Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0565

 

2024 07 04 128/ШШ2024/0565

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Н.*******,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.*******,

Маргааны төрөл: Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.*******ийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.*******ад оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Н.*******ээс Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.*******т холбогдуулан Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.*******ийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.*******ад ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт гаргасан байна.

2.  Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах байцаагч Б.******* 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ц.*******аас гаргасан мэдээллийг бүртгэлийн ******* дугаартай бүртгэн, мөн өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ц.*******ыг Монгол Улсын Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д заасан иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

3.  Иргэн Ц.******* нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шийтгэлийн хуудастай танилцан, Төрийн сангийн 100200000905 тоот дансанд торгуулийн 30,000 төгрөг (гучин мянган төгрөг)-ийг төлсөн байна.

4.  Дээрх бүртгэлийн УБХ-******* дугаартай материалыг Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Н.******* хянаад Улсын ахлах байцаагчийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар дүгнэлтийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд ирүүлжээ.

5.  Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******ээс гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авч хянаад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэсэн.

6.  Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Н.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Эрх бүхий албан тушаалтан Б.******* нь Үйлдсэн зөрчлөө сайн дураар илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлдээ ... иргэний үнэмлэх бүртгэлийн дүрмийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэх бүртгэлийн дүрмийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэх, ҮЭГПОХЖ-8.3-т заасан гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээ цэвэр гамтай эзэмших, хадгалах, заалтыг зөрчсөн зөрчлийг үйлдсэн зөрчлийг өөрөө илчилж ирсэн гэж,

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлдээ улсын бүртгэлийн тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй гээгдүүлсэн үрэгдүүлсэн гэмтээсэн гэх зөрчилтэй танилцаж гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэмдэглэл үйлджээ.

Дээрх тэмдэглэлүүдийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан зөрчлийн холбогдогч Ц.*******ад 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шийтгэлийн 08475764 дугаартай хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Засгийн газрын 2018 оны 396 дугаар тогтоолоор батлагдсан Иргэний үнэмлэхийн дүрэм-ийн 2.7.1-д иргэн иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах үүрэгтэй гэж, дүрмийн 3.4-т Хадгалж байгаа иргэний үнэмлэхийг гээсэн үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан энэ дүрмийн 2.8-2.12-т заасан иргэн, байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус журамласан.

Дээрх дүрмийн заалтаас үзэхэд, иргэний үнэмлэхийг ашиглаж байгаа иргэн биш, харин хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын иргэний үнэмлэхийг хариуцаж байгаа этгээд гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ.

Иймд иргэн өөрийн иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйг Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан иргэн Ц.*******ыг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж дүгнэн түүнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Б.*******ийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.*******ад ******* дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

7. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Б.******* нь ******* дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ иргэн ******* овогтой *******ад иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн гэх үндэслэлээр зөрчлийн шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулсан. Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалыг прокуророос шалгалтын хүрээнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянадаг. Энэ шалгалтын хүрээнд улсын байцаагч Б.*******ийн шалгасан иргэн Ц.*******ад холбогдох хэргийг шалган шийдвэрлэсэн материалтай танилцахад үйлдсэн зөрчлөө сайн дураар илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл гэсэн 2 нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байсан. Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэх, ҮЭГПОХЖ-8.3-д заасан гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээ цэвэр гамтай эзэмших, хадгалах заалтыг зөрчсөн гэж тэмдэглэлд тусгасан байна.

Хариуцагч Улсын байцаагч нь Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэлдээ Улсын бүртгэлийн тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн зөрчилтэй танилцаж гэж дурдан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.*******ад Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэлийн оногдуулж шийдвэрлэсэн. Тухайлбал, иргэн Ц.******* нь тогтоосон хугацаанд иргэний бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн эсэхийн аль нь болохыг нь тогтоохгүйгээр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан.

Иргэний Улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан Засгийн газрын 396 дугаар тогтоолоор батлагдсан Иргэний үнэмлэхийн дүрэм, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 тушаалаар батлагдсан Иргэний Улсын бүртгэл хөтлөх журам зэрэг эрх зүйн актуудаас бүрдэнэ. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд иргэний үнэмлэхийг анх удаа шинээр авах, солиулах, дахин авах харилцааг хуульчилж өгсөн. Засгийн газрын 2018 оны 396 дугаар тогтоолоор иргэний үнэмлэхийн дүрмийг баталсан. Уг дүрмийн 3.6-д иргэний үнэмлэх олгох, эзэмших, хадгалахтай холбогдон гарсан гомдлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан.

Мөн Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д нь иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах үүрэгтэй гэж иргэнд үүрэг болгосон. Уг журмын 3.4-д хадгалж байгаа иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан энэ дүрмийн 2.8-2.12-т заасан иргэн, байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж журамлажээ.

Иргэний эрх зүйн чадамжгүй болох нь шүүхээр тогтоогдсон, албан ёсны асран хамгаалагч, асрамжийн байгууллагад амьдарч байгаа иргэнийг асрамжилж байгаа байгууллагын захиргаа, баривчлах шийтгэл, хорих ял эдэлж байгаа иргэний ял шийтгэлийг эдлүүлж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, албадан эмчилгээ хийлгэж байгаа бол эмчилж байгаа байгууллагын захиргаа нь хариуцахаар журамлаж өгсөн. Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан иргэний улсын бүртгэлийн тогтоосон журмыг зөрчсөн зөрчил нь  Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/207 тушаалаар батлагдсан Иргэний Улсын бүртгэлийн хөтлөх журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрч байна.

Иргэний улсын бүртгэл хөтлөх журам-ын 8.8-д Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн бол иргэний үнэмлэхийг дахин олгоход тухайн иргэний өргөдөл, эсхүл 18 насанд хүрээгүй хүний тухайд эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдөл, мэдээллийн сангийн мэдээлэл, иргэний үнэмлэхийг цахим мэдээллийн санд хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэнэ гэж иргэний үнэмлэхийг дахин олгох харилцааг зохицуулсан байдаг. Дээрх иргэний улсын бүртгэлийн хууль тогтоомжуудаар иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхийг дахин олгох журмыг зөрчсөн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх заалтад хамаарахгүй. Иймд Зөрчил шалган шийдэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон улсын байцаагч Б.*******ийн гаргасан иргэн Ц.*******ад оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн гэжээ.

8. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... ******* овогтой ******* нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэх бүртгэлийн УБХ-******* дугаартай зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж, Ц.*******ад 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Иргэний үнэмлэх бүртгэлийн дүрэм-ийг хуулийн нэгдсэн сайтад бүртгүүлснээр нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт гэж үзэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 тоот тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын Иргэний үнэмлэх бүртгэлийн дүрэм-ийн 2.7.1-д Иргэн Иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах үүрэгтэй гэх заалтыг иргэд иргэний үнэмлэхээ хадгалах эзэмших үүрэгтэй гэснийг төсөөтэй байдлаар хэрэглэн аймаг, нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-д зааснаар хүнийг 30 нэгж буюу 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байна гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын байцаагчийн хялбаршуулсан журмаар иргэний үнэмлэх хаяж, үрэгдүүлсэн иргэнд торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг Прокурор шалгаад дүгнэлт ирүүлсэн, манайх Иргэний Үнэмлэх бүртгэлийн дүрмийг баримтлаад 30,000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авдаг, ганц манай хэлтэс, дүүрэг биш улсын хэмжээнд энэ дүрмийг баримтлаад торгууль оногдуулдаг, Зөрчлийн тухай хууль гарахаас өмнө Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасныг үндэслээд дотооддоо хэрэглэдэг дүрмийн дагуу торгуулийн арга хэмжээ авдаг байсан. Хуулийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлээд бүх нийтээр дагаж, мөрдөх эрх зүйн акт гэж үзсэн тул бид энэ дүрмээ баримтлаад торгож байгаа, прокуророос ямар шийдвэр гарна тэрийг бид дагана гэж үзэж байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдлын шаардлагын хүрээнд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.******* нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.*******ыг иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн талаар мэдээлэл гаргасныг үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл үйлдэн холбогдогчоор гарын үсэг зуруулж, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэжээ.

2. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Н.*******ээс дээрх бүртгэлийн УБХ-******* дугаартай материалыг хянаад Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.*******ийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар Прокурорын дүгнэлтийг тус шүүхэд ирүүлсэн.

3. Монгол Улсын иргэний хувьд Иргэний үнэмлэх анх удаа шинээр авах, солиулах, дахин авах тухай асуудлыг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-16.10 дахь хэсэгт, Иргэний улсын бүртгэлийн баримт бичгийг дахин олгох асуудлыг 24 дүгээр зүйлд хуульчилж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 396 дугаар тогтоолоор батлагдсан Иргэний үнэмлэхийн дүрмийн 3.6-д Иргэний үнэмлэх олгох, эзэмших, ашиглахтай холбогдон гарсан өргөдөл, гомдлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэж заажээ.

4. Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д иргэн иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах; 3.4-т Хадгалж байгаа иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан энэ дүрмийн 2.8-2.12-т заасан иргэн, байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ, 2.8-д Иргэний эрх зүйн чадамжгүй болох нь шүүхээр тогтоогдсон иргэний иргэний үнэмлэхийг түүний хууль ёсны асран хамгаалагч хадгална, 2.9-д Асрамжийн байгууллагад амьдарч байгаа иргэн иргэний үнэмлэхээ тухайн асрамжийн байгууллагын захиргаанд хадгалуулж болно, 2.10-т Шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулсан иргэний иргэний үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх бөгөөд тухайн иргэний иргэний үнэмлэхийг хоригдож байгаа хорих анги хадгална, 2.11-д Шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хугацаа дууссан, хорих ялыг өөр төрлийн ялаар сольсон, хорих ялаас өвчний учир чөлөөлөгдсөн, өршөөл, уучлал үзүүлсэн, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан тохиолдолд тухайн иргэнд иргэний үнэмлэхийг буцаан өгнө, 2.12-т Шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл оногдуулсан, эсхүл албадан эмчилгээ хийлгэж байгаа иргэний иргэний үнэмлэхийг тухайн баривчлах байр, албадан эмчилгээ хийх байгууллагын захиргаа хураан авч, шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц тухайн иргэнд буцаан өгнө гэж зааснаас үзвэл хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэх явцад бусдын иргэний үнэмлэхийг хариуцан хадгалж буй этгээд бусдын иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг нь алдагдуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байна.

5. Харин хариуцагч улсын байцаагчийн шийтгэлийн хуудас үйлдэн торгууль оногдуулахад үндэслэсэн Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтын тухайд Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/207 дугаар тушаалаар баталсан Иргэний Улсын бүртгэл хөтлөх журмыг зөрчсөн зөрчлүүд хамаарахаар байна.

6. Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 8.8-д Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн бол иргэний үнэмлэхийг дахин олгоход тухайн иргэний өргөдөл,эсхүл 18 насанд хүрээгүй хүний тухайд эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдөл, мэдээллийн сангийн мэдээлэл, иргэний үнэмлэхийг цахим мэдээллийн санд хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэнэ гэж иргэний үнэмлэхийг дахин олгох харилцааг зохицуулсан.

7. Ийнхүү дээр дурдсан журамд заасан иргэний үнэмлэхийг дахин олгох зөрчилд хамаарах зохицуулалтыг буруу хэрэглэн холбогдогч Ц.*******ыг Иргэний бүртгэлийн дүрмийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэх эзэмших, хадгалах үүргээ зөрчсөн үндэслэлээр шийтгэл оногдуулсан хариуцагч Улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т заасныг зөрчсөн байна.

4.  Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалтад заасан иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэх зөрчилд иргэн өөрийн иргэний үнэмлэхийг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн үйлдэл хамаарахгүй, өөр зохицуулалтаар зохицуулагдах харилцаа байна.

5.  Иймд дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Н.*******ээс Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.*******т холбогдуулан гаргасан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Н.*******ээс Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.*******т холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.*******ийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.*******ад оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хангасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.НЯМДЭЛГЭР