Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2024/0535

 

2024 06 13 128/ШШ2024/0446

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* СӨХ

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: ******* ******* СӨХ-уудын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., Д., гуравдагч этгээдийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н. нар оролцов.

Хэргийн индекс:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч ******* СӨХ-оос Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар Сууц өмчлөгчдийн хорооны гэрчилгээ хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1. Авлигатай тэмцэх газраас 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг даргад хүргүүлсэн Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичигтээ ... ******* *******ы сууц өмчлөгчдийн холбооны зөвшөөрөл хүсэхдээ бүрдүүлсэн баримт бичгийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нийцсэн эсэхийг дахин нягталж үзэж, шийдвэрлэх гэж дурджээ.

2.2. Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, Г.гийн гудамж , дугаар байруудыг хариуцан үйл ажиллагаа явуулж буй ******* сууц өмчлөгчдийн холбооны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн , 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгосон.

2.3. Дээрх захирамжийг гаргахдаа Авлигатай тэмцэх газраас Баянзүрх дүүргийн Засаг даргад ирүүлсэн зөвлөмжийн дагуу ******* СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

2.4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Нийслэлийн Засаг даргад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүсэлт гаргасан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3. Нэхэмжлэгч ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 5-р хороо 15 дугаар хороолол Г.*******ийн гудамж , байруудыг т ХХК 2020 оны 07 дугаар сард ашиглалтад оруулсан. Уг барилга нь хууль зүйн яамны захиалгат 390 айлын орон сууц. Дээрх хугацаанд миний бие Б.*******ва барилгын газар шорооны ажлаас эхлээд дуусах хүртэл харуул хамгаалалт хариуцан ажиллаж байсан. Би энэ байранд оршин суудаг ба хуулиараа оршин суугч хэн ч бай СӨХ байгуулах эрхтэй. 2020 оны 07 дугаар сард ашиглалтад харуулаар ажиллаж байгаад 2021 оноос СӨХ байгуулахаар шийдээд холбогдох материалаа бүрдүүлж Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв-д 2021 оны 05 дугаар сард өгч тоот гэрчилгээ аваад мөн 2021 оны 12 дугаар сарын 21-нд дахин шинэчлэгдэж тоот гэрчилгээтэйгээр одоо хүртэл ******* СӨХ-ны даргаар ажиллаж байна. Дээрх хугацаанд СӨХ-г байгуулахад Ковид гарч хүнд нөхцөл байдал тулгарч байсан юм. Энэ үед оршин суугчдыг олноор нь цуглуулах боломжгүй айл тус бүрээр уулзаж холбогдох бичиг баримт мэдээлэл тарааж оршин суугчдын 51-ээс дээш хувийн санал авснаар СӨХ-г байгуулсан. СӨХ-ны даргаар ажиллаж байх явцад хэсэг бүлэг оршин суугчид, ХХК-ийн захирлын хамаатан нийлж юм идэх гэж байна гэсэн үг яриа гаргаж оршин суугчдын дунд янз бүрийн мэдээлэл тарааж СӨХ-ны ажлыг аль болох явуулахгүй байх, СӨХ-ны төлбөрөө битгий өгөөрэй гэх мэт хүнд байдалд ажлаа явуулсаар өөрөөсөө болон хувь хүмүүсээс мөнгө төгрөг зээлж явсаар өнөөг хүрлээ.

3.2. Одоо СӨХ нь 150 гаруй сая төгрөгийн авлагатай байна. Бид ийм хүнд байдалд байгаа ч гэсэн ажлаа хэвийн явуулж байгаа болно. 2022 оны 09 дүгээр сард тодорхой оршин суугч бүлэг хүмүүс хуралдаж давхардуулан СӨХ-г байгуулсан гэдэг. Энэ хүмүүс өнөө хүртэл явсаар Баянзүрх дүүргийн Засаг даргаас гэрчилгээ гаргуулан авсан байна. (2023.11.28-ны өдөр) Баянзүрх дүүргийн Засаг дарга нь захиргааны ерөнхий хуулийн 24 нөхцөл байдлыг тогтоох, 25 нотлох баримт цуглуулах, 26 оролцогчийг сонсох, 27 сонсох ажиллагааг явуулах зэрэг ажиллагааг явуулахгүйгээр 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тоот захирамж хууль бусаар гаргаад байна. Захирамжийн эх хувь, АТГ-ын зөвлөмжийн эх хувийг өгөхгүй хуулбарлан өгсөн болно. Захирамжийн үндэслэх хэсэгт: Авилгатай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар зөвлөмжийг үндэслэн захирамжлах хэсэгт сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байгаа талаар эрх бүхий байгууллагаас зөвлөмж ирүүлсэн байх тул 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр олгогдсон , 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгогдсон дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож бүртгэлээс хассугай гэжээ.

3.3. Гэтэл АТГ-ын зөвлөмж нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтиэн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байгаа талаар гаргаагүй хуульд нийцсэн эсэхийг дахин нягтлан үзэж, шийдвэрлэх тухай зөвлөмж гаргасан байхад зөвлөмжийг буруугаар буюу хууль бусаар ашиглаж дахин шалгаж няглан үзсэн зүйлгүйгээр хууль бус захирамжийг гаргаад байна.

3.4. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

3.5. Уг захирамж дээр 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж дурдсан боловч дээрх хугацаанд нөгөө хэсэг бүлэг хүмүүст 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* тоот гэрчилгээг гаргаж өгсөн нь хууль дүрмийг яаж зөрчиж болдгийг харуулж байна. Энэ байдлын талаар Засаг даргын нэр дээр 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 61 тоот бичиг мөн Хөгжлийн төвд 60 тоот албан бичиг хүргүүлснийг хавсаргав.

3.6. 2021 оны 6 дугаар сараас өнөөг хүртэл дээрх бүлэг хүмүүс тус СӨХ-г Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч шалгуулсан боловч тодорхой зөрчил гаргаагүй. Баянзүрх дүүргийн Тамгын газар болон Хөгжлийн төв нь СӨХ-г хууль зүй, эрх зүйн байдлаар хангаж байхаар байтал хэсэг бүлэг хүмүүсийн үг ярианд итгэж хууль бус ажиллагаа явуулж байгааг шалгаж тодруулж өгөхийг хүсэж байна.

3.7. Энэ байдлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.*******ын нэр дээр албан тоот явуулсан болно. Уг тоотын хариуг 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр хүлээж авсан болно. Хариу нь Энэ асуудлыг манай байгууллага шийдэх боломжгүй тул хууль хүчний байгууллагаар шийдүүлнэ үү гэсэн байдаг. Тийм учраас дараагийн захиргааны хэргийн шүүхэд хандахад хүргэж байна гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны ******* *******ы оршин суугчдаас Баянзүрх Дүүргийн хөгжлийн төв ОНӨААТГ-ын СӨХ хариуцсан албанд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралд хөндлөнгийн хяналт тавьж оролцуулах талаар хүсэлт ирүүлсэн.

4.2. Тус албаны СӨХ хариуцсан ахлах мэргэжилтэн С., мэргэжилтэн Б. нар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны ******* *******, ******* СӨХ-ын бүх гишүүдийн ээлжит хуралд хөндлөнгийн хяналт тавьж оролцсон.

4.3. Хурал 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн ******* дүгээр бүрэн дунд сургуулийн урлаг танхимд эхэлсэн. Нийт 398 өрхөөс 142 оршин суугч хуралд танхимаар, 80 оршин суугч цахимаар оролцож 52 хувийн ирцтэй хуралдсан. ******* СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.*******ва оролцсон.

4.4. Танхимаар оролцсон оршин суугчдаас утсаар 20 оршин суугчтай холбогдож СӨХ-ны хурлын талаар тодруулсан ба бүгд шинэ удирдлагаа хүлээн зөвшөөрч, хурлыг дэмжиж оролцсон.

4.5. Тус хурлаас гарсан хурлын тэмдэглэл, тогтоол, удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоол, хяналтын зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоол, гишүүдийн анкет, хурлын ирцийн бүртгэл зэрэг холбогдох бичиг баримтыг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дүүргийн хөгжлийн төвд хүлээлгэн өгснийг СӨХ-ны мэргэжилтэн Л. хянаж үзээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтэст хянуулсан.

4.6. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ******* СӨХ-ны гэрчилгээний эх хувьтай дахин бичиг баримтыг ирүүлэх чиглэл өгсөн.

4.7. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9.гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх дэх заалтын дагуу 2023 оны 03 дугаар сарын 02-нд СӨХ-ны захирал Б.*******ватай ажлын байран дээр нь Дүүргийн хөгжлийн төвийн СӨХ-ны албаны ахлах мэргэжилтэн болон мэргэжилтэн уулзаж ярилцахад: СӨХ-д хувиасаа тэтгэврийн зээл авч 42,870, 000 (дөчин хоёр сая найман зуун далан мянга) төгрөг СӨХ-ны үйл ажиллагаанд зарцуулсан гэх бөгөөд энэхүү тооцоог барагдуулсан тохиолдолд ажлаа хүлээлгэн, гэрчилгээ тамга тэмдгийг өгөх талаар мэдэгдсэн.

4.8. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.өд Авлигатай тэмцэх газраас 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тоот зөвлөмжөөр Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтиэн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг Баянзүрх дүүргийн ******* СӨХ нь хангахгүй байгаа талаар ирүүлснийг үндэслэл болгон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тоот захирамжаар 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* СӨХ-д олгогдсон , 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгогдсон дугаарын гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож бүртгэлээс хассан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* СӨХ-ны Гүйцэтгэх захирал Б.*******ва нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* тоот ******* ******* СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараас дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нэг. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1.1 Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол, Г.*******ий гудамж, , байруудыг т ХХК нь 2020 онд ашиглалтад оруулж, Баянзүрх дүүргийн хөгжлийн төвд 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 80 дугаар албан бичгээр тус хороонд байрлах ******* ******* ,б байрны СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар Б.*******выг Гүйцэтгэх захирлаар томилсныг хорооны засаг даргаас татгалзах зүйлгүй болно, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.*******ваас *******-77 СӨХ-г бүртгэж гэрчилгээ олгож өгнө үү гэх хүсэлт гаргасныг үндэслэн анх 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тоот, 2021 оны 12 сард тоот гэрчилгээг шинэчлэн олгож, Удирдах зөвлөлийн хурлын №01 тогтоолыг үндэслэн Гүйцэтгэх захирлаар Б.*******выг томилсныг бүртгэжээ.

1.2 Баянзүрх дүүргийн Засаг дарга 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр маргаан бүхий дугаар Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ хүчингүй болгох тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2 дахь заалт, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ******* СӨХ-ны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн , 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, бүртгэлээс хасахаар шийдвэрлэжээ.

1.3 Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн 2 дугаар заалтад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол, Г.*******ий гудамж , дугаар байруудыг хариуцан үйл ажиллагаа явуулж буй ******* СӨХ-нд мэдэгдэж, 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй талаар дурдсан байна.

1.4 Нэхэмжлэгч ******* СӨХ-ны Гүйцэтгэх захирал Б.*******ваас Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Нийслэлийн Засаг даргад хандахад 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Энэ асуудлыг манай байгууллага шийдвэрлэх боломжгүй тул хууль хүчний байгууллагаар шийдүүлнэ үү гэх агуулгаар хариу өгсөн тул тус шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж нэхэмжлэлдээ дурджээ.

1.5 Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, маргаан бүхий Дүүргийн Засаг даргын захирамж холбогдох хууль, эрх бүхий байгууллагын зөвлөмжид үндэслэсэн тул хуульд нийцсэн, хүчингүй болгох үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

1.6 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа ... манай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн 2 дахь хэсэгт 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байхад гомдлын хугацаа дуусаагүй байхад буюу 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Засаг дарга нь ******* тоот ******* ******* СӨХ-ны гэрчилгээ гаргасан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан Орон сууцны нэг байшинд нэг холбоо байна гэснийг зөрчсөн байна, иймд хууль бусаар гарсан ******* ******* СӨХ-ны ******* тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

1.7 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай холбогдуулан шүүхээс Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол, Г.*******ий гудамж, , байруудын шинэ байгуулагдсан гэх ******* ******* СӨХ-г эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй тул гуравдагч этгээдээр татан оролцуулсан, тус СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... хуучин ******* СӨХ нь хууль бусаар байгуулагдсан, Гүйцэтгэх захирал Б.*******ва нь анх тус СӨХ-г байгуулахдаа хууль бусаар, хуурамч баримт бичиг бүрдүүлэн бүртгүүлсэн нь Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс гаргаж өгсөн баримтаас харагдана, мөн тус СӨХ-г хуурамч бичиг баримт бүрдүүлэн, тус байрнуудын оршин суугчдын гарын үсгийг дуурайлган зурсан асуудлаар цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн, шалгагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан.

1.8 Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч дүүргийн Хөгжлийн төвийн ажилтан шүүх хуралдаанд ...нэхэмжлэгч ******* СӨХ-г анх шаардлага хангаагүй баримтыг үндэслэн бүртгэсэн тус төвийн 2 албан хаагчид арга хэмжээ авч, ажлаас чөлөөлсөн. Сүүлд байгуулагдсан ******* ******* СӨХ-г байгуулах үед оршин суугчдын хуралд манай байгууллагаас 2 хүн очиж оролцсон. Иймд, сүүлд байгуулагдсан ******* ******* СӨХ-г шинээр бүртгэж, гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн, 2 СӨХ-той бүхий л бичгийн баримтуудыг шүүхэд өгсөн гэж тайлбарлах боловч гэрчилгээг нь хүчингүй болгон шийдвэрлэсэн ******* СӨХ-ны хууль зөрчсөн, хуурамч баримт бичиг бүрдүүлэн бүртгүүлсэн гэдгийг тус байгууллагаас хэрхэн шалган тогтоож, бүртгэл хийсэн албан хаагчдад ямар үндэслэлээр ажлаас халсан талаарх баримтууд шүүхэд ирүүлээгүй, зөрчлийг шалган тогтоосон ажиллагааг явуулсан эсэх нь тодорхойгүй байна.

1.9 Түүнчлэн, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгч ******* СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгохдоо Авлигатай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэсэн байх бөгөөд зөвлөмжид ... ******* *******ы сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах үйл явц .... хуулийн хүрээнд зохион байгуулагдаагүй, зөвшөөрөл хүссэн бичиг баримтын бүрдэл зохих ёсоор хангагдаагүй байсан байж болзошгүй байна, иймд төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг таслан зогсоох чиглэлээр дараах ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна, ... ******* *******ы сууц өмчлөгчдийн холбооны зөвшөөрөл хүсэхдээ бүрдүүлсэн баримт бичгийг хуульд нийцсэн эсэхийг дахин нягтлан үзэж, шийдвэрлэх, зөрчил тогтоогдсон тохиолдолд буруутай албан тушаалтанд зохих хариуцлагыг тооцож, олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасан арга хэмжээг авах, Хөгжлийн төвийн удирдлага, ажилтан албан хаагч нарт аливаа зөвшөөрөл хүссэн баримт бичгийн бүрдүүлэлтийн хууль зүйн үндэслэл, бүрэн гүйцэт эсэхийг сайтар нягтлах, түүнд тавих нэгжийн удирдлагын хяналтыг сайжруулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар дурджээ.

1.10 Дээрх зөвлөмжийн агуулгаас үзвэл хариуцагч Дүүргийн Засаг даргад нэхэмжлэгч ******* СӨХ-ны бүртгүүлэхэд бүрдүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаж, зөрчлийг тогтоосны үндсэн дээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөсөн байтал хариуцагчаас энэ талаарх арга хэмжээг хуульд нийцүүлэн шалган тогтоогоогүй байж нэхэмжлэгчийн гэрчилгээг шууд цуцалсан нь үндэслэлгүй, маргаан бүхий захирамжийг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдээс урьдчилан тайлбар аваагүй, хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

1.11 Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ хүчингүй болгох тухай захирамжийн 2 дах заалтад нэхэмжлэгч ******* СӨХ-г 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж дурдсан боловч хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* ******* СӨХ-нд ******* тоот гэрчилгээг нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг дуусгавар болоогүй байх үед олгосон нь учир дутагдалтай болжээ.

1.12 Нөгөөтэйгүүр, гуравдагч этгээд ******* ******* СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч ******* СӨХ-ны Гүйцэтгэх захирал анх тус СӨХ-г бүртгүүлэхдээ бүрдүүлсэн баримт бичиг хуурамч, бүрдэл хангагдаагүй байхад нь бүртгэсэн гэх үйл баримтыг шүүхээс тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой бүхий л нотлох баримтыг цуглуулсан боловч нэхэмжлэгч ******* СӨХ-ны дээрх баримтуудыг тодруулбал, оршин суугчдын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч бичиг баримт үйлдэн бүртгүүлсэн зөрчил гаргасан гэдгийг тогтоож, шийдвэрлэх нь шүүхийн эрх мэдлээс хэтэрсэн, дүгнэлт өгөх боломжгүй байна.

1.13 Дүүргийн Засаг даргын Сууц өмчлөгчийн холбоотой асуудлаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.л-д зааснаар нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж буй байгууллагад иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах бүрэн эрхтэй, мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар СӨХ-г зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн холбоог бүртгэх бүрэн эрхтэй бөгөөд, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачлагаар хуралдуулах ба, 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна., 7.2.5-д зааснаар бүх гишүүдийн хурлаар холбоог өөрчлөн байгуулах асуудлыг шийдвэрлэх эрхтэй байна гэж заажээ.

1.14 Дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж алдаатай захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй ч нөгөө талаараа нэхэмжлэгчийн бүртгүүлэхэд өгсөн баримтууд хуурамч байсан, бүрдэл дутуу байсан тул шинэ СӨХ-ны бүртгэл хуульд нийцсэн гэдэгт үнэлэлт өгөх боломжгүй, энэ талаар дахин мэдэгдэх, сонсгох ажиллагааг журамд заасны дагуу явуулж, баримт бичгийн бүрдлийг хуурамчаар дутуу бүрдүүлсэн болон зөрчил мөн эсэхийг бодит нөхцөл байдлыг шалган тогтоосны үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь зүйтэй байна.

Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* тоот ******* ******* СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

2.1 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг шаардлага хэвээр, өөрчлөхгүй, дэмжиж байгаа илэрхийлсэн тул уг шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

2.2 Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаанд холбогдох маргааныг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай.

2.3 Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй ******* ******* СӨХ-ны гэрчилгээ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж.... нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр........үйл ажиллагааг ойлгоно гэсэн шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж дүгнэв.

2.4 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гээд 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж заасны дагуу ******* СӨХ-ноос Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* тоот ******* ******* СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.13, 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* СӨХ-ноос Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан ******* СӨХ-ноос Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* тоот ******* ******* СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон 2 хүртэлх сарын хугацаанд ******* СӨХ-ны асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох хууль, журмын дагуу асуудлыг шалган тогтоож, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд мэдэгдэж, санал, тайлбарыг сонссоны үндсэн дээр дахин шинэ акт гаргах замаар Шийдвэрийн тогтоох хэсгийн нэгдүгээр заалтыг биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.НЯМДЭЛГЭР