Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2024/0560

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  *** ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ц***

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар тушаалын *** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч *** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар тушаалын *** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хянаад, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дүгээр албан бичиг болон 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *** дүгээр албан бичгээр тус тус хариу өгч, нэхэмжлэгчээс 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлд шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШЗ2023/5958 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2023/6517 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/ШТ2023/0824 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШЗ2023/9109 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“*** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар тушаалаар Налайх дүүргийн нутагт орших Горхи тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутгийн *** нэртэй газарт *** га талбайг Аялал жуулчлалын зориулалтаар *** дугаар гэрчилгээний дагуу 5 жилийн хугацаанд ашиглах эрхтэй болсон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар тушаалын хавсралтын 1 дэх заалтаар манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Тус шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж байна.

1. *** ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр *** ХХК-тай Барилга бүтээцийн зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж, жуулчны баазын барилгын зураг төслийг хийлгэсэн.

-2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр *** ХХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.

-2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр *** ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байсан учир зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхээргүй байна.

Монгол Улсад 2020 оны 3 дугаар сараас хойш Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдал тогтоосонтой холбоотой ихэнх хугацаанд тухайн газар дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Мөн хөрөнгө оруулагч *** ХХК-ийн зүгээс хил хааснаас үүдэн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн *** нь Монгол Улс руу орж ирэх, өөрийн биеэр бодит нөхцөл байдалтай танилцах боломжгүй, танилцаагүй тохиолдолд гэрээний санхүүжилтийг шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдсэн. 2019-2021 оны хооронд дэлхий даяар Ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, Монгол Улс даяар хөл хорио тогтоосноор жуулчны бааз барих асуудал тодорхойгүй хугацаагаар хойшилсон зэрэг манай компаниас үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон атал газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна.

2.Захиргааны байгууллагаас мэдэгдэх, сонсох ажиллагааг огт хийгээгүй тухай:

-Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу тухайн захиргааны актыг гаргахад эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд сонсох ажиллагаа явуулахаар хуульчилсан.

Гэтэл хариуцагчаас манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо захиргааны сонсох ажиллагааг явуулаагүй. Хэрвээ төрийн байгууллагаас хуулийн дагуу сонсох ажиллагааг явуулсан бол бид тус газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа, жуулчдад зориулсан жуулчны баазын барилгын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой ажиллагаанууд хийгдэж буй бүхий л нотлох баримтыг гаргаж өгөн санал хүсэлтээ илэрхийлэх байсан.

-Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг огт хийгээгүй.

Манай компани газар ашиглах эрх цуцлагдсан тухай дам сонсож хариуцагчид хандан 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ямар захиргааны актын улмаас, ямар үндэслэлээр манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон захиргааны актыг бичгээр авах хүсэлтийг гаргасан ч хариу огт ирээгүй. Ингээд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дахин хандахад 2023 оны 05 дугаар сарын *** дугаар албан бичгээр “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 09/7591 дүгээр албан бичгээр хариу хүргүүлснийг дахин хүргүүлж...” гэсэн хариу ирүүлсэн байсныг бид 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан. /тус албан бичгийг гардаж авсан огноо нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бүртгэлийн дэвтэрт бичигдсэн, бид хуулбарлах боломжгүй тул шүүхэд гаргаж өгөөгүй болно. /Маргаан бүхий захиргааны акттай танилцахад газар ашиглагчийн эрхийг зөрчсөн хууль бус акт гаргасан байсан тул хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 05 дугаар сарын *** дугаар албан бичигт дурдсанчлан 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 09/7591 дүгээр албан бичгээр хариу хүргүүлсэн, бидэнд мэдэгдсэн нөхцөл байдал бий бол үүнийгээ шүүхэд өөрөө нотлох үүрэгтэй, бидний зүгээс хариу ирэхгүй байсан тул дахин хандаж тус захиргааны актыг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *** тоот тушаалын *** ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, тус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар тушаалаар Улаанбаатар хот Налайх дүүргийн нутагт орших Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт тусгай хамгаалалттай газар нутгийн *** нэртэй газарт *** га талбайг Аялал жуулчлалын зориулалтаар *** дугаар гэрчилгээний дагуу 5 жилийн хугацаанд ашиглах эрхтэй болсон.

Хариу тайлбарт гэрээ байгуулаагүй байна гэж ярьдаг. Газар ашиглах эрх хүчингүй болгосон нь тухайн гэрээний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж хүчингүй болгоогүй, газрын төлбөрийг төлөөгүй, 2 жил газрыг ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон учраас хариу тайлбар үндэслэлгүй гэж харж байна.

2017 оноос хойш хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Н.О*** газар ашиглах эрхтэй холбоотой асуудлуудыг хөөцөлдөж Хамгаалалтын захиргаанд очиж уулзахад гэрээний төсөл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эцэслэн гараагүй байна гэдэг тайлбар хэлж байсан.

2018-2019 онд Н.О*** тухайн асуудлыг хөөцөлдөх боломжгүй, эрүүл мэндийн шалтгаантай болж, 2019 онд түүний нөхөр тухайн хамгаалалтын захиргаанд очиход газрын төлбөр шинээр тогтоогдож байгаа учраас тухайн үед гэрээ байгуулна гэсэн зүйл хэлсэн байдаг.

Газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэдэг үндэслэлийн хүрээнд газрын төлбөрийн хэмжээг тодорхойлж мэдэхгүй байсан учраас өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Газар ашиглах, төлбөр төлөх хуулиар тогтоосон урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж харж байна. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд төрийн байгууллагын дундын мэдээллийн санд бүртгэгдсэнээр газрын төлбөрийг төлнө гэж тодорхойлсон. Энэ хүрээнд дундын мэдээллийн санд хэзээ бүртгэгдээд газрын төлбөр, газрын төлбөр төлөх үүрэг үүссэн гэдгийг тодруулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар газрын төлбөрийн дундын мэдээллийн санд бүртгэгдээгүй баримт хэргийн материалд ирсэн.

Бидний яриад байгаа зүйл юугаар нотлогдож байгаа вэ гэхээр хууль шинэчлэгдсэнтэй холбоотой газрын төлбөрийг газрын албанд ногдуулаад татвараас нэхэмжлэх ирүүлдэг болсон. Энэ нэхэмжлэл манайд компанид ирсний дагуу бид төлж, төлсөн баримтаа шүүхэд нотлох баримтаар өгсөн. Татварын нэхэмжлэлийн дугаараар нь хайлт хийхэд төлөгдөөгүй гэсэн төлөв гарч ирсэн. Налайх дүүргийн газрын албанаас мөн газрын төлбөрийн төлөөгүй гэсэн баримт ирсэн байдаг. Газар ашиглах эрх цуцлах болсон үндэслэл нь газрын төлбөр төлөөгүй гэх баримт гэж үзэхгүй байна. Учир нь тухайн үед нэхэмжлэхийн дагуу газрын төлбөрийн оногдуулаад нэхэмжлэхээ ирүүлээгүй учраас газрын төлбөр төлөх асуудал удаашралтай байгаа юм. Нэхэмжлэх ирсэн даруйд бид код уншуулж секундийн дотор төлдөг систем байгаа. Гэтэл нэхэмжлэх, татварын өр үүсгэж газрын төлбөр төлөөгүй гэдэг баримт байхгүй. Төрийн алба өөрийн эрх мэдлийн хүрээнд эдгээр хугацаанд газрын төлбөр төлөөгүй гэдэг тодорхойлолт ирүүлсэн нь ач холбогдолгүй, шийдвэр гаргахад ач холбогдолтой баримт гэж үзэхгүй байгаа учраас газрын төлбөрийг ногдуулсан даруйд нь төлж байсан баримтаа шүүхэд өгсөн.

Мөн 2019-2021 онуудад Ковид-19 цар тахал гарч нэхэмжлэгчээс үл хамаарах нөхцөл үүссэн. Тухайн үед санхүүгийн нэлээдгүй асуудлууд гарсан. Цаашлаад 2020-2021 оны татварын тайланг шүүхэд гаргаж өгсөн. Бидний хамгийн чухал зүйл бол газрын төлбөр ногдсон даруйд нь төлж байсан. Гэвч төлбөр төлсөн баримтын төлөв нь төлөгдөөгүй гэдэг нөхцөл байдал үүссэн гэдгийг тодруулж хэлмээр байна. Хариу тайлбарт ирсэн Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-нд заасан хүндэтгэн үзэх шалтгааныг зөвхөн энэ хэмжээ хязгаараар, Улсын дээд шүүхийн үндсэн тайлбарын хүрээнд ингэж үзэхээр байна. Ковид-19 цар тахлыг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж тайлбарласан байсан. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь Улсын дээд шүүхийн тайлбарын төгсгөл хэсэгт тухайн оролцогчид үл хамаарах шалтгаан гэж байна. 2019 онд зураг төсөл боловсруулах гэрээ байгуулаад, жуулчны баазын барилгын ажлын зураг төслийг хийлгээд, зураг төслийн гэрээний хувьд магадлалаар орж батлагдах байсан. Гэрээ байхгүй байсан учраас зураг төсөл эцэслэн магадлалаар ороогүй. Ковидын улмаас компанийн үйл ажиллагаа зогсоод төслөө хэрэгжүүлэх, эцсийн үр дүндээ хүрэх, газар ашиглах нөхцөл байдал руу чиглэсэн ажлууд хийгдэж байсан болохоос биш газар дээр бүтээн байгуулалт хийгдээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж харагдаж байгаа.

2021 онд хөрөнгө оруулагчтай болж санхүүжилт авах хэмжээний гэрээ байгуулж чадсан. Гэсэн хэдий ч тухайн санхүүжилт олгох байгууллага нь гадаад улсын иргэн байсан. Ковид-19 өвчний улмаас хилээр орж ирэх боломжгүй байсан. Хилээр орж ирэх ямар шаардлага байсан гэхээр тухайн хөрөнгө оруулалт хийгдэх газар, байршил, нөхцөл байдлыг нүдээр үзэж байж хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлнэ гэдэг нөхцөл тавигдаж байсан. 2021-2022 онд Ковид-19-ийн нөхцөл байдал дээрдээд эхлэхэд тухайн үйл ажиллагааг явуулах манай газрын эрхийг цуцалсан тул бид шүүхэд хандсан.

Тухайн захиргааны акт гарахын тулд зайлшгүй мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийх үүрэгтэй. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэвэл тухайн үйл баримтаа нотлох үүрэгтэй. Хэргийн материалд хариуцагчаас сонсох ажиллагаа хийсэн, сонинд зар байршуулсан гэдэг тайлбарыг ирүүлсэн байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасанд нийцэхгүй байгаа. Яагаад гэвэл тухайн сонсох ажиллагаа хийсэн байгууллагуудын жагсаалтыг харахад 16-17 байгууллага байгаа юм. Гэтэл сонсох ажиллагаа хийх Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д 20 ба түүнээс доош этгээдийн сонсох ажиллагааны мэдэгдлийг тус бүрд нь шууд хүргүүлнэ гэсэн заалттай. Захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийгээгүй, сонсох ажиллагаа хийснээр ямар үр дагавар үүсэх байсан гэхээр өнөөдрийн маргаан үүсэхгүй, манай газар ашиглах эрх цуцлагдахгүй байсан. Бид тухайн төслийн хүрээнд газар дээр бодитоор ямар нэгэн зүйл хийгээгүй ч барилга барих материалаа цуглуулж хүндэтгэн үзэх шалтгаан байгаа гэдгийг тайлбарлах байсан. Зураг төслөө хийлгээд дараагаар нь хөрөнгө оруулалт аваад тухайн зориулалтаар нь жуулчны баазыг бариад тодорхой хэмжээнд ашиглаж эхэлнэ. Бид захиргааны байгууллагад мэдэгдэх, баримт гаргаж өгөх, цаашлаад газрын төлбөр төлсөн гэдэг зүйлүүдийг нотлох боломжтой байсан. Иймээс сонсох ажиллагаа өөрөө хууль зөрчсөн, сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэж байна. Сонсох ажиллагаа манай хэрэгт маш ач холбогдолтой. Барилга барих нөхцөл байдал үүссэн байсан. Хөрөнгө оруулагч үйл ажиллагаагаа явуулах гэтэл газрыг цуцалсан нөхцөл байдал үүссэн. Тиймээс шүүх маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж өгнө үү.

Захиргааны актаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд зайлшгүй мэдэгдэнэ. Гэтэл мэдэгдэх ажиллагааг хийгээгүйгээс улмаас хөндлөнгийн байгууллагаас газар ашиглах эрхийг цуцалсан гэсэн зүйлийг мэдсэн. Өөрөөр хэлбэл 2023 оны 06 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглах эрхийг цуцалсан тушаалыг гардаж авч байж мэдсэн.” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны *** дугаар тушаалаар *** ХХК-д Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ***т *** га талбай бүхий газрыг Аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй...” 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот санал зэргээр нотлогдож байна.

Мөн нэхэмжлэлийн үндэслэлд 2020, 2021 онуудад Ковид-19 цар тахлын хүнд үе байсан бөгөөд улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул манай компани газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй...” гэх агуулгаар тайлбарласан байна. Гэтэл Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл ; Байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно ”, “Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага юм.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Өдрийн сонин 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаарт нийтэлсэн. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ***т *** талбай бүхий газрыг Аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, мөн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар тушаалаар *** ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.

3. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар тушаалаар нэхэмжлэгч *** ХХК-ийн ашиглаж байсан газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.

4. Газрын тухай тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд:

4.1. Нийслэлийн Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар албан бичгээр “*** ХХК нь газрын төлбөрт 2017 оноос 2021 оны дуустал нийт **** төгрөг төлөхөөс 2021 оны 05 дугаар сарын 31-нд *** төгрөг төлж, *** төгрөгийн үлдэгдэлтэй байна” гэжээ.

4.2. *** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар тушаалаар газар ашиглах эрхтэй болж, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар тушаалаар газар ашиглах эрх хүчингүй болох хүртэлх хугацаанд *** төгрөгөөс бусад газрын төлбөр төлөөгүй.

4.3. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар тушаалаар нэхэмжлэгч *** ХХК-ийн ашиглаж байсан газрын төлбөрийг төлөөгүй гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.” гэж заасанд нийцжээ.

5.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд:

5.1.Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан аж ахуй нэгж байгууллагуудаас Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгох 23 аж ахуйн нэгжийн жагсаалтыг хавсралтаар хүргүүлсний дотор *** ХХК-ийн нэр багтсан бөгөөд эдгээр аж ахуй нэгжүүдэд Өдрийн сонины 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 237 дугаарт нийтэлснээр мэдэгдсэнээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” үүргээ биелүүлсэн.

5.2.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй,” гэж мөн Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус заажээ.

5.3.Гэтэл шүүхээс хийсэн газрын үзлэгээр маргаан бүхий газар дээр зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгосон, уг газрыг зориулалтын дагуу ашигласан нөхцөл байдал байхгүй төдийгүй уг газар байгалийн байдлаараа байгаа нь тогтоогдсон.

6.Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч *** ХХК нь гэрээгээр хүлээсэн газрын төлбөрийг хугацаанд нь төлөх, газраа зориулалтын дагуу ашиглах үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчаас Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон.”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.”-д холбогдох заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

7.Иймд нэхэмжлэгч *** ХХК-иас Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар тушаалаар *** ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *** ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар тушаалын *** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                    Б.АДЪЯАСҮРЭН