Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0573

 

 

  2024          07             08                                  128/ШШ2024/0573  

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: М ХХК,

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т

          Хариуцагч: Эрчим хүчний яам,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н, С.А

          Хариуцагч: Сангийн яам

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.А, Б.С, Д.Н,

          Хариуцагч: Эрчим хүчний яамны Үнэлгээний хороо,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Е, П.Б

          Гуравдагч этгээд: Ч******* ХХК, М ХХК, Б ХХК

          Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г нарын хоорондын: Тн 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Б.С, Д.Н, хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, С.А, Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е, П.Б, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.

          Нэхэмжлэгч компанид Сангийн яамны хоёр албан бичгийг мэдэгдээгүй, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр захиалагчаас гэрээ байгуулах боломжгүй болсон талаар мэдэгдсэн даруйд Сангийн яаманд хандаж дээрх албан бичигтэй танилцах хүсэлт өгсөн боловч танилцуулаагүй тул шүүхэд  2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан гэжээ.

          Нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

        Эрчим хүчний яамнаас зарласан 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Т 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаар тендер шалгаруулалтад оролцсон M ХХК оролцож, өөрийн саналыг захиалагчид хүргүүлж, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шалгаруулалтын нээлт болж 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн в/2695 дугаартай албан тоотоор гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг бидэнд ирүүлсэн бөгөөд захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор хамгийн сайн гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн,

          Гэвч тендерт оролцогчоос Сангийн яаманд гомдол гаргасан тул тендер шалгаруулалтын явцыг Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 03/6143 дугаартай албан бичгийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс түдгэлзүүлсэн тухай мэдэгдлийн захиалагчаас ирүүлсэн, Захиалагчаас 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн в/3015 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг дахин манай компанид ирүүлсэн Тус мэдэгдэлд Сангийн яам тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хянан үзээд, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичгээр захиалагчийн өмнөх шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг арилган үнэлгээг дахин хийх чиглэл ирүүлсэн,

          Үүний дагуу захиалагч тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж манай тендер хоёр дах удаагаа хамгийн сайн гэж үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагч 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргаж бидэнд ирүүлсэн,

          Гэвч Сангийн яаманд дахин гомдол  гарч 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/6980 тоот албан бичгийг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 18-ний өдрөөс эхлэн түр түдгэлзүүлсэн мэдэгдэл захиалагчаас дахин ирүүлсэн,

          Сангийн яамны  2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагчид мэдэгдсэн тул тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах хүсэлтийг Сангийн яамны зөвшөөрлийн хамт бидэнд ирүүлсэн,

          Үүнээс хойш захиалагч тодорхой ажиллагаа огт явуулаагүй бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тендер хүчинтэй байх хугацаа дууссан тул хуулийн хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон тул Сангийн яамны дээрх хоёр албан бичгээс шалтгаан тендер шалгаруулалтын хугацаа сунжирч тендерийн хүчинтэй хугацаанд хамгийн сайн үнэлэгдсэн манай компани гэрээ хийх боломжгүй болж эрх зөрчигдсөн,

          Сангийн яам ямар үндэслэлээр дээрх хоёр албан бичгийг гаргасан нь тодорхойгүй, энэ талаар эрх ашиг  нь хөндөгдөж буй манай компанид мэдэгдээгүй,

            Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичиг манай тендерийг хоёр удаа хамгийн сайн гэж үнэлж хоёр удаа гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг удаа дараа хүчингүй болгож 3 дахь удаагаа үнэлгээг дахин хийлгүүлэхээр захиалагчид даалгасан нь сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаар албан бичгийн 5, 6 дугаар зүйл, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгийн 4, 5 дугаар зүйл, дээрх албан бичгүүдээр захиалагч Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгуулж, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх чиглэл хүргүүлсэн эсэхийг хүчингүй болгуулах. Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/3577, Эрчим хүчний яамнаас зарласан ЭХЯ/202306001 дугаар тендер шалгаруулалтад хамгийн сайн үнэлгээ авсан манай компанийн гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсний дагуу гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага дээр “Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Процессын хувьд тендер 06 дугаар сарын 12-нд зарлагдаад тендерийг 07 дугаар сарын 27-ны өдөр нээсэн. 08 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг манай компанид мэдэгдсэн. Гуравдагч этгээдийн эхний гомдол 08 дугаар сарын 23-ны өдөр гарсан. 09 дүгээр сарын 05-ны өдөр тендерээ хүчингүй болгоод дахин үнэлгээ хийх шийдвэрийг Сангийн яамнаас гаргасан. Үүний дараа дахин үнэлгээ хийж, нэхэмжлэгчийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзээд 09 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар шийдвэрлэсэн. Мөн 09 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг нэхэмжлэгчид ирүүлсэн. Гуравдагч этгээд дахин 2 дахь гомдлыг 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан. Сангийн яамнаас гомдлыг шийдвэрлэж 10 дугаар сарын 02-ны өдөр дахин үнэлгээ хийхийг даалгаад, дахин үнэлгээ хийх явцад 10 дугаар сарын 08-ны өдөр одоо энэ “Д ******* корпораци” ХХК-иас албан бичиг ирүүлж энэ асуудлыг шийдвэрлээд хариу өгч 10 дугаар сарын 20-ны өдөр Тендерийн үнэлгээний хороо хуралдаад тендерийг хүчингүй болгосон шийдвэр гарч 10 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн.  Хамгийн анх 08 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг өгсөн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж заасныг хангасан. Гэвч тендер шалгаруулалттай холбоотой гомдол тендерт оролцогчоос Сангийн яаманд гарсан тул Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тендер шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлсэн. Захиалагчаас 08 дугаар сарын 24-ний өдрийн в/2786 тоот албан бичгээр тендерийн ажиллагааг түдгэлзүүлсэн талаар мэдэгдээд, захиалагчаас 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн в/3015 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг дахин манай компанид ирүүлсэн. Хүснэгтэд дурдсанаар Сангийн яам гомдлыг хянаж үзээд 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичгээр захиалагчийн өмнөх шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг арилган дахин үнэлгээ хийх чиглэл хүргүүлсэн тул захиалагч тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж үзэхэд манай тендер дахиад хамгийн сайн тендерээр үнэлэгдсэн. Улмаар Сангийн яамны чиглэлийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг хийгээд 2 дахь удаа сайн үнэлэгдээд байж байтал дахиад өмнөх гомдолд дурдсантай ижил агуулгаар гуравдагч этгээдээс гомдол гаргасан. Энэ гомдолтой холбоотой Сангийн яамнаас 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тендер сонгон шалгаруулах ажиллагааг дахиад түдгэлзүүлсэн. 09 дүгээр сарын 21-ний өдрийн в/3138 тоот албан бичгээр тендер шалгаруулах ажиллагааг түдгэлзүүлснийг бидэнд мэдэгдсэн. 10 дугаар сарын 05-ны өдрийн в/3303 дугаар албан тоотод дурдсанаар Сангийн яам 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхэд захиалагчид мэдэгдсэн бөгөөд үнэлгээг дахин хийхээр тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах шаардлагатай байх тул хуулийн 29 дүгээр зүйлийнх 29.4-т заасны дагуу 15 хоногоор сунгах хүсэлтийг Сангийн яамны зөвшөөрлийн хамт бидэнд ирүүлсэн. Үүний дагуу манай компани өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгахыг зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн МТ-2023-МЕ/10/001 дугаартай албан бичгээр захиалагч талд энэ талаар мэдэгдсэн. Үүнээс хойш захиалагч талаас тодорхой ажиллагаа огт явуулаагүй бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тендер хүчинтэй байх хугацаа дууссан тул хуулийн хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон гэж мэдэгдсэн. Сангийн яамны нэхэмжлэлд дурдсан дээрх 2 албан бичиг, мэдэгдлийг захиалагч болон Сангийн яамнаас аль аль нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу манай компанид мэдэгдээгүй бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр захиалагчаас гэрээ байгуулах боломжгүй талаар мэдсэн даруйд  Сангийн яаманд хандаж дээрх бичигтэй танилцах хүсэлт өгсөн боловч бидэнд танилцуулаагүй. Иймд захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Сангийн яамны маргаан бүхий дээрх 2 албан бичгээс шалтгаалаад тендер шалгаруулалтын хугацаа сунжирч, тендерийн хүчинтэй байх хугацаанд хамгийн сайн үнэлэгдсэн манай компани гэрээ байгуулах боломжгүй болж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөн. Сангийн яам ямар үндэслэлээр дээрх 2 албан бичгийг гаргасан нь тодорхойгүй, энэ талаараа эрх ашиг нь хөндөгдөж байгаа манай компанид мэдэгдээгүй. Маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдээгүй.

Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн албан тоотод Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлд үндэслэж гарсан гэдгээ огт дурдаагүй байсан. Хэрэгт авагдсан үеэс эхэлж бид нар сүүлд мэдээд хурал дээр тайлбар өгөх явцад үнэлгээний хороо 10 дугаар сарын 20-ны өдөр боломжгүй талаар мэдэгдэл өгөөд үүний дагуу Эрчим хүчний яамнаас албан бичиг ирүүлсэн гэсэн учраас тухайн маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Тендерийн үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлийг захиргааны актын шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж байгаа. Учир энэ үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлд үндэслээд 10 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэл гарсан гэж үзэж байгаа. Тендер хүчинтэй байх хугацаа гэдэг асуудал яригддаг. Манай компани тендер хүчинтэй байх хугацааг 45 хоногоор тогтоож тендерийн маягтад тусгаж хүргүүлсэн. Гэтэл тус 2 албан бичигт хэд хэдэн зүйлийг л дурдаж, манай тендерийг “шаардлага хангахгүй байна, дахин үнэлгээ хий” гэдэг. Инженер техникийн ажилтнууд туршлагын чадавхыг хангасан эсэх, ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага байхгүй, 5 жилийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлт гарган ирүүлсэн эсэх зэрэг үндэслэлээр эхний албан бичиг гарсан. Аудитын дүгнэлтийг манайх өгсөн. 5 жилийн аудитын дүгнэлтийн 2018 оны аудитын дүгнэлт байхгүй байна гэдэг. Гэтэл хэрэгт авагдсан аудитын дүгнэлт дээр 2018 оны дунд үед байгуулагдсан компани учир 2019 оны аудитын дүгнэлт дээр цуг үнэлээд дүгнэчихсэн. Энэ нь тендерийн баримт бичиг дээр авагдсан. Мөн манай компанийн өгсөн тендерийн ботийн 2, 3 дугаар бүлгийн 4 дүгээр хэсэгт сүүлийн 5 жилийн борлуулалтын орлогын хураангуй гэсэн хүснэгт зэрэгт тодорхой харагдаж байгаа. 2018-2019 оны санхүүгийн тайлангуудыг дүгнэлт дээр оруулаад, 2018 оны 01 дүгээр сараас эхлээд дүгнэлтүүдээ гаргаж эхэлсэн. Тиймээс аудитын тайлангийн 2018 оны дүгнэлт байхгүй гэсэн нь үгүйсгэгдэж байна. Тус аудитын дүгнэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцоод гаргасан. 26 дугаар талд өмчийн өөрчлөлтийн тайлан хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж тооцсон. 42 дугаар талд санхүүгийн тайлангийн тодруулах хэсэгт мөн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн санхүүгийн тайланг үнэлж дүгнэлт гаргасан. Тиймээс энэ шаардлага үндэслэлгүй байна.

Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл гэж байгаа. Ижил төстэй ажил гэдэгт 10 жилд барьсан ажлын талаарх мэдээллийг тендерийн баримт бичгийн 5 дугаар бүлгийн 6.8-д заасны дагуу ирүүлнэ. Үүнийг нотлохын тулд ажил гүйцэтгэсэн гэрээ, Улсын комисс хүлээж авсан дүгнэлт эсхүл түүнтэй адилтгах тухайн Улсын ажил хүлээн авсан тухай баримт бичиг, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ гэж заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж Сангийн яам эхний дүгнэлт дээрээ дүгнэсэн. Энэ нь гол маргаантай асуудлыг үүсгээд байгаа юм. Үндсэн тендерт оролцогч этгээдийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг туршлага гэж үзэх юм уу, эсхүл тухайн компанитай гэрээ байгуулсан туслан гүйцэтгэгчийг ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний шаардлагыг хангасан гэж үзэх юм уу гэдэгт хууль хэрэглээний тайлбар гарах байх. Манай компанийг энэ шаардлагыг хангахгүй байна гэж үзээд тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулаад, туслан гүйцэтгэгч болон гэрээ байгуулсан компанийн гүйцэтгэсэн ажлыг ижил төстэй ажил гүйцэтгэсэн шалгуураар үзэх талаар Тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэл болон албан бичгүүдэд дурдсан байдаг. Тэгэхээр ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэдэгт зөвхөн тухайн тендерт оролцогчийн үндсэн оролцогч гүйцэтгэх ёстой биш. Нэгэнт энэ шаардлагыг хангах компани олдохгүй байгаа учраас туслан гүйцэтгэгч эсхүл гэрээ байгуулсан компани оролцоод тэдгээрийн оруулж байгаа туршлагыг туршлагад тооцоод явъя гэдэг асуудал яригдаад дэмжигдсэн байсан. Тиймээс дээрх шаардлага мөн үндэслэлгүй байна.

2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн гомдлын хувьд, дахин 2018 оны санхүүгийн тайланг ирүүлээгүй асуудлыг дурдсан байсан. Мөн 4, 5 дугаар хэсэгт үндэслэлийг дурдаад хариу өгсөн байдаг. 2018 оны санхүүгийн тайланг ирүүлээгүй гэдэг нь өмнө гаргасан асуудал. Энэ асуудал дээр Сангийн яам гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байсан. Мөн 5 дугаар хэсэгт ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын шалгуурыг тендерийн гол шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзсэн шаардлагад нийцэхгүй байгаа тухай дурдсан гээд 09 дүгээр сарын 05-ны гомдолтой нэг ижил агуулгатай гомдлыг Сангийн яам дахин хүлээж аваад шийдвэрлэчихсэн. Энэ нь хуулиараа хориотой. Өмнө гаргасан гомдлыг дахин хүлээж авч шийдвэрлэх ёсгүй байсан. Гэтэл 2 удаа шийдвэрлэчихсэн.

4 дэх хэсэгт тендерийн баримт бичгийн техникийн өгөгдлийн хүснэгтийн ерөнхий шаардлага, техникийн үзүүлэлтийг бүрэн ирүүлээгүй, хүснэгтүүдийг бүрэн бөглөөгүй тухай дурдсан байх тул техникийн үзүүлэлтүүдийг ирүүлсэн эсэх, дээр дурдсан шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэх шаардлагатай байна гэдэг хариу Сангийн яам өгсөн. Тодорхой нэг шийдэл өгөөгүй. “Техникийн хүснэгтийг бөглөөгүй байна, дахиад шалга” гэсэн. Гэтэл тендерийн өгөгдлийн хүснэгт дээр энэ талаар дурдчихсан байгаа. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 17.6.5 дугаар хэсгийн 11-т мөн үндсэн тоноглолын гарал үүслийн гэрчилгээ, хугацаа, үндсэн тоноглолын техникийн үзүүлэлтийг харуулсан өгөгдлийн хүснэгтийг бүрэн бөглөж ирүүлээгүй, техникийн ерөнхий шаардлага, нарийвчилсан шаардлагыг тус тус хангаагүй техникийн санал ирүүлсэн тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно. Харин туслах тоноглолын хувьд гарал үүслийн гэрчилгээ, чанарын баталгааны сертификат ирүүлэхгүй байж болох бөгөөд техникийн нарийвчилсан шаардлагын дагуу бүрэн нийлүүлэхийг жагсаалтаар илэрхийлнэ гэж байгаа юм. Тэгэхээр заавал бөглөх шаардлагагүй. Ерөнхий шаардлагуудаа бөглөчихсөн учраас туслах тоноглолын хувьд бөглөх ёстой хүснэгтийг бөглөхгүй байж болно. Тиймээс бөглөөгүй нь хууль зөрчсөн, шаардлага хангахгүй гэж үзэж тендерээс татгалзах үндэслэл болохгүй. Үндсэн шаардлагын хавсралт 1, 2-ыг бөглөөгүй бол татгалзах үндэслэл болно. Тэгэхээр 4-д заасан Сангийн яамны татгалзал үндэслэлгүй. 5-д ижил төстэй ажлын туршлагын асуудлыг дүгнээд шаардлагад нийцэхгүй байгаа тухай дурдсан тул тухайн асуудлыг дахин нягтлах шаардлагатай байна гэж байгаа. Сангийн яам тендерийн баримт бичгийг бүхэлд нь аваад хянаж үзэх эрх бүхий этгээд. Тодруулах шаардлагатай бүх бичиг баримт зэргийг аваад үзчихсэн бол Тендерийн үнэлгээний хорооны үнэлгээ зөв байсан эсэх шийдлийг гаргах эрх бүхий этгээд байсан. Гэтэл шийдвэрлэсэн албан бичгүүд дээрээ “дахин нягтлах шаардлагатай” гээд гомдол үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй хариу өгөөд тендерийн хүчинтэй байх хугацааг хэтрүүлсэн. 10 дугаар сарын 02-ны өдөр сүүлийн гомдол гаргасан албан бичиг яваад үүнээс хойш 10 дугаар сарын 6-ны өдөр Сангийн яамны албан бичгийн дагуу Тендерийн үнэлгээний хороо дахин хуралдсан. Энэ дээр манай татгалзсан үндэслэлийн талаар тодорхой дурдсан байгаа. “4 дэх асуудлын хувьд бусдыг нь бөглөхгүй ирүүлж болно, гүйцэтгэгчтэй хэлцлийн үед эцэслэнэ гэсэн заалт байгаа. Үндсэн тоноглолын үзүүлэлтүүдээ бөглөөд ирүүлчихсэн” гээд энэ талаар бүгдийг нь дурдсан. Гуравдагч этгээдийн асуудлыг цуг дүгнээд “гуравдагч этгээдийг шаардлага хангахгүй байна” гээд манай компанийн материалыг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж 100 хувийн саналаар дахин шалгарууллаа гээд 12 дугаар сарын 6-ны өдөр хурал хийсэн. Улмаар үнэлгээний дүгнэлтийг дахин хэлэлцээд албан бичиг явуулахад хариуцагч гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлээ ирүүлээгүй. 10 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээний хороо дахин хуралдаж 10  дугаар сарын 06-ны өдрийн манай компанийг шалгаруулсан шийдвэрээ хэвээр үлдээсэн. Ингээд үнэлгээний тайлан, мэдэгдэл, зөвлөмжийн хамт хавсаргаад үнэлгээний хорооноос хүргүүлсэн. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Т 10 дугаар сарын 19-ний өдөр “ажлын туршлагын шаардлага түншлэлийн гишүүн тус бүр холбогдох журмын дагуу цахим системийн түншлэлийг баталгаажуулах, тендерт оролцогч нэг ба түүнээс дээш туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж болно. Туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг баталгаажуулж эх хувиар ирүүлнэ гэж заасан байна. Иймд энэ тендерт оролцогч “М” ХХК-ийн тендерт оролцогчид хамаарах эсэхийг дахин нягтлах нь зүйтэй байна” гэж өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж албан бичиг явуулсан. Үүнтэй холбоотойгоор 10 дугаар сарын 20-ны өдөр дахин хуралдаад хугацаа алдсан. Тус хуралдааны тэмдэглэлд “Сангийн яам жишиг баримт бичигтээ дутуу хагас өөрчлөлт хийсэн, энэ нь ойлгомжгүй байдал үүсгэсэн. Үүнээс шалтгаалаад түншлэлийн туслан орж байгаа гэрээт компанийн туршлагыг туршлагад тооцох эсэх асуудал яригдана” гээд хуралдааны процессын талаар тусгаад, тус тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон тул тендерт оролцогчид тендер хүчингүй болсон талаар мэдэгдэл, зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэв гээд үүний дагуу 10 дугаар сарын 26-ны өдөр манай компанид мэдэгдэл ирүүлсэн. Энэ процессын хувьд тендерийн хүчинтэй байх хугацааг хэрхэн тооцох болон тендерийн хүчинтэй байх хугацааг түдгэлзүүлэх эрх Сангийн яаманд олгогдсон эсэх, хэний буруутай ажиллагаанаас хамаарч тендерийн хүчинтэй байх хугацаа хэтэрсэн бэ гэдэг асуудал яригдана.

Улсын Дээд Шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 127 дугаар тогтоолоор тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш 30 хоног, нэг удаа 15 хоногоор сунгаж болно, нийт 45 хоног байна гэж тайлбарласан. Гэтэл тухайн тендерийн хувьд 2023 оны 07 дугаар  сарын 27-ны өдөр нээгдээд, 45 хоногийн хугацаа 09 дүгээр сарын 11, 12-ны өдөр дуусаж байгаа “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч тендерийн хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно” гэж заасан байдаг. Захиргааны  байгууллагын хоорондын үл ойлголцол, тендерийн баримт бичгийн хагас дутуу байдлаас шалтгаалаад хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогч хохирсон. Сангийн яамны түдгэлзүүлсэн хугацааг оруулаад тооцвол 10 дугаар сарын 23-ны өдөр тендерийн хүчинтэй байх хугацаа дуусахаар байгаа юм. Тендерийн хүчинтэй байх хугацаанд тендерийг зохион байгуулах нь захиргааны байгууллагын үүрэг. Энэ бол нэхэмжлэгчид хамаарахгүй нөхцөл байдал. Сангийн яам тендерийн үнэлгээний хорооны нөхцөл байдалтай уялдуулаад үзэх юм бол Тендерийн үнэлгээний хороо, Сангийн яам хэн нэг этгээд тендер зарлагдсанаас хойш 45 хоногийн дотор гомдол гаргаад, заасан хугацаанд гэрээ байгуулахгүй бол энэ бүх тендерүүд хүчингүй болоод дахин тендер шалгаруулах ажиллагаа явагдах мэтээр тайлбарлаж, хуулийг буруу хэрэглээд байгаа. Тендерийн хуулийнхаа зарчмаар түргэн шуурхай, үр ашигтай байх ёстой. Шалгарсан компанийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх боломжтой. Гэтэл манай тохиолдолд цэвэр захиргааны байгууллагын буруутай ажиллагаанаас шалтгаалаад тендерийн хүчинтэй байх хугацаа өнгөрчихсөн. Сангийн яам, Эрчим хүчний яам, Тендерийн үнэлгээний хороо хоорондоо албан бичиг солилцоод олон дахин манай компанийг хамгийн сайн тендер гэж үнэлээд, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл 2, 3 удаа өгсөн ч энэ хугацаанд огт үр дүнд хүрээгүй. Ижил агуулгатай гомдлууд гаргаад байхад дахин дахин хүлээж аваад гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хойшлуулаад, тендерийн хүчинтэй байх хугацаа хэтрэх гол нөхцөлийг Сангийн яам бүрдүүлсэн юм. Нэгэнт өмнө нь гаргасан гомдолтой ижил агуулгатай гомдол гаргасан байхад тэр гомдлыг хүлээн авахаас татгалзаад тендер шалгаруулалтын ажиллагааг үргэлжлүүлээд явуулсан бол хуулийн хугацаанд багтах боломж байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/75 дугаар тушаалаар байгуулсан Тендерийн үнэлгээний хороо нь ЭХЯ/202306001 дугаартай, түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих “Т” 450МВТ-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВТ-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зарласан бөгөөд уг тендерийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нээхэд “Ч” ХХК, “М” ХХК, “Б*******” ХХК-ийн түншлэл болон “М*******” ХХК-иас тендерийн материал ирүүлсэн байсан.

Эрчим хүчний яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.1, тендерийн баримт бичгийн 4 дүгээр бүлэг, ТӨХ-ийн ТШЗ-ын 2.1 болон 30.2-ын 4-т заасны дагуу хамгийн бага харьцуулах үнэтэй “М*******” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж олонхын саналаар шалгаруулж, “М*******” ХХК-д 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн в/2695 дугаар гэрээ байгуулах тухай албан бичгийг хүлээн авснаас хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа тендерийн хүчинтэй хугацаанд багтааж хуулийн дагуу гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн.

Үүнээс улбаатай гуравдагч этгээдээс гомдол гарч, хамгийн эхэнд Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаар албан бичиг болон Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаар албан бичгүүдэд 2 удаагийн хариу мэдэгдсэн.

Хамгийн сүүлийн буюу Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаар албан бичгийн дагуу дахин үнэлгээг хийсэн бөгөөд дахин үнэлгээг хийх явцад “Д ******* корпораци” ХХК-ийн борлуулалтын захирал чгаас 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр DECI/MNG/MM-009 албан бичгээр тус төсөлд ямар нэг компанитай хамтраагүй, гэрээ хэлцэл байгуулаагүй талаар мэдэгдсэн бөгөөд уг албан бичгийг “М*******” ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн в/3336 дугаар албан бичгээр хүргүүлсэн. “М*******” ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн MT-2023-ME/10/002 албан бичгээр хариу ирүүлсэн.

Тендер олон дахин үнэлэгдэх явц бий болсон. Анх тендер зарлаад анхны гомдол гарснаас хойш дахин үнэлээд 2 компанид мэдэгдэл хүргүүлсэн боловч дахин гомдол гаргаж Сангийн яамнаас гомдол хянасан албан бичиг ирсний дагуу дахин үнэлгээ хийх явцад гуравдагч байгууллагаас гомдол гаргаж тендер үнэлэх үйл явц сунжирсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгуулж болно” гэж заасны дагуу тендер хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгуулсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тендер нээсэн, хуулийн хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дуусах байсан. Үүнийг Сангийн яамнаас түдгэлзүүлэх ямар үндэслэл байгаа юм бэ, түдгэлзүүлж шийдвэрлэснээс үүдэн 10 сар дууссан гэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуучин хуулиар тухайн тендер зарлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуучин хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг хянан хэлэлцэх, шийдвэрлэх хүртэлх хугацааг захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг дараах тохиолдолд түр түдгэлзүүлж шийдвэр гаргаж болно” гэж заасан байх бөгөөд 55 дугаар зүйлийн 55.4.1-д “тендерт оролцогчийн гомдлыг хангах нь илүү үндэслэлтэй байгаа бол” гэж заасны дагуу энэ тендерийг түр түдгэлзүүлээд гомдол хянаж, хариу ирүүлэх өдрөөс эхлэн дахиад тендерийн хүчинтэй хугацааг тооцдог. Үүний дагуу тендерийн хүчинтэй байх хугацааг тоолсон. Тендерийн үнэлгээний хороо холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэлгээ хийх хугацаанд гомдол гарсан. Үүний улмаас тендерийн хүчинтэй байх хугацаа дуусаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон тул тендер хүчингүй болсон тухай мэдэгдлийг “М*******” ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуучин хуулийн 55 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн учраас захиалагчийн шийдвэрт гаргасан гомдлыг тус яам хуулийн дагуу хүлээн авч, хянан шийдвэрлэсэн. Ирүүлсэн гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд, үндэслэл бүрээр хянан үзээд холбогдох хариуг албан бичгээр өгсөн. “Ч” ХХК, “М” ХХК, “Б*******” ХХК-ийн түншлэл захиалагчийн гаргасан 3 шийдвэрийг хянуулъя гэж гомдол гаргасан. Тендерт шалгарсан “М” ХХК-тай холбоотой 5 үндэслэл бүхий гомдлыг гаргасан. “Зээлийн шугамын эрхийг зээлийн үлдэгдэл гэж үзсэн байна” гэсэн гомдлын хүрээнд холбогдох материалыг нь хянаж үзэхэд, зээлийн гэрчилгээ гэсэн Хятад баримт бичгийг орчуулгын хамт ирүүлсэн байсан. Орчуулгаас харахад “тус компани нь нийтдээ 1.1 тэрбум юанийн зээлтэй байна” гэдэг нотлох баримт байсан учраас тендерийн баримт бичигт заасан гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ санал болгосон үнийн дүнгийн 10 хувиас багагүй байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэдэг хариуг гаргасан. Дараа нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай холбоотой асуудлыг хянаж үзэхэд ижил төстэй ажлуудынхаа гэрээ, холбогдох захиалагчийн тодорхой даалгавруудыг ирүүлсэн байсан. Түншлэгч “М” ХХК ижил төстэй ажил гүйцэтгэсэн мэдээлэл ирүүлээгүй байсан учраас шаардлага хангахгүй байна гээд захиалагч татгалзсан байсан. Тиймээс  захиалагчийн дээрх шийдвэр үндэслэлтэй байна гэдэг байдлаар хариу өгсөн. Мөн банкны дансны үлдэгдэл, дансны хуулга “М” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны болон Голомт банкны зээлийн шугамын эрхтэй тодорхойлолтуудыг тендертээ хавсаргаж ирүүлсэн байсан. Захиалагч үүнийг нь шаардлага хангахгүй байна гэж татгалзсан байсан. Хянаад үзэхэд, эдгээр материалуудыг ирүүлсэн байгаа учраас тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 30.2.1-д төслийг санхүүжүүлэх чадвартай гэдгээ илэрхийлсэн, хамтран ажиллах санхүүгийн болон бусад байгууллагаас ирүүлсэн захидал гэж байгаа. Энэ нь санхүүжүүлэх сонирхлоо илэрхийлсэн захидал байж болно эсхүл зээлийн шугам нээлгэсэн баримт, бусад санхүүжүүлэх хэлбэрийг баталгаажуулсан баримт бичиг байна гээд тодорхой заасан байгаа. Тэгэхээр энэ шаардлагыг дагуу материалаа ирүүлсэн байгаа учраас дээрх шаардлагыг хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзсэн. Гомдолд дурдсан 3 үндэслэлийн 2 нь захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, 1 нь захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэдэг хариу гарсан.

“М” ХХК-тай холбоотой 5 үндэслэл бүхий гомдол ирүүлсэн.

1-д материалыг нууцалж ирүүлсэн байна гэсэн байсан. ТШЗ-ын 23.5.3-д тендерт Хувь хүний нууцын тухай болон Байгууллагын нууцын тухай хуулиудаар ил болгохыг хориглосон мэдээллийг тусад нь албан бичгийн хамт ирүүлж болно гэж заасан байдаг. Энэ хүрээнд захиалагч шаардлагыг хангасан гэж үзээд, үнэлгээг харгалзаад явсан нь үндэслэлтэй байна гэдэг хариуг өгсөн.

2-т 2018 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй тухай гомдол дахин ирүүлсэн байсан. Өмнө нь 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаар албан бичгээр хариуг нь өгсөн учраас бид нар дахин хянаж үзэх боломжгүй гэж хариу өгсөн.

3-т тендерийн дээрх маягт болон итгэмжлэлийг эрх бүхий этгээд гарын үсгээрээ баталгаажуулаагүй гэж гомдол гаргасан. Үүний дагуу хянаж үзэхэд эрх бүхий этгээд баталгаажуулсан байсан. Тиймээс уг гомдол үндэслэлгүй, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэдэг байдлаар хариу өгсөн.

4-т тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан техникийн нотлох үзүүлэлтүүдийг ирүүлээгүй, мөн цахилгаан буюу И.1-д заасан заавал ирүүлэх ёстой үндсэн  үзүүлэлтийг бүрэн ирүүлээгүй, механик шугам хоолой буюу М-1-ийн 2.5, М-2-ийн 3.1, 3.2, 3.3, 3.5-ыг ирүүлээгүй гээд техникийн өгөгдөлтэй холбоотой мэдээллүүдийг заавал ирүүлэх ёстой байтал ирүүлээгүй байна гэж гомдолд дурдсан байсан. Бид нарийн мэргэжлийн хүмүүс биш учраас техникийн нөхцөлийн дагуу мэргэжлийн хүмүүс нь дахин батлаг гэдэг үүднээс “гомдолд ингэж дурдсан байна. Энэ хүрээнд дээрх асуудлыг нягталж үзнэ үү” гэдэг хариуг өгсөн. Тэгэхээр Сангийн яамыг энэ асуудалтай холбоотой тодорхой шийдвэр гаргаагүй гэж ойлгож болно.

5-д Тендерт түншлэл биш дангаараа оролцож байгаа. Тендерийн баримт бичигт заасан үндсэн шаардлагыг бүрэн хангах ёстой. Гэтэл туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан компаниудын тусгай зөвшөөрөл ижил төстэй ажлуудаар тендерийн гол шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзсэн шаардлагад нийцэхгүй байгаа тухай гомдол дурдаж ирүүлсэн. Тухайн асуудлыг мөн үнэлгээний хороог “тендерийн бичиг баримтад заасан үзүүлэлтийн дагуу нягталж үз” гэж хариу гаргаад тус тус хүргүүлээд, тендерийг дахин үнэлэх шийдвэрийг гаргаж хүргүүлсэн.

Сангийн яаманд олон дахин гомдол гараад тендерийн хүчинтэй хугацаа дуусчихлаа гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Сангийн яаманд гомдол гарсан тохиолдолд түдгэлзүүлсэн өдрөөс эхлээд хүчинтэй байх хугацаа зогсдог. Гомдол хянан шийдвэрлэгдсэнээр тухайн хугацаа үргэлжлээд тоологддог. Энэ талаар тендерийн гомдол бүрд бичдэг.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн Сангийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2 төрийн байгууллага хоорондоо албан бичиг дамжуулсаар байгаад цаг хугацаа өнгөрсөн гэж тайлбарлаж байна. Болсон процессыг харахад, Эрчим хүчний яамнаас зарласан түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээгээр хэрэгжих 450 мегаваттын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 мегаваттын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 06 дугаар сард зарлаад, 07 дугаар сард хүлээж аваад нээсэн. 2 компани оролцоод, захиалагчийн шийдвэрээр нэг нь шалгарсан. Оролцогч захиалагчийн шийдвэртэй санал нийлэхгүй байвал гомдол гаргана гэж хуульд заасан байдаг. Үүний дагуу Сангийн яам гомдлыг хүлээж авсан. Материалуудыг бүгдийг нь цаасаар хүлээж аваад, нягталж шалгаад гомдолд дурдсан асуудал бүрээр албан бичгийн хариуг хүргүүлсэн.

Маргаан бүхий акт буюу 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаар албан бичгээр энэ гомдлын хариуг хүргүүлсэн. “Ч” ХХК, “М” ХХК, “Б*******” ХХК-ийн компанийн түншлэл 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сангийн яаманд гаргасан гомдолдоо дурдсан асуудлуудыг албан бичиг дээр дурдсан. Өөрсдийг нь шалгаруулаагүй үйл баримтыг шалгуулъя гэсэн. Энэ түншлэлээс санхүүжилтийн саналд тусгагдсан нийт санхүүжилтийн зардлыг хямдруулсан мөнгөн урсгалын аргаар тооцоолж санхүүгийн саналыг харьцуулсан гэж байгаа юм. Гуравдагч этгээд “Манай компанийн үнэ 21 сая ам.доллароор бага байсан” гэж дурдсан байдаг. Тендерийн нээлт дээр харж байхад энэ түншлэлийн хувьд нэхэмжлэгч талаас 21 сая ам.доллароор бага байсан. Энэ үе шат нь шаардлагад нийцсэн гэж үзээд зөвхөн үнийн саналаар нь хямдруулсан мөнгөн урсгалын аргаар тооцоолоод энэ үндэслэлээр татгалзсан. Дараа нь “М*******” ХХК захиалагчийн боловсруулсан, баталсан тендерийн баримт бичигт тавьсан шалгуурыг хангахгүй байгаа тул шалгуулъя гэсэн. Гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ шаардлага хангаагүй байна. Сүүлийн 5 жилийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлсэн эсэх нь эргэлзээтэй байна. Сүүлийн 5 жилийн борлуулалтын орлогын нийлбэр нь санал болгосон үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна. Мөн санал болгосон инженер техникийн ажилтнууд туршлагын чадавхыг хангахгүй, ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын туршлага байхгүй. Тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлийг гомдолдоо дурдсан байсан. Уг үндэслэл тус бүрээр нь Сангийн яам хянаж үзсэн. “Ч” ХХК, “М” ХХК, “Б*******” ХХК энэ түншлэлээс татгалзсан асуудал нь их эргэлзээтэй. Яагаад захиалагчийг дахин нягтлахыг даалгасан бэ гэхээр, санхүүжилтийн зардлыг хямдруулсан мөнгөн урсгалын аргаар тооцоолсон тооцооллыг харахад excel программ дээр хүснэгтээр хийчихсэн байсан. Ямар аргачлалаар тооцоод тендерийн нээлтэд дурдагдсан үнэ өөр болсон нь ойлгомжгүй. Үүнийгээ тайлбарлаагүй байсан. Тиймээс нэг талд нь шийдвэрлэх боломжгүй юм байна гэж үзсэн. Учир нь хийсэн үнэлгээ нь ойлгомжгүй, ямар томьёолол, аргачлалаар тооцсон талаарх тайлбар байхгүй байсан. Үүнийг захиалагч тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 30.4-д санхүүжилтийн гэрээний хугацаа дуусах хүртэлх санхүүжилтийн нийт зардлын жил бүрийн мөнгөн урсгалыг хямдруулсан мөнгөн урсгалын аргаар хямдруулан тооцож харьцуулна. Жилийн хямдруулалтын хувь нь Олон Улсын валютын сангийн тогтоосон нэгтгэсэн хямдруулалтын хувь байна гэж байгаа юм. Жишээ нь, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар жилийн 5 хувь байна гээд шалгуур тавьсан байсан. Мөн үнэлгээ хийсэн аргачлал хурлын тэмдэглэлд байгаагүй. Тиймээс үүнийг нотлох нь зүйтэй гэж үзсэн.

Дараагийн гомдолд тусгай зөвшөөрөл байхгүй байна гэсэн байсан. Ирсэн материал дээр тусгай зөвшөөрөл байсан. “М” ХХК зураг төсөл боловсруулах болон барилга угсралт, туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэгч “П *******” ХХК, “Ч” ХХК компаниудаар туслан гүйцэтгэх гэрээтэй. Туслан гүйцэтгэгч нар өөр өөрийн гүйцэтгэх ажлынхаа хүрээнд тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байгаа. Нэлээн том ажил хамаарч байгаа учраас олон төрлийн тусгай зөвшөөрөл шаардагдаж байгаа. Цахилгааны, дулааны эх үүсвэр, даралтат сав, дулааны шугам хоолой, цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ажлын зураг төсөл боловсруулах, үйлдвэрийн барилга барих, зураг төслийг нь боловсруулах, ус хангамж, ариутгах татуургын системийн шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралт, туршилт тохируулгын ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр, даралтат сав, шугам болон цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилга угсралт болон түүний туршилт тохируулгын ажил гээд захиалагчийн тендерийн баримт бичигт заасан тусгай зөвшөөрлүүд байсан учраас энэ шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр зөв байна. Харин хангахгүй гэж үзэж гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Дараагийн асуудал нь инженер техникийн ажилтнуудтай холбогдож байгаа. Санал болгосон төслийн инженер J-ийн талаар дурдсан байсан. Энэ хүн боловсон хүчний анкет, холбогдох мэдээлэл дээрээ 15 жилийн туршлагатай, нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцын төслийг удирдаж ажилласан туршлагатай. Ерөнхий инженер W-ийн мэргэжлээрээ 30 жилийн туршлагатай байсан. “М*******” ХХК-ийн компанийн ирүүлсэн материалд үндэслээд энэ шаардлагыг хангаж байна гэж үзсэн. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 17.6.2-т ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэлд төслийн удирдагч эсхүл инженер, ерөнхий инженер нь 10-аас доошгүй жил мэргэжлээр ажилласан, үүнээс 150 мегавттаас багагүй нэг блокийн хүчин чадалтай дулааны станц барих төслийг удирдаж ажилласан туршлагатай байна гэдэг шалгуур тавьж байгаа. Гэхдээ нарийвчилсан нотлох баримт шаардаагүй учраас ирүүлсэн анкетын хүрээнд хянаж үзээд уг шаардлагыг нэхэмжлэгч тал хангасан гэж үзсэн. Тиймээс энэ шаардлагыг хангаагүй байж болзошгүй гэж ирүүлсэн гомдол үндэслэлгүй байна.

Мөн борлуулалтын орлогын нийлбэр хүрэхгүй байна гэдэг гомдол гаргасан. Ирүүлсэн материал буюу гомдолд дурдсанаар 2019-2022 оны санхүүгийн тайлангийн хүрээнд борлуулалтын орлого дундаж хангаж байгаа юу гэсэн байсан. Өөрөөр хэлбэл тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 17.2-т сүүлийн 5 жил буюу 2018, 2019, 2020, 2021, 2022 он гэж тухайлан зааж өгсөн. Эдгээр онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгосон үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна гэдэг шалгуурыг тавьсан. Тэгэхээр 2018 онд ирүүлээгүй учраас 2018 оныг 0 гэж үзээд, 2019, 2020, 2021, 2022 онуудын санхүүгийн тайлан ирсэн учраас энэ мэдээллийн хүрээнд борлуулалтын орлогуудыг санхүүгийн тайлангаас хараад дээрх 4 оны дунджийг гаргахад 1,1 сая ам.долларын борлуулалтын орлоготой байсан. Өөрөөр хэлбэл захиалагчийн санал болгосон үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна гэж заасан шалгуурыг хангаж байна гэж үзсэн. Тиймээс борлуулалтын орлогын нийлбэр шаардлага хангаагүй гэж гаргасан гомдол мөн үндэслэлгүй гэдэг байдлаар хариу өгсөн.

Гомдлын үндэслэлд “CIMB” банканд 20,5 сая ам.доллар, “Canadia” банканд 30,9 сая ам.доллар, “CAB” банканд 16,6 мянган ам.долларын дансны үлдэгдэлтэй тухай банкны тодорхойлолтууд, “CIMB” банкны 70 сая ам.долларын зээлийн шугамын гэрчилгээг тус тус хавсарган ирүүлсэн. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 17.2.5-д гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ санал болгосон үнийн дүнгийн 10 хувиас багагүй байна гэсэн байдаг. Тэгэхээр тухайн оролцогчийн өөрийнх нь санал болгосон үнийн дүнгийн 10 хувиас дээш байгаа учраас үнийн дүнгийн шаардлагыг хангаж байна гэж үзсэн. Тиймээс мөнгөн хөрөнгийн хэмжээ хангахгүй гэж гаргасан гомдол мөн үндэслэлгүй байна гэж үзсэн.

Санхүүгийн тайланг ирүүлээгүй байна, 5 жилийн санхүүгийн тайлан ирүүлэх ёстой байхаар тендерийн баримт бичигт заасан байдаг гээд энэ талаар шалгуулахаар гомдол гаргасан. Тэгэхээр тендерт 2019-2022 онуудын санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлсэн. Харин 2018 оны санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт ирээгүй байсан. Ирээгүй учраас захиалагчийн тендерийн баримт бичигт заасан ТШЗ-ын 17.3-д тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болох санхүүгийн тайлангийн хугацаа, санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо 5 жил, 2018, 2019, 2020, 2021, 2022 он гээд, санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагатай гэж үзээд шалгуураа тавьсан. Мөн аудитын дүгнэлт эсхүл тухайн Улсын эрх бүхий байгууллагаас санхүүгийн тайланг баталгаажуулсан баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ гэж захиалагч шаардсан байгаа. Энэ шаардлагын хүрээнд үзэхэд 2018 оны санхүүгийн тайлан байгаагүй учраас дээрх шаардлагыг шалгаруулсан компани хангахгүй байгаа тул захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзсэн.

Ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл гэж байгаа. Энэ талаарх нотлох баримтыг тендерт хавсарган ирүүлээгүй. Нэхэмжлэгч тал “манай туслан гүйцэтгэгч нар ажлын туршлагыг ирүүлсэн байсан. Тиймээс ирүүлээгүй гэж хянаж үзсэн Сангийн яамны шийдвэр хүчин төгөлдөр бус” гэж тайлбарлаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичигт заасан ижил төстэй ажил гүйцэтгэсэн ажлын туршлагын шаардлага хэнд хамаарах талаар тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 5.10-д тодорхой зааж өгсөн байдаг. Түншлэлийн гишүүн тус бүрийн гүйцэтгэх үүргийн доод хэмжээ, тендерт оролцогч нь түншлэл бол түншлэлийн гишүүн тус бүр гэрээний үнийн дүнгийн 10-аас доошгүй хувийг гүйцэтгэх үүрэгтэйгээр мөн ТШЗ-д дурдсан бусад шалгуурыг хангасан байх шаардлагатай гэж байгаа. Түншлэл байсан бол ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагад ирүүлсэн гэрээнүүд нь хангасан байх шаардлагатай гэдэг утгаараа ирүүлсэн байна гэж үзэж байгаа. “Митайм болоод 2 туслан гүйцэтгэгч хятад компани байгаа. ТШЗ-ын 5.10-д туслан гүйцэтгүүлэх бараа, ажил үйлчилгээний дээд хэмжээг хязгаарлахгүйгээр төлөөлөх эрх бүхий гишүүн нь туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг баталгаажуулж эх хувиар ирүүлнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл туслан гүйцэтгэгч ажиллуулж байгаа бол хэдэн хувийн ажлаа хийлгэх нь хамаарахгүй. Тэр хүрээндээ тусгай зөвшөөрөлтэй байх шалгуурыг хангаж байгаа.

Тендерийн баримт бичгийн зааварчилгаа хэсгийн 17.8-д туслан гүйцэтгэгч нь энэ зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагын өөрт холбогдох хэсгийг хангаж байгаа нотлох баримт бичгийг ирүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэ компанийн хувьд туршлагагүй учраас  туршлагатай 2 хятад компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг нь тендерт ирүүлсэн. ТШЗ-ын 17.9-д заасан болоод туршлагын чадавхтай холбоотой хэсэг нь туслан гүйцэтгэгчид хамаарахгүй болно гэсэн үг. ТШЗ-ын 5.10,  1 дүгээр бүлгийн 17.8, 17.9-д заасан байгаа. Түншлэл нь ТШЗ-ын 17.2, 17.6-д заасан доод шалгуур үзүүлэлт, шаардлагыг гишүүдийн тооноос үл хамааран хамтдаа бүрэн хангасан байна гэж байгаа. Хамтдаа гэхээр “М” ХХК түншлэл байхгүй учраас ганцаараа хангах ёстой гэсэн үг. Туслан гүйцэтгэгч хятад компаниудтай түншлэлийн гэрээ хийчихсэн байсан бол энэ хэсгийг хамтдаа хангасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй болно. Гэтэл туслан гүйцэтгэгчийн гэрээтэй. Тиймээс уг хэсгийг хангахгүй гэсэн үг. Учир нь түншлэлийн гэрээ биш, түншлэлийн гишүүн биш. Харин тусгай зөвшөөрлийн хувьд туслан гүйцэтгэгчийн хийлгэх ажилд хамаарч байгаа учраас тусгай зөвшөөрөл дээр нь хангаж байна гэж үзсэн. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын шаардлагыг хангахгүй байна гэж ингэж үзээд шийдвэрээр гаргасан.

Энэ шийдвэртэй холбогдуулан гаргасан захиалагчийн 08 дугаар сарын 16-ны өдрийн в/2716, в/2695 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлээд, энэ асуудлуудыг нягталж үзээд үнэлгээгээ дахин хий гэдэг шийдвэр гарсан.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн яамны 03/6241, 03/7259 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаар хэрэг үүссэн. 06 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа “эхний гомдлын 5, 6-р зүйл, 2-р дугаар гомдол хянан шийдвэрлэсэн албан бичгийн 4, 5-р зүйлийг хүчингүй болгоё” гэж тодруулсан байсан. Эхний гомдлыг хүлээн авч үзэхэд захиргааны акт гэж үзэх боломжгүй байна. Манай албан хаагчид энэ гомдлыг үндэслэлгүй байна гэж үзсэн. Нэхэмжлэл гаргасан огноо 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр. Сангийн яамны эхний шийдвэр 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гарсан. Энэ шийдвэртэй холбоотойгоор захиргааны хэрэг үүсэхдээ 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 9059 захирамжаар хэрэг үүссэн гэсэн үг.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бол 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг. Тэгэхээр хуульд заасан энэ хугацаа хангагдаагүй. Нэхэмжлэлийн эхний шаардлагыг шүүх хүлээж авах боломжгүй, энэ шаардлагын хүрээнд гомдол гаргах үндэслэл байхгүй.

 2 дугаар шаардлагын хүрээнд,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан шаардлагаар гаргасан байсан. Хэргийн баримтууд, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлүүд байгаа. Хурлын тэмдэглэл бүрд Сангийн яамнаас гаргасан шийдвэрийн дагуу үнэлгээний хороо хуралдаад, үйл явц өрнөөд, шийдвэр дахиад гарсан гэсэн үг. Тэрнээс биш манай яамнаас гаргасан шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн, эсхүл дордуулсан зүйл байхгүй. Эхний гомдол гаргасан шийдвэрийн хүрээнд авч үзсэн ч гэсэн үүний дагуу захиалагч үнэлгээний хороо хуралдаад дахиад гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл манайхаас гаргасан эхний шийдвэрийн хүрээнд ч мөн энэ компанийн эрх ашгийг дордуулсан зүйл байхгүй.

Үнэлгээний хороо, захиалагч нар хуулиараа тус тусдаа бие даасан чиг үүрэг хэрэгжүүлдэг. Үнэлгээний хорооны гаргасан. Үнэлгээний хороо үнэлэх, хянан үзэх шаардлагыг хэрэгжүүлээд, захиалагч шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзээд захиалагчийн шийдвэрээ гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл бидний шийдвэрээс үл хамаараад нэхэмжлэгчид дахин дахин энэ шийдвэрээ олгож байсан гэсэн үг.

2 дахь гомдлын хүрээнд, хурлын тэмдэглэлүүдээс үзэхэд захиалагч үнэлгээний хороо мөн адил өмнөх шийдвэрээ гаргах хүсэл зоригтой байгаа нь тодорхой харагдаж байсан. Гэхдээ манай шийдвэрээс үл хамаараад хүчинтэй байх хугацаатай холбоотойгоор тухайн компаниас татгалзсан асуудал байгаа. Хүчинтэй байх хугацаатай холбоотойгоор нэхэмжлэгч 2 асуудлыг үндэслэн тайлбарлаад байгаа. 1-т ямар үндэслэлээр гомдол гараад байгаа нь тодорхойгүй.  2-т талуудад мэдэгдэхгүй байна гэсэн асуудлыг ярьсан. Гомдол гаргах эрхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Энэ хуулийн дагуу гаргасан Сангийн сайдын 2019 оны хэм хэмжээ тогтоосон акт байгаа. Гомдол хянан шийдвэрлэх журмын 4.6-д Сангийн яам тендер шалгаруулалттай холбогдуулан гомдол гаргасан тухай захиалагчид утсаар, албан бичгээр, эсхүл цахим системээр дамжуулан мэдэгдэх бөгөөд захиалагч мэдсэн даруйд нь түр түдгэлзүүлсэн тендер шалгаруулалтыг зогсоох, гомдол гаргагчийг тендерийн баталгааг чөлөөлөхгүй байх ба энэ журмын 5.1-д заасан баримт бичгийг 3 хоногт Сангийн яаманд хүргүүлнэ. 4.7-д захиалагч сангийн яамнаас түр түдгэлзүүлэх тухай мэдэгдэл хүлээн авсан бол энэ журмын 2.3-д заасны дагуу оролцогчид мэдээлнэ гэж тодорхой заасан байдаг. Тэгэхээр бидний зүгээс тус журамд заасны дагуу гомдол гарсан талаар захиалагчид мэдэгдсэн. Үүний дагуу албан бичгийг явуулсан. Тодруулбал 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 03/6143,  2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/6980 дугаар албан бичгүүдээр түдгэлзүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.10-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэх хугацаанд энэ хуулийн 29.1-д заасан хугацаа түр зогсоно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл үүнтэй холбоотой захиалагчийн гаргах шийдвэрийн хүрээнд тендерийн хүчинтэй байх хугацаа зогсчихсон. Нэхэмжлэгч компанийн тендерийн хүчинтэй байх хугацааг албаар, эс үйлдэхүй гаргах гэх мэтээр ямар нэг байдлаар удаашруулсан зүйл байхгүй. Заасан хугацаа нь хуульд зааснаар зогссон. Үүний дагуу шийдвэр гаргаад, холбогдох шийдвэрээ хуанлийн 14 хоногийн дотор хянан үзэх процесс нь байгаа. Тиймээс дээрх агуулгаар тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй.

Тус яаманд гуравдагч этгээдийн зүгээс 2 удаа гомдол гаргасан. Гомдлын хүрээнд бид нар гомдолд заасан шаардлагууд бүрэн хангагдаж байвал хүлээн авдаг учраас тус гомдлыг хүлээн авсан. Тэрнээс биш өмнө шийдвэрлэсэн асуудлуудыг дахин хүлээн аваад байсан асуудал байхгүй. 2 дахь гомдол дээр өмнө шийдвэрлэсэн асуудал байна гээд хуулийн заалтаа бичээд хуулийн 55.3-д заасны дагуу  шийдвэрлэх боломжгүй талаар бичиж байсан.  Гомдол гаргагчийн гомдол өөр өөр асуудлууд байсан учраас хянаж үзсэн гэсэн үг.

2 дахь шийдвэрийн 4, 5 дугаар зүйлийг хүчингүй болгоё гэдгийг нь тодруулаад байна л даа. Энэ нь Захиргааны ерөнхий хулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны актын шинжийг хангахгүй. Тэгэхээр манай гаргасан шийдвэрүүдийн зөвхөн дахин үнэлгээ хийлгэхтэй холбоотой, өөрийн компанийн холбогдох хэсгийг нь хүчингүй болгоно гэсэн ойлголт байхгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын үндсэн 4 шинжийг хангаж чадахгүй. Энэ компанийн гаргаж байгаа нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд бол хамаарахгүй. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Аливаа шийдвэрээс өөрт таалагдахгүй байгаа хэсгийг нь хүчингүй болгуулна гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл хуульд заасан зарчим гэж юм байна. Захиалагчийн зүгээс хариуцлагатай байх буюу захиалагч, гомдол хянаж байгаа байгууллагуудын хувьд хариуцлагатай байх зарчим байна. Бүх оролцогчдод өрсөлдөх тэгш боломжийг олгох ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” 450 МВТ-ын цахилгаан станцын тендер ямар учиртай, ямар түүхтэй талаар болон тендер зарлагдахаас өмнө тендерийн бичиг баримтад ямар өөрчлөлт орсон талаар дэлгэрэнгүй тайлбарлая. Энэ тендер 2022 оноос эхлээд зарлагдсан. Одоо маргаан үүсээд байгаа тендер 3 дахь зарлалт. Эхлээд зарлахад гуравдагч этгээдээр орж байгаа “М” ХХК Хятад Улсын нэг компанитай түншлээд орж байсан. Эрчим хүчний яам тухайн компанийн туршлага, чадавх зэргийг үнэлээд болохгүй байна гээд татгалзсан. Гуравдагч этгээд тухайн үед Сангийн яаманд гомдол гаргахад Эрчим хүчний яам зөв үнэлсэн байна гэдэг шийдвэрийг Сангийн яам гаргаж байсан. 2 дахь удаа зарлахад гуравдагч этгээд Хятад Улсын өмнөх компанитайгаа түншлээд ганцхан компани дахин орж ирсэн. Өмнөх дээр ч ганц компани орж ирсэн, 2 дахь удаа зарлахад ч ганц энэ компани Хятад Улсын нэг компанитай түншлээд орж ирсэн. Эрчим хүчний материалыг нь үзээд, энэ бол цахилгаан станц барих тендер. Гэтэл Хятад Улсын компани нь зөвхөн дулааны станц барих туршлагатай юм байна, цахилгаан станцын туршлагагүй юм байна гээд тухайн үед татгалзаж байсан. Бас гомдол гаргаад, Эрчим хүчний яам зөв үнэлсэн байна гэдэг хариуг Сангийн яам өгсөн. 2 удаа амжилтгүй болчихсон. Энэ тендерийг олон компани сонирхож байсан хэр нь яагаад тендерт ганцхан оролцогчтой ороод 2 удаа амжилтгүй болсон талаар анализ хийсэн. Ингэхэд дараах шалтгаанууд гарч ирсэн. 1-д 2021 онд Бүгд Найрамдах Хятад Улсын дарга Ш “гадаадын улс орнууд руу нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг санхүүжүүлэхгүй, тэрийг дэмжихгүй” гэдэг амлалтыг өгчихсөн. Энэ амлалтыг Хятадын төрийн захиргааны бүх байгууллагууд мөрдлөг болгоод биелэлтийг нь хангаад явж байгаа. Тэгэхээр Хятад Улсын ямар нэг компани Монгол Улсын тендерийг авч хийх нь төрийн бодлогынх нь эсрэг, боломжгүй зүйл гэдэг нь ойлгомжтой болж байна. Энэ тендерт барууны орнууд орохгүй. Барууны орнууд бүгд нүүрснээс татгалзчихсан, орох боломжтой нь БНХАУ-ын болон ОХУ-ын компаниуд байсан. ОХУ-ын компаниуд оролцохгүй байна. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. Ш даргын мэдэгдлээс болоод БНХАУ-ын компаниуд бас орохгүй болж байгаа юм. Гэтэл БНХАУ-ын нүүрсээр ажилладаг цахилгаан станц барьдаг хамгийн том компаниудын нэг “Д *******” ХХК-иас Монгол Улсын Ерөнхий сайдад албан бичиг ирсэн. Тус албан бичигт Хятадын нүүрсний станцын тэргүүлэх компаниуд яагаад Тн станцын тендерт орж чадахгүй байгаа талаар маш тодорхой тайлбарласан байсан. “БНХАУ 100 сая доллароос дээш хөрөнгийг гадаадын улсууд руу гаргаж төсөл хэрэгжүүлэхэд холбогдох төрийн байгууллагаасаа зөвшөөрөл авдаг. Төрийн тэргүүний дээрх мэдэгдлээс шалтгаалаад бидэнд зөвшөөрөл олгохгүй. Тиймээс БНХАУ-ын тэргүүлэгч эрчим хүчний цахилгаан станц барьдаг компаниуд үндсэн гэрээлэгчээр буюу түншлэлийн аль нэг гишүүн болж Тн тендерт орох ямар ч боломжгүй байгаа учраас өмнөх 2 тендерт оролцоогүй. Тендерт шалгарсан компанийн туслан гүйцэтгэгч болж орох ганц боломж байна” гээд маш тодорхой тайлбарласан бичгүүд ирүүлсэн. Энэ дээр үндэслээд өмнө нь “М” ХХК 2 удаа тендерт ороод амжилтгүй болсон байна шүү дээ. Эдгээр хүмүүст “Д *******” ХХК шиг чадавх бүхий түншүүд олдохгүй байсан гэсэн үг. Туршлага муутай БНХАУ-ын компанийг оролцуулаад тендерт оролцсон, тэр нь шаардлага хангаагүй, тендерт 2 удаа амжилтгүй оролцсон байсан. Монгол Улсад  450 МВТ-ын цахилгаан станц барьсан туршлагатай компани байхгүй, тэрбум доллар гаргах санхүүжилтийн боломжтой компани байхгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ утгаараа гадаад Улсын компаниуд орж байгаа. Энэ нөхцөл байдалд дүгнэлт хийгээд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Эрчим хүчний сайдаас Сангийн сайдад зөвшөөрөл авах тухай албан бичиг явуулсан. Тус албан бичигт 2 удаагийн тендер яагаад амжилтгүй болсон талаар тодорхой тайлбарласан. “Д ХХК-иас Ерөнхий сайдад ирүүлсэн албан бичгийг бас хавсаргасан. Мөн тендерийн жишиг бичиг баримтад тодорхой өөрчлөлт оруулахгүй бол болохгүй байна гээд өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн. 1-т тухайн ажлын 10 хүртэлх хувийг туслан гүйцэтгэгч хийж болдог. Гэтэл цахилгаан станц нэг компанийн хийчих ажил биш, олон компаниуд оролцож хийдэг цогц төсөл. Тэгэхээр  зуухыг нь нийлүүлээд барих компани гэхэд бараг тухайн ажлын 30, 40 хувийг хийчих гээд байдаг. Тиймээс туслан гүйцэтгэгчийн хийх ажлыг 10 хувь гэж заагаад хязгаарлачихсан заалтыг хасаж өгнө үү гэж хүссэн. Мөн туслан гүйцэтгэгчийн туршлага, үзүүлэлтийг тендерийн үнэлгээнд харгалзахгүй байна. Энийг тендерийн үнэлгээнд харгалзахаар болгож өөрчлөлт оруулж өгөөч гэсэн 2 чиглэлээр хүсэлт гаргаж хүргүүлсэн. “Д *******” ХХК-иас ирүүлсэн албан бичгийг үндэслээд гаргасан гэсэн үг. БНХАУ-ын томоохон компаниуд зөвхөн туслан гүйцэтгэгчээр тус тендерт орох боломж байна гэсэн байсан шүү дээ. Гуравдагч этгээдээр орж байгаа компани болон бусад компаниудад боломж болно. Харин ч энэ тендерт өрсөлдөөн үүсээд үнэ нь хямдрах боломжийг нээх үүднээс дээрх өөрчлөлтийг хийлгэх хүсэлт хүргүүлсэн юм.  Үүний дагуу 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сангийн сайд зөвхөн энэ тендертэй холбоотойгоор тендерийн жишиг бичиг баримтад өөрчлөлт оруулсан. Тендерийн жишиг бичиг баримт дээр байсан туслан гүйцэтгэгчийг хязгаарласан заалтуудыг авч байхгүй болгосон. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд зааж болно гэж. Өөрөөр хэлбэл 10 хувийн хязгаарлалт тогтоосон байсныг больсон. Үүний дагуу Сангийн яамнаас баталсан өөрчилсөн тендерийн жишиг баримтыг ашиглаад тендерээ бэлдсэн. Энэ дээр туслан гүйцэтгэгч 100 хувь энэ ажлыг хийж болно гэсэн өөрчлөлтийг оруулсан. “Э******* Т” ХК энэ төслийн 30 хувийн санхүүжилтийг гаргана, 70 хувийн санхүүжилтийг шалгарсан гүйцэтгэгч гаргана.

Өөрөөр хэлбэл шалгарсан гүйцэтгэгч ойролцоогоор 500 сая доллар олж ирээд энэ станцыг барина гэсэн үг. “Э******* Т” ХК 200 гаруй сая долларыг өгнө. Энэ тендер зөвхөн барилга угсралтын тендер биш, бас санхүүжилт олж ирж санхүүжүүлэх тендер юм. Тиймээс тендерийн нэр хүртэл өөр. Т 450МВТ-ын дулааны цахилгаан станцын 300МВТ-ын гүйцэтгэгч, санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендер нэртэйгээр зарлагдсан. Зарлаж байгаа шалтгаан нь БНХАУ-аас мөнгө орж ирэхгүй байна. Барууны орнууд нүүрсэнд мөнгө оруулахгүй, ОХУ-ын компаниуд тоохгүй байна. Монгол улсад мөнгө байхгүй. Тэгэхээр цахилгаан станц барьдаг туршлагатай ямар нэг компани энэ санхүүжилтийг олж ирэх боломжгүй болчхож байгаа юм. Тиймээс төсөл хэрэгжүүлэх боломжтой, санхүүгийн чадавхтай, энд тэндээс санхүүжилт татаад ирэх боломжтой компани орог. Дээрээс нь цахилгаан станц барих боломжтой, туршлага бүхий компани буюу БНХАУ-ын компаниуд үндсэн гэрээлэгч биш туслан гүйцэтгэгч болоод ард нь нуугдаад ороод ирэг. Туршлагыг нь үнэлгээндээ харгалзаад үзье гэж байгаа юм. Ийм агуулгаар энэ тендерийг зарласан юм. Тендерийн бичиг баримтын нүүрийг нь харвал Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч болон санхүүжүүлэгчийг сонгон шалгаруулах тендер гэж байгаа.

Энэ тендерт “М” ХХК, “М” ХХК БНХАУ-ын компанитай түншлэл болоод 2 этгээд орж ирсэн. Үнэлгээний хороо тендерийн хамгийн сүүлийн жишиг баримтын дагуу үнэлгээгээ хийсэн. Талууд Сангийн яамны гомдол хянасан тухай баримтуудыг харж тайлбар хэлж байна. Хамгийн эхний 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гуравдагч этгээдээс гаргасан гомдлын дагуу тендерийн материалыг татаж үзээд гомдол хянасан албан бичгээ ирүүлсэн. Санхүүгийн тооцооллыг яаж хийсэн нь мэдэгдэхгүй баахан техникийн юмнууд, эд нар гээд байгаа юм. Бид нар гомдол гарангуут бүгдээрээ бэлэн байсан. Яагаад гэвэл энэ бол зүгээр нэг сургуулийн дотуур байрны тендер биш, цэцэрлэгийн тендер биш цахилгаан станцын төрөл бүрийн чадавх шаардсан техникийн айхтар тендер байгаа юм.

Дуудахаар нь очоод тайлбарлан гэсэн хүлээлттэй байсан 2 удаа хандахдаа нэг ч дуудаагүй зүгээр материалаа аваад ир ээ л гэдэг материалыг нь аваачиж өгсөн, янз бүрийн техникийн ойлгомжгүй, санхүүгийн ойлгомжгүй юмыг бид нараас асуух боломжтой гэсэн харамсалтай нь юм асуугаагүй. Энийг бид нар ерөөсөө огт ойлгоогүй.

За хамгийн эхний үнэлэлт нь түрүүн гуравдагч этгээд маань хэлээд байна, эхлээд бид нарыг болж байна гээд үнэлчхээд дараа нь болохгүй байна гэж үнэлсэн гээд тайлбарлаад байна. Эхлээд эд нарыг яагаад болж байна гэж үнэлсэн юм бэ гэхээр холбогдох байгууллагуудаасаа шийдвэр хүлээгээд хариугаа авч чадаагүй. Бид нар эхлээд энэ 2 компанийн ирүүлсэн баримтаас санхүүгийн саналыг нь үнэлсэн. Яагаад гэвэл 70%-ийн санхүүжилтийг нь өөрсдөө олж ирж энэ станцыг барина гэсэн тендер байсан. Өөрөөр хэлбэл санхүүжүүлэгчийг шалгаруулах гэж байгаа ийм тендер. “М” ХХК компани болохоор Малайзын нэр бүхий компаниас зээл авна гэсэн. Тухайн компанийг бид нар зээл олгох хүсэлтэй ирүүлчихсэн байсан. Гуравдагч этгээдийн хувьд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зах зээлд 5 толгойн цахилгаан станцыг барих асуудлаар бонд гаргаж мөнгө босгоод тэрүүгээрээ 70%-ийн үлдэгдэл 70%-ийн санхүүжилт энэ төслийг хэрэгжүүлнэ гэсэн байсан. За бонд босгох, бонд босгох үндсэн гол үндэслэл нь Э******* 5 толгой компанийн 500 сая долларын баталгааг нэр хүнд бүхий компаниар гаргасан тохиолдолд Бонд босно гэсэн маш тодорхой бичиг, санал бүхий тендерийн материал ирүүлсэн 500 сая доллар. Учир мэдэх санхүүгийн ойлголттой улсууд болохоор Монголын бүх банкнууд нийлээд ч энэ 500 сая долларыг гаргаж чадахгүй гэж хэлж байсан.

Хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “үнэлгээний хороо байнгын бус үйл ажиллагаатай байна”. 50.11-д “Үнэлгээний хороо тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар захиалагчаас бусад этгээдтэй харилцахыг хориглоно”, 50.12-т “Үнэлгээний хороо шаардлагатай асуудлаар захиалагчаар дамжуулан харилцана” гэж тус тус заасан байдаг. Дээрх хуульд заасны дагуу үнэлгээний хороо зөвхөн захиалагчид тендерийн үнэлгээтэй холбоотой асуудлыг танилцуулж, захиалагч эцсийн шийдвэр гаргаж, тендерийн оролцогчдод мэдэгдэл хүргүүлдэг.

Өөрөөр хэлбэл, үнэлгээний хорооны зөвлөмжийг үзээд зөвшөөрөх эсэх асуудал нь захиалагчийн эрх хэмжээний асуудал. Захиалагч дахин үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл үнэлгээний хороо руу буцааж болно. Үнэлгээний хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу захиалагч мэдэгдлээ гаргаад тендерт оролцогч нарт хүргэж байгаа. Энэ нь үндсэндээ захиалагчийн шийдвэр гэсэн үг.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан байдаг. Үнэлгээний хороо захиргааны байгууллага биш байнгын бус үйл ажиллагаатай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шаардлагатай асуудлаар захиалагчаар дамжуулан харилцдаг тул үнэлгээний хорооны тэмдэглэлийг захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тын 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нэхэмжлэл, 11 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, өмнөх шүүх хуралдааны үеэр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудаар манай түншлэлийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Манайх Эрчим хүчний яамнаас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зарласан “Т” цахилгаан станцын тендерт Хятад Улсын 2 компани, Монгол Улсын 1 компани түншлэл болж оролцсон. Нөгөө талаас Камбожийн хаант улсад бүртгэлтэй “М” ХХК өрсөлдөн тендерт оролцсон. Манайх 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тендерийн маягт хэсгийг үндэслэж хуульд заасан хугацаанд тендерийн материалуудаа бүрэн бүрдүүлснээр тендерийн оролцогч болж энэхүү хэрэгт бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хүртлээ процесс ажиллагаанд оролцоод явж байна.

Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаар албан бичиг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн гомдол хянасан 03/7259 дугаар албан бичгүүдийн холбогдох заалтууд буюу манай гомдлыг хангасан хэсгүүдийг хүчингүй болгуулах гээд байгаа. Тийм учраас манай эрх ашиг зөрчигдөөд байгаа.

Гомдлыг тайлбарлахад, Сангийн яамны гомдол хянасан шийдвэрүүд холбогдох хууль, журмын дагуу гарсан талаар Сангийн яамны 3 төлөөлөгч дэлгэрэнгүй ярьсан. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дүгээр албан бичигт 2018 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт байхгүй гэж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаа гэж тайлбарлаад байна. Энэ компани Камбожийн хаант улсад 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан талаарх Улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт нотлох баримтаар авагдсан. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан учраас бүтэн жилийн эхний 2 улирал нь дуусчихсан гэж үзэж байгаа. Тэгэхээр 2018 оны санхүүгийн тайлан байхгүй нь хөдөлшгүй үнэн. 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Монголд үүсгэн байгуулагдсан юм байна лээ.

2023 оны нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг нь татаад үзэхээр “М” ХХК-иас дөрвөн ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байгаа юм. Компанийнх нь хаягийг Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллүүдээс хайгаад үзэхээр “Р” гээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах орон сууцанд хаягтай байсан. Бид тендерт ялсан компанийн талаар интернэт орчинд болоод боломжит байдлуудаар хайгаад үзэхэд веб сайт байгаагүй. Энэ компанийн талаарх ямар нэг мэдээлэл байхгүй. Санхүүгийн нотлох баримтуудтай танилцъя гээд Эрчим хүчний яаманд хандахаар нууц гэдэг. Сүүлд санхүүгийн нотлох баримтуудтай нь танилцахад маш ноцтой асуудлууд гарч ирсэн. Энэ талаар нотлох баримт шинжлэн судлах үе шатанд ярья. 70 сая долларын зээл олгох гэж байна гэдэг бичиг ирсэн. Энэ нь 70 сая долларын зээл биш зүгээр банкны бичиг байсан гэх мэт асуудлууд байгаа. 2018 оны санхүүгийн тайлан байхгүй нь үүсгэн байгуулагдсан гэрчилгээгээрээ нотлогдож байна. Мөн Сангийн яаманд гомдол хянан шийдвэрлүүлсэн процессын хүрээнд ирсэн бичгүүдтэй танилцахад 2019 он дээрээ нэгтгээд гаргачихсан байсан.

Захиалагч 2018-2022 он хүртэл 5 жилийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулснаар авна гэж байгаа. Төлбөрийн чадвартай, хариуцлагатай цахилгаан станц барих хэмжээний тендерт оролцогчийг захиалагч хүссэн гэсэн үг.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д санхүүгийн чадавхыг үнэлнэ гэж байгаа. Тэгэхээр захиалагчийн тогтоосон санхүүгийн чадавхыг ирүүлээгүй л бол энэ шаардлагыг хангахгүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан нөхцөл байдал шууд үүссэн гэсэн үг.

Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.3-т 5 жил гэж заасан байдаг. Энэ шаардлагыг хангахгүй гэдэг нь тодорхой болж байна. Тиймээс манай түншлэлийн гаргасан гомдлыг хянасан Сангийн яамны шийдвэрийн 5 дахь хэсэг хууль ёсны байсан гэдэг нь холбогдох нотлох баримтуудаар баталгаажиж байна.

“М” ХХК  2022 онд Монголд охин компани буюу гадаадын хөрөнгө оруулалттай компанид бүртгүүлсэн нь нээлттэй мэдээллээр харагдаж байгаа. Тендерийн баримт бичигт зааснаар сүүлийн 10 жилд ижил төстэй ажил гүйцэтгэсэн, тендерийн баримт бичигт заасан хүчин чадлаас дээш хэмжээтэй цахилгаан станц барьсан байхыг шаардаж байгаа. Тэгэхлээр тус компани байгуулагдсан 2018 оноос хойш 10 жилийг тоолохоор ямар ч боломжгүй асуудал. 2028 он хүртэл хийх ёстой ажлууд нь шаардлагатай болно гэсэн үг шүү дээ. Тиймээс энэ шаардлагыг  бас хангахгүй байна. ТШЗ-ын 17.6.4-д ижил төстэй гүйцэтгэсэн ажил сүүлийн 10 жилд барьсан гээд маягт 6-8 дээр бөглөж ирүүлэх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нэг бүрчлэн танилцсан. Маягт 6-8 дээр нь хийсэн ажлуудаа ирүүлсэн эсэхийг үзэхэд Эрчим хүчний яамнаас ирсэн 10 дугаартай хавтаст хэргийн 64 дүгээр хуудсан дээр “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг гээд ТШЗ-ын 17.6 нийт 6 ажил жагсаагаад бичсэн байсан. Энэ 6 ажилд “М” ХХК байхгүй. “П” гэдэг Хятад Улсын энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани байсан.

Хурлын тэмдэглэлүүдийг уншвал маш дэлгэрэнгүй харагдана. “П” компанийн хийсэн ажлаар бид нар ТШЗ-ын 17.6-д заасан сүүлийн 10 жилийн шаардлагаа хангаж байгаа юм гэдэг байдлаар Эрчим хүчний яамныхан үнэлгээнийхээ тайланд оруулсан байсан. Энэ нь боломжгүй юм. Сангийн яамны төлөөлөгч Б.Сгийн тайлбарлаж байгаагаар “М” ХХК тендерт оролцогч, тендерт оролцогч тендерийн баримт бичиг, тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагуудаа дангаараа хангах ёстой. Дангаараа хангаж чадаагүй учраас тендерт оролцогч биш гэж үзэх нөхцөл байдал үүсэж байна.

Энэ дээр үнэлгээний хорооны 11 гишүүд өөр өөр байдлаар тайлбарладаг.  Хийсэн гээд байгаа 6 ажил дотор “М” ХХК-ийн нэртэй нэг ч ажил байхгүй. “М” ХХК тендер шалгаруулалтын зааварт заасан ажлыг хийгээгүй гэдэг нь баталгаажиж байгаа. Харин манай түншлэл нийт 9 ажлын зааварчилгаа, гэрээнүүд өгсөн, энийг шаардлага хангасан гэж дүгнэсэн байсан. “М” ХХК энэ тендерт оролцохдоо 11 туслан гүйцэтгэгч компанитайгаар ганцаараа орсон. Манайх түншлэлээр 3 компани оролцсон. “М” ХХК тендерийн шалгаруулалтын баримт бичиг, хуульд зааснаар бүх шаардлагуудаа өөрөө хангах ёстой байсан гэдэг нь баталгаажиж байгаа.

Мөн тендерийн баримт бичгийн 5.1-д туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх ажил гүйцэтгэлийн нийт хэмжээ нь 10 хувиас хэтрэхгүй гэж байгаа. Гэтэл энэ компани бүх ажлаа туслан гүйцэтгэгч 11 компаниар хийлгэх гээд байна шүү дээ. Тиймээс гомдолд дурдсан сүүлийн 10 жилд хийсэн ажил маягт 6-8-д байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т зааснаар шаардлага хангахгүй гэдэг нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл ижил төстэй 6 ажлын тухайд “М” ХХК өөрөө байхгүй учраас шаардлага хангахгүй.

Манай түншлэлийн гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авч, тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д зааснаар гэрээ байгуулахыг эрх олгосон, тендерээс татгалзсан үндэслэлүүдийг бүгдийг нь хүчингүй болгочхож байгаа. Хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д зааснаар дахин үнэлэхийг үүрэг болгосон. Дахин үнэлэх үйл явцыг бид ажиглаж байсан. Гэхдээ энэ дээр гэрээ байгуулах эрхийг нь хүчингүй болгосон “М” ХХК хуулийн 56.1-д зааснаар бол шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан ч гомдол гаргаагүй. Энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон гэдгийг Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дууссан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 55.2-т заасан хугацаанд шийдвэрийг эс зөвшөөрвөл тендерт оролцогч шүүхэд гомдол гаргаж болно гэж байгаа. Тэгэхээр 09 дүгээр сарын 5-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Энэ эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэсэн үг.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.4-д заасан 30 хоногт багтаан гомдлоо гаргаагүй. “Бид нар Сангийн яамны шийдвэрийг мэдээгүй” гэж тайлбарлаад байна. Тендерт оролцогч нар гомдол гаргахад Сангийн яам сайдынхаа 2019 оны 131 дугаар тушаалын 4.7-д зааснаар Эрчим хүчний яаманд мэдэгдэж байгаа. Эрчим хүчний яам тендерт оролцогч нарт мэдэгдэж байгаа. Мэдэгдсэн албан бичиг хавтаст хэрэгт нотлох баримтаар ирсэн байгаа. Тиймээс мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан нөхцөл байдал байхгүй. Хуульд заасан гомдол гаргах 30 хоногийн хугацаа дууссан учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Сангийн яамны албан бичиг хуулийн хүчин төгөлдөр болж энэ асуудлаар хэн нэг этгээд гомдол гаргах боломжгүй болсон.

Нэхэмжлэлийн шаардлагад Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгийг дурдаад байгаа. Тус албан бичигт мөн шийдвэрийн 2, 4, 5 гээд манай түншлэлийн гомдолтой холбогдолтой хэсгүүдийг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаад байна. Өмнө нь шийдвэрлэсэн асуудлаар гомдол гаргасан бол бид дахиж хянахгүй гэж Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж байна. Энэ тайлбартай санал нэг байна. 2018 оны тайлан байхгүй гэдэг асуудлыг өмнө шийдвэрлэсэн зүйл байхгүй гэсэн үг. Дахин нягтлах шаардлагатай асуудлууд гээд гомдлын 4, 5 дээр байгаа. Энэ талаар Сангийн яамны төлөөлөгч нар “бид мэргэжлийн бус хүмүүс учраас мэргэжлийн үнэлгээний хороогоор нь дахин нягтлуулъя гэж хариу өгсөн” гэдэг байдлаар тайлбарлаж байна. Гэхдээ манай гомдлыг хангасан ч биш, хангаагүй ч биш. Энэ асуудлыг нь шийдвэрлээд хариу өгөөрэй гэдэг байдлаар бичсэн юм.

Үүний эцсийн үр дагаварт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д зааснаар хүчингүй болгоод, 55.3.3-д зааснаар дахиад үнэл гэсэн шийдвэр гарсан.

Эрчим хүчний яам, үнэлгээний хороо яаж нөхцөл байдлуудыг гуйвуулж, мушгидаг талаар тайлбарлая.

Анхны үнэлгээний хорооны хурал болоход, тендерийг хянах гээд хүснэгт 72 дугаар хуудсан дээр байгаа. Үүнд ерөнхий нөхцөлийг хангасан эсэх дээр тийм, түншлэл гэрээг хэрэгжүүлэх чадвартай эсэх дээр тийм, түншлэл тендерийн иж бүрдэл хангасан эсэх дээр тийм, гарын үсэг зурсан итгэмжлэл байгаа эсэх дээр тийм, тендерийн баталгаа байгаа эсэх дээр тийм, ажлын тоо хэмжээ бүрэн эсэх дээр тийм, тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангасан эсэх дээр тийм, тендерийн шаардлагад нийцсэн эсэх дээр тийм гээд манай компанийн тендер бүх шаардлагыг хангасан нь Сангийн яам, Эрчим хүчний яамнаас шүүхэд ирүүлсэн 10 дугаартай хавтаст хэргийн 72 дугаар хуудсан дээр байна.

Энэ дээр үнэлгээний хорооны дарга Б.Е, Б.М зэрэг 11 хүн гарын үсэг зурсан. Энэ үнэлгээний хорооны гишүүд тендерийн үнэлгээг хүчингүй болгох хүртэл солигдоогүй. Сангийн яам шийдвэрээ гаргаад, дахин үнэлгээ хийхээр үнэлгээний хороо өмнөхтэйгөө ижил тендерийн баримт бичиг дээр өмнөх бүрэлдэхүүнтэйгээр хуралдахдаа гэрээг хэрэгжүүлэх чадвартай эсэх дээр үгүй, тендерийн баримт бичигт заасан шаардлага хангасан эсэх дээр үгүй, тендерийн шаардлагад нийцсэн эсэх дээр үгүй гэсэн байсан.

Өөрөөр хэлбэл үнэлгээний хороо нэг асуудлаар 2 хуралдахдаа 2 өөр шийдвэр гаргаж манай компанийн эрх ашгийг зөрчсөн. Тиймээс бид дахин Сангийн яаманд гомдол гаргаад процесс ажиллагаанууд хийгдээд өнөөдөр энэ шүүх хуралдааны танхимд ирсэн байна. Мөн Эрчим хүчний яамны мэдэгдлийн тухай ярьж байна. Эрчим хүчний яамнаас манайд 3 удаа мэдэгдэл ирүүлсэн. Түдгэлзүүлсэн 2 мэдэгдэл гээд нийт 5 удаа мэдэгдэл ирсэн. 2 дээр нь шалгараагүй, нэг дээр нь хүчингүй болгосон, 2 дээр нь түдгэлзүүлсэн талаар байгаа. Эрчим хүчний яамнаас тайлбар  хүлээж авах бичиг ирүүлээгүй учраас бид Сангийн яаманд гомдол гаргаж байсан. Сангийн яам хууль дүрмийнхээ дагуу гомдлуудыг хянаж байсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хугацаа дууссан асуудал дээр Эрчим хүчний яамныхан тайлбараа хэлж байна. Үүнтэй нэхэмжлэгчийн хувьд санал нэг байна. “М” ХХК өөрөө буруутай талаар тайлбарлая. Энэ компанийн туслан гүйцэтгэгч 11 компани байгаа. Тендер шалгаруулалтын процесс үргэлжилж байх явцад “Д *******” ХХК-иас Эрчим хүчний яаманд бичиг ирсэн.

Тус бичгийн агуулгад “Д******* *******” ХХК-ийн тамгатай “Манай компани “М” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр “Т” цахилгаан станцын тендерт оролцож байгаа талаарх мэдээллийг бид авлаа. Бид албан ёсоор туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж тендерт оролцоогүй. Танай Засгийн газарт хандаж байсан ёсоор “Т” цахилгаан станцыг барих сонирхолтой байгаагаа үүгээр илэрхийлж байна” гэсэн байсан. 3 дахь үнэлгээний хорооны хурлаас өмнө ирүүлсэн.

Гэтэл Эрчим хүчний яам “Д******* *******” ХХК-руу биш “М” ХХК-руу бичиг явуулсан. Үүний хариуд “М” ХХК “Д******* *******” ХХК-иас тодруулга авахад хэлтэс хоорондын алдаа гарсан байна. Тийм учраас манай компани хууль ёсны туслан гүйцэтгэгч нь мөн юм” гэсэн тайлбарыг өгсөн байсан. Энэ бичгүүдийг үзэхээр фотошоп хийчихсэн юм шиг харагдаж байгаа. Тамганууд нь өөр, нэг нь бөөрөнхий тамгатай, нэг нь “Д******* *******” ХХК гээд зууван тамгатай, гарын үсэг зурж байгаа хүмүүс нь өөр байсан.

Бид албан бусаар энэ компанийн Азийг хариуцсан захирлын талаар тодруулж үзэхэд Ч гэж хүн байсан. Харин T гэж хүн нь тодорхойгүй байсан. Бид хэргийн материалтай танилцаад энэ нөхцөл байдлыг мэдсэн. Эрчим хүчний яам “М” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас шүүхийн процесс эхэлсэн талаар тайлбарласан. Энэ компанийн буруутай үйл ажиллагаанаас болоод манай компанийн эрх ашиг зөрчигдөөд байна, хохироод байна. Шалгарах ёстой байсан манай компани шалгарч чадаагүй жил орчим болж байна. Камбожийн хаант улсад бүртгэлтэй, Хятад Улсын иргэн дээр бүртгэлтэй, Монгол Улсын 4 ажилтан нийгмийн даатгал, шимтгэл төлдөг, ямар ч ажлын туршлага байхгүй ийм компани “Т” цахилгаан станцыг барина гээд манай түншлэлтэй өрсөлдөж байна.

Сангийн яамны шийдвэрийг Эрчим хүчний яам биелүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль өөрөө бие даасан салбар хууль. Энэ хуульд зааснаар дээд шатны  байгууллага нь Сангийн яам. Хуулийн 56 дугаар зүйлд зааснаар захиалагчийн гаргасан шийдвэрийг хянадаг ганцхан субъект нь манай Улсад Сангийн яам, сангийн яамны дотоод бүтэц. Энэ чиглэлээр хамгийн сайн мэргэшсэн хүмүүс Сангийн яаманд байгаа. Дээд шатны байгууллага болох Сангийн яам нь дахин үнэл гээд хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д зааснаар даалгаж байгаа шийдвэрийг биелүүлэхгүй, ТШЗ-ын 17.3, 17.6.4-д заасан шаардлагуудыг хангахгүй байгаа “М” ХХК-ийг шалгаруулаад байгаа процесс нь бүхэлдээ хууль бус юм.

Бид нар 15 хоногийн дотор ямар нэгэн шийдвэр гарахыг хүлээж байсан. Тэгэхэд хамгийн эхний шийдвэр 21-ний өдөр ирсэн. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа шийдвэрүүдэд бид нар 5 хоногийн дотор Сангийн яаманд гомдол гаргана, Сангийн яам түдгэлзүүлээд шийдвэр гаргана, манай гомдлыг хангаж байгаа учраас бид нар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй дараагийн үнэлгээний хорооны хурлын шийдвэрийг хүлээнэ гэсэн үг. Харин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй субъект бол эрх ашиг нь зөрчигдсөн этгээд буюу “М” ХХК байсан. Улмаар 2 дахь шийдвэр гарсан. Мөн л өмнөх шийдвэрийнхээ алдааг огт засахгүй, Сангийн яамны шийдвэрийг Эрчим хүчний яам биелүүлэхгүй, өмнө болж байсан юм болохгүй болоод хариу ирж байгаа юм. Эхний хурал дээрээ түншлэлийн материал тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан гэж байсан хэр нь сүүлд хангахаа больсон. Үнэлгээний хороо эхний бүрэлдэхүүнээрээ хуралдаж байж өөр өөр байдлаар тайлбарлаж, тендерт оролцогч нарыг хохироодог жишээг эндээс харсан.  Дараа нь тендерийн хүчинтэй байх хугацаа үргэлжилж байх хугацаанд бид нар дахин гомдол гаргахад, дахиад түдгэлзсэн. Эндээс шүүхийн процесс эхэлсэн. Том хэмжээний тендерт орж байгаа компани бол хуулийн зөвлөхтэй байгаа гэж ойлгож байна. Тендерт оролцдог компаниуд Сангийн яам 14 хоногийн дотор гомдлыг шийдвэрлэдэг процессыг мэддэг.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрчим хүчний яамнаас “Танай тендерийг хямдруулсан мөнгөн урсгалын аргаар тооцож, ирүүлсэн үнийн санал дээр чинь нэмж тооцно. Тендерийн нийт харьцуулах үнэ 682,599,950 ам.доллар болсон ба хамгийн сайнаар үнэлэгдсэн үнээс өндөр байна” гэж байгаа юм. Бид нарын тендерт өгсөн 577 саяыг энд дурдсанаар 682 сая болгоод нэмэгдүүлчхэж байгаа. Гэтэл бид нараас даруй 21 сая ам.доллар илүү үнэ өгсөн “М” ХХК үнийн дүнг хямдруулсан мөнгөн урсгалын аргаараа манайхаас автоматаар бага болгож, өөрсдийн дур зоргоор өгсөн үнийн саналыг өөрчилсөн. Үүгээр танайх шалгарсангүй гэдэг хариу өгсөн учраас гомдол гаргасан.  Үүнээс гадна дахин хэд хэдэн асуудал дурдаж Сангийн яаманд гомдлоо гаргасан. Энэ талаар Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Ямар тооцооллоор тооцоод манайхыг өндөр болгоод нэхэмжлэгч компанийнхыг  бага болгоод байгаа нь тодорхойгүй байсан. Манай компанийг  шалгаруулаагүй нь хууль бус болохыг Сангийн яам тогтоочихсон. Мөн “М” ХХК-ийн шалгаруулсан шийдвэрт 2 алдаа байна гээд дэлгэрэнгүй заагаад өгчихсөн. 1-д тендерийн баримт бичигт зааснаар 2018-2022 онуудын санхүүгийн тайлангаа аудитаар батлуулсан компани оролцох ёстой байна. Энд 2018 оны 07 дугаар сард үүсгэн байгуулагдсан компани оролцох ямар ч боломж байхгүй. 2-т ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл, нотлох баримтыг тендерт хавсарган ирүүлээгүй гэж байгаа.

Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу зөрчил тогтоож байгаа юм. Түншлэлийн үнийг нэмээд, харьцуулах үнийг өөрөөр тогтоогоод байгаа нь хууль бус байна. Сүүлийн 5 жилийн буюу 2018-2022 онуудын санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулаад өгөх ёстой байтал 2018 оны тайлангаа өгөөгүй байна. Сүүлийн 10 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй туршлагын мэдээлэл, нотлох баримтыг хавсарган ирүүлэх шаардлага буюу 300МВТ-ын цахилгаан станцтай адил хэмжээний ажлыг сүүлийн 10 жилд хийсэн байх, түүнийгээ Улсын комисст хүлээлгэж өгсөн энэ баримтууд нь байхгүй байна гэсэн 3 зөрчил тогтоож байгаа юм. Энэ эрх нь Сангийн яаманд хуулиар олгогдсон эрх буюу тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасан эрх. Нэгэнт энэ зөрчлийг тогтоочихсон. Үүнтэй холбоотойгоор “М” ХХК гомдол гаргаагүй бол Сангийн яам хуулийнхаа дагуу үнэлгээний хороонд дахин үүрэг болгож байгаа. “Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье” гэж байгаа. Зөрчлийг арилгах гэхээр 2018 оных нь аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан угаасаа байхгүй. Энийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр орж ирээд “2019 оных нь тайлангаас харчих” гэдэг байдлаар тайлбарлаж болохгүй. 2018 оны санхүүгийн тайлан л байх ёстой. Компанийн өөрийнх нь хийсэн ижил төстэй хийсэн ажлын туршлага, тэрийг нотолсон баримт л байх ёстой. Энэ төсөл Засгийн газраар батлагдахдаа сүүлийн 5 жил манай улс “О” төсөлтэй холбогдуулаад Бүгд Найрамдах Хятад ард улсаас 600 сая долларын худалдан авалт хийчихсэн. 450МВТ-ын цахилгаан эрчим хүчний төслийг 300МВТ, 150 МВТ-аар хувааж хийе. Ингэхдээ чадавхыг маш нарийн тодорхойлж сүүлийн 10 жил үүнтэй ижил ажлыг хийсэн байх, 5 жилийн санхүүгийн тайлан нь тодорхой байх, тэр нь аудитаар ороод батлагдсан байх шаардлагуудыг тавьж байгаа. Энд ямар оролцогч ороод бүхэл бүтэн 3 компанийн түншлэлийг ялаад байгаа юм бэ гээд аваад үзэхэд нэхэмжлэгч компанийн нөхцөл байдал ямар байсан талаар манай төлөөлөгч дэлгэрэнгүй тайлбарласан.

Үүсгэн байгуулагч, захирал нь гээд нэг хүн ирсэн байсан. Түүнээс өөрөөр энэ компани дээр нийгмийн даатгал төлдөг инженер техникийн баг бүрэлдэхүүн байгаагүй. Үүнтэй холбоотой мэдээлэл өгдөггүй. Харин манай компанийн түншилж орсон компаниуд бүгд ижил төстэй ажлуудыг хийж байсан, тусгай зөвшөөрөлтэй компаниуд. Монгол Улсаас оролцож байгаа “М” ХХК дангаараа энэ шаардлагуудыг хангаж чадахгүй учраас бусад компаниудаар туслан гүйцэтгэгч хэлбэрээр авах боломжгүй. ТШЗ-ын 17.2, 17.6-д заасан шаардлагыг хамтдаа хангасан байна гэж байгаа юм. Туслан гүйцэтгэгчээр биш. Өөрөө эсхүл түншлэлийн хамтаар гэсэн үг. Энийг туслан гүйцэтгэгчээр хангах боломжгүй. Тиймээс энэ шаардлагыг туслан гүйцэтгэгч компани нь хангачихаар “манайх энэ шаардлагыг хангаж байгаа” гэх үндэслэл байхгүй. Сангийн яамнаас ийм 3 зөрчил тогтоочихсон. Энийг арилга гээд даалгаад байхад үнэлгээний хороо 2 дахь үнэлгээгээ хийхдээ эхний хурал дээрээ манай компанийг хангасан гэж үнэлж байсан 3 зүйл дээрээ “үгүй” гэчихсэн. Ийм асуудал байж болохгүй.

Нэг үнэлгээг 2 хийхдээ өөр өөр хариу гаргасан. Энэ нөхцөл байдлыг “үнэлгээний хороо ямар нэг байдлаар түншлэлийг унагааж “М” ХХК-ийг шалгаруулъя гэдэг байр суурьтай юм байна” гэж харж болохоор байгаа. Энэ юугаар нотлогдох вэ гэхээр, хэргийн материалын 1-р хавтасны 133 дугаар хуудаст, нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсан “Д******* *******” ХХК-иас “Бид албан ёсоор туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж тендерт оролцоогүй” гэсэн агуулгатай бичиг ирсэн байгаа. Баримт бичиг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг үнэлгээний хороо нуун дарагдуулсан. Энэ албан бичгийг хуурамчаар үйлдсэн эсэх болон “М” ХХК-иас тендерийн материалд өгсөн баримт бичгийг хуурамч байж болзошгүй талаар эрх бүхий субъект буюу цагдаагийн байгууллагаар шалгуулж, тогтоох ёстой байсан.

Гэтэл үнэлгээний хороо “М” ХХК-руу албан бичиг явуулсан. Үүний хариуд “М” ХХК “хэлтэс хоорондын үл ойлголцол болсон гэсэн” гээд энэ асуудлыг дарчихсан. 2023 оны 10 дугаар  сарын 06-ны өдөр дахиад “М” ХХК-ийг шалгаруулсан. Гэтэл 10 дугаар сарын 08-ны өдөр “Д******* *******” ХХК-иас дээрх бичиг ирсэн. 2 өөр тамгатай албан бичиг ирчихлээ, үнэлгээний хороо энийг цагдаагийн байгууллагаар шалгуулах ёстой. Бичиг баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг гэдэг нь хэнд ч илэрхий байсан. Гэтэл цагдаагийн байгууллагад шалгуулахгүй дарчихсан. Тэгээд “М” ХХК-ийг шалгаруулчихлаа гээд гэрээ байгуулах мэдэгдэл өгөхөөр захиалагч юу хүсэж байгаагаа мэдэж байгаа учраас Төрийн нарийн бичгийн дарга захиалагчийг төлөөлөөд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “туршлагыг нь буруу үнэлээд байна. Энийг чинь захиалагч хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэл өгсөн.

Үнэлгээний хороогоо захиалагч нь хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Туршлагыг нь Сангийн яам нь хүлээн зөвшөөрөхгүй, манайх хүлээн зөвшөөрөхгүй. Туслан гүйцэтгүүлж болох бараа, ажил үйлчилгээний дээд хэмжээг хязгаарлахгүй ба төлөөлөх эрх бүхий гишүүн нь туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг баталгаажуулж эх хувиар ирүүлнэ гэж заасан. Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох, иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журмын 5.3-д заасны дагуу захиалагч үнэлгээний дүгнэлтийг хууль зөрчсөн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл дүгнэлтийг хүлээн авснаас хойш 2 хоногийн дотор энэ тухай үнэлгээний хороонд бичгээр мэдэгдэнэ гэж заасны дагуу мэдэгдэж байна.

Төрийн нарийн бичгийн даргын үнэлгээний хороонд хүргүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн бичгийн агуулгаас харвал захиалагчийн хүслээс үнэлгээний хороо зөрөөд, ямар ч туршлагагүй компанийг удаа дараа шалгаруулаад байгаа юм. Энийг нь Монгол Улсын Сангийн яам болохгүй, тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.2-т заасны дагуу энэ компани дангаараа хангаж байх ёстой шаардлага гээд хэлээд байдаг. Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Эрчим хүчний яам нь “сүүлийн 5 жил улсыг 600 сая долларын алдагдалд оруулчихсан асуудлыг нөхөх гээд байна. Туршлагатай компанид өгье” гэдэг дээр санал нэгдээд, үүнийг нь манайх харсан учраас түншлэл болж орсон.

Бүгд Найрамдах Хятад Ард улсад тусгай зөвшөөрөлтэй, турбин үйлдвэрлэдэг компанитай нь түншлэл болж ороод байхад энийг үнэлэхгүйгээр “М” ХХК-ийг шалгаруулаад байгаа үнэлгээний хорооны шийдвэрүүд хууль бус.

Дээрээс нь Монгол банкны сайтад байгаа мэдээллээр 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд Бүгд Найрамдах Филиппин улсад болсон ээлжит чуулганаар Камбожийн хаант улс 2023 оны 02 дугаар сард л саарал жагсаалтаас гарсан байсан. Санхүүгийн хувьд сайнгүй энэ улсад Хятад иргэний үүсгэн байгуулсан компанид өөрийн Улсынхаа том төслийг өгье гээд байгаа юм. Хэрвээ үнэлгээний хороо 2 дахь хурал дээрээ Сангийн яамны илрүүлсэн 3 зөрчлийн хүрээнд, өмнөх шийдвэрүүдээ үгүйсгэхгүйгээр шийдчихсэн бол бид гомдоод байх асуудал байхгүй. Гэтэл дахиад эхнээс явчхаж байгаа учраас бид нар хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ дээр үндэслэл бүхий эргэлзээ, хардлага байна. Тийм учраас бид бие даасан шаардлагаа гаргасан. Нэхэмжлэгч “Сангийн яамны 2 шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулъя” гэж байгаа. Хэрвээ тийм бол тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.2-т заасан манай туршлага, хийсэн ажил, 2018 оны санхүүгийн тайлан энэ байна гээд баримтаа гаргаж ирэх ёстой. Тендер нээхэд манай үнээс 21 саяар илүү байсан хэр нь үнэлгээний хороогоор орохоор манайх өндөр болчхоод байгаа нь ийм шалтгаантай юм гээд маш тодорхой тайлбарлах ёстой. Сангийн яамны гаргасан шийдвэрийг үгүйсгэж чадахгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/75 дугаар тушаалаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хороо нь ЭХЯ/202306001 дугаартай түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Т 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зарлаж, тендерийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нээхэд C ХХК, B ХХК, M ХХК-ийн түншлэл болон M ХХК-аас тус тус тендер ирүүлсэн байна.

 

3. M ХХК нь  598,868,098 / таван зуун ерэн найман сая, найман зуун жаран найман мянга, ерэн найман ам.доллар/-оор тендерийн баримт бичигт заасан хуваарийн дагуу ажил гүйцэтгэхээр тендер шалгаруулалтад оролцож, тендерийн баталгаанд 2,867,195.40 /хоёр сая найман зуун жаран долоон мянга нэг зуун ерэн таван америк доллар дөчин цент/-ийг төлбөрийн үүрэг хүлээх баталгааг гаргаж, харин C ХХК, B ХХК, M ХХК-ийн түншлэлээс   577,624,407.49  /таван зуун далан долоо сая, зургаан зуун хорин дөрвөн мянга, дөрвөн зуун долоон америк доллар 49 цент/-ээр тендерийн баримт бичигт заасан хуваарийн дагуу ажил гүйцэтгэхээр тендер шалгаруулалтад оролцож, тендерийн баталгаанд 2,867,195.40 /хоёр сая найман зуун жаран долоон мянга нэг зуун ерэн таван америк доллар дөчин цент/-ийг төлбөрийн үүрэг хүлээх баталгааг гаргасан боловч Тендерийн Үнэлгээний хорооноос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.1-т “тендерийн үнэд арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний зөрүүг залруулах, үнийн хөнгөлөлтийг харгалзан тендерийн үнийг бууруулах, захиалагч энэ хуульд заасныг үндэслэн үнэлгээний бусад шалгуур үзүүлэлтийг сонгосон бол тэдгээрт харгалзах саналуудыг мөнгөөр илэрхийлж, тендерийн үнэ дээр харгалзан тооцож тендерийн харьцуулах үнийг тодорхойлно” гэж зааснаар тендерт оролцогчдын ирүүлсэн үнийн саналыг  харьцуулах үнийн аргаар тодорхойлж нэхэмжлэгч компанийн үнийн саналыг 669,208,207.66 ам доллар, түншлэлийн 682,599,905.63 ам доллар гэж тодорхойлж, хамгийн бага харьцуулсан үнэтэй M ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар  зүйлийн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг  хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж зааснаар M ХХК-д 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн в/2695 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгээр мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын зургаагаас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн байна.

 

 4. Үүнийг Тендерийн баримт бичгийн 4 дүгээр бүлэгт “тендерийн үнэлгээнд харгалзах нэмэлт шалгуур үзүүлэлтүүд”-д заасны дагуу тендерт оролцогч C ХХК, B ХХК, M ХХК-ийн түншлэлээс  эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” заасны дагуу  2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргаж, Сангийн яамнаас гомдлыг хангаж, дахин үнэлгээ хийхийг захиалагчид үүрэг болгосон үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-н өдрийн 03/6541 дугаартай албан бичгийн 5, 6 дугаар хэсгийг хүчингүй болгож, захиалагч Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх чиглэл хүргүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

 

6. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/75 дугаар тушаалаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хороо нь ЭХЯ/202306001 дугаартай түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Т 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендерт оролцсон C ХХК, B ХХК, M ХХК-ийн түншлэлээс гаргасан гомдлыг Сангийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэж заасан болон Сангийн Сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-д зааснаар хянан үзээд:

 

7. Захиалагч тендерийн харьцуулсан үнийг тооцохдоо C ХХК, B ХХК, M ХХК-ийн түншлэлийн харьцуулах үнийг 104,975,498.14 ам. доллар, M ХХК-ийн харьцуулах үнийг 70,340,109.66 ам. доллароор тус тус нэмэгдүүлж үнэлгээнд харгалзан үзсэн байх бөгөөд үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд хавсаргасан тооцоололд тухайн мөнгөн дүнгийн задаргааг хэрхэн тооцсон тайлбар хийгээгүй, тодорхойгүй байх тул  холбогдох хууль журамд нийцсэн  эсэхийг нягтлан үзэх гэж,

 

8. M ХХК-ийн тендерт  2019-2022 онуудын санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлсэн, харин 2018 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлээгүй байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ17.3-т “Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа: Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 5 жил /2018, 2019, 2020, 2021, 2022/ санхүүгийн тайланг аудитын дүгнэлт эсвэл тухайн Улсын эрх бүхий байгууллагаас санхүүгийн тайланг баталгаажуулсан баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ” гэж заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж,

 

9.  M ХХК нь ижил төстэй хийж гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл нотлох баримтыг тендерт хавсарган ирүүлээгүй байхад тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.4-д “ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: Ижил төстэй ажил гэдэгт 450МВт болон түүнээс дээш хүчин чадалтай нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцыг  сүүлийн 10 жилд барьсан байх. Ажлын талаарх мэдээллийг ТББ-ийн 5 дугаар бүлгийн Маягт-6-8-ын дагуу ирүүлнэ. Үүнийг нотлохын тулд ажил гүйцэтгэсэн гэрээ, Улсын комисс хүлээж авсан дүгнэлт эсвэл түүнтэй адилтгах тухайн Улсын ажил хүлээн авсан тухай баримт бичгийн эхээс хийсэн хуулбар, тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолт ирүүлнэ” гэж заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж захиалгын 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн в/2716 тоот, в/2695 тоот шийдвэрүүдийг  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  55 дугаар зүйлийн 55.3.1-т “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” заасны дагуу хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж заасны дагуу дахин хийхийг Эрчим хүчний яаманд мэдэгдсэн байна.

 

10. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг дараах тохиолдолд түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно” гэж заасны дагуу 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацааг дуусгавар болгосон байна. /8.22-9.5/

 

11. Сангийн яамнаас гомдлыг хянан үзээд захиалагчийг M ХХК-ийн чадварыг үнэлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.1-т “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална”  гэж заасан бөгөөд мөн хуулийн санхүүгийн чадавхыг үнэлэхдээ мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-д “тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт”, техникийн чадавх болон туршлагын  үнэлэхдээ мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

12. Учир нь захиалагч тендерийг хянан үзэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага”-ыг хангасан бол мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж зааснаар шаардлагад нийцсэн гэж үзэж, харин уг шаардлагад нийцээгүй бол мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж зааснаар захиалагч тендерийг хянан үзээд дээрх шаардлагыг хангаагүй нэхэмжлэгч M ХХК-ийн  тендерээс татгалзаж, түүний ирүүлсэн тендерт үнэлгээ хийх боломжгүй байжээ.

 

13. Өөрөөр хэлбэл Сангийн яам нэхэмжлэгч M ХХК-ийн ирүүлсэн тендерийг захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй болох нь түүний ирүүлсэн  дараах тендерийн баримт бичгээр тогтоогдож байна.

 

14. Үүнд: Нэхэмжлэгч M ХХК-ийн тухайд 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр / M CO.,LTD нэрээр хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдэж, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр компанийн нэрийг өөрчлөх хүсэлт гаргаж M ХХК болж өөрчлөгдөж,

Камбожийн Хаант Улсын Худалдаа аж үйлдвэрийн яамнаас олгосон хуулийн этгээдийн гэрчилгээнээс үзвэл M ХХК  нь 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдаж, 2018 оны 7 дугаар сарын 19-өөс татвар төлөгчөөр бүртгэгдэж,

Камбожийн Хаант Улсын Эдийн Засаг, Санхүүгийн яамны Тендерт оролцогчийн татварын бүртгэлд  Барилга, бүтээн байгуулалт/ барилга, гүүр, зам, цахилгаан станц болон эрчим хүчний дэд бүтэц/-ийн үндсэн үйл ажиллагаа явуулдаг, тус компанийн төлөөлөгч Хятад Улсын иргэн T  байна.

 

15. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн

ТШЗ 17.3-т “Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа:

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 5 жил /2018, 2019, 2020, 2021, 2022/ Санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “Шаардлагатай Аудитын дүгнэлт эсвэл тухайн Улсын эрх бүхий байгууллагаас санхүүгийн тайланг баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч компанийн тухайд сүүлийн 5 жилийн нийт орлого: 2018-2022 нийт орлогын дүн 1,378,357,930 гэх бөгөөд тус компани нь 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдаж, 2018 оны 7 дугаар сарын 19-өөс татвар төлөгчөөр бүртгэгдсэн байх тул “2018 оны санхүүгийн тайлан 2019 оны аудитын тайлан дүгнэлтэд орсон гэх” гэх тайлбар нотлогдохгүй байна.

 

16.  Тодруулбал: 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн аудитын тайлан болон удирдлагын тайлангаас үзвэл санхүүгийн тайланг батлах хэсэгт / M CO.,LTD компанийн захирлуудын нэг болох Т нь захирлуудын дүгнэлтээр санхүүгийн тайланг Камбожийн санхүүгийн тайлагналын олон Улсын стандартын дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар компанийн санхүүгийн байдал, тухайн үед дууссан санхүүгийн жилийн санхүүгийн гүйцэтгэл, мөнгөн гүйлгээний талаар үнэн зөв, шударга боловсруулсан гэдгээ мэдэгдсэнээс үзвэл 2019 оны санхүүгийн тайланд 2018 оны санхүүгийн тайлан тусгагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

17.  M CO.,LTD компанийн хувьцаа эзэмшигчдэд зориулсан хараат бус аудиторуудын тайлангийн дүгнэлт хэсэгт: тус компанийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар компанийн санхүүгийн байдлын тайлан, тухайн жилийн эцсийн орлогын тайлан, мөнгөн гүйлгээний тайлангаас бүрдсэн санхүүгийн тайлан, үүний дотор нягтлан бодох бүртгэлийн чухал бодлогын хураангуйг багтаасан санхүүгийн болон санхүүгийн тодруулгуудад аудит хийж гүйцэтгэсэн, мөн Компанийн санхүүгийн тайлангууд нь 2019 оны 12 дугаар 31-ний өдрийн байдлаар компанийн санхүүгийн байдал, тухайн жилийн санхүүгийн үр дүн,мөнгөн гүйлгээг Камбожийн санхүүгийн тайлагналын олон Улсын стандарт “CIFRS”-ын дагуу үнэн зөв бодитойгоор илэрхийлсэн байна гэснээс үзвэл 2018 оны санхүүгийн жилийн тайлан тусгагдах боломжгүй нөгөөтэйгөөр тус компанийг 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр байгуулж хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ авсан байх тул сүүлийн  5 жилийн санхүүгийн тайлан гаргах боломжгүй буюу тендерийн баримт бичигт заасан “... 5 жилийн санхүүгийн тайлан аудитаар баталгаажсан” гэх шаардлагыг хангаагүй гэж үзсэн Сангийн яамны 2023 оны 03/6541 дугаартай албан бичиг үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах боломжгүй байна.

18. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгийн 4, 5 дугаар хэсэг, дээрх албан бичгээр захиалагч Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх чиглэл хүргүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг шаардлагын тухайд:

19. Сангийн яамны 2023 оны 03/6541 дугаартай албан бичгийн дагуу Эрчим хүчний яамнаас 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тендерийн баримт бичгийг дахин хянан үзээд C ХХК, B ХХК, M ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” заасны дагуу татгалзаж, M ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай в/3015 дугаартай албан бичгийг хүргүүлснийг C ХХК, B ХХК, M ХХК эс зөвшөөрч 2023 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр Сангийн яаманд дахин гомдол гаргасныг хянан үзээд тендер шалгаруулалтыг дахин хүчингүй болгосон хуульд нийцсэн байна.

20. Учир нь Сангийн яам нэхэмжлэгч M ХХК-ийн ирүүлсэн тендерийг захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзэж түүнийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон тул үнэлгээний хороо M ХХК-ийн ирүүлсэн тендерт дахин үнэлгээ хийх боломжгүй, харин гомдол гаргагч түншлэлийн ирүүлсэн тендерийн баримт бичигт үнэлгээ хийхээр байжээ.

21.  Тухайлбал: Сангийн сайдын 2021 оны “Тендерийн жишиг баримт бичиг батлах тухай” 145 дугаартай тушаалын хавсралтын 4.2-д “Хэд хэдэн этгээд хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлэх бол тэдгээрийг хамтад нь түншлэл, тус бүрийг нь түншлэлийн гишүүн гэнэ”, 6.1-т “Аливаа этгээд дангаар, эсхүл түншлэлийн гишүүний хувиар тендер шалгаруулалтад оролцоход зөвхөн нэг тендер ирүүлнэ” гэж зааснаас үзвэл тендерт туслан гүйцэтгэгчтэй оролцож байгаа этгээд тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг дангаар хангахаар заасан байх бөгөөд тендерт оролцогч нь дангаар эсхүл түншлэл хэлбэрээр байхаар заажээ.

22. Захиргааны ерөнхий хуулийн  98 дугаар зүйлийн 98.2-д “энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” гэж зааснаар Сангийн яамны гомдол хянан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг захиалагч болон үнэлгээний хороо заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд эс биелүүлбэл шийтгэл хүлээхээр заасан байх бөгөөд Сангийн яамнаас тендерт оролцогч M ХХК-ийн ирүүлсэн тендерийг захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзэж түүнийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон байхад дахин шалгаруулсан үйлдлийг дээд шатны байгууллага, албан тушаалын шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэхээр байна.

23. Иймд нэхэмжлэгчийн  Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгээр захиалагч Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх чиглэл хүргүүлсэн албан бичгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

24. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 дугаартай мэдэгдэл болон Тн 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны хурлын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлийг хүчингүй болгуулж, тендер шалгаруулалтад хамгийн сайн үнэлгээ авсан манай компанитай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсний дагуу гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

25. Тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлын 10 дугаартай тэмдэглэлд захиалагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдлийг хэлэлцээд цаг хугацааны хувьд тус тендерийн хүчинтэй байх хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.2, 29.2 дах заалтыг хангах боломжгүй болсон гэж үзэж тендерийг хүчингүй болсонд тооцож,тендерт оролцогчдод мэдэгдэл хүргүүлэх зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

26.  Захиалагч Эрчим хүчний яамнаас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тендерийн Үнэлгээний хороонд “...Үнэлгээний хороо зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журмын 5.3-д Захиалагч үнэлгээний дүгнэлтийг хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногийн дотор энэ тухай үнэлгээний хороонд бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Иймд тус тендерт оролцогч М ХХК-ийн туслан гүйцэтгэгч нь тендерт оролцогчид хамаарах эсэхийг дахин нягтлах нь зүйтэй” гэсэн утга бүхий  мэдэгдлийг хүргүүлсэн байхад  Үнэлгээний хороо 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж тендерийг хүчингүй болгосон  үндэслэлгүй байна.

27. Өөрөөр хэлбэл MITIME INTERNATIONAL ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулсан  Үнэлгээний хорооны дүгнэлтийг захиалагч хууль зөрчсөн гэж үзэж татгалзсан нь Сангийн яамны гомдол хянан шийдвэрлээд гаргасан шийдвэртэй санал нийлж байгаа болох нь тогтоогдож байна.

28. Үнэлгээний хороо Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэсэн албан бичгүүдийг хүлээн авч хууль журамд нийцүүлэн үнэлгээ хийсэн бол тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах бүрэн боломжтой байсан.

29. Нөгөөтэйгөөр Сангийн яамнаас тендер шалгаруулалтын үйл ажиллагааг түдгэлзүүлэн гомдлыг хянан шийдвэрлэж байсан тул уг хугацааг нөхөн тооцох боломжтой байсан бөгөөд шүүхээс дээрх үндэслэлүүдээр Сангийн яамны албан бичгүүдийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул тендерийн хүчинтэй байх хугацаанд тендер шалгаруулалтыг зохион байгуулаагүй нь Үнэлгээний хорооны буруутай үйл ажиллагаа байх тул Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тендер хүчинтэй байх хугацаа дуусаж, хуулийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах боломжгүй болсон тул тендер хүчингүй болгосон мэдэгдэл болон Тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлын 10 дугаартай тэмдэглэл нь хууль бус болох нь тогтоогдож байна.

30. Иймд нэхэмжлэгчийн Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 дугаартай мэдэгдэл болон Тн 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны хурлын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж байгаа хэдий ч тендер шалгаруулалтад хамгийн сайн үнэлгээ авсан манай компанитай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсний дагуу гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах шаардлагыг хангах боломжгүй болохыг Сангийн яамны албан бичгүүдийг хууль зүйн үндэслэлтэй болохыг дүгнэхдээ тодорхой дурдсан болно.

31. Гуравдагч этгээдийн бие даасан “Сангийн яамны 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаар шийдвэрүүдийг үндэслэн Т 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт Ч******* ХХК, М ХХК, Б ХХК нарын түншлэлтэй гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч Тендерийн үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг Эрчим хүчний яаманд даалгах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

32.  Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 03/6143 дугаартай албан бичгээр 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс  2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 03/6980 дугаартай албан бичигт 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс нийт захиалагчийн шийдвэр буюу үйлдлийг түр түдгэлзүүлэн шийдвэрлэсэн байна.

33. Эрчим хүчний яамны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн в/2716 дугаартай мэдэгдэлд “...танай түншлэлийн санхүүжилтийн саналд тусгагдсан нийт санхүүжилтийн зардлыг хямдруулсан мөнгөн урсгалын аргаар тооцоолж, ирүүлсэн үнийн санал  дээр нэмж тооцоход тендерийн нийт харьцуулах үнэ 682.599.905,65 ам доллар болсон ба уг үнэ  хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн нийт харьцуулах үнээс өндөр байх тул шалгараагүй болох”-ыг мэдэгдсэн атлаа  2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн в/3016 дугаартай түншлэлийн  ирүүлсэн тендерээс татгалзсан үндэслэлгүй байна.

34. Учир нь:  Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай гомдол хянасан тухай  албан бичигт М ХХК-ийг  “...тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.3-т тендер оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа: санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 5 жил /2018, 2019, 2020, 2021, 2022/ санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: шаардлагатай. Аудитын дүгнэлт эсвэл тухайн Улсын эрх бүхий байгууллагаас санхүүгийн тайланг баталгаажуулсан баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ”, “ижил төстэй хийж гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл, нотлох баримтыг тендерт хавсарган ирүүлээгүй байхад тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн  ТШЗ 17.6.4-д  ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: ижил төстэй ажил гэдэгт 450МВт болон түүнээс дээш хүчин чадалтай нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцыг сүүлийн 10 жилд барьсан байх ажлын талаарх мэдээллийг ТББ-ийн 5 дугаар бүлгийн Маягт-6-8-ын  дагуу  ирүүлнэ. Үүнийг нотлох ажил гүйцэтгэсэн гэрээ, Улсын комисс хүлээн авсан дүгнэлт эсвэл түүнтэй адилтгах тухайн Улсын ажил хүлээн авсан тухай тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заасан шаардлагуудыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй. Иймд захиалагчийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн в/2716 тоот, в/2695 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн байна.

35. Мөн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдсон тендерийн сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны гишүүдийн  бүрэлдэхүүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, тендерт оролцогчдын ирүүлсэн материалыг өөрчлөн дахин аваагүй буюу нэг материалд хоёр удаа үнэлгээ хийж эхний удаа тендерт ирүүлсэн үнийн санал их байсан гэх үндэслэлээр шалгараагүй гэж үнэлж дахин үнэлгээ хийхдээ татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

36. Зүй нь Үнэлгээний хороо Сангийн яамны гомдол хянасан тухай 2023 оны 03/6541 дугаартай албан бичгийн дагуу тендерийн хүчинтэй хугацаанд М ХХК-ийн тендерээс дээрх үндэслэлээр татгалзаж, үлдэх түншлэлийн тендерийн материалыг үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дууссан болох нь тогтоогдож байна.

37. Захиалагч дээрх үйлдлээрээ гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчиж, нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийг дахин шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл  дараах шийдвэр гаргана”, 55.3.3-т “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах”, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т “энэ хуулийн 98.1-т заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” гэж зааснаар дээд шатны байгууллага болох Сангийн яамны шийдвэрийг биелүүлээгүй буруутай үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байна.

38. Нөгөөтэйгөөр Үнэлгээний хороо эхний удаа түншлэлийн болон нэхэмжлэгч компанийн тендерийг хянан үзээд ерөнхий нөхцөлийг хангасан, гэрээг хэрэгжүүлэх чадвартай эсэх, тендерийн иж бүрдэл, гарын үсэг зурах итгэмжлэл, тендерийн баталгаа, ажлын тоо хэмжээ бүрэн эсэх, тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангасан эсэх, шаардлагад нийцсэн тендер гэсэн найман үзүүлэлтийг тийм гэж дүгнэсэн атлаа  хоёр дахь үнэлгээнд  гуравдагч этгээдийг тендерийн үндсэн шаардлага хангасан эсэх, шаардлагад нийцсэн тендер гэснийг үгүй гэж мөн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн захиалагчаас тендерийн үнэлгээний хороонд хүргүүлсэн мэдэгдлийн “...М ХХК-ийн туслан гүйцэтгэгч нь тендерт оролцогчид хамаарах эсэхийг дахин нягтлах нь зүйтэй “ гэж үзэж захиалагч үнэлгээний дүгнэлтийг хууль  тогтоомж зөрчсөн гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж татгалзсан үйл баримтууд тогтоогдож байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /хуучин/ 55 дугаар зүйлийн 55.10-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэх хугацаанд энэ хуулийн 29.1-д заасан хугацаа түр зогсоно” гэж зааснаар уг тендер хүчинтэй байх хугацаа дууссан  үр дагавар бий болгосон эсэх нь гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, үүний улмаас C ХХК, B ХХК, M ХХК-ийн түншлэлийн хууль ёсны эрх ашиг сонирхол буюу шударгаар, тэгш боломжоор өрсөлдөх эрх нь хөндөгдсөн байх тул бие даасан шаардлагыг хангах боломжтой гэж үзлээ.                                                       

39. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж, 29 дүгээр зүйлийн 29.4-т “захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд тендер хүчинтэй байх хугацаа нь тендерийг нээснээс хойш 30 хоног, хэрэв хугацаа сунгасан бол 45 хоног байхаар тусгайлан заасан хугацаанд тендер шалгаруулалтыг хуулийн дагуу явуулаагүй захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдож байх тул тендер шалгаруулалтын хугацааг Сангийн яамны гомдол хянаж түдгэлзүүлсэн хугацаа болон шүүхээр маргаан шийдвэрлэгдсэн хугацаанд уг тендер шалгаруулалтын хугацаа зогссон болохыг дурдах нь зүйтэй.

40. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.10 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэх хугацаанд энэ хуулийн 29.1-д заасан хугацаа түр зогсоно” гэж заасан нь тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг түдгэлзүүлэх, зогсоох эрхийг хуулиар Сангийн яаманд олгосон байна.

41. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “худалдан авах ажиллагаа ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж тендер шалгаруулалтын зарчмыг нэрлэн заасан атал Үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийг биелүүлэхгүйгээр  хугацаа алдаж, улмаар энэхүү хариуцлагагүй үйл ажиллагааны үр дагавраас шалтгаалан гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийг илтэд зөрүүтэй үнэлж гэрээ байгуулах боломжгүй болж, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх бөгөөд тендерийн хугацаа дуусах гэж байгааг мэдсээр байж түргэн шуурхай ажиллагаа явуулаагүй зэргээр тендерт оролцогчид хуулийн этгээдүүдийг чирэгдүүлсэн, хугацаа хэтрүүлсэн буруутай байна.

 Иймд гуравдагч этгээд Ч******* ХХК, М ХХК, Б ХХК нарын түншлэлийн ирүүлсэн тендерийг хууль, журамд заасны дагуу үнэлэх, гэрээ байгуулах ажиллагаа явуулахыг хариуцагч Эрчим хүчний яам, тендерийн Үнэлгээний хороонд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

           

ТОГТООХ нь:

1.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /хуучин/ 12 дугаар зүйлийн 12.1, 16 дугаар зүйлийн 16.1.2, 27 дугаар зүйлийн 27.4, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.3 дах хэсэгт заасныг баримтлан Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 дугаартай мэдэгдэл болон Тн 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны хурлын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-н өдрийн 03/6541 дугаартай албан бичгийн 5, 6 дугаар хэсэг, Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгийн 4, 5 дугаар хэсэг, дээрх албан бичгээр захиалагч Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын  үнэлгээг  дахин  хийх  чиглэл  хүргүүлсэн  хэсгийг  хүчингүй  болгуулах, тендер шалгаруулалтад хамгийн сайн үнэлгээ авсан манай компанитай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсний дагуу гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Төрийн  болон  орон   нутгийн  өмчийн   хөрөнгөөр  бараа,  ажил,  үйлчилгээ  худалдан   авах  тухай  хуулийн  /хуучин/  27 дугаар  зүйлийн  27.3,   55   дугаар зүйлийн 55.10 дахь  хэсэгт  заасныг    баримтлан  Сангийн  яамны  2023  оны  09  дүгээр  сарын  05-ны өдрийн  03/6541,   2023  оны  10 дугаар  сарын  02-ны  өдрийн  03/7259  дугаар  шийдвэрүүдийг   үндэслэн   Т   450МВт-ын   дулааны     цахилгаан    станцын   эхний    ээлжийн    300МВт-ын   гүйцэтгэгч   болон   санхүүжүүлэх   эх   үүсвэрийг   сонгон    шалгаруулах  ЭХЯ/202306001   дугаартай  тендерт  Ч* ХХК, М ХХК, Б ХХК нарын түншлэлтэй хууль журамд заасны дагуу гэрээ байгуулах зөвлөмж гаргах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг шийдвэрлэхийг хариуцагч Эрчим хүчний яам, Тендерийн үнэлгээний хороонд даалгасугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод  хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан  олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Д.ЧАНЦАЛНЯМ