Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/74

 

 

 

 

 

 

2023              01            18                                      2023/ДШМ/74

 

Г.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Ө.Учрал,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/740 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Ст холбогдох 22100 0000 0927 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Ггийн С, 2000 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, ... их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.

Шүүгдэгч Г.С нь 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их наяд худалдааны төвийн гадна иргэн Б.Бгийн биед шалтгаангүйгээр халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ст 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Г.Саас 6.863.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий сиди 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хавсарган үлдээж, энэ хэрэгт Г.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Ө.Учрал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.С болон өмгөөлөгч бидний зүгээс прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнтэй маргадаггүй, хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Харин анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ст холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирол, хор уршгийг буруу тогтоож шийдвэрлэлээ. Мөн Г.Ст 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай зөрчилдсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд хохирогч Б.Бд учирсан хор уршгийг зөв тогтоож, мөн Г.Ст оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснийг торгох ялаар сольж хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ст 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал буюу зүгээр зогсож байсан иргэнийг зодож, нүдийг нь ухсан үйлдэлд ял шийтгэл тохирсон. Шүүгдэгч Г.С нь ... их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан бөгөөд анхан шатны шүүхээс торгуулийн ялыг эдлэх боломжгүй гэж үзэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хохирогч 6.865.060 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс дээрх мөнгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.С нь 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их наяд худалдааны төвийн гадна иргэн Б.Бгийн биед шалтгаангүйгээр халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бгийн “...шууд ирээд намайг гараараа олон удаа цохисон ба намайг дарж авч газар унагаад дээр гараад зодож эхэлсэн. Миний нүд рүү хоёр гараа хийгээд ухсан. Тэгээд гэдэснээс хоёр удаа хазсан, нуруу хэсгийг маажиж, зогсоо зайгүй цохиж байсан. Тэгээд би арай гэж дээр нь гарахад намайг цохисоор байсан. Тэр залуу яагаад намайг цохисон талаар мэдэхгүй, ойлгохгүй байна. Миний бодпоор хар тамхи хэрэглэсэн байсан байх. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг үл таних залуу намайг гараараа цохиж, боож, хазаж, нүдийг маань ухаж учруулсан. ...” /хх 28-29/,

гэрч Б.Цэрэнхандын “...манай нохой хуцаад байхаар нь цонхоор хартал нэг эрэгтэй хүн орилж хашгираад, манай аав түүний доор орчихсон зодуулж байх шиг байхаар нь сандраад гарсан. Тэгээд гүйж очоод “боль” гэж хэлэхэд манай аавыг зодсоор л байсан. Тэгээд би аавыг зодож байсан залуугийн мөр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөхөд ааваас гараа авахгүй, цохих гээд дайраад байсан. Хажуугаар явж байсан хүмүүсээс тусламж гуйгаад ямар ч хүн ирэхгүй, зогсохгүй яваад байсан. Тэгээд тэр залуугаас аавыг арай гэж салгаад, гар дээр нь дараад хөдлөхгүй болгоод цагдаа ирэх хүртэл нь хүлээсэн. Манай аавыг яагаад цохиж зодох болсон талаар мэдэхгүй байна.../хх 37/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9721 дугаартай “...Б.Бгийн биед хоёр нүдний алимны салстад цус харвалт, эвэрлэгийн өнгөц шарх, зүүн нүдний салстын өнгөц урагдал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дух, баруун дээд зовхи, хамар, доод эрүү, нуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна. ...” гэх дүгнэлт /хх 44-45/,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их наяд худалдааны төвийн гадна хяналтын камерын бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл, 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хх 8-11/, хохирогч Б.Бгийн биед үзлэг хийсэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-14/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Г.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн,  түүнд хуульд заасан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Ө.Учрал “...хохирол хор уршгийг буруу тооцсон. ...оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй тохиолдолд хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болохгүй боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Сын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон байх тул шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/740 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР