| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2205003321941 |
| Дугаар | 2023/ДШМ/67 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ДШМ/67
2023 01 17 2023/ДШМ/67
Ч.И-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.С,
шүүгдэгч Ч.И-ы өмгөөлөгч Ш.Л,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/910 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.И, түүний өмгөөлөгч Ш.Л нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.И-д холбогдох ..................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ч.И нь “Э” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, харилцагч Н.Т-өөс “Э” ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ...... дугаартай зээлийн гэрээ байгуулж, барьцаанд тавьсан ......... улсын дугаартай “Lexus GS 350” маркийн тээврийн хэрэгслээ чөлөөлүүлэхээр өгсөн 8.198.000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрийн “Хаан” банкны ..................дугаарын дансанд шилжүүлэн авч, тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.И-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хөрөнгө завших буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.И-д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.И-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 10 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.И-д сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ч.И нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч “Э” ХХК-д 8.198.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.И давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэндээ гомдолтой байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэгдэхгүй байсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Намайг анх ажилд томилогдсон даруйд хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Ажлаас халагдахаас 3, 4 хоногийн өмнө хөдөлмөрийн гэрээг нөхөн хийсэн бөгөөд уг хөдөлмөрийн гэрээнд ажил, хөдөлмөрийн тодорхойлолт байгаагүй. Гэрээг нөхөн үйлдсэнийг надтай хамт болон надаас сүүлд ажилд орсон Г, Б нар мэдэж байгаа. Учир нь надтай хамт нөхөн хөдөлмөрийн гэрээ хийсэн. Би тодорхой эрхэлсэн ажилгүй. 80 гарсан эмээтэйгээ хамт амьдардаг. Хохирлын мөнгөө хүнээс хүүтэй мөнгө авч зээлж барагдуулсан тул надад оногдуулсан ялыг тэнсэн харгалзах ялаар эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Ч.И-ы өмгөөлөгч Ш.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.И нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Э” ХХК-аас 8.198.000 төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000.000 төгрөгөөр торгуулах ял шийтгүүлсэн. Ч.И нь “Э” ХХК-д 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр захирлын тушаалаар ажилд томилогдсон. Хөдөлмөрийн гэрээг хийхгүй байж байгаад ажлаас халагдахаас 3, 4 хоногийн өмнө нөхөн хийж, гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь заалтад “Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно.” гэж заасан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-д “ажлын байрны тодорхойлтод заасан ажил, үүрэг нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл байна” гэж, 24 дүгээр зүйлийн 24.3 дугаар заалтад “хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардах болохгүй” гэж тус тус заасан. Гэтэл уг хуулийн заалтыг ажил олгогч талаас зөрчиж Ч.И-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажил хөдөлмөр эрхлүүлж байсан. Иймд уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэх нь үндэслэлгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж, дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Ч.И-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.С тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ч.И нь “Э” ХХК-д 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж харилцагч Н.Т-ийн зээлийн материалыг судалж, эрх бүхий этгээдэд танилцуулан 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 8.000.000 төгрөг олгох тухай зээлийн гэрээ байгуулж, барьцаанд тавьсан ................. улсын дугаартай “Lexus GS 350” маркийн тээврийн хэрэгслээ чөлөөлүүлэхээр өгсөн 8.198.000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрийн “Хаан” банкны .................. дугаарын дансанд шилжүүлэн авч, хувьдаа ашигласан болох нь тогтоогдсон. Уг хэргийг анх прокуророос зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар “Ч.И-ы үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна” гэж дүгнэж прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокурор уг шүүгчийн захирамжийг хүлээн авч яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилж, шүүхэд шилжүүлсэн. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг хэзээ байгуулснаас үл шалтгаалан Ч.И эрхэлдэг албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэлгүй. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.И-д ял оногдуулахдаа түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлөгдсөн нөхцөл байдал, гэм буруу дээрээ маргаагүй зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулсан. Гэтэл шүүгдэгчийн холбогдсон уг гэмт хэрэг 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох эсхүл, 2-8 жилийн хугацаагаар хорих ялтай. Анхан шатны шүүх дээрх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ч.И, түүний өмгөөлөгч Ш.Л нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.И нь “Э” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, харилцагч Н.Т-өөс “Э” ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ..................... дугаартай зээлийн гэрээ байгуулж, барьцаанд тавьсан ................. улсын дугаартай “Lexus GS 350” маркийн тээврийн хэрэгслээ чөлөөлүүлэхээр өгсөн 8.198.000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрийн “Хаан” банкны .............. дугаарын дансанд шилжүүлэн авч, тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.У-ын “...Т нь өөрийн эзэмшлийн .............. улсын дугаартай цагаан өнгийн “Lexus GS 350” загварын тээврийн хэрэгслээ 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 8.000.000 төгрөгийн барьцаанд тавьж 2 жилийн хугацаатай сарын 3.9 хувийн хүүтэйгээр зээл авсан. Тухайн зээл нь ..... дугаар зээлийн гэрээ болж манай байгууллагад бүртгэгдсэн. ..... дугаар зээлийн гэрээг хаахаар иргэн Н.Т нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зээлийн нийт төлбөрийг Ч.И-ы эзэмшлийн “Хаан” банкны ................ дугаар данс руу шилжүүлсэн байна. Зээлийн эдийн засагч Ч.И нь тухайн зээл хаах төлбөрийг байгууллагын дансанд хийлгүй, өөрийн хэрэгцээнд зарцуулж, манай байгууллагад 8.198.000 төгрөгийн хохирол учруулсан. ...И нь өөрөө дур мэдэж зээлийн барьцааны эд зүйлийг чөлөөлөх ямар ч эрх байхгүй бөгөөд тэр эрх нь гүйцэтгэх захиралд л байдаг. Гүйцэтгэх захирал заримдаа бэлэн албан бичиг касс дээр үлдээчихдэг. Гэхдээ зээлийн эдийн засагч өөрөө мэдэж барьцаа хөрөнгө шилжүүлэх ямар ч эрх мэдэл байхгүй зүгээр л зээл гаргах, зээл хаах материалыг иргэдээс бүрдүүлж авах, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавих үүрэгтэй...” /хх 36-37, 38, 167/,
гэрч Ц.Б-ийн “...Би байгууллагын данс руу мөнгө орсон болон бэлэн мөнгө орж ирсэн тохиолдолд бүртгээд албан тоот эдийн засагч өгдөг. И өөрийн дансаар зээлийн төлбөрийг авч зээл хааж машин чөлөөлсөнд би ямар нэгэн холбоогүй. И өөрөө албан тоот надаас өөр утга санаатайгаар авч зээлийн төлбөр төлөгдөөгүй тээврийн хэрэгслийн зээлийн гэрээг хаасан...” /хх 40-41/,
гэрч М.Н-ийн “...Би .......... улсын дугаартай “Lexus GS 350” загварын тээврийн хэрэгслийн барьцаа чөлөөлөх албан бичиг дээр гарын үсэг зураагүй...” /хх 47-48/,
яллагдагч Ч.И-ы “...Т нь надад зээл чөлөөлөх мөнгийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр миний Хаан банкны ................. тоот данс руу шилжүүлж өгсөн бөгөөд би Т-д миний данс руу мөнгөө хийчих гэж хэлээд тухайн мөнгийг хийлгэж байсан. Би тухайн мөнгийг өөрийнхөө хэрэглээнд зарцуулаад дууссан. Үйлдсэн гэмт хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” /хх 60, 175/ гэх мэдүүлгүүд,
Ч.И-ы эзэмшлийн Хаан банкны ............ дугаар дансны хуулга, Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаартай лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтын хуулбар, “Э” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ..... тоот, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ..... тоот албан бичгүүд, ....... дугаартай зээлийн гэрээ, фидуцийн гэрээ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.И-ыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Ч.И “...хохирол барагдуулсан тул надад оногдуулсан ялыг тэнсэн харгалзах ялаар эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү. ...” , шүүгдэгч Ч.И-ы өмгөөлөгч Ш.Лхагвасүрэн “...Ч.И нь учирсан хохирлоо бүрэн төлсөн. Анх удаагийн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэргийг анхаарч үзэж торгуулийн ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү.” гэж бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо дурдсан боловч давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...хэргийн зүйлчлэлийг анхаарч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Ч.И нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, “Э” ХХК-д учруулсан 8.198.000 төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг өөр төрлийн ялаар солих хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд тэрээр анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн мэдүүлэг өгсөн байна. Шүүх, шүүгдэгч Ч.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсныг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Ч.И, түүний өмгөөлөгч Ш.Л нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.И, түүний өмгөөлөгч Ш.Л нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/910 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.И, түүний өмгөөлөгч Ш.Л нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ