Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/66

 

 

 

 

 

 

  2023             01             17                                          2023/ДШМ/66

 

 

 Н.Б-д холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.М,

хохирогч Б.З-ын өмгөөлөгч О.О,

шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч К.М,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/676 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч К.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Б-д холбогдох 2010003480793 дугаар эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Б нь:

1.1. “Т” ХХК-иас “Ланд круизер” 200 маркийн автомашиныг хямд авч өгнө гэж хохирогч Э.Б-ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, урьдчилгаа мөнгө шаардлагатай гэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрээс “Хаан” банк дахь өөрийн ............. дугаарын дансаар 21.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

1.2. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байх кофе шоп дотор “Т” ХХК-д ажилладаггүй, тус компаниас автомашин захиалах эрхгүй атлаа хохирогч Б.З-т шинэ “Ланд крузер” 200 маркийн автомашиныг “Т" ХХК-аас захиалж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.З-аас 22.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,

1.3. Хохирогч Д.Б-д 9911, 8811-тэй дугаарт хөрөнгө оруулж авбал 2020 оны Их хурлын сонгуулийн дараа үнэд орно гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 18-наас 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 11.500.000 төгрөг, 741.43 ам.долларыг /1.991.145,9 төгрөг/ мөн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Ланд 200” маркийн автомашиныг 145.000.000 төгрөгөөр авч өгнө урьдчилгаа гэж 36.150.922 төгрөг /13400 ам.доллар / хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилсан, мөн иргэн Д.Бат-Эрдэнийн бусдаас худалдан авсан ....... улсын дугаартай “Toyoto Vellfire” маркийн автомашины эзэмшигчийн гэрчилгээг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж улмаар уг автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж 21.245.425 төгрөгийн хохирол учруулсан буюу иргэн Д.Б-д нийт 70.887.492 төгрөгийн хохирол учруулсан,

1.4. Д.Б-ийн худалдан авсан ......... улсын дугаартай “Toyoto Vellfire” маркийн автомашины эзэмшигчийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “К” банк бус санхүүгийн байгууллагад өөрийн машин гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 6 сарын хугацаагаар зээлийн гэрээ байгуулах нэрээр барьцаанд нь тавьж 13.000.000 төгрөгийг авсан,

1.5. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..... дүгээр хороо, “Т” караокены гадна “Автомашин зарж буй” мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Д.М-аас 9.500.000 төгрөгийг өөрийн “Худалдаа хөгжлийн” банкны .......... дугаарын данс руу шилжүүлэн авсан,

1.6. Автомашин түрээслэх, 8811-тэй дугаар зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 7 дугаар сарын 5-наас 10 дугаар сарын 6-ны өдрийн хооронд иргэн Ш.Ш-аас 6.200.000 төгрөгийг авсан,

1.7. 2020 оны 7 дугаар сард хамтран амьдрагч М.У-ын “Айфоне икс макс 10” маркийн гар утсыг нь гурван камертай “Айфоне 11” болгож өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан залилж 1.845.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.8. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт машинаа барьцаалж зээл авах нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн ...... дугаартай дансаар 5.800.000 төгрөг шилжүүлэн авч, иргэн А.Б-д 5.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.9. Иргэн Б.О-ээс “Төрийн албаны шалгалтад тэнцүүлж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ........... дугаартай “Худалдаа хөгжлийн” банкны данс руу 1.000.000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр мөн өөрийн ................. дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.10. 2020 оны 3 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд иргэн Б.Б-ээс 5.800.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр авч, зээлийн төлбөрт бусдын эзэмшлийн ........ дугаарын сим карт өгөн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч Б.Б-д 5.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.11. Холбооны Бүгд Найрамдах Герман улсад суралцдаг П.Б-тай /ах П.О/ фэйсбүүк хаягаар нь цахим тоглоом тоглож, танилцан улмаар 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “...маргааш нь өгье...” гэж 2.600.000 төгрөг аван, үргэлжлүүлэн 2021 оны 3 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд “...мөнгө орохоор өгнө, удаахгүй, хүү бодож төлнө...” гэх мэтээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 9 удаагийн үйлдлээр “Худалдаа хөгжлийн” банкны ................ дугаарын дансаараа нийт 7.500.000 төгрөгийг авсан,

1.12. Иргэн Д.С-д Хан-Уул дүүргийн ...... дүгээр хороо “П” хотхонд хажуу өөрөө түрээслэх замаар зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж А хотхонд 1 өрөө түрээслүүлнэ гэж хуурч 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

2. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс Хан-Уул дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэр “П” хотхоны ......... тоот байрыг түрээсэлж байхдаа камен зуухыг завшсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогч А.А-д 990.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн  хохирогч М.У-тай хамтран амьдарч байхдаа 2020 оны 8 дугаар сарын 27-ны шөнө Хан-Уул дүүрэг, ........ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” хотхоны замын уулзвар дээр автомашин дотор М.У-ыг бусадтай хардсаны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн 2020 оны 9 дүгээр сарын 5-ны шөнө Хан-Уул дүүрэг, ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” хотхоны гадна хохирогч П.Н-той маргалдаж биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 9 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 9 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-ийн цагдан хоригдсон нийт 497 хоногийг хорих ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь хохирогч Э.Б-т 2.000.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М-д 4.328.000 төгрөг, хохирогч Б.З-т 6.150.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Н.Б-аас 138.075.567 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Б-т 19.500.000 төгрөг, хохирогч Б.З-т 15.850.000 төгрөг, хохирогч Д.Б-д 49.642.067 төгрөг, хохирогч Д.М-д 9.500.000 төгрөг, хохирогч Ш.Ш-т 6.200.000 төгрөг хохирогч М.У-д 6.206.400 төгрөг, хохирогч А.Б-д 5.300.000 төгрөг, хохирогч Б.О-т 1.500.000 төгрөг, хохирогч Б.Б-д 5.800.000 төгрөг, хохирогч Д.Б-ын хууль ёсны төлөөлөгч П.О-д 7.500.000 төгрөг, хохирогч Д.С-д 1.250.000 төгрөг, “К” ХХК-ийн төлөөлөгч Э.М-д 8.672.000 төгрөг, хохирогч А.А-д 990.000 төгрөг, хохирогч П.Н-д 165.100 төгрөг тус тус олгож, “К” ХХК-ийн эзэмшилд байгаа .................... улсын дугаартай Toyota Vellfire маркийн автомашиныг хохирогч Д.Б-ийн эзэмшилд шилжүүлж, “К” ХХК, хохирогч Б.З нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.Б-аас нэхэмжлэхтэй эрхтэй болохыг дурдаж, хохирогч М.У-ийн нэхэмжлэлээс 1.200.000 төгрөгийг, П.Н-ийн нэхэмжлэлээс 1.000.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч К.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/676 дугаар шийтгэх тогтоолын 25 дугаар хуудасны 16 дахь мөрнөөс “шүүгдэгч Н.Б нь “К” ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан, 13.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 4.328.000 төгрөг төлсөн байх тул 8.672.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй” гэж, мөн тогтоох хэсгийн 7 дугаар заалтаар “К” ХХК-д 8.672.000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэжээ. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад “К” ХХК-тай холбоотой үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй талаар би болон өмгөөлөгч Н.Э нар илэрхийлсэн боловч шүүхийн шийтгэх тогтоолд энэ тухай дурдагдсангүй. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/676 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 2.4-т “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт" зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд заавал тусгах шаардлагыг хангаагүй байна. Шүүгдэгч Н.Б нь хохирогч Б-ийн эзэмшилд шилжүүлнэ хэмээн ................ улсын дугаартай “Toyota Vellfire” маркийн автомашиныг өөрийн нэр дээр болгосон үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй байх боловч ................ улсын дугаартай “Toyota Vellfire” маркийн автомашиныг нэр дээрээ шилжүүлэхэд ямар нэгэн хууль зөрчөөгүй, хуульд заасан шаардлагыг ханган тээврийн бүртгэлд бүртгүүлсэн байна. Нэгэнт өөрийн эзэмшилд байгаа автомашиныг барьцаалах эсхүл зарах зэргээр захиран зарцуулах нь Б-ийн эрхийн асуудал юм. Өөрөөр хэлбэл олж авч байгаа арга хэлбэр нь хууль зөрчсөн ч захиран зарцуулж байгаа арга нь залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоолд зээлийн гэрээ байгуулагдсаныг хүлээн зөвшөөрдөг шиг Н.Б нь зээлийн гэрээний үүргээ хэрэгжүүлэн зээлийн хүүг төлж явсан нь баримтаар нотлогддог. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч К.М би шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх энэ хүсэлтийг шийдвэрлээгүй, шийтгэх тогтоолд дурдсангүй. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/676 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.З-ын өмгөөлөгч О.Одхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч болон өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжин оролцож байна. ...” гэв.

Прокурор Г.М тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-ыг нэр бүхий 12 хохирогчийг хууран мэхэлж нийт 138.075.567 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч “К” банк бус санхүүгийн байгууллагыг залилаагүй, хууль ёсны дагуу гэрээ байгуулсан” гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Н.Б нь Д.Б-ийг хохирогч болохыг мэдэж байсан. Өөрөөр хэлбэл, Д.Б-ийн нэр дээр шилжүүлэх байсан тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Анхан шатны шүүхээс Н.Б-ыг “К” банк бус санхүүгийн байгууллагыг залилсан гэж дүгнэж, 8.672.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй” гэж тайлбарлаж байна. Шүүхээс уг асуудлын талаар тухайн үед яригдсан учир хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд дурдагдсан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч К.М-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1. Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 10 дугаар сараас 12-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, нэр бүхий 12 хохирогч нарт нийт 138.075.567 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Б-ийн /1хх 18, 3хх 117, 193/, Б.З-ын /5хх 185-186/, гэрч Л.У /5хх 187-188/, Ж.Б-ын /5хх 195- 196/, С.Ч-ын /5хх 192-193/, хохирогч Д.Б-ийн /3хх 196, 7хх 44-47/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М-ын /3хх 185-186/, хохирогч Д.М-ны /4хх 219, 4хх 236-237/, хохирогч Ш.Ш-ын /1хх 112/, хохирогч М.У-ын /1хх 65-66, 3хх 121- 122, 3хх 195/, хохирогч А.Б-ийн /4хх 75-76/, гэрч Ц.Ц-ийн /4хх 81-82/, гэрч Л.Ч-ийн /4хх 85-86/, хохирогч Б.О-ийн /5хх 23-24, 28-30/, гэрч О.Р-ийн /5хх 37-38/, гэрч Б.Г-ийн /5хх 39-42/, хохирогч Б.Б-ий /4хх 205-206, 5хх 205-206/, хохирогч П.Б-ын /6хх 248-249/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-ны /4хх 12-13, 4хх 192-193/, хохирогч Д.С-ын /4хх 30-32/, яллагдагч Н.Б-ийн “...Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна...” /1хх 29/ гэх мэдүүлгүүд,

банкны дансны хуулга /1хх 119-121, 2хх 218-245, 3хх 94-100, 3хх 118, 3хх 197-199, 4хх 7-8, 4хх 27-28, 4хх 72, 4хх 194-200, 4хх 222, 5хх 210-243/,

хохирогч Ш.Ш-аас нотлох баримтаар гаргаж өгсөн “АТМ-ээс 500.000 төгрөг, 400.000 төгрөг, 500.000 төгрөг, 500.000 төгрөг, 500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн 5 удаагийн гүйлгээний баримт, 1.300.000 төгрөг шилжүүлсэн гэх “Худалдаа хөгжлийн” банкны шилжүүлгийн баримт /6хх 113-166/,

яллагдагч Н.Б-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 43, 5хх 116-123/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 136-141, 3хх 144-146/,

“...Н.Б нь машин захиалаагүй” гэсэн “Т” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ......... дугаар албан бичиг /1хх 24/,  2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр О.М, Н.Б нарын хийсэн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /2хх 32/, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “К” Банк бус санхүүгийн байгууллага, Н.Б нарын хийсэн Зээлийн гэрээ болон холбогдох баримтууд /2хх 48-55/, хохирогч П.Б-аас П.О-д өгсөн итгэмжлэл /7хх 3/ зэрэг нотлох баримтуудаар,

2. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс Хан-Уул дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэр “П” хотхоны ........ тоот байрыг түрээсэлж байхдаа камен зуухыг завшсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогч А.А-д 990.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч А.А-ийн “...2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс Хан-Уул дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэр “П” хотхоныхоо 2 өрөө байрыг нэг жилийн түрээсийн гэрээ хийж тавилгатай нь хамт нэг сарын 1.200.000 төгрөгөөр түрээсэлж эхний 3 сарын мөнгийг 1 сарын барьцаа мөнгөний хамт авч Н.Б гэх хүнд түрээслүүлсэн. 2021 оны 6 дугаар сар хүртэл түрээсээ төлж байгаад сүүлдээ төлбөрөө төлөхөө больсон. ...Би байран дээрээ очиход камен зуухнаас бусад нь бүрэн байсан. ...Би түрээслүүлснээсээ хойш байрандаа очиж байгаагүй бөгөөд сүүлд 2021 оны 8 дугаар сарын эхээр түлхүүрийг маань шалавчин доор хийсэн байгаа гэхээр нь очиж түлхүүрээ аваад байрандаа ороод тавилга эд зүйлээ харахад камен зуух байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж өгсөн. Камен зуухыг хэзээ авч явсан талаар нь мэдэх зүйл байхгүй. Гомдолтой байна...” /3хх 217-220/,

гэрч Б.Б-ын “...Н.Б нь тус байрыг түрээслээд ганцаараа амьдардаг ба байр нь 2 өрөө байсан. Тэгээд Н.Б ах дээр эхнэр хүүхдийн хамт хааяа нэг очдог байсан. 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эхнэр хүүхдийнхээ хамт хажуу жижиг өрөөг нь сарын 600.000 төгрөгөөр түрээслэхээр тохироод амьдарсан. Тэгээд байж байхад Н.Б ахыг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагаас хүмүүс ирээд авч яваад хорьсон. Тэрнээс хойш уг байранд эхнэр Н-ийн хамт байж байгаад 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр түрээс нь өндөр тул 7 дугаар сард байранд байсан учраас 1.200.000 төгрөгийг төлөөд гарсан. Өмнөх түрээсийн төлбөрийн асуудлыг Н.Б ах төлнө. Өөрөө мэдэж байгаа...” /3хх 226-227/ гэх мэдүүлгүүд,

“...Камен зуух зах зээлийн үнэлгээгээр 990.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /3хх 229-234/ зэрэг нотлох баримтуудаар,

3. Хохирогч М.У-тай хамтран амьдарч байхдаа 2020 оны 8 дугаар сарын 27-ны шөнө Хан-Уул дүүрэг, ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” хотхоны замын уулзвар дээр автомашин дотор М.У-ыг бусадтай хардсаны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн 2020 оны 9 дүгээр сарын 5-ны шөнө Хан-Уул дүүрэг, .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Э хотхоны гадна хохирогч П.Н-той маргалдаж биед нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч М.У-ын “...Н.Б нэг найзаараа машинаа бариулчихсан ирсэн. Би машиных нь арын суудалд суусан. ...би явж байхдаа Н.Б-ийн найз надтай мэндлээд хоорондоо юм яриад байж байтал Э хотхоны орчимд явж байтал Н.Б гараараа миний гар руу 1 удаа цохисон. Тэгээд дахиад нүүр рүү 1 удаа мөргөөд хөлөөрөө өшиглөөд эхэлсэн бөгөөд тухайн үед Н.Б машины ард буюу миний хажууд сууж явсан юм. Тэгээд би цохиулчихаад “зогсож бай, би бууя, такси бариад явчихъя” гэж хэлтэл түүний найз “Б” гэх залуу нь “яаж байгаа юм бэ” гэж хэлээд зогссон. Тэгээд би машинаас буусан чинь Н.Б машинаас бууж ирээд дахиад намайг мөргөж зодсон. ...Н.Б бид хоёр 2 сар орчим нэг гэрт хамт амьдарсан. ...Н.Б намайг жирэмсэн гэдгийг мэдэж байсан.” /1хх 65-66, 3хх 121-122, 3хх 195/,

гэрч Э.Л-ын “...М.У-ыг аваад Н.Б-ийн гэр рүү буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Э хотхон руу явж байхад Н.Б, М.У нар юунаас болсныг нь мэдэхгүй гэнэт хэрэлдээд, Н.Б М.У-ыг цохиход эмэгтэй нь хашгирахаар машинаа зогсоогоод Н.Б-г арын суудал дээрээс буулгасан. Н.Б, М.У-ын толгой болон нүүр хэсэгт нь гараараа цохиж толгойгоороо мөргөх үед нь би салгаад Н.Б нөгөө хүүхний гараас тавихгүй гэр рүүгээ явна гээд зүтгээд алхаад явахаар нь би дээш яваад буцаад эргээд ирэх үед замын хажууд хоёулаа зогсож байхаар нь тэр хоёрт хандаж “би явлаа шүү” гэж хэлсэн чинь Н.Б “зайл” гэж хэлээд над руу барьж байсан зүйлээ шидэхээр нь шууд хөдлөөд толиндоо харахад хар өнгийн такси бололтой машин ирж зогсож байсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй шууд гэртээ харьсан.Тэр эмэгтэй гэрээсээ гарч ирсэн эрүүл байсан. Харин Н.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой үнэртэж байсан.” /3хх 123/,

шинжээч эмч Ж.Г-ийн “...9863 дугаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан үзүүлэгч М.У-ын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, дух баруун нүдний зовхи, хацар зүүн нүдний доод зовхи, мөр булгалга, тохой, шуу, сарвуу, гуяны цус хуралт умайн доргилт гэмтэл тогтоогдож эдгээр гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /3хх 134, 3хх 200/,

шинжээч эмч Т.А-ийн “...умайн доргилт гэмтэл нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэрэлт чагнуур эмнэлгийн өвчний түүхэнд ураг тээлт хэвийн байсан ба үр хөндөлт өөрийн хүсэлтээр хийлгэсэн байна. Хэрэв тухайн хэрэг болох үед зодуулсны улмаас зулбалт явагдсан бол тэр даруй доошоо цус гарна, улмаар яаралтай эмнэлэгт очиж цэвэрлүүлэх шаардлагатай. Тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны хугарал, дух баруун нүдний дээд зовхи, хацар зүүн нүдний зовхи мөрөнд цус хуралт гэмтлүүд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /7хх 26-30/

гэрч М.М-ийн “...М.У-ын өөрийнх нь хүсэлтийн дагуу зөвшөөрлийг авч гарч болох үр дагавар эрсдэлийг танилцуулсны дараа үр хөндөлт хийж өгсөн. Манай эмнэлэгт иргэдээс өөрийн хүсэлтээр үр хөндөлт хийлгэхийг хүссэн өргөдөл бланк дээр өөрөөр нь шалтгааныг нь тодорхой бичүүлж гарын үсэг зуруулдаг, мөн мэс ажилбар хийлгэхийг зөвшөөрсөн бланк зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулж авдаг. Найз залуудаа зодуулсан гэж яриад үр хөндүүлнэ гэсэн М.У-ын биеийг ЭХО-д харж эмэгтэйчүүдийн үзлэг хийсэн. Энэ үед доош гарсан ямар нэгэн цус байгаагүй. М.У нь эмнэлэгт ирж үзүүлэх үед нүүр нь хавдсан өөрөө эмнэлэгт үзүүлчихээд ирлээ гэж надад хэлсэн өөр биед ил харагдах гэмтэл байхгүй байсан.” /7хх 6-8/

яллагдагч Н.Б-ийн “...М.У-тай маргалдсан бөгөөд маргалдаж байхдаа нүүр рүү 1 удаа мөргөсөн. Тэгээд маргалдаж байгаад М.У машинаас буух гэж байхад нь татаад буулгахдаа унагачихсан. М.У-ыг 1 сар гарантай жирэмсэн гэдгийг мэдэж байсан...” /1хх 108/,

хохирогч П.Н-ийн “...Энхжин хотхоны граж руу машин орсон. Граж дотор ороод Ж намайг “зэвүүн гичий вэ” гэж хэлээд машины урд талын суудлаас буулгаад намайг үсдээд чирээд машинаас унагаасан. Би газарт унасан. Газарт унахад миний хүзүү эвгүй болсон. Тэр үед миний нуруу руу цохисон” /1хх 151-155/,

гэрч Б.Д-ийн “...машины хажууд Н-ийн гараас барьсан нэг эрэгтэй хүн байсан. Би буугаад гүйгээд очтол тэр залуу машиндаа суугаад явсан” гэх мэдүүлэг /1хх 157/,

гэрч Л.Ч-ийн “...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ....... улсын дугаартай хар өнгийн Ланд круйзер 200 маркийн автомашиныг Н.Б буюу Ж ирээд хоногийн 350.000 төгрөгөөр түрээсэлж авч явсан. ...нөгөөдөр нь миний машиныг авчирч өгсөн” /1хх 146/,

яллагдагч Н.Б-ийн “...Будда велагийн уулзвар дээр Н “би буулаа” гэж явж байсан машины хаалгыг нээх гэж байсан. Ингээд маргалдаж явсаар байгаад манай байрны граш руу орсон. ...Би Н-г үсрэх гэж байхад нь үстэй нь хамт хувцаснаас нь татсан.” /1хх 185/ гэх мэдүүлгүүд,

“...М.У-ын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дух баруун нүдний доод зовхи, хацар, зүүн нүдний доод зовхи, мөр, бугалга, тохой, шуу, сарвуу, гуяны цус хуралт, умайн доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9863 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 78/,

“...М.У-ын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дух баруун нүдний доод зовхи, хацар, зүүн нүдний доод зовхи, мөр, бугалга, тохой, шуу, сарвуу, гуяны цус хуралт, умайн доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх 9863 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. М.У-ын биед учирсан гэмтэл нь Хууль зүй, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2014.12.05-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-т жирэмслэлт таслагдах үүнд: гэмтлийн улмаас жирэмслэлтийн хугацаанаас үл хамааран дутуу төрөх ураг зулбах, ураг амьгүй болох нь гэмтлээс үүссэн үлдэц уршигт хамаарна гэж заасан заалтад хамаарахгүй. 2.3.4 М.У нь 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Г” эмнэлэгт үр хөндүүлсэн нь 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн үр хөндөлтийн түүхэнд тэмдэглэснээр хөндүүлэх шалтгаанаа сургуульд орсон, нөхрөөсөө салсан мөн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “Г” эмнэлгийн эмчийн тодорхойлолтоор өөрийн хүсэлтээр үр хөндүүлсэн байна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 239 дугаар шинжээчийн дүгнэлт /7хх 21-24/,

“...П.Н-ийн биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн дал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10250 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 168/,

хохирогч Н-оос гаргасан 165.280 төгрөгийн баримт /2хх 212-217/, “С” ХХК, “Н”-т 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр М.У үзүүлсэн компьютер томографын оношилгоо /1хх 111/, “...М.У нь тус эмнэлэгт 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “…….” оноштой өөрийн хүсэлтээр үр хөндөлт хийлгэсэн билээ. Өөрийн хүсэлтээр үр хөндөлт хийлгэж байгаа тохиолдолд эд, эсийн шинжилгээ хийгддэггүй тул шинжилгээний хариу явуулах боломжгүй болно.." гэсэн эмнэлгээс ирүүлсэн албан тоот болон холбогдох баримтууд /7хх 8-17/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх, шүүгдэгч Н.Б-г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, бусдын итгэмжлэн харицуулсан эд хөрөнгийг завшсан, мөн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Н.Б-ийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 138.075.567 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогч А.А-ийн өмчлөлийн камен зуухыг завшиж 990.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт үйлдлүүдэд нь залилах, хөрөнгө завших, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийн шинжид хамаарч байна.

Шүүх, шүүгдэгч Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 9 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт хорих ялыг 9 жил 1 сарын хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч К.М “...улсын дугаартай “Toyota Vellfire” маркийн автомашиныг нэр дээрээ шилжүүлэхэд ямар нэгэн хууль зөрчөөгүй, хуульд заасан шаардлагыг ханган тээврийн бүртгэлд бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл олж авч байгаа арга хэлбэр нь хууль зөрчсөн ч захиран зарцуулж байгаа арга нь залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэргийг судлан үзэхэд, шүүгдэгч Н.Б нь хохирогч Д.Б-ийн бусдаас худалдан авсан “Toyota Vellfire” маркийн ………. улсын дугаартай автомашины эзэмшигчийн гэрчилгээг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж улмаар уг автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж 21.245.425 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Б-ийн “...Н.Б миний итгэлийг олж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Л.М-оос “Toyota Vellfire” маркийн ………… улсын дугаартай автомашиныг 20.000.000 төгрөгөөр авахаар тохиролцож, мөнгийг тус өдөр 10.000.000 төгрөгийг дансаар Л.М-т өгсөн. Маргааш өглөө нь ажилтай байсан тул Б-г итгэмжлэл хийгээд авчих гээд үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Л.М-т шилжүүлсэн. Гэтэл миний машины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваад өгөхгүй явсан...” /3хх 196, 7хх 44-47/ гэх мэдүүлэг, хохирогч Д.Б-ээс Н.Б-д 13.400 доллар шилжүүлсэн гэх Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /3хх 118, 197-199/, Хаан банкны дансны хуулга /2хх 218-245/, “Toyota Vellfire” гэх машиныг зах зээлийн ханшаар 21.245.425 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 136-141/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд “Н.Б-ийн автомашиныг олж авч байгаа арга хэлбэр нь хууль зөрчсөн ч захиран зарцуулж байгаа арга нь залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.” гэх шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч К.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь тухайн гэм буруутай этгээд өөрийн амьдралын зорилго, үндсэн ажил болгож нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгон гэмт этгээд үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл болгож, тогтвортой ашиглан, хэвшмэл шинжтэй болгосон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн ойлголт бөгөөд шүүгдэгч Н.Б нь нийт 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нэр бүхий иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 138.075.567 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд “...өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.” гэж мэдүүлсэн ба гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан үйлдлийг амьдралын эх үүсвэр болгон хэрэгцээндээ зарцуулсан гэж үзэх хангалттай үндэслэлтэй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч К.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/676 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч К.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 01 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 97 /ерэн долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ       

           

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

 

                        ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ