Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00561

 

 

 

 

 

 

 

 

 

Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02585 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч ХХК-ийн хариуцагч Л ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 23 626 391 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч ХХК-д болон Л ХХК-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аж ахуйн гэрээг байгуулж, ажиллаж эхэлсэн. Гэрээний нэмэлт нөхцөлд тусгаснаар Л ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 23 626 391 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөөс нэг ч удаа төлөлт хийгдээгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхгүй биднийг хохироож байна. Иймд Л ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэх хохирлыг арилгуулж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л ХХК-аас нийт 23 626 391 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 276 082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 276 082 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Л ХХК нь Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороололд 71 тоот барилгыг барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн бөгөөд барилга баригдаж байх хугацаанд гарсан ашиглалтын зардал болох 23 626 391 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний нөхцөл ёсоор нэхэмжлэгчийн зүгээс “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д төлж барагдуулсан дээр хариуцагч талаас маргах зүйл байхгүй болно. Харин хэдийгээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээ, баримт байхгүй боловч нэхэмжлэгч нь дээр дурдсан барилгын 2 давхрын 202 тоот 43,62 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг оффис/конторын зориулалтаар ашиглаж, уг байрны ашиглалт, түрээсийн зардлаараа одоо нэхэмжлэл гаргаад байгаа мөнгөн дүнг гаргуулж авна гэж хэлэлцэн тохирсон. Энэ тохиролцоо ёсоор нэхэмжлэгч Ч ХХК-д нь уг байрны түлхүүрийг авч, өөрсдөө засвар хийсэн боловч одоог хүртэл ашигладаггүй, мөн хариуцагч Л ХХК-д буцаан хүлээлгэж өгөөгүй байгаа бөгөөд бидэнд тэр байрыг өөр байдлаар ашиглах боломж өгөлгүй 1 жил гаруй болж манай компанийг хохироож байгаа болно. Анхан шатны шүүх дээр манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хувийн шалтгаантай байсны улмаас очиж чадаагүй бөгөөд бидэнд шүүх дээр мэтгэлзэх, нотлох баримт гаргаж өгөх боломж олдоогүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх боломж олгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч ХХК-д нь хариуцагч Л ХХК-д холбогдуулан аж ахуй нэгжийн гэрээний үүрэгт 23 626 391 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ч ХХК-д нь нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь хавтас хэргийн 4 дэх талд авагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосон 00366 дугаар тусгай зөвшөөрлөөр тогтоогдож байна.

 

Хэргийн 9 дэх талд авагдсан баримтаас үзвэл Л ХХК Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд дулаан зогсоолтой 56 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд тус барилгын ус дулааны ашиглалтыг Ч ХХК-ийн орон сууц ашиглалтын конторт хүлээлгэн өгөх хүсэлтийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргаж байсан 18/52 тоот албан бичгээр хүргүүлж байжээ.

 

Талууд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Аж ахуйн нэгжийн гэрээ байгуулж уг гэрээгээр дээрх орон сууцны барилгын ус дулааны ашиглалт үйлчилгээг хариуцахаар  тохиролцсон байна. Мөн уг гэрээний нэмэлт хэлбэрээр талууд Ч ХХК-д нь Л ХХК-ийн өмнөөс “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК-д ус дулааны төлбөрт 23 626 391 төгрөг төлснийг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор Ч ХХК-д буцаан төлж барагдуулах, дээрх төлбөрийн үлдэгдэлийг төлж дуустал Л ХХК-ийн 1 202 тоот 43.62 м.кв талбай бүхий байрыг Ч ХХК-д нь оффиссын чиглэлээр үнэ төлбөргүй ашиглах, Л ХХК нь өөрийн барьсан ус дулаан дамжуулах төвийг дээрх хугацаанд стандарт хэмжээнд хэвийн болгож ашиглалтад хүлээлгэж өгөхөөр талууд харилцан тохиролцжээ. /хх10-13 дахь тал/

 

Гэрээ хэрэгжих хугацаанд уг барилгыг Ч ХХК-д орон сууц ашиглалтын конторт шилжүүлж, Л ХХК-ийн өмнөөс Ч ХХК-д 23 626 391 төгрөгийг эрх бүхий газарт төлж барагдуулсан болох нь хэргийн 16, 17 дугаар талд авагдсан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 07/1705 тоот болон тооцооны үлдэгдлийн баталгаа, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх төлбөрийн түүх, төлбөрийн нэхэмжлэх, бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй . /хх-18-25/ Өөрөөр хэлбэл, Ч ХХК нь Л ХХК-ийн барьсан Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороололд 71-р байрыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны ус дулааны төлбөр 23 626 391 төгрөгийг төлсөн үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК болон нэхэмжлэгчийн хооронд үүрэг үүсээгүй байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчтай тохиролцож түүний өмнөөс дулааны төлбөрийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д төлсөн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар Ч ХХК-д ус дулааны төлбөр болох 23 626 391 төгрөгийг Л ХХК-аас шаардах эрхтэй.

 

Харин анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримталсныг залруулж, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Түүнчлэн Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гэрэлт-Одод 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотлоогүй, хүсэлтээ ирүүлээгүй байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02585 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1” гэснийг “Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 277 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                     ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан. Агуулга бол хэвээр байна. Иргэний хуулийн зохицуулалтуудыг зөв онож хэрэглэх ёстой байдаг юм. Иргэний хуулийн 492 дугаар зүйл нь хүнд мөнгө, эд хөрөнгө шилжүүлсэн бол тэрийгээ буцааж авах тухай заалт байгаа. Иргэний хуулийн 495 дугаар зүйл бол бусдын өмнөөс зардал гаргасан бусад хүмүүсийн төлөх ёстой мөнгийг өмнөөс нь төлчихсөн бол тэрийгээ гаргуулах гэж шаардаж байгаа шаардлагад хамаарна. Гэтэл шүүх агуулгын хувьд зөв шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д гэсэн энэ харилцаанд шууд хамааралгүй заалтыг үндэслэх хэсэгт дүгнэж, тогтоох хэсэгт баримталсан байгаа учраас энэ хууль хэрэглээний алдааг залруулж, тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 болгон өөрчилсөн агуулгатай магадлал гарч байна.