| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00350/И |
| Дугаар | 155/ШШ2024/00483 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2024/00483
2024 оны 5 сарын 10 өдөр Дугаар 155/ШШ2024/00483
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т байрлах, Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн Засаг даргад холбогдох,
Өвсний үнэ 13,065,000 (арван гурван сая жаран таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2024/00350/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засаг даргын Тамгын газрын нярав Г.С-тай зээлийн гэрээ байгуулан өвс худалдан авсан. Гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч мөнгөө бүрэн төлөөгүй өгөх боломжгүй гэж хойшлуулсаар 10 сарын хугацаа өнгөрсөн. Энэ нь байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланд хүндрэл учруулж өндөр хэмжээний өр үүсэж аймгийн төрийн аудитаас төлбөрийг бүрэн барагдуулах зөвлөмж авсан.
Иймд Засаг даргын Тамгын газрын өвсний үнийг Туяа багийн Засаг дарга Ө.Б-ээс 13,065,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн Засаг дарга Ө.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Өын Б- нь тус аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн Засаг дарга ажилтай бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулж, өвлийн зуд турханд хүндрэлтэй байгаа айлд малын өвс зээлээр өгөх үйл ажиллагаанд манай баг хамрагдан, нийт 140 өрхөд 22,235,000 төгрөгийн өвс болон солом өвсийг авсан юм.
Зээлийн гэрээ байгуулахдаа авсан өвсийг өрхүүдэд тарааж өгөх ажлыг зохион байгуулсан бөгөөд дээрх зээлийн үндсэн дүнгээс өнөөдрийн байдлаар төлөгдсөн дүн нь 15,245,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 6,990,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С- шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С- би хариуцагч Ө.Б-ий гаргасан тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Ө.Б-д холбогдуулан өвсний үнэ 13,065,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 6,075,000 төгрөгийг өвс авсан багийнхаа иргэдээс гаргуулан төрийн санд оруулсан.
Одоо үлдэх өвсний үнэ болох 6,990,000 төгрөгийг хариуцагч нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн Засаг дарга Ө.Б-д холбогдуулан өвсний үнэ 13,065,000 (арван гурван сая жаран таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн Засаг дарга Ө.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 13,065,000 (арван гурван сая жаран таван мянга) төгрөгөөс 6,075,000 (зургаан сая далан таван мянга) төгрөгийг төлж, үлдэх 6,990,000 (зургаан сая есөн зуун ерэн мянга) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 6,990,000 (зургаан сая есөн зуун ерэн мянга) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 126,790 (нэг зуун хорин зургаан мянга долоон зуун ер) төгрөгийн тал хувь 63,395 (жаран гурван мянга гурван зуун ерэн тав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн Засаг даргад холбогдох өвсний үнэ 13,065,000 (арван гурван сая жаран таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 6,075,000 (зургаан сая далан таван мянга) төгрөгийг төлж, үлдэх 6,990,000 (зургаан сая есөн зуун ерэн мянга) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн Засаг дарга Ө.Б-ээс 63,395 (жаран гурван мянга гурван зуун ерэн тав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН