Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708018330220 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний орой Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 9-017 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Х-тэй маргалдан зодож, толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 24-ний 22 цагийн үед гэртээ байсан. Эхнэрийн дүү яриад хүрээд ир гэсэн. Очтол Отгонцэцэгийн нүд хөхөрсөн, Хашбат согтуу байсан. Отгонцэцэгийг аваад явах гэтэл Хашбат “цуг явна” гээд таксинд чихээд суусан. Манайд очоод архи уусан. Хашбат гэрт шүлсээ хаяад орилж чарлаад байсан. Түүнтэй би маргаад амбаарт толгой уруу нь пивоны шилээр цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 1708018330220 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Хын: “2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би хамтран амьдрагч Отгонцэцэгтэй мөнгө төгрөгөөс болж маргаад би уурласан чинь эгч Содонцэцэг рүү яриад дуудсан. Батзориг Содонцэцэг нар ирээд Отгонцэцэгийг аваад явах гэж байсан. Содонцэцэг “намайг хамт явья” гээд аваад явсан. Тэгээд караокенаас гарахдаа би 1 шил архи, 6 шил пиво авсан. Батзоригийн гэрт очоод архиа ууж байсан чинь Отгонцэцэг согтоод унтаад өгсөн. Содонцэцэг Батзоригоо Хашааг 2 удаа цохиодох гэж хэлсэн чинь Батзориг гарах гэж байснаа намайг ирээд хэд хэдэн удаа цохиж авсан. “Болиоч яагаад байгаа юм бэ” гэхэд Батзориг нь пивоны шилээр миний толгойг хагартал цохисон. Миний толгойноос цус гараад тогтохгүй байсан. Толгойд 7 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-5-6/,

Гэрч О.Содонцэцэгийн: “2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байхад Отгонцэцэг дуудаад “энд зодоон болоод байна, хүрээд ирээч” гэж хэлсэн. Очтол Хашбат, Отгоцэцэг 2 хэрэлдчихсэн Отгонцэцэгийн нүд рүү Хашбат цохичихсон байсан. Караокег нь “хаа” гээд хаалгаад манай гэр рүү Отгонцэцэг, Хашбат бид хэд хамт явцгаасан. Батзориг, Хашбат, Отгонцэцэг бид нар хоёр шил архи аваад хувааж ууцгаагаад байж байснаа Навчаа, Хашаа хоёр хэрэлдээд байж байхад нь Отгонцэцэгийг “явья гээд чимхээд байна” гээд Навчаа хэлэхээр нь би уурлаад “яахаараа цохиж нүдээд байдаг юм” гэж хэлсэн чинь “чамд хамаагүй” гээд орилоод байхад нь Батзориг уурлаж босч ирээд “манай гэрт битгий орилж чарлаад бай, дуугай бай, зайл” гэж хэлээд Батзориг, Хашбат 2 барьцалдаж аваад хэд хэдэн удаа цохилцсон. Тэгээд амбарт байж байгаад буцаад ороод ирэхэд Хашбатын нүүр ам толгой нь цус болчихсон байж байхаар нь Батзоригийг наадхаа эмнэлэгт үзүүл гэж хэлээд Батзориг үзүүлэхээр явсан. Отгоннавч Хашбатыг зодож цохисон зүйл байхгүй. Батзориг нь Хашбатыг шүлсээ гэрт хаялаа гэж толгой нүүр хэсэгт нь гараараа болон архины шилээр цохисон. Хашбатын биед учирсан гэмтлүүдийг Батзориг учруулсан...” гэх мэдүүлэг /хх-9-10, 11/,

Гэрч О.Отгонцэцэгийн: “2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би караокедоо ажиллаж байхад Хашбат урд өдрийн орлого түлхүүр хоёр аваад явчихсан байсан. Дүүгээ дуудаад ажиллуулах гээд байж байтал Хашбат ирчихээд Отгоннавчийг “зайл” гэж хөөгөөд “өөрөө ажиллуулна” гээд агсам тавиад байсан. Тэгэхээр нь би Содонцэцэг рүү залгаад “Хашаа ирээд агсам тавиад байна, чи хүрээд ирээч” гээд дуудсан чинь Содонцэцэг ирээд уурлаад нүүр рүү 2-3 удаа алгадсан. Тэгэхээр нь би ажилуулж чадахгүй, би харьлаа” гэхэд би ч гэсэн явлаа амарлаа гээд Содонцэцэг эгчтэй хамт такси бариад Отгоннавч бид хэд харихаар болсон. Тэгээд Хашбатыг “чи гэртээ харь, би чамаас салмаар байна” гээд таксинд суутал хамт суучихсан. Би караокеноос гарахдаа нэг шил архи авчихсан байсан, тэр архиа гэртээ ирээд Батзориг, Содонцэцэг, Хашбат бид нар хамт ууцгаасан. Би архи уухынхаа өмнө “одоо хэрүүл зодоон хийхгүй шүү” гэж хэлээд ууцгааснаа санаж байгаа. Түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Тэгээд өглөө сэрэхэд Хашбатын толгойг оёулсан гэчихсэн толгойг нь боочихсон байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад манай хамгийн бага дүү Мөнхтуяа “Отгоо аниа хувцсаа тайлаад унтах гэж байсан чинь бие нь хөхөрсөн байхыг Содонцэцэг эгч хараад Хашбатад уурлаад маргалдсан. Отгоннавч уурлаад модоор хоёр гурван удаа цохисон” гэж хэлсэн. Тэгэхэд Батзориг нь Хашбатыг зодож байгаад пивоны шилээр толгой руу цохисон гэж хэлсэн. Тэгээд шөнө Гэмтлийн эмнэлэг дээр оёулсан гэж хэлж байсан. Отгоннавч тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хашбат агсам тавиад намайг зодсон. Хашбат миний үснээс зулгаагаад байхаар нь би түлхэж унагаад өрөөнөөс гараад явсан. Хашбат газар унахдаа паар мөргөсөн. Намайг Хашбат их зодож байсан. Би гомдолтой байнаText Box: со...” гэх мэдүүлэг /хх-12-13/,

Гэрч О.Отгоннавчийн “2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Отгонцэцэг над руу утасдаад “караоке дээр хүрээд ир, ганц өдөр ажиллаад өгчих, Хашбат намайг зодоод миний нүд ам хөхөрчихсөн” гэсэн. ...Хашбат гаднаас согтуу орж ирээд ямар ч орлого ороогүй байхад таксины мөнгө нэхээд байсан. Би таксины мөнгө байхгүй, Отгонцэцэг дээр байгаа тэрнээс очиж асуу гээд гаргасан. Хашбат дээшээ гараад Отгонцэцэгт хандан “чи Отгоннавчийг явуул, миний караокеноос” гэж хэлж байсан. Отгонцэцэг “миний нүд хөхөрсөн байна, ганц өдөр ажиллаад өг гэж гуйсан юм” гэж хэлсэн чинь “өөрөө наад шилээ зүүгээд ажил гичий минь” гээд элдвээр хэлээд орилоод байсан. Би явах гээд байж байсан чинь Хашбат намайг “зайлаач” гээд агсраад байхаар нь би Батзориг, Содонцэцэг хоёрыг дуудсан. Тэр хоёр хүрээд ирэхээр нь Отгонцэцэгийн караокег хаагаад явахаар болоод такси бариад харих гэсэн чинь Хашбат “цуг явна” гээд зүтгэсээр байгаад хамт явсан. Содонцэцэгиййн гэрт очоод авсан архи ууцгаагаад Отгонцэцэг тасраад унтаад өгсөн. ...Хашбат согтчихоод гэрт шүлсээ хаяад байсан чинь Батзориг уурлаад 2-3 удаа нүүр хэсэгт нь цохисон. Хашбат уурлаад гэрээс гарч яваад амбаарын хаалга өшиглөөд байсан чинь Батзориг пивоны шилээр толгойн тус газарт нь цохисон. Тэгээд 2-3 удаа хөл гар руу нь өшиглөсөн байх. Бид нар Хашбатын толгойн цусыг тогтоох гээд эмнэлэг явсан. Содонцэцэг бид 2 Хашбатыг зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-15-16/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.03-ны өдрийн 12557 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Хын биед зовхи, хамар, хацар, шуу, гуя, шилбэнд цус хуралт, зулайд няцарсан шарх, духанд арьсан доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Уг гэмтэл нь ...журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-22/,

Б.Бийн яллагдагчаар өгсөн: “...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагийн үед эхнэр Содонцэцэгийн дүү Отгоннавч утсаар залгаад “Хашбат агсам тавиад байна, Отгонцэцэг бид хоёрыг ирээд аваадхаач” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр караокед очтол Хашбат орилчихсон Отгоннавчийн хүүхэд нь уйлчихсан байж байхаар нь Отгонцэцэг, Отгоннавч хоёрыг аваад гарах гэж байсан чинь Хашбат “байж бай” гэж хэлээд байхаар нь “би чамайг гэр рүү чинь хүргээд өгчихье” гэж хэлсэн ...“би харихгүй танайд очиж хононо” гэж хэлээд караоке дотроосоо 1 шил архи аваад гараад ...бид нарын явах гэж байсан таксинд суугаад явчихсан. ...Тэгээд гэрт очоод архиа уугаад сууж байгаад Отгонцэцэг тасраад унтах гээд хэвтсэн чинь Отгоннавч Отгонцэцэгийн хувцсыг тайлж суутал Отгонцэцэгийн бие нь хөх няц болчихсон байсан. Архиа ууж дуусчихаад би хүүхдийнхээ хажуугаар ороод хэвтэж байсан чинь Хашбат орилоод байсан. Хоёр нялх хүүхэд маань сэрээд уйлаад байсан. Би “яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Хашбат агсам тавьчихсан шүлсээ хаячихсан байж байсан. ...Хашбат Отгоннавчийг зуурчихсан байхаар нь би Хашбатыг салгатал Хашбат над руу хараад “би харилаа” гэхээр нь би “таксинд суулгаад өгчихье” гэж хэлсэн чинь “би явахаа болилоо гэрт чинь унтъя” гээд байхаар нь би амбаар руу ороод унтах гэж байсан чинь Хашбат орж ирээд надад агсам тавиад намайг 2 удаа цохихоор нь би амбаар дотор байсан пивоны шилийг аваад толгой дээр нь 2-3 удаа шилээр цохиод, гараараа 2 удаа нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд би гуя болон шилбэ рүү нь 2-3 удаа өшиглөөд байж байтал толгойноос нь цус гоожоод байхаар нь түргэн дуудаад эмнэлэг рүү авч явсан.

...Надаас өөр Хашбатын биед гэмтэл учруулсан хүн байхгүй. Манай эхнэр уурлаад 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-43-44/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, Хорооны тодорхойлолт /хх-53/, эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол /хх-57/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.,

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.   

Шүүх хуралданаар шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2017 оны 9 дүгээр сарын 24-ний орой Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 9 дүгээр гудамж, 017 тоотод иргэн Д.Хтай маргалдан нүүр рүү нь гараараа, толгойн тус газарт пивоны шилээр цохин эрүүл мэндэд зовхи, хамар, хацар, шуу, гуя, шилбэнд цус хуралт, зулайд няцарсан шарх, духанд арьсан доор цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмтэл учирсан бөгөөд хохирогч Д.Х нь “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Уг хэрэг ахуйн хүрээнд үйлдэгдсэн, шүүгдэгч Б.Б тодорхой орлого олдгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгч Б.Б “Би өдөрт 30000-40000 төгрөг олдог” гэж тус тус дүгнэлт гаргалаа.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас санал болгосон торгох ялын хэмжээг багасгаж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.   

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б 450000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэх төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

                   ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР