| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0031/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 35
-
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч С.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Өыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1708023610460 дугаар хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Яллагдагч С.Ө нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Хүнс трейд” ХХК-ийн орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий Л.Т-г хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 1708023610460 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Л.Тогоотогтохын: “...2017 оны 11 дүгээр сарын 02-ны орой би хамт ажилладаг Өсөхжаргал, Баярмаа, Гэрэлмаа, Бат-Эрдэнэ нарын хамт сургуулийн амралт эхэлсэн гээд жаахан ууж сууцгаасан. ...Тэгээд гэртээ ороход Өлзийтогтох орон дээрээ унтаж байсан. Би сэрээгээд “таксины мөнгө байна уу” гэж асуухад “мөнгө байхгүй” гэж хэлэхээр нь ...жолоочид 3000 төгрөг өгчихөөд ...гэр рүүгээ орох гэтэл Өлзийтогтох өөдөөс гарч ирээд намайг үснээс зулгааж чирж оруулаад баруун талын ор руу түлхээд “чамайг алаад өгье” гэж хэлээд аяга тавагны шүүгэнд байсан бор иштэй жижиг хутгыг аваад эхлээд миний зүүн хөлийн тавхай хэсэг рүү нэг хутгалж нэвт сүлбэсэн, ...би цусаа хараад айж балмагдсан... Өлзийтогтох “яанаа” гээд халаглаад байсан. Өлзийтогтох эмнэлэг дуудаад намайг Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. ...Тухайн үед Өлзийтогтох бид хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...Эмнэлэгт дээр ирээд миний зүүн дал, гуя хэсэгт зүссэн байсныг мэдсэн. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Эмчилгээний зардалд 800000 төгрөг авсан. Өлзийтогтохтой хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-10-11/,
Гэрч Ц.Батгэрэлийн: “...Шөнө яг хэд болж байсныг санахгүй байна, ямар ч байсан шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Монсуль ШТС-ын зүүн талд гээд ...айлд нөхөр нь эхнэрээ хутгалсан байна гэх дуудлагын дагуу очиход 103 ирчихсэн үзэж байсан. ...Нөхөр гэх залуугаас ямар хутгаар хутгалсан талаар тодруулахад “шүүгээн дээр байсан бор иштэй хутга” байсныг тэмдэглэл үйлдэж хурааж авсан. Эхнэрээ яагаад хутгалах болсон талаар асуухад “Эхнэр оройтож согтуу ирээд” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-12-13/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэгийн 2017.12.12-ны өдрийн 39 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Л.Тогоотогтох-н биед зүүн дал, зүүн гуя, зүүн тавхайд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл хурц, ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-28/,
Шинжээч Б.Долгормаагийн: “Хохирогч нь шүүх эмнэлэгт үзүүлэх гэж ирэхдээ ГССҮТ-д анх очиход эмч үзээд тавьсан онош болон тухайн үзүүлэгчид өгсөн зөвлөгөө эмчилгээ тусгасан бичгийг үндэслэн мөн хохирогчийн бие дээрх сорвиудыг үзэж дүгнэлт гаргасан. Уг гэмтлүүд нь 2017.11.03-нд үүсэх боломжтой... яаралтай тусламж авсан байсан. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-29-30/,
С.Өын яллагдагчаар өгсөн: “Миний бие Тогоотогтохтой 2 жилийн өмнөөс хамтран амьдарч байгаа. Бид Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлын хашаанд амьдардаг байсан. ...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Тогоотогтох ажлын хүмүүстэй хамт гадуур явсан. Шөнө 00 цагийн үед байх гэж санаж байна, орж ирчихээд таксины мөнгө өгчих гэхээр нь ...мөнгөгүй байсан болохоор “байхгүй” гэж хэлсэн. Тэрнээс болж уурлаад бид хоёр хэрэлдсэн. ...Уурандаа ширээн дээр байсан хүрэн иштэй, нарийн хутга аваад Тогоотогтохын дал руу исгээд, зүүн хөл рүү нь нэг удаа хутгалсан. Тогоотогтохын биеэс цус гарахаар нь айгаад сандраад эмнэлэг, цагдаад би өөрөө дуудлага өгсөн. Маргааш нь Тогоотогтох Өвөрхангай аймаг руу явсан. Тухайн үед би 2 шил 0.5 литрийн хэмжээтэй шар айраг уучихсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, болсон асуудалд маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-43/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, гэрч С.Өлзийпүрэвийн мэдүүлэг /хх-14-15/, ЦЕГ-ын иргэний мэдээллийн хайлт, лавлагаа /хх-18, 19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6006 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10635 дугаар дүгнэлт, хавсралт /хх-25-26/, ГССҮТ-ийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-35/, Хаан банкны тодорхойлолт /хх-37/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/, банкны дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-47/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-54-55/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-60/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Ө нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Хүнс трейд” ХХК-ийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Л.Тогоотогтохыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хутгалж эрүүл мэндэд нь зүүн дал, зүүн гуя, зүүн тавхайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Л.Т-ын “...үснээс зулгааж чирж оруулаад баруу талын ор руу түлхээд “чамайг алаад өгье” гэж хэлээд аяга тавагны шүүгээнд байсан бор иштэй жижиг хутгыг аваад эхлээд миний зүүн хөлийн тавхай хэсэг рүү нэг хутгалж нэвт сүлбэсэн, ...би цусаа хараад айж балмагдсан... Өлзийтогтох “яанаа” гээд халаглаад байсан...” гэх мэдүүлэг /хх-10-11/, гэрч Ц.Батгэрэлийн “...Залуугаас эхнэрээ яагаад хутгалах болсон талаар асуухад “эхнэр оройтож ирээд, ...согтуу ирээд” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-12-13/, С.Өын яллагдагчаар “...уурандаа...ширээн дээр байсан хүрэн иштэй, нарийн хутга аваад Тогоотогтохын дал руу исгээд, ...зүүн хөл рүү нь нэг удаа хутгалсан. Тогоотогтохын биеэс нь цус гарахаар нь айгаад сандраад эмнэлэг, цагдаад би өөрөө дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-68-69/ зэрэг мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Тогоотогтохын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний “...800000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-11/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зэвсэг хэрэглэснийг харгалзан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг устгуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн С.Ө “хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах улсын яллагчийн саналыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 12см, бариул хэсгийн урт 11см, нийт урт 23см, бор модон бариултай 1 ширхэг хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Ө урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө-г 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ө нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Ө бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР