Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 181/2019/01045/и |
Дугаар | 621 |
Огноо | 2020-03-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 621
Ө.Х-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02696 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө.Х-ийн хариуцагч Л.Б-д холбогдох 37 209 000 төгрөгийн үнэ бүхий 372 090 ширхэг хувьцааг гаргуулан Ө.Х-ийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б, Ө.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т,
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Х 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сингапур улс дахь Францын Франсез ду Коммерс Екстенкур банканд хадгалагдаж байсан өөрийн 94 717 ам.долларыг иргэн Х.Л-д шилжүүлсэн.
Р.Л тухайн мөнгөн хөрөнгийг Т ХК-ийн өмнөөс ХОТШ банктай байгуулсан хэлэлцээрийн дагуу урт хугацаат зээлийн төлбөр төлөхөд ашигласан.
Р.Л надаас авсан 94 717 ам.долларыг буцаан төлөхдөө Т ХК-ийн 1996 онд нэмж гаргасан өөрийн нэр дээрх 687 610 ширхэг хувьцаанаас нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 372 090 ширхэг хувьцааг шилжүүлж төлөхөөр болсон. Энэ талаараа 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр баталгаа үйлдэн надад өгсөн. Тухайн үед буюу 2004 онд Т ХК-ийн хувьцааг хууль бусаар авсан асуудлаар Улсын мөрдөн байцаах газар дээр хэсэг хүмүүс гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж эхэлсэн.
Иймд Р.Л нь Т ХК-ийн хувьцааны маргаан шийдэгдсэний дараа надад эзэмшүүлэх хувьцаагаа шилжүүлэхээр тохирсон. Т ХК-ийн хувьцааг авсан асуудал эрүүгийн хэрэг биш болох нь тогтоогдсон. Үүний дараа иргэн болон захиргааны хэргийн журмаар Ц.Бат-Амгалан, Х.Баяндалай, С.Дамдиндоо нар шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс тогтоол гарч эцэслэн шийдвэрлэгдсэн.
2006 оны намар Р.Л өвчний улмаас нас барсан. Р.Л бид хоёр олон жилд хамтран ажиллаж, ажил амьдрал дээр дотно сайн найзууд байсан. Тиймээс талийгаачийн гэр бүлд хүндэтгэлтэй хандаж Т ХК-ийн хувьцааны маргаан шийдэгдсэний дараа, өв залгамжпалын асуудал эцэслэн шийдэгдсэний дараа өөрийн эзэмших ёстой Т ХК-ийн 372 090 ширхэг хувьцааг шилжүүлэн авах асуудлыг шийдвэрлүүлнэ хэмээн хүлээцтэй хандаж ирсэн. Тиймээс 2017 оноос эхлэн Р.Л-гийн хүү хууль ёсны өв залгамжлагч Л.Б-аас өөрийн эзэмших ёстой Т ХК-ийн 372 090 ширхэг хувьцааг шилжүүлэн авахыг амаар хүссэн. Л.Б нь тухайн асуудлыг судлаж, шийдвэрлэж өгнө гэж хариуг амаар өгсөн боловч 2018 он хүртэл ямар нэгэн дорвитой хариу өгөлгүй, асуудлыг хойшлуулж байсан. Сүүлдээ Л.Б нь утсаа авахаа больж, надтай уулзахаас зугатах болсон. Иймд миний бие Т ХК-ийн 372 090 ширхэг хувьцааг шилжүүлэн авч чадахгүй өдийг хүрлээ. Иргэн Р.Л-гийн хууль ёсны өв залгамжлагч Л.Б-аас Т ХК-ийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 37 209 000 төгрөгийн үнэ бүхий 372 090 ширхэг хувьцааг гаргуулж Ө.Х-ийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 1986-1990 онуудад үйлдвэрлэлээ өргөтгөх, техник технологийг шинэчлэх зориулалтаар тухайн үеийн Хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлтийн банкнаас зээл авч байсан бөгөөд 68 760 997 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэйгээр хувьчлагдсан. Улмаар 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Т ХК болон иргэн Р.Л нарын хооронд Хөрөнгө оруулах тухай хэлэлцээр байгуулагдаж, дээрх өрийн үлдэгдлийг хөрөнгө оруулагч Р.Л төлж барагдуулснаар тус компанийн албан ёсны хөрөнгө оруулагч болохоор харилцан тохиролцсон ба энэхүү гэрээ хэлцлийн дагуу иргэн Р.Л нь зээлийн өр төлбөрийг 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нийт 68 760 997 төгрөг төлж дуусгасан байна. Иргэн Р.Л нь дээрх өр төлбөрийг төлж дуусгасан тухай талууд 1994 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хэлэлцээр дүгнэсэн тухай протоколоор баталгаажуулсан байна.
Т ХК-ийн ТУЗ-өөс дээрх зээлийг төлсөн хэмжээгээр тус компанийн дүрмийн санг нэмэгдүүлэхээр 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэрлэснийг Монгол улсын Үнэт цаасны хорооны 1996 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар тогтоолоор батлан, 687 610 ширхэг хувьцааг нэмж бүртгүүлэх зөвшөөрлийг олгожээ. 1998 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Т ХК-ийн хувьцааг эзэмших тухай хэлэлцээрээр дээрх 687 610 ширхэг хувьцааг иргэн Р.Л 130 658 ширхэг, Ч.Батбилэг, Ц.Наст, Т.Доржготов, Ж.Чимидцэрэн, Л.Эрдэнэбат, Ш.Мөнх-Очир нар тус бүр 92 837 ширхэг хувьцааг тус тус эзэмшихээр харилцан тохиролцсон боловч 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцээрт өөрчлөлт оруулж, иргэн Р.Л 120 658 ширхэг, Ч.Батбилэг, Ц.Наст, Т.Доржготов, Ж.Чимидцэрэн, Л.Эрдэнэбат, Ш.Мөнх-Очир нар тус бүр 80 000 ширхэг хувьцааг эзэмшихээр болсон байдаг.
Нэхэмжлэгч Ө.Х нь “Р.Л нь надаас авсан 94 717 ам.долларыг буцаан өгөхдөө Т ХК-ийн 1996 онд нэмж гаргасан өөрийн нэр дээрх 687 610 ширхэг хувьцаанаас 372 090 ширхэг хувьцааг шилжүүлж төлөхөөр болсон” гэж шүүхэд мэдүүлж байгаа нь үндэслэлгүй болох нь дээрх нөхцөл байдлаар тогтоогдож байх ба хэрэв иргэн Ө.Х хувьцааг эзэмших эрхтэй байсан бол 687 610 ширхэг хувьцааг нэр бүхий 7 иргэн хувааж эзэмших үед тэрээр өөрийн нэр дээр хувьцааг бүртгүүлэхээр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан бөгөөд анхнаасаа Ө.Х, Р.Л нарын хооронд хувьцааны эрх шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй зөвхөн 94 717 ам долларыг зээлийн харилцаа, төлбөр тооцооны асуудал үүсч, 2004 оны 11 дүгээр cap гэхэд төлбөр тооцоогоо дуусгасан болох нь дараахь байдлаар тогтоогдож байна. Үүнд Улсын мөрдөн байцаах газарт Ө.Хишигсүхийг 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг сануулж, гэрчээр байцаасан байдаг. Ө.Х мэдүүлэхдээ “2001 оноос Т ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, 1995 онд Л-аас Япон улсад үйлдвэрлэсэн оёдлын Жүки гэх нэртэй машинуудыг 90 гаруй мянган доллараар авч, Дархан хотод оёдлын үйлдвэр байгуулж байсан. Үлдсэн мөнгөө бага багаар нь аваад дуусгасан” гэжээ.
Түүнчлэн иргэн Р.Л нь 2004 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1993 оны эцэс болоод тодорхой зээлийн төлбөр төлөгдөөгүй ба миний хувийн хөрөнгө ч хүрдэггүй, тэгээд найз Ө.Х-ээс хоорондын тооцоотой байсан мөнгөө авсан юм. Өөрөөр хэлбэл миний нэрийн өмнөөс Сингапураас Хишигсүх ХОТШ банк руу шилжүүлсэн юм. Ингээд л зээл төлж дуусгасан юм. Ер нь 94 мянган доллар бол миний мөнгө юм гэж мэдүүлснээр Ө.Х-тэй төлбөр тооцоогоо дуусгасан болох нь давхар нотлогдож байна Нийслэлийн Прокурорын газрын 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 189 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Нэхэмжлэгч Ө.Х нь нэхэмжлэлдээ 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Баталгаа гэх бичгийг 15 жилийн дараа гарган ирж, иргэн Л.Б-аас 372 090 ширхэг хувьцааг зээлийн эргэн төлөлтөнд шилжүүлэх ёстой байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Ө.Х нь 2001 оноос Т ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан учраас 687 610 ширхэг хувьцаанаас Р.Л нь 120 658 ширхэг хувьцааг эзэмшиж, үлдсэн хувьцааг хамтран ажиллаж байсан нэр бүхий 6 хүнд хуваан эзэмшүүлсэн болохыг тодорхой мэдэж байсан. Иргэн Ө.Х-ийн нэхэмжлэлдээ хавсаргасан Кредит Суис Хонг Конг банкны мэдэгдэл, баталгаа гэх бичгүүдийг үндэслэн, 1994 оноос хойш 25 жил, 2004 оноос хойш 15 жилийн дараа Т ХК-ийн 372 090 ширхэг хувьцааг эзэмших тухай нэхэмжпэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй болох нь дараахь хууль тогтоомжуудаар тогтоогдож байна. Үүнд нэхэмжлэгч Ө.Х-ийн 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг сануулан гэрчээр байцаасан тэмдэглэл, иргэн Р.Л-гийн 2004 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын мөрдөн байцаах газарт сэжигтнээр байцаалт өгсөн тэмдэглэлүүдээр иргэн Р.Л нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн байна. Иргэн Р.Л-гийн хууль ёсны өв залгамжлагч Л.Б нь 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өв залгамжпах эрхийн гэрчилгээгээр өөрийн эцэг Р.Л-гийн Т ХК-ийн хувьцааг өвлөн авсан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар манай гэр бүлд хүндэтгэлтэй хандаж ирсэн, 2017 оноос эхлэн амаар надаас шаардаж байсан мэтээр шүүхэд худал мэдүүлсэн, мөн дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Б-д холбогдох 37 209 000 төгрөгийн үнэ бүхий 372 090 ширхэг хувьцааг гаргуулан Ө.Х-ийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэгч Ө.Х-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 343 995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Хишигсүхэд буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч Ө.Х нь зээлийн гэрээний харилцаанаас үүссэн үүргээ биелүүлэх баталгаанд дурдсан мөнгийг буцаан өгөхийг өв залгамжлагч Л.Б-аас шаардах боловч гэрээний үүрэг, төлбөр мөнгийг агсан Р.Л нь 2004 оны 9 дүгээр сарын 24-нээс 2004 оны 11 дүгээр сард багтаан биелүүлсэн, төлсөн нь хэрэгт авагдсан "... Ө.Х-ийн 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг сануулж, гэрчээр байцаасан мэдүүлэгт Ө.Х мэдүүлэхдээ: 2001 оноос Т ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, ... “1995 онд Л-аас Япон улсад үйлдвэрлэсэн оёдлын “Жүки” гэх нэртэй машинуудыг 90 гаруй мянган доллараар авч, Дархан хотод оёдлын үйлдвэр байгуулж байсан. Үлдсэн мөнгөө бага багаар нь аваад дуусгасан”, мөн "... Р.Л нь 2004 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ... “1993 оны эцэс болоод тодорхой зээлийн төлбөр төлөгдөөгүй ба миний хувийн хөрөнгө ч хурдэггүй, Ө.Х-ээс хоорондын тооцоотой байсан мөнгөө авсан. Өөрөөр хэлбэл миний нэрийн өмнөөс Сингапураас Ө.Х ХОТШ банк руу шилжүүлсэн юм. Ингээд л зээл төлж дуусгасан юм”, “Ер нь 94 мянган доллар бол миний мөнгө юм” гэх бичгийн баримт, хариуцагч Л.Буянбатын "... Ө.Х, Р.Л нарын хооронд хувьцааны эрх шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй зөвхөн 94 717 ам.долларыг зээлийн харилцаа, төлбөр тооцооны асуудал үүсч, 2004 оны 11 дүгээр сар гэхэд төлбөр тооцоогоо дуусгасан” гэх хариу тайлбар, гэрч Доржготовын "... өр гэж байхгүй, хэрэв нэхэмжилж байсан бол хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх ёстой, ... 1993 онд Лутаа нар ямар тохиролцоо хийсэн талаар би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул түүний дээрх мөнгө, хөрөнгийг шаардах эрх дуусгавар болсон байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д зааснаар “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно” гэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн энэхүү үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, илтэд зөрүүтэй байгаа гэрчийн мэдүүлгийг буруу үнэлж дүгнэсэн байна. Тодруулбал, нэхэмжпэгч Ө.Х нь 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн шалгаж байгаа эрүүгийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгснөө цагдаагийн байгууллага болон шүүхэд хэлж тайлбарладаг. Тухайн худал мэдүүлэгт “1995 онд Р.Л-аас Японы оёдлын “Жүки” гэх нэртэй 90 гаруй мянган долларын машинууд авч байсан, үлдсэн мөнгөө бага багаар нь бэлнээр нь аваад дуусгасан” гэсэн байдаг. Нөгөө талаас Р.Л агсан 2004 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн шалгаж байгаа эрүүгийн хэрэгт сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө өмнө нь нэхэмжлэгч Ө.Х-ээс авах ёстой байсан мөнгөө авсан мэтээр мэдүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд сэжигтний мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг 2 зөрүүтэй байгааг бүрэн харуулж байна. Эдгээр мэдүүлгүүд хэрэв үнэн бол 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Р.Л агсан нэхэмжпэгч Ө.Хишигсүхэд Баталгаа гэх хэлцэл үйлдэж өгөх байсан уу. Мөн эдгээр мэдүүлгүүд хэрэв үнэн юм бол анхан шатны шүүх 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө болсон үйл баримтыг 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2004 оны 11 сард багтаан төлсөн гэж үзэж үнэлж дүгнэж байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн гэх үү. Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж чадаагүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэж, зөрүүтэй байгаа нь үнэн зөв байдалд эргэлзээ төрүүлж байгааг анхааралгүй, нотлох баримтыг шийдвэр гаргах үндэслэлээ болгосон. Уг эргэлзээ арилаагүй тохиолдолд нотлох баримтыг үнэн зөв гэж үзэх боломжгүй. Гэтэл анхан шатны шүүх цаг хугацааны болон логик дарааллын алдаатай дүгнэлт хийсэн байна.
Мөн анхан шатны шүүх хариуцагч Л.Буянбатын тайлбарыг нэмж нотлох баримтаар үнэлсэн байдаг. Хариуцагчийн тайлбар нь үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтанд тулгуурлаж байж нотолгооны чадвараа хадгалдаг. Гэтэл хариуцагч Л.Буянбатын тайлбар нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх субьектив хандлагаар мөн л дээрх эргэлзээтэй нотлох баримтанд тулгуурласан байгаа нь үнэн зөв гэсэн үг биш юм. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй үнэн зөв гэж дүгнэсэнд гомдолтой байна. Гэрч Т.Доржготовын мэдүүлэгт иргэд хоорондын асуудалтай холбоотой, өөрөөр хэлбэл иргэн Р.Л агсан, иргэн Ө.Х нарын хоорондох хэлцлийн талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй, 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2004 оны 11 дүгээр сард багтаан төлсөн өр төлбөрийн талаар ямар нэгэн нотолгооны баримт, эх сурвалжид тулгуурлан мэдүүлэг өгөөгүй байхад анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй байна. Нэмж хэлэхэд гэрч мэдүүлж байгаа зүйлийнхээ нотолгооны эх сурвалжийг зааж хэлж өгч чадахгүй бол түүний мэдүүлэг нотолгооны чадвараа алддаг. Иймээс анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэлт гаргасан байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсгийн 236.1.1, 236.1.2-т тус тус заасныг үндэслэн хариуцагч Л.Б-аас нэхэмжлэгч Ө.Х мөнгө, хөрөнгийг шаардах эрх дуусгавар болсон гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтийг анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ө.Х, Р.Л агсан нарын хооронд 1993 онд 94 717 ам.доллар шилжүүлсэн харилцааг зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн байдаг. Үүнтэй санал нэг байна. Мөн 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үйлдсэн Баталгаа гэх баримтыг Иргэний хуульд заасан хэлцэл гэж үзсэн байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бид хууль хэрэглээний хувьд зээлийн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсгийн 236.1.3-т “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон’’ гэж заасны дагуу 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Р.Л агсан, нэхэмжлэгч Ө.Х-тэй Баталгаа гэх хэлцэл шинээр хийснээр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл Ө.Х, Р.Л агсан нар харилцан тохиролцож зээлийн гэрээний мөнгө төлөх үүргээ Р.Л агсан өөрийн эзэмшлийн “Тахько" ХК-ийн 372 090 ширхэг хувьцааг шилжүүлэх үүргээр сольсон. Одоо харин Баталгаа гэх шинэ хэлцлийн үүргийг хариуцагч тал биелүүлээгүй тул нэхэмжпэгч Ө.Х хариуцагч талаас Т ХК-ийн 372 090 ширхэг хувьцаа шаардах эрх дуусгавар болоогүй байна. Энэхүү хувьцаа шилжүүлж өгөх үүргээ биелүүлсэн, эсхүл оронд нь ямар нэгэн мөнгө, эд хөрөнгө хариуцагч талаас нэхэмжпэгч Ө.Хишигсүхэд шилжүүлэн өгсөн зүйл байхгүй, хэрэгт авагдсан баримтаар ч тийм нотлох баримт байхгүй байна. Түүнчлэн шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг заалтыг баримтлахгүйгээр, 2004 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн Баталгаа нэртэй хэлцлийн хүсэл зоригийн агуулгыг илтэд буруу тайлбарлан, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Тодруулбал, шийдвэрийн 8 дахь талын “..хэрэгт авагдсан баталгаа /хх-7/ гаргасан агсан Р.Л-гийн баримт нь үүргээ биелүүлэх, мөнгийг эргүүлэн өгөх, буцаан өгөх үүргээ илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл бүхий баримт байна..” гэсэн дүгнэлтээс шүүх хэлцэлийн агуулгыг илт буруу тайлбарласан нь харагдана. Баталгаа нэртэй хэлцэлд хувьцаа шилжүүлж өгнө гэсэн хүсэл зоригийг хоёрдмол утгагүйгээр тодорхой илэрхийлсэн бөгөөд тэрнээс мөнгөн хөрөнгөө буцаан төлнө, төлөхөө баталж байна гэх үг үсэг байхгүй болно.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Компанийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаас харахад ... өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрх эдлэхээр заасан байх ба Р.Л нэмж гаргасан хувьцаанаас 372 090 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй байсан гэж үзэх боломжгүй байна. Үүнийг хариуцагчийн "... Т ХК-ийн хувьцааг эзэмших тухай хэлэлцээрээр дээрх 687 610 ширхэг хувьцааг иргэн Р.Л 130 658 ширхэг, Ч.Батбилэг, Ц.Наст, Т.Доржготов, Ж.Чимидцэрэн, Л.Эрдэнэбат, Ш.Мөнх-Очир нар тус бүр 92 837 ширхэг хувьцааг тус тус эзэмшихээр харилцан тохиролцсон боловч 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцээр өөрчлөлт оруулж, иргэн Р.Л 120 658 ширхэг, Ч.Батбилэг, Ц.Наст, Т.Доржготов, Ж.Чимидцэрэн, Л.Эрдэнэбат, Ш.Мөнх-Очир нар тус бүр 80 000 ширхэг хувьцааг эзэмшихээр болсон байдаг” гэх тайлбар няцааж, гэрч Т.Доржготовын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд өгсөн "... Бүх хувьцаа эзэмшигч нараас зөвшөөрөл авсны үндсэн дээр ямар нэгэн хүнд шилжүүлэх буюу худалдах эрх олгогдох учраас бүх гишүүдийн хурлаас зөвшөөрөл олгох ёстой Р.Л ганцаараа хувьцааг хуваарилах эрхгүй, ... Ө.Х “Тахько” ХК-иас нэхэмжилсэн өр гэж байхгүй хэрэв нэхэмжилж байсан бол хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх ёстой” гэх мэдүүлэг үгүйсгэж байна.” гэжээ. Анхан шатны шүүх хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэж байгаа тул үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Компанийн тухай дээрх хуулийн заалтаар иргэн Р.Л агсан нь өөрийн эзэмшиж байгаа Т ХК-ийн 687 610 ширхэг хувьцааг бусад этгээдээс санал асуулгүй, чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй байна. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 35 хуудас болон түүний ар талд авагдсан Р.Л агсан 2004 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн шалгаж байгаа эрүүгийн хэрэгт сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “Наст, Доржготов, Чимэдцэрэн, Эрдэнэбат, Батбилэг нарт яагаад нэр дээр нь хувьцаагаа шилжүүлэн өгөөгүй байгаа юм бэ. Та гэрээг хийхдээ 3 жилээр хийсэн гээ биз дээ” гэж мөрдөн байцаагч асуухад “би бүгдэд нь хувиарласан хувьцаагаа нэр дээр нь шилжүүлэн өгөхөд татгалзах зүйл байхгүй, гэхдээ эдгээр хүмүүс надад хувьцааны төлбөрөө /мөнгийг/ төлөөгүй байгаа, төлсний дараа шилжүүлнэ” гэсэн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 102-121 дугаар хуудсанд авагдсан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирүүлсэн албан бичиг, түүнд хавсаргасан баримтаас харахад Р.Л агсан нь 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжпэгч Ө.Х-тэй Баталгаа гэх хэлцэл хийхдээ Т ХК-ийн 868 766 ширхэг хувьцааг эзэмшиж байсан нь нотлогддог. Өөрөөр хэлбэл хариуцагчийн “...Т ХК-ийн хувьцааг эзэмших тухай хэлэлцээр ёсоор нэр бүхий иргэдэд хувьцаа хувааж эзэмшихээр болсон тул нэхэмжлэгч Ө.Хишигсүхэд шилжүүлэхээр тохирсон Т ХК-ийн 372 090 ширхэг хувьцааг эзэмших эрх Р.Л агсанд байхгүй" гэх тайлбар нь эдгээр нэр бүхий иргэд хувьцааныхаа төлбөр мөнгийг төлөөгүй учир Р.Л агсан хувьцааг шилжүүлээгүй, тухайн хэлэлцээр хэрэгжээгүй хугацаа нь дууссан болох нь нотлох баримтаар тодорхой харагдаж байгаа тул няцаагдаж байна. Мөн гэрч Т.Доржготовын шүүхэд өгсөн мэдүүлэг нь өөрийн бодол, ойлголтоор тайлбарлаж байгаа мэдүүлэг болохоос үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй нотолсон мэдүүлэг биш байна. 1 дүгээр хавтаст хэргийн 229-234 дүгээр хуудсанд авагдсан гэрч Т.Доржготовын мэдүүлэг нь бодит байдлыг сайн мэдэхгүй дам сонссон, бичмэл нотлох баримт, нотолгооны эх сурвалжаа тодорхой зааж чадаагүй, хоорондоо агуулгын зөрүүтэй байгаа нь илт харагддаг. Үүнийг анхан шатны шүүх эргэлзээгүй, үнэн зөв гэж дүгнэх нь учир дутагдалтай. Компанийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар иргэн Р.Л агсан нь өөрийн нэр дээр бүртгэлтэй эзэмшиж байгаа Т ХК-ийн 868 766 ширхэг хувьцааг чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй байсан байна. Гэтэл анхан шатны шүүх хуулийн энэхүү заалтыг илтэд мушгин гуйвуулж буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Энэхүү баталгаагаар Р.Л-гийн “Тахько” ХК-д эзэмшиж байсан 687 610 ширхэг хувьцаанаас 372 090 ширхэг хувьцааг Б.Хишигсүхэд хууль эрхийн дагуу шилжүүлж эзэмшүүлсэн өдөр хүртэл хүчинтэй байх боломжгүй. Өөрөөр хэлбэл аливаа үүргийг хугацаагүй бусдад олгох боломжгүй, хуульд заасан хязгаартай болно." гэжээ. Анхан шатны шүүх мөн л хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт заалтаас үзэхэд анхан шатны шүүх “аливаа үүргийг хугацаагүй бусдад олгох боломжгүй, хуульд заасан хязгаартай болно" гэсэн үндэслэл, дүгнэлт нь үгүйсгэгдэж байна. Тэгээд ч ямар хуульд тийм үүргийн хугацаанд хязгаар тавьсан болохыг анхан шатны шүүх тодорхойлж бичээгүй байх бөгөөд тийм хууль байхгүй ээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “иргэн Р.Л-гийн хууль ёсны өв залгамжлагч Л.Б нь 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Өв залгамжлах эрхийн гэрчилгээ”-гээр өөрийн эцэг Р.Л-гийн Т ХК-ийн хувьцааг өвлөн авсан /хх-32/, ... Р.Л-аас 2004 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр Ө.Хишигсүхэнд баталгаа гаргаж өгсөн, ... Эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаан 2006, 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шийдвэрлэгдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 77 дугаар зүйлийн 77.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон бичжээ. Энэ нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаатай адил үйлдэл гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Ө.Х, иргэн Р.Л агсан нар 1993 оны зээлийн гэрээний харилцаагаа 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баталгаа гэх хэлцэл хийснээр Р.Л агсан зээл төлөх үүргээ Т ХК-ийн 372 090 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Ө.Хишигсүхэд шилжүүлэн өгөх үүргээр сольсон. Хувьцаа нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хувьцаа шилжүүлэх үүрэгт хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дуусаагүй байхад буюу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Ө.Х нэхэмжлэлээ анхан шатны шүүхэд гаргасан байна. 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 89 дугаар тогтоол гарч Р.Л агсаны Баталгаа гэх хэлцэлд дурдсан хувьцааны маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Энэ өдрөөс анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан өдөр хүртэл тооцоход хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил дуусаагүй байна. Иргэн Р.Л агсан, Ө.Х нар нь Баталгаа гэх хэлцэлдээ “Энэхүү баталгаа нь миний эзэмшиж байгаа 687 610 ширхэг хувьцаанаас 372 090 ширхэг хувьцааг Ө.Хишигсүхэд хууль эрхийн дагуу шилжүүлж эзэмшүүлсэн өдөр хүртэл хүчинтэй болно” гэж тусгасан байна. Үүнээс үзэхэд үүргийг зохих ёсоор шилжүүлэх хүртэл хүчинтэй хэлцэл тул хөөн хэлэлцэх хугацаа тоолох боломжгүй байна. Мөн хариуцагч Л.Б тайлбартаа “нэхэмжлэгч Ө.Х хувьцаа авах талаар 2017 оноос эхлэн амаар надаас шаардаж байсан мэтээр шүүхэд худал мэдүүлсэн" гэж тайлбарлаж байгаа нь огт тийм шаардлага өмнө нь тавьж байгаагүй гэж үзэхээр байна. Үүнээс дүгнэж үзэхэд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс үүснэ гэж тооцвол хариуцагч 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргаснаар шаардах эрх үүсч байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэж байна.
Дээрх үндэслэл, няцаалтаар анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна, мөн хэргийг шийдсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч илт хуулийг буруу тайлбарласан, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүй, хариуцагч талд хэргийг ашигтай шийдвэрлэхээр хэт нэг талыг барьсан гэж дүгнэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрийн агуулгыг танилцуулахдаа зөвхөн нэхэмжлэгч Ө.Х нь зээлийн гэрээний харилцаанаас үүссэн үүргээ биелүүлэх баталгаанд дурдсан мөнгийг буцаан өгөхийг өв залгамжлагч Л.Б-аас шаардах боловч гэрээний үүрэг, төлбөр мөнгийг агсан Р.Л нь 2004 оны 09 дүгээр сарын 24-нээс 2004 оны 11 дүгээр сард багтаан биелүүлсэн нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо гэж нэг л үндэслэл танилцуулсан. Гэтэл шүүхийн шийдвэр бичигдэж гарахад 3 үндэслэл нэмэгдсэн байдаг. Мөн шүүгч шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч нарыг харилцан тайлбар тавихад хязгаарлаж талуудын зөвхөн нэг нь тайлбар хэл гэх мэтээр хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж байсан. Тиймээс нэхэмжлэгч талын зүгээс өөрсдийн үндэслэл, тайлбарыг бүрэн гүйцэд гаргаж тавьж чадаагүйдээ гомдолтой байна. Мөн шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гардаж авсан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахыг хүсэхэд тэмдэглэл гараагүй байсан. Шүүх хуралдааны тэмдэглэл нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гарсан тул тэр өдөр нь танилцсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ө.Х нь хариуцагч Л.Б-д холбогдуулан 37 209 000 төгрөгийн үнэ бүхий 372 090 ширхэг хувьцааг Ө.Х-ийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ “Сингапур улсын банк дах хадгаламжаас 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 94 717 ам.долларыг Х.Л-д шилжүүлсэн, ХОТШ банкнаас зээлсэн “Тахько” ХХК-ийн зээлийг төлсөн, “Тахько” ХХК-иас 1996 онд нэмж гаргасан өөрийн нэр дээрх 687 616 ширхэг хувьцаанаас 372 092 ширхэг хувьцааг шилжүүлж төлөхөөр 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр баталгаа гаргасан, тэрээр 2006 онд Р.Л нас барсан, хувьцаагаа гаргуулна” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь татгалзлаа “1992 оны тогтоолоор “Тахько” ХХК-ийг 68 769 797 төгрөгийн зээлтэй хувьчилсан. Үнэт цаасны хороо 1996 онд тус компанийн 687 610 ширхэг хувьцааг нэмж бүртгүүлэхийг зөвшөөрсөн. Уг хувьцаанаас Р.Л 130 658 ширхэг хувьцаа эзэмшсэн тул Ө.Хишигсүхэд 372 090 ширхэг хувьцааг шилжүүлж, өр төлбөр барагдуулах боломжгүй. 2004 онд Ө.Хишигсүхэд 94 717 ам.долларыг оёдлын машин болон мөнгөөр төлсөн. 2006 онд Р.Л нас барж, Л.Б өв залгамжлагч болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарласан байна.
Хонг Конг дахь Кредит суис байгууллагын харилцагчдын үйлчилгээний тасаг Эрик Цойгоос 1994 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Өргөө” ХХК-д факс илгээсэн ба уг баримтад “Нью-Йорк дах салбараар дамжуулан Монгол улсын Улаанбаатар хотын Хөрөнгө Оруулалт Технологийн Шинэчлэлийн банкны нэр дээр ирсэн Банк Франсез ду Коммерс Ектенкур Сингапураас шилжүүлсэн 94 717 ам.долларын тухай ...Бид 1994 оны 1-р сарын 14 өдөр дээр дурдсан төлбөрийн мөнгөн дүнг хүлээн авагчийн дансанд 1993 оны 12-р сарын 23-ны өдөр хийсэн болно” гэжээ. /хх-5-6, 162-163 дугаар тал/
Монгол банкны 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 6/413 тоот албан бичигт “...ХОТШ банкны CREDIT SUISSE банкин дахь 117092780 тоот дансаар REF-NO 0749401141959 дугаартай Равдан овогтой Лутаагийн нэрийн өмнөөс зээлийн төлбөрийг шилжүүлэв гэсэн зориулалтаар 1993.12.23-ны өдрийн value-гаар хийгдсэн гүйлгээ гэдгийг нотолсон эх баримт байна...” гэж дурджээ. /хх-205 дугаар тал/
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 846 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 32 дугаар тогтоолоор “...Р.Л “Тахько” компанийн урт хугацаатай зээлийн үлдэгдлийг хэлэлцээрт заасны дагуу 1993 оны 12 дугаар сарын 23-нд 94 717 ам.доллар буюу 37 209 000 төгрөг ХОТШ банкинд төлөхөөр Хонгконгийн Кредит Суисс банк дахь ХОТШ банкны 117092.780 тоот данс руу 94 717 ам.доллар орлогын /кредит/ гүйлгээгээр шилжүүлсэн...” үйл баримт тогтоогджээ.
Иймд энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй талаар шүүх зөв дүгнэжээ.
Талуудын тайлбарыг дээрхи баримтуудтай харьцуулан дүгнэвэл Р.Л нь Ө.Х-ээс 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 94 717 ам.долларыг зээлсэн, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.
Р.Л нь “баталгаа” гэх баримтыг бичгийн хэлбэрээр үйлдэж, өөрөө гарын үсгээ зурж, хэлцлийг нөгөө тал болох Ө.Хишигсүхэд гардуулсан байна. Р.Л нь 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “баталгаа” гэх баримт үйлдэж, Ө.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргаж өгсөн.
Уг баримтад “...Р.Л миний ХОТШ банктай байгуулсан хэлэлцээрийн дагуу Т ХК-ийн урт хугацаат төгрөгийн зээлийн үлдэгдэл 68 700 000 төгрөгийг төлөхөд Ө.Х нь Сингапурын BFCE банкин дахь өөрийн данснаас 94 717 ам.долларыг Р.Л-гийн зээлийн эргэн төлөлтөд шилжүүлж төлсөн. Уг ам.долларын төлбөрийг Т ХК-ийн 1996 онд нэмж гаргасан Р.Л миний нэр дээр бүртгэгдсэн 687 610 ширхэг хувьцаанаас Ө.Хишигсүхэд нэг бүр нь 100 төгрөгийн нэрэлсэн үнэтэй 372 090 ширхэг хувьцааг эзэмшүүлж төлбөр тооцоог дуусгана. Р.Л-гийн нэр дээр бүртгэлтэй байгаа хувьцааны асуудлаар маргаантай байгаа тул эцэслэн шийдвэрлэсний дараа хувьцааг шилжүүлж өгнө” гэж тэмдэглэн гарын үсэг зурж баталгаажуулжээ. / хэргийн 7 дугаар тал/
Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээдээс үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний үүргийн эцсийн үр дүнг эд хөрөнгийн хувьд хариуцахаар хүлээж буй үүргийг баталгаа” гэж заасан. Иймд энэхүү Р.Л-гийн бичсэн “баталгаа” гэх баримт нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болох баталгаанд хамааруулж дүгнэхгүй юм. Учир нь үүрэг гүйцэтгэгч өөрийн нэрийн өмнөөс, өөрийн гүйцэтгэх үүрэгт баталгаа гаргах учиргүй.
Нэхэмжлэгч нь дээрх “баталгаа” гэх баримтыг өмнөх гэрээний үүргийг сольсон гэж тайлбарласан нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заасан. Дээрх “баталгаа” гэх баримтын агуулгаас үзвэл Р.Л нь Ө.Хишигсүхэд 94 717 ам.долларын оронд Т ХК-ийн 372 090 ширхэг хувьцааг шилжүүлэн өгөхөөр үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар талууд өмнөх зээлийн гэрээний үүргээ хувьцааг өмчлөлд шилжүүлэх үүргээр солихоор тохиролцсон гэж дүгнэнэ.
Иймээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Р.Л нь Ө.Х-ийн өмнө хэлцлийн үндсэн дээр үүрэг үүсгэсэн бичгийн баримт үйлдсэн тул тэдгээрийн хооронд дээрх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч нь энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар үгүйсгээгүй.
Р.Л нь 2006 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нас барж, 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нотариатаас Л.Б-д өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосноор тэрээр Т ХК-ийн 868 766 ширхэг хувьцааг өв залгамжлалаар шилжүүлэн авсан нь баримтаар болон талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. /хэргийн 32-33 дугаар тал/
Нийслэлийн Прокурорын газрын 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 189 дугаартай тогтоолоор “Х.Л-д холбогдох Т ХК-ийн хувьцааг хуурч мэхлэх аргаар эзэмшиж байгаа гэх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй” болгосон байна. /хэргийн 29 дүгээр тал /
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 32 дугаар тогтоолоор “нэхэмжлэгч Ц.Бат-Амгалан, Ц.Баянмөнх, С.Дамдиндоо нарын нэхэмжлэлтэй, “Тахько” ХХК-ийн дарга Л.Б-д холбогдох “Тахько” ХХК-ийн 1996 онд гаргасан 687 610 ширхэг нэмэлт хувьцааны төлбөр 63 760 997 төгрөгийг хуурамч бичиг баримт бүрдүүлж төлсөн байх тул нэмэлт хувьцааны төлбөрийн асуудлыг хууль бус гэж тооцож, нэмж гаргасан 687 610 ширхэг хувьцааг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 159 дугаартай иргэний хэргийг сэргээж, энэхүү нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэж, хувьцаа эзэмшигчдийн хохирсон эрхийг хамгаалуулах тухай” нэхэмжлэгч Ц.Бат-Амгалан, Ц.Баянмөнх, С.Дамдиндоо нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 8-10 дугаар тал /
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 89 дугаар тогтоолоор “нэхэмжлэгч Ц.Бат-Амгалан, С.Дамдиндоо, Ц.Баянмөнх нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Буянбат, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох “Үнэт цаасны хорооны 1996 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зөвшөөрөл олгох тухай 48 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Үнэт цаасны хорооны 1996 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Тахько” ХХК-ийн нэмж гаргасан хувьцааны тухай 186 дугаар бичгийг илт хууль бусд тооцуулах тухай” нэхэмжлэгч Ц.Бат-Амгалан, С.Дамдиндоо, Ц.Баянмөнх нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 11-13 дугаар тал /
Ө.Х, Р.Л нарын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг үүссэн нөхцөлд хөөн хэлэлцэх хугацааг гэрээний үүрэг шаардах мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар 3 жилийн хугацааг тоолно. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 89 дүгээр тогтоолын огноо болон уг хугацааг тоолвол 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэхээр байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм.
Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буй тул өв залгамжлалаар үүссэн үүргийн болон түүнтэй холбоотой үйл баримт тогтоож, эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно. Энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад Ө.Х-ийн өгсөн 2 удаагийн гэрчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, сэжигтнээр өгсөн Р.Л-гийн мэдүүлэг өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй баримтад тооцохгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02696 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 343 995 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ