Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 620

 

 

 

 

 

 

 

 

 

Д Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/00348 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2539 дугаар шийдвэрээр Д.Э-аас 22 937 950 төгрөгийг гаргуулж Д.Э-т, мөн шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 734 дүгээр захирамжаар 30 076 987 төгрөг гаргуулж Д.Бат-Оршиход олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр болон захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Д Э-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 167 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201011804 дугаарт бүртгэлтэй, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэх болон хураан авах тогтоол үйлдэн улмаар талууд хоорондоо хөрөнгийн үнэлгээг тохиролцоогүй учир хөндлөнгийн шинжээчээр “Мөнх оргил трейд” ХХК-ийг томилж, 75 250 000 төгрөгийн үнэлгээ тогтоолгосон байна. Энэ үнэлгээ нь өөрөө эргэлзээтэй байгаа. Шалтгаан нь тухайн орон сууц нь дээр үеийн буюу 1980 онд баригдаж ашиглалтад орж байсан байр юм. Тухайн үед м.кв талбайн хэмжээг тооцохдоо зөвхөн өрөөний талбайн хэмжээг тооцож, коридор, гал тогоо, ариун цэврийн өрөө, балконыг талбайн хэмжээнд оруулдаггүй байсан. Гэтэл одоо үед гэрчилгээнд ашигтай талбай гэдэгт тухайн орон сууцны бүх талбай буюу коридор, гал тогоо, ариун цэврийн өрөө, балконыг оруулж тооцдог болсон. Гэтэл “Мөнх оргил трейд” ХХК нь үүнийг мэдсээр байж ашигтай талбайн хэмжээг хэмжилт хийгээгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн хуучин 30 м.кв гэсэн ашигтай талбайн хэмжээгээр тооцож үнэлгээ гаргасан нь нэхэмжлэгчид хохиролтойгоор тогтоогдсон учраас үнэлгээ нь үндэслэлгүй байгаа юм. Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн 30 м.кв талбайн хэмжээгээр тооцоод талбайн хэмжээг өөрсдөө хэмжилт хийхгүйгээр үнэлгээг тогтоож, зарын хуудсыг хавсаргасан байсан. Энэ зар нь хэзээ, ямар сайтад, яаж тавигдсан зар гэдэг нь тодорхойгүй байгааг хооронд нь харьцуулаад 75 250 000 төгрөгийн үнэлгээ гаргасан байгаа нь илтэд үндэслэлгүй байгаа юм. Энэ үнэлгээнээс харахад зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байгаа бөгөөд хэрвээ төлбөр төлөгчийн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулсан тохиолдолд үнэлгээгээр тогтоосон 75 250 000 төгрөгийн 70 хувь буюу 52 675 000 төгрөг, 50 хувь буюу 37 625 000 төгрөгөөр худалдагдахаар байгаа нь 2 төлбөр авагчид төлөх ёстой 53 014 937 төгрөгийн үнийн дүнд хүрэхгүй, төлбөр төлөгчөөс нэмж төлбөр төлөх байдалтай байна. Тийм учраас илтэд үндэслэлгүйгээр гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Мөн хариуцагч хариу тайлбартаа хугацаа алдсан гэж тайлбарласан байдаг. Хугацаа алдсан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Мэдсэн гэдгийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж тодорхой заасан. Д.Э-д шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.Лочин өөрөө танилцуулсан байдаг. Тиймээс үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2539 дүгээр шийдвэрээр Д.Э-аас 22 937 950 төгрөгийг гаргуулж Д.Э-т, мөн шүүхийн 2019 оны 03 сарын 19-ний өдрийн 734 дүгээр захирамжаар 30 076 987 төгрөгийг гаргуулж Д.Бат-Оршиход олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Д.Э-д сайн дураар төлбөр төлөх болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй, шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шат дараалсан ажиллагааг гүйцэтгэсэн боловч төлбөрийг төлөхгүй байгаа тул төлбөр төлөгч Д Э-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 167 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201011804 дугаарт бүртгэлтэй 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилж, шинжээч хөрөнгийн үнэлгээг 75,250,000 төгрөгөөр тогтоосон болохыг талуудад хуулийн хугацаанд танилцуулж мэдэгдсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлоо үнэлгээтэй танилцсанаас хойш 7 хоногийн дотор гаргах ёстой. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор талуудад танилцуулна гэж заасан байдаг. Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг Мөнх оргил трейд ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан. Үүнээс хойш 3 хоногийн дотор хөрөнгийн үнэлгээ болон мэдэгдлийг төлбөр төлөгчийн оршин сууж байгаа хаяг буюу Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 167 тоот хаягт шийдвэр гүйцэтгэгч өөрийн биеэр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр очиж 4/26405 дугаартай мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу насанд хүрсэн О.Өлзиймаад хүлээлгэн өгч, танилцуулж төлбөр төлөх шаардлагаа тавин мэдэгдэхэд төлбөр төлөгч орон нутагт явж байгаа учраас Улаанбаатар хотод очихоороо өөрийн биеэр танилцана гэсэн тайлбарыг Д.Э утсаар өгсөн. Мөн 2019 оны 03 сарын 18-ны өдөр талуудад эрх, үүргийг танилцуулсан. Үүнд талууд өөрсдийн оршин суугаа хаягаа өөрчилсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдэгдлийг хамгийн сүүлд тэмдэглэгдсэн хаягаар мэдэгдэнэ. Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг 18 насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэсэн эрх үүрэгтэй танилцсан учраас төлбөр төлөгч нь үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдсэн байгаа. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Д.Э мөн өөрөө өрөөнд ирж хөрөнгийн үнэлгээтэй дахин танилцсан. Энэ хугацаанд төлбөр төлөгч өөрөө сайн дураар төлбөрөө төлөх болон эд хөрөнгөө худалдан борлуулах эрхээ эдэлье гэсэн хүсэлтээ өгсөн байгаа. Үүний дагуу Д.Э-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 30 хоногийн хугацаа өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 95/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Э-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 14-р хороо, 14-р байрны 167 тоот 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хураан авч. битүүмжлэн, улмаар “Мөнх Оргил Трейд” ХХК-наар 75 250 000 төгрөгний үнэлгээ тогтоолгосон байдаг. Энэхүү хөндлөнгийн үнэлгээ нь тухайн орон сууцны биет байдал, байршил, ашигтай талбайн хэмжээг буруу тооцсоноос үүдэн орон сууцны үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт багаар тооцон гаргасан байсан тул Д Э-ын зүгээс өөрийн эрх, ашиг сонирхолыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Учир нь уг орон сууц нь олон жилийн өмнө буюу 1980 онд ашиглалтанд орсон нь тухайн үед байрны м.кв талбайн хэмжээнд коридор, гал тогооны өрөө, ариун цэврийн өрөө, тагт зэрэг оршин суугчийн ашиглаж болох талбайн хэмжээг хасаж тооцдог байсан. Гэтэл одоогийн аргачлалаар бүх орон сууцыг оршин суугчийн ашиглаж болох гал тогоо, коридор, тагт зэргийг бүгдийг талбайн хэмжээг хамруулж тооцдог болсон юм. Үүнийг хөрөнгө үнэлгээний компани маш сайн мэдэх ёстой бөгөөд одоогийн зах зээлийн бодит тооцоонд үндэслэж үнэлгээг гаргах ёстой байтал 30 м.кв талбайн хэмжээгээр тооцсон, мөн орон сууцыг хотын төвтэй ойр байршилтай, завсар иж бүрэн хийгдсэн зэрэг бусад орон сууцаас ялгарах давуу талуудыг тооцож үнэлгээнд оруулаагүй зэрэг нь үнэлгээ зах зээлийн үнэлгээнд нийцээгүй, илтэд үндэслэлгүй гарах шалтгаан болсон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжпэгч “Мөнх Оргил Трейд” ХХК-ийг орон сууцыг хэт доогуур үнэлсэн гэж тайлбарласан боловч энэ талаар баримт ирүүлээгүй гэж дүгнэсэн. Гэвч нэхэмлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, утга агуулга нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллаагааны явцад хийгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаар маргаж үндэслэл нэхэмжпэлдээ тодорхой тайлбарласан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээ шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдээгүй, нэхэмжлэгч нэгэнт шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас өмнөх үйл баримттай маргаж байгаа тохиолдолд шүүхийн журмаар нэхэмжпэл үндэслэлтэй эсэхийг тодруулах шаардлагатай. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар дахин шинжилгээ томилуулж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлуулах хүсэлтийг гаргасаар байтал шүүх заавал өөрөө нотлох үүрэгтэй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжпэгчийн эрхийг ноцтой зөрчсөн байна. Мөн шүүх 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг уг орон сууцанд амьдарч байсан Өлзиймаа авсанаар үнэлгээтэй танилцсан гэж үзнэ гэж буруу дүгнээд нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн мэтээр шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Хуулийн дагуу талуудад дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авах гэдэг нь Д.Э өөрийн биеэр дүгнэлтийг эх баримтаар нь үзэж ямар байгууллага, хэзээ, ямар тооцоолол, аргачлалаар, хэрхэн яаж үнэлгээ гаргасан гэдгийг бүрэн эхээр нь уншиж танилцсан байхыг ойлгохоор байна. Харин Д Э-ын дүүгийн эхнэр болох О.                                                    Өлзиймаад орон сууцыг 75 250 000 төгрөгөөр үнэлсэн гэснээс өөрөөр ямарч тодорхойгүй мэдэгдэл гардуулсаныг үнэлгээг огт хараагүй, нэг ч хуудсыг нь эргүүлэн уншаагүй Д.Э-ыг танилцсан мэтээр хуулийг буруу тайбарласан байгаа нь илтэд үндэслэлгүй шийдвэр болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/02539 дугаар шийдвэрээр Д.Э-аас 22 666 667 төгрөг гаргуулж Д.Э-т олгож, мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/00734 дугаар захирамжаар Д.Э-аас 30 000 000 төгрөг гаргуулж Д.Бат-Оршиход олгож, энэхүү шийдвэр, захирамжийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Д Э-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201011804 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 167 тоот хаягт байрших 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг НШШГГ-т даалгаж шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх-7-14, 15-16, 45/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Д Э-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201011804 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 167 тоот хаягт байрших 30 м.кв, 2 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр битүүмжилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хураах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна./хх 53, 68-70, 71-72/ Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Д.Э-д 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4/23840 тоот албан бичгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн дотор албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд, тэрээр үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Д.Э 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, Д.Бат-Орших 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд шинжээч томилуулах хүсэлтийг гаргасныг үндэслэн хариуцагч байгууллага 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоороо үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилжээ. /хх-77, 81, 82/

 

Хариуцагч байгууллага нь талууд үнийн саналын талаар тохиролцоогүй тул  шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний “Мөнх-оргил трейд” ХХК нь уг орон сууцны зах зээлийн үнийг 75 250 000 төгрөгөөр тогтоосныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4/26405 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Д Э-ын Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 167 тоот хаягаар очиж О.Өлзиймаад танилцуулж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлсөн байгааг төлбөр төлөгч Д.Э-д танилцуулсан гэж үзэхгүй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг дараах байдлаар залруулах боломжтой. /хх-6, 40-41/

 

Төлбөр төлөгч Д.Э 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаж, тайлантай танилцсан байх тул гомдол гаргах эрх нь уг өдрөөс нээгдсэн гэж дүгнэнэ. Төлбөр төлөгч 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн 184/ШЗ2019/14172 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Иймд төлбөр төлөгч Д.Э-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзнэ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч уг орон сууцны зах зээлийн үнийг 75 250 000 төгрөгөөр тогтоосон тухай мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4/26405 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Д.Э-д 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч нь 75 250 000 төгрөгөөс доошгүй үнээр худалдан борлуулах 1 сарын хугацаа авах тухай хүсэлтийг гаргажээ.

 

Төлбөр төлөгч Д.Э нь “...зах зээлийн бодит тооцоонд үндэслэж үнэлгээг гаргах ёстой байтал 30 м.кв талбайн хэмжээгээр тооцсон, мөн байршил, засвар хийгдсэн зэрэг байдлыг үнэлгээнд оруулахгүйгээр үнэлсэн” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/00348 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ