| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0017/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2017-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 27
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,
шүүгдэгч Э.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Э.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201724000362 дугаар эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Э.М- нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 26 дугаар байрны баруун замд “Тоёота Приус” маркийн 96-10 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Хорооллын доторхи хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурдыг цагт 20 км-ээс хэтрүүлэх, ...ыг хориглоно” гэсэн заалтыг зөрчснөөс явган зорчигч 13 настай Д.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эгчийнхээс жигнүүр аваад хөдөлтөл Старекс машины араас нэг хүүхэд гарч ирээд машин мөргөсөн. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
201724000362 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Насанд хүрээгүй хохирогч Д.Э-гийн: “..2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг 30 минутын үед би хичээлдээ орох гээд сургуулийнхаа хажууд байж байтал ...манай сургуулийн Эрхэмбилэг намайг цохиод ...дахиад зодох гээд байхаар нь би 82 дугаар сургуулийн зүүн талаас 26 дугаар байр руу чиглээд зугтааж машин зам руу гүйгээд ортол гэнэт машин орж ирээд намайг шүргээд би газар унасан. Би хөлөө харсан чинь миний баруун талын хөл эргэчихсэн цус гарч байсан. Намайг шүргэсэн машин хол өнгөрөөд зогссон байсан. Эмнэлэгт очоод хөлөө үзүүлэхэд хөл хугарсан байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Замын хажууд машин зогсож байсан болохоор би тэр машиныг хараагүй. Баруун шаант яс ил хугаралтай байна гэсэн. Би хагалгаанд орж хөлөө хадуулсан. Хөлийнхөө гипсээ авчихсан суга таягтай байгаа. Одоо хөл тавхай хэсгээр өвдөж, толгой өвдөж унтаж чадахгүй байгаа. Би гомдолтой байгаа. Би эрүүл саруул хөлтэй болмоор байна. ...09 сарын 01-нээс хичээл орохоор өөрөө ганцаараа явж чадахгүй машинаар сургууль руугаа зөөлгөх хэрэгтэй болж байгаа.
...Хагалгаанд орж хөл гайгүй болсон, өөрөө гишгэж ахлаж байгаа” гэх мэдүүлэг /хх-32, 175/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ш-ийн: “Хүү Энх-Амгалан шалтгалтаа өгөх гээд яваад Тоёота Приус маркийн автомашинд мөргүүлж баруун хөл нь хугарч хүнд гэмтэл учирсан. Эмнэлэгт хэвтэж байхад нь жолооч нэг удаа 200.000 төгрөг, нэг удаа эм тариа авч өгсөн. Сүүлд 3.000.000 төгрөг өгсөн. Одоо хүүхэд маань гишгэж явж байгаа... хөл нь гайгүй болсон. Жолооч бодит учирсан хохирлыг төлж барагдуулсан. Одоо хүү хавар Хужирт сувиллын газар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч хэлсэн. Иймээс сувилалд хэвтэх 500000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Өөр гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-172-173/,
Иргэний хариуцагч Э.Алтаншагайн: “...Осол гардаг өдөр би хүүхдийнхээ дайх үргээх найр хийх гээд дүү Мөнгөншагайд өөрийнхөө автомашиныг бариулаад 1 дүгээр хорооллоос хоолны сав авчруулахаар явуулсан. Тэгээд манай дүү 26 дугаар байрнаас юм аваад буцаж гарахдаа хүүхэд мөргөж осол гаргасан байсан. Би өөрөө автомашинаа Мөнгөншагайд өгч явуулсан. Мөнгөншагай өөрөө төлж барагдуулна. Шаардлагатай бол хохирол төлөхөд тусалж дэмжинэ” гэх мэдүүлэг /хх-55, 177/,
Гэрч Ч.Хүрэлтулгын: “2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр манай гэрийн гаднаас Мөнгөншагай буузны жигнүүр аваад бид хоёр ...хөдлөөд урдаасаа хойшоо ойролцоогоор 10 гаруй км/цагийн хурдтай явж байтал зүүн гар талд зогсож байсан “Старекс” маркийн автомашины цаад талаас буюу миний сууж явсан талын цонхон талаас нэг хүүхэд гүйгээд гараад ирсэн. Би ч “хүүхэд” гээд хэлсэн. Тэгээд зогсоход тэр хүүхэд машины банкны хавьцаа мөргөөд хойшоо унасан. Би толиндоо харахад хөл нь эвгүй болчихсон харагдсан. Мөнгөншагай бууж очоод хүүхдийг тэврээд ирсэн. Тэгээд машины арын суудал дээр суулгаад араас нь гүйж явсан хүүхдүүдийг мөн машиндаа суулгаад Гэмтэл рүү явсан. Мөнгөншагай өөрөө машинаа жолоодож явсан. Автомашинаа зогсоох арга хэмжээ авсан, тоормос гишгээд зогссон. Мөнгөншагай архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Хохирогч гүйж гарч ирэхдээ ганцаараа байсан, араас нь 3 хүүхэд гарч ирж байсан” гэх мэдүүлэг /хх-60/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2017.05.25-ны өдрийн 6888 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Э--н биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны доод хэсгийн ил хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн ...журмын 3.1.20-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-64/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.07.26-ны өдрийн 3772/3936 дугаар дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн “2_02_R_170522130000.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрс бичлэгийн цагаар 13:33:09 секундэд автомашины зорчих хэсгээр явж өнгөрөх Тоёота приус 20 маркийн суудлын автомашины зүүн талын ард хэсэг рүү гүйн ирж мөргөгдөн газар унаж байгаа хүний үйл хөдлөл нь тухайн автомашины цаад талд халхагдсан байх тул аль хэсгээр ирж мөргөгдөн унасан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. 2.Шинжилж буй дүрс бичлэгийн 13:33:06 секундээс 13:33:09 секундын хооронд гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №10-д тэмдэглэсэн “А” цэгээс “Б” цэгийн хооронд Тоёота Приус 20 маркийн автомашин нь ойролцоогоор 30 км/цаг хурдтай туулж өнгөрүүлсэн байна” гэжээ /хх-93/,
Замын цагдаагийн албаны 2017.08.08-ны өдрийн шинжээчийн 290 дүгээр дүгнэлтэд: “Тоёота Приус маркийн 96-10 УНЯ улсын дугаартай автомашины жолооч Э.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 “Хорооллын доторхи хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурдыг цагт 20 км-ээс хэтрүүлэх, жолоодлогын дадлага явуулах, тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар асаалттай зогсоох, мөн нэмэлт тэмдгээр тусгайлан заасан зогсоолоос бусад хэсэгт бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашиныг удаан зогсоохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Д.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.6. “Зам дээр үзэгдэлт халхалсан саад, тээврийн хэрэгсэл зогсож байх үед тэр хэсгээр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Асуултанд дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй болно” гэжээ. /хх-99/,
Э.М-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол, 26-р байрны 4-р орцноос айлаас жигнүүр авчихаад урдаасаа хойшоо зүгт “Прогресс капитал” ББСБ дээр барьцаанд тавьсан байсан аав Нэргүйн эзэмшлийн “Тоёота Прус” маркийн 96-10 УНЯ дугаартай автомашинтай кабиндаа хүргэн Хүрэлтулгын хамт би машинаа жолоодон хөдлөөд ойролцоогоор 18 км/цагийн хурдтай явж байтал зүүн гар талд зогсож байсан “Старекс” маркийн автомашины хажуугаар зөрж байтал цаанаас нь нэг хүүхэд гүйж гарч ирээд миний машины арын хаалга хэсэгт мөргөөд унасан. Зогсоод хүүхэд дээр очиход хөл нь хугарчихсан байсан. Уйлаад орилоод байхаар нь шууд анхны тусламж үзүүлэхээр эмнэлэг рүү явсан. Хүүхэд хажуу талаас гүйж гарч ирэхийг 1 орчим метрийн зайд харсан. Автомашины зүүн гар талын хойд хаалга банкны таглаа хавьцаа мөргүүлсэн. Хохирогчийн эмчилгээнд одоогийн байдлаар ойролцоогоор 300.000 гаруй төгрөг зарцуулсан. ...Тэр хүүхэд сургуулийнхаа хүүхдэд зодуулах гээд зугтааж гүйж байгаад машинд мөргүүлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-111, 115/,
Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-15, 16-21/, албан бичиг /хх-23/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-26/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-28/, хохирлын баримт /хх-43, 45-54/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-116/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-117/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-118/, жолоочийн лавлагаа /хх-119-120/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-124/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-125-130/, мөнгө хүлээлцсэн баримт /хх-143-144/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.М- 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 26 дугаар байрны баруун замд “Toyota Prius” маркийн 96-10 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т “Хорооллын доторх хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурдыг 20 км-ээс хэтрүүлэх ...ийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас зорчигч Д.Э-г мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь насанд хүрээгүй хохирогчийн “...26 дугаар байр руу чиглээд зугтааж машин зам руу гүйгээд ортол гэнэт машин орж ирээд намайг шүргээд би газар унасан. Би хөлөө харсан чинь миний баруун талын хөл эргэчихсэн цус гарч байсан. Баруун шаант яс ил хугаралтай гэсэн...” гэх мэдүүлэг /хх-32, 175/, гэрч Ч.Хүрэлтулгын: “...хөдлөөд урдаасаа хойшоо ойролцоогоор 10 гаруй км/цагийн хурдтай явж байтал зүүн гар талд зогсож байсан “Старекс” маркийн автомашины цаад талаас буюу миний сууж явсан талын цонхон талаас нэг хүүхэд гүйгээд гараад ирсэн. Би ч “хүүхэд” гээд хэлсэн. Тэгээд зогсоход тэр хүүхэд машины банкны хавьцаа мөргөөд хойшоо унасан. Би толиндоо харахад хөл нь эвгүй болчихсон харагдсан. Мөнгөншагай бууж очоод хүүхдийг тэврээд ирсэн” гэх мэдүүлэг /хх-60/, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2017.05.25-ны өдрийн 6888 дугаар шинжилгээний дүгнэлт /хх-64/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.07.26-ны өдрийн 3772/3936 дугаар дүгнэлт /хх-93/, Замын цагдаагийн албаны 2017.08.08-ны өдрийн шинжээчийн 290 дүгээр дүгнэлт /хх-99/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэм буруутай болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “4900000 төгрөг нэхэмжилсэн боловч 287246 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн”-өөс шүүгдэгч 3300000 төгрөг төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн “2018 оны 5 дугаар сард сувилалд явуулах 500000 төгрөгийг иргэний шүүхээр нэхэмжилж авах тул иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг шийтгэх тогтоолд зааж хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн буюу насанд хүрээгүй хохирогч Д.Э- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д “Зам дээр үзэгдэлт халхалсан саад, тээврийн хэрэгсэл зогсож байх үед тэр хэсгээр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөнийг /хх-99/ харгалзан дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /жолооч, явган зорчигчийн буруутай үйлдэл/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан нотлох баримт бүхий хохирлоо нөхөн төлсөн тул Э.М-д тухайн зүйл, хэсэг, заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ялаас чөлөөлж шийдвэрлэж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хэрэг үйлдэгдэх үеийн бичлэг бүхий СД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Э.М-н жолоочийн В ангиллын 655060 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 96-10 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00771140 дүгээр гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.М- урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.М-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.М-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, тээврийн хэрэгслийн ...........дүгээр гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, Э.М-н жолоочийн В ангиллын .............. дугаар үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.М- урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР