Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2024/00493

 

 

2024 оны 5 сарын 13 өдөр Дугаар 155/ШШ2024/00493

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***т оршин суух, Х Р-гийн Б,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2024/00338/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, Р.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Р.Б нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1967 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Бага анги төгсөөд эцэг, эхийн хамт 1980 оноос хойш хөдөө маллаж байсан ба 1984 онд албан ёсоор нэгдэлд элсэж Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, төлчнөөр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэртээ орох гэтэл миний ажиллаж байсан хугацааны орсон, гарсан тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, тухайн хугацаанд авч байсан цалин хөлсний түүвэр дутуу тул миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна.

Иймд миний Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, төлчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Х Р-гийн Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, Р.Бийн 1984-1989 онуудад Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбарт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Х Р-гийн Бийн 1711000617 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны хуулбар болон нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабаас 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн ...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэн Р- овогтой Б (РД:мм44444444) нь хугацаат цэргийн алба хаагаагүй нь үнэн болно. ... гэх бичилт бүхий 10/563 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн Р.Бийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан 1984 он, 1985 оны 5 дугаар сар, 1986 оны 5 дугаар сар, 1987 оны 5, 11, 12 дугаар сар, 1988 оны 6 дугаар саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбарт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 2-11, 34-61 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр С.Ю, Д.Г нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 29-33 дугаар тал)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Р.Бийн ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, Хөвсгөл аймгийн архивын тасгаас Р-гийн Бийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1984-1989 оны хооронд ажиллаж байсантай холбоотой тушаал шийдвэр бий эсэх лавлаааг, Тагнуулын ерөнхий газрын тусгай архив болон Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архиваас Р-гийн Бийн цэргийн алба хаасан эсэх лавлагааг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 14-25 дугаар тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Б нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, төлчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Р.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Р- овогтой Б нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, төлчнөөр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд ажиллаж байсан Р- овогтой Бийн 1984 он, 1985 оны 5 дугаар сар, 1986 оны 5 дугаар сар, 1987 оны 5, 11, 12 дугаар сарууд, 1988 оны 6 дугаар сард тус тус ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбар, (хавтаст хэргийн 3-9, 37-61 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Хөвсгөл Давшилт нэгдэл, Ажилд орсон он гэх хэсэгт 1983, цех, тасаг, бригад гэх хэсэгт мал аж ахуй, эрхэлдэг ажил гэх хэсэгт хоньчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1983, оршдог сум район гэх хэсэгт Төмөрбулаг гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 19-р хуудас)

Хөвсгөл аймгийн архивын тасгаас 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр гаргаж ирүүлсэн ... Тус аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн боловсон хүчинтэй холбоотой тушаал буюу Б тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Р.Бд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. ... гэх бичилт бүхий 11/327 дугаартай албан бичиг, (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)

Гэрч С.Юийн ...Р.Б нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс биеэ дааж мал маллаж эхэлсэн ба 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл бригадад хоньчин байсан. ... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Ггийн ... Р.Б нь аав ээж 2 нь малчин байсан. Аав ээжийгээ дагаад мал маллаж байсан. 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс бие дааж мал маллаж эхэлсэн ба 1990 оныг хүртэл мал маллаж байсан. ... гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 30, 32 дугаар тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Р.Б нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, төлчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгч Р-гийн Б нь цэргийн алба хаагаагүй болох нь Тагнуулын ерөнхий газар, Тусгай архивын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргаж ирүүлсэн Танай ирүүлсэн албан бичгийн дагуу Р-гийн Б (лл00000000, утас-99999999)-ээс цэргийн алба хаасан талаар мэдээлэл тодруулахад цэргийн алба хаагаагүй гэх тул Р.Бийн цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа гарахгүй болно. ... гэх бичилт бүхий 08/205 дугаартай албан бичиг, Монгол улсын Батлан хамгаалахын төв архиваас гаргаж ирүүлсэн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Хөвсгөл аймгаас 1982-1983 онд хугацаат цэргийн албанд татагдсан, мөн аймгаар 1985-1986 онд хугацаат цэргийн албанаас халагдсан цэргүүдийн нэрийн бүртгэлүүдийг шүүн үзэхэд Р-гийн Бд холбогдох баримт гарахгүй байна гэх бичилт бүхий 209 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 23, 25 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х Р-гийн Бийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, төлчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН