| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0018/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Н.Анхбаяр,
шүүгдэгч Б.Б-, өмгөөлөгч Н.Баатардорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1703000010147 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Б.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ээж” нэртэй супермаркетийн баруун замд 52-12 УБМ улсын дугаартай Самсунг СМ-5 маркийн автомашиныг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байтал зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.А-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 1703000010147 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Э.А-ын: “2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр орой 18 цагийн орчим би “Ээж” нэртэй супермаркет дэлгүүрийн замын урд талаар явган хүний гарцаар зүүнээс баруун чиглэлтэй гарч явтал эхний эгнээний машин зам тавьж өгсөн. Тэгээд цааш алхтал цаанаас хар өнгийн машин гарч ирээд баруун талын гуя руу урд гуперээрээ мөргөсөн. Хэсэг ухаан алдаад сэрэхэд доош хараад хэвтэж байсан. Сэхээ орох зуур эмнэлэг, цагдаа ирсэн. Хэдэн киломерийн хурдтай явж байсныг мэдэхгүй. Баруун талын аарцаг яс хугарсан. Толгой эргэж байна. Удаан суухад аарцаг, хөл өвдөж байна. Эмчилгээний зардлыг жолооч төлсөн. Ажилгүй байсан цалингаа авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-19-20/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2017.11.20-ны өдрийн 14186 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.А-ын биед аарцаг ясны далд хугарал, баруун сүүж яс, баруун умдаг ясны дээд салаа, суудал ясны хугарал, духны зулгаралт, 2 өвдөгний үений цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-23/,
Мөрдөгчийн 2017.12.13-ны өдрийн магадлагаанд: “1. 52-12 УБМ улсын дугаартай Samsung Sm-5 маркийн автомашины жолооч Б.Б- нь МУ-ын ЗХД-ийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц уруу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Э.А- нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-35/,
Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний орой 18 цаг 20 минутын орчим би өөрийн найз Өлзийсайханаас худалдаж авч нэрээ шилжүүлж амжаагүй явж байсан “Samsung Sm-5” маркийн 52-12УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Буурал ээж” дэлгүүрийн баруун замд ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 30 орчим км цагийн хурдтай явж байсан. Яг тэр үед ертөнцийн зүгээр зүүн талаас явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн гэнэт гүйгээд гараад ирсэн. Тэгэхээр нь би машиныхаа тоормосыг гишгээд рулийг баруун гар тийш дарсан. Явган зорчигчийн баруун талын гуя хэсгийг машиныхаа урд гуперээр мөргөөд зогссон. Хохирогч мөргүүлээд зам дээр үсрээд унасан. Би машинаасаа буугаад замаар явж байсан нэг 18 орчим насны охины утсыг гуйж түргэн дуудсан. Цагдааг миний хажууд зэрэгцээд явж байсан машины жолооч дуудсан. Осол болох үед зам мөстэй, хальтиргаатай, 4 эгнээтэй, замын хажуугийн гэрэлтүүлэггүй, үзэгдэх орчин муу, хөдөлгөөн ер нь их талдаа байсан. Би явган зорчигчийг 5 метр зайнаас харсан. Би хохирогчийг эмнэлэгт хэвтсэн цагаас нь эхэлж эмчилгээний зардлыг төлж эмчлүүлж байгаа” гэх мэдүүлэг /хх-42-43/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-9, 10/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-39/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/, хохирогчид хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-54/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ээж” нэртэй хүнсний дэлгүүрийн баруун замд 52-12 УБМ улсын дугаартай Samsung Sm-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасныг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар явж байсан явган зорчигч Э.А-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Дээрх байдал нь хохирогч Э.А-ын “...цааш алхтал цаанаас хар өнгийн машин гарч ирээд баруун талын гуя руу урд гуперээрээ мөргөсөн. Тэгээд хэсэг ухаан алдаад сэрэхэд доош хараад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-20/, шүүгдэгч Б.Б-ын “...зүүн талаас явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн гэнэт гүйгээд гараад ирсэн. Тэгэхээр нь би машиныхаа тоормосыг гишгээд рулийг баруун гар тийш дарсан. Тэгээд явган зорчигчийн баруун талын гуя хэсгийг машиныхаа урд гуперээр мөргөөд зогссон....” гэх мэдүүлэг /хх-42-43/ болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд “Эмчилгээний зардал, ажилгүй байсан үеийн цалин нэхэмжилнэ” гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм хорын хохиролд нийт 1.142.500 төгрөг төлөгдсөн байх бөгөөд хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-54/ гэснийг үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б- гэм буруу дээр маргаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч урьдчилан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нийгмийн даатгал төлдөг тогтсон орлогогүй ч, аавтайгаа хамт авто засварын газар ажиллуулдаг тул орлогоосоо 460.000 төгрөгийг төлөх боломжтой талаар прокурортой санал солилцсон. Торгуулийн ялыг төлөх боломжтой” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /явган хүний гарц дээр явган зорчигчийг мөргөсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б- урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б- торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б- урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР