| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00484/И |
| Дугаар | 155/ШШ2024/00478 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2024/00478
2024 5 9 155/ШШ2024/00478
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***од оршин суух, Х П-ийн Уын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***од оршин суух, Х Цгийн Б-д холбогдох,
Зээлээр авсан барааны үнэ 446,500 (дөрвөн зуун дөчин зургаан мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2024/00484/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Уа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П- овогтой Уа нь Шинэ мөрөн худалдааны төвд хүнс болон бараа худалдаалдаг. Миний амьдардаг Мөрөн сумын 13 дугаар хороо, 22-р гудамжинд амьдардаг зүс таних эмэгтэй болох н.Б нь 2022 оны 8 дугаар сард над дээр ирж уулзаад 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийн бараа зээлээр худалдаж авсан. Дээрх мөнгийг цувуулж өгч байгаад үлдэгдэл мөнгө болох 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг 2022 оны 12 сард өгнө гэж тохирсон боловч, хугацаандаа өгөөгүй.
Ингээд 2023 оны 02 сард миний зогсдог павильон дээр ирж үлдэгдэл мөнгө дээр дахин зээл авч 296,500 (хоёр зуун ерэн зургаан мянга таван зуу) төгрөгөнд хүнсний бараа авсан. Ингэж авахдаа нийт 446,500 (дөрвөн зуун дөчин зургаа мянга таван зуун) төгрөгийг 2023 оны 3, 4 дүгээр сард хувааж өгөхөөр тохиролцсон юм.
Тохирсон хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байсан тул хариуцагчтай холбогдох гэтэл 2023 оны 4 дүгээр сард нас барсан гэдгийг сонссон.
Ингээд нөхөртэй нь холбогдож мөнгөө асуутал дээрх барааны үлдэгдэл төлбөрийг зөвшөөрч, 2023 оны 6 дугаар сард ажилд яваад 7 дугаар сард төлбөрийг хийе гэж тохирсон.
Хугацаандаа мөнгөө өгөхгүй байхаар нь дахиад холбогдоход 8, 9 дүгээр сард өгнө гэж хэлсэн. Энэ мэтчилэн хойшлуулсаар өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй үүргийн зөрчил гаргасаар байна.
Нэгэнт н.Б нь нас барсан тул хууль ёсны нөхөр болох Ц.Б-гаас нэхэмжилж байна.
Иймд зээлийн үлдэгдэл төлбөр 446,500 (дөрвөн зуун дөчин зургаан мянга таван зуун) төгрөгийг Ц.Б-гаас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Уа нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан зээлээр авсан барааны үнэ 446,500 (дөрвөн зуун дөчин зургаан мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б- нь нэхэмжлэлийн шаардлага болох 446,500 (дөрвөн зуун дөчин зургаан мянга таван зуу) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч П.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,045 (арван дөрвөн мянга дөчин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-гаас 7,022.5 (долоон мянга хорин хоёр) төгрөг 5 (тав) мөнгийг, улсын орлогоос 7,022.5 (долоон мянга хорин хоёр) төгрөг 5 (тав) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Уад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч П.Уын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б-д холбогдох зээлээр авсан барааны үнэ 446,500 (дөрвөн зуун дөчин зургаан мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Б- нь нэхэмжлэлийн шаардлага болох 446,500 (дөрвөн зуун дөчин зургаан мянга таван зуу) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,045 (арван дөрвөн мянга дөчин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-гаас 7,022.5 (долоон мянга хорин хоёр) төгрөг 5 (тав) мөнгийг, улсын орлогоос 7,022.5 (долоон мянга хорин хоёр) төгрөг 5 (тав) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Уад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН