхцөл байдал бусдын хууль бус үйлдлээс шалтгаалан үүссэн тул нэхэмжлэгч *** ХХК-ийг Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
6.Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийг шалгахад:
6.1.Хан-уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр албан бичгээр ирүүлсэн *** ХХК-ийн газрын төлбөр төлсөн жагсаалтаас үзэхэд тус компани нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 88,127,912 төгрөгийг газрын төлбөрт төлсөн байна.
7.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.
8.Хариуцагчаас *** ХХК-д газар ашиглах эрх үүссэнээс хойш тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулсан эсэх, явуулаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, газрын төлбөр төлсөн эсэхийг судлах үүргээ биелүүлээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
9.Нэхэмжлэгч *** ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д заасан /хязгаарлалтын бүсэд/ “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;” 33 дугаар зүйлийн 1.Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно.” гэж заасан газар ашиглах журмыг зөрчөөгүй, газрын төлбөрт нийт *** төгрөгийг төлсөн байхад хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. 40.1.6, 1.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 27.5, 27.6-д зааснаар нэхэмжлэгч *** ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН