Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0547

 

2024 оны 06 сарын 25 өдөр          Дугаар 128/ШШ2024/0547               Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: М******* ХХК,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А*******,

Маргааны төрөл: Эм ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, эмийг ялгавартай үнээр борлуулсан гэх зөрчилд торгох шийтгэл ногдуулсан шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Д.Г*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч М.Б*******, хариуцагч Л.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Хоёр. Маргааны үйл баримтын талаар.

1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор М******* ХХК-ийг эмийн импорт ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон.

2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаартай удирдамжийн дагуу улсын байцаагч хяналт шалгалт хийж, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар эм ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, эмийг ялгавартай үнээр борлуулсан гэх зөрчилд торгох шийтгэл ногдуулсан.

3. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 177 дугаар магадлалаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар М******* ХХК-ийг эмийн импорт ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Гурав. Маргаж буй үндэслэлүүд.

1. Гомдол гаргагч гомдлын үндэслэлдээ: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А*******гийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгууль нь дараах шалтгаануудаар хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж байна. Үүнд:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдаанаас тус компанийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож, тэрхүү давамгай байдлаа ашиглан хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр улсын байцаагч торгууль оногдуулахдаа давамгай байдалтай эсэхийг хууль журамд заасны дагуу хэрэгжүүлээгүй буюу хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон байдаг. Үүнтэй холбоотой тус компанийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоохоор шийдвэрлэсэн.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаар тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс хэлэлцэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. Иймд М******* ХХК нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч биш бөгөөд тус компанид оногдуулсан торгууль хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх үндэслэл бүрдсэн болно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь зөрчил үйлдэгдсэн нь илт тодорхой, шалгагдагч зөрчил үйлдэгдсэнийг өөрөө хүлээн зөвшөөрсөн, баталгаажсан, хэмжих хэрэгслээр тогтоогдож байгаа зэрэг үндэслэл бүрдсэн тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг. Гэтэл эдгээрийн аль ч тохиолдолд нь хамаарахгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн М******* ХХК-д оногдуулсан эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болох ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа "М*******" ХХК-ийн гомдолтой Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А*******д холбогдох захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.

".. ямар нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхой биш, үндэслэлгүй өндөр дүн бүхий шийтгэлийг оногдуулсан " гэх талаар: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаартай удирдамжийн дагуу эм ханган нийлүүлэх чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдсэн.

Хяналт шалгалтын хүрээнд аж ахуй эрхлэгчдээс холбогдох баримт, материалуудыг /тушаал, журам, гэрээ ... / гаргуулан авч хянасан. Хяналт шалгалтаар эм ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай "М*******" ХХК-иас "Э" ХХК-тай 2023.01.18-ны өдөр байгуулсан гэрээ, "А" ХХК-тай 2023.01.19-ны өдөр байгуулсан гэрээ, "Мо" ХХК-тай 2023.02.06-ны өдөр байгуулсан гэрээний 3.1-т ... үнийн нөхцөлийг жишиг болгон ... үндсэн СІР үнээс 5%-ийн хөнгөлөлт өгнө, мөн гэрээний 5.3-т "бөөний болон жижиглэнгийн үнийг худалдагч талын тогтоосон үнээр баримтална" гэх зэргээр гол төлөв эксклюзив буюу онцгой эрхт дистрибьютерийн гэрээ бүхий бараа /эм/-д солилцоо, урамшуулал хэлбэрээр тус тус ялгавартай үнэ, дахин борлуулах үнэ буюу зах зээлийн ханш тогтоох замаар өрсөлдөөнийг хязгаарласан нөхцөл бүхий гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон.

Тус компани нь эмийг бусад эм ханган нийлүүлэх байгууллагуудад нийлүүлэхдээ ялгавартай үнээр худалдаалах, тэдгээрийн зах зээлд дахин борлуулах үнийг тогтоох шийдвэр гаргах, гэрээ байгуулах зэргээр өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т " ... зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах", мөн хуулийн 7.1.6-д "тухайн бараа бүтээгдэхүүнийг дахин борлуулах үнэ, нутаг дэвсгэрийг тогтоож өгөхийг хориглоно" гэж заасныг тус тус зөрчсөн гэж шийдвэрлэсэн. Тодруулбал, ханган нийлүүлэх байгууллагуудад эмийг нийлүүлэхдээ ижил төрлийн эмийг ялгавартай үнээр борлуулах, түүнчлэн гэрээнд "бөөний болон жижиглэнгийн үнийг, худалдагч талын тогтоосон үнээр баримтална" гэсэн заалт тусгах замаар зах зээл дээр тухайн өрсөлдөгч аж ахуй эрхлэгчийн борлуулах үнийг тогтоох зэргээр давамгай байдлаа ашиглаж ноёлох үйл ажиллагаа явуулж байна гэж үзсэн. 

Улмаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэг "зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол ... хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасны дагуу тус компанийн өмнөх жилийн эмийн борлуулалтын орлого 212,140,092,664 төгрөгийн 4% буюy 8,485,603,706 төгрөгийн торгуулийг "М*******" ХХК-д оногдуулсан болно.

Иймд "М*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж байгаа нь эхлээд удирдамжтай хяналт шалгалт явагдаад зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтууд цугласан байсан учраас улсын байцаагч хуульд заасан эрхийн дагуу нотлох баримтуудад үндэслэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар бол аливаа зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, зах зээлийн судалгааг хийх бүрэн эрх хуулиар олгогдсон байдаг. Уг эрхийнхээ хүрээнд судалгааны ажлыг хийсэн. Эм эмнэлгийн хяналт зохицуулалтын газраас тоон мэдээллийг авсан. Тодорхой төрийн байгууллагуудын тоон мэдээлэл хоорондоо зөрүүтэй байсан учраас манайх салбарын хяналт тавьж байгаа байгууллагаас албан ёсоор өгсөн тоон мэдээллийг судалгааны ажилд үндэслэн зах зээлийн судалгааны ажил хийгдээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдаанаар давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон.

Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоосон судалгааны ажилд авч цуглуулсан тоон мэдээлэл бодит байдал дээр зөрүүтэй байсан. Тоон мэдээлэл зөрүүтэй байснаас бодит мэдээлэл дээр тулгуурлаагүй, хооронд нь харьцуулсан судалгаа дутуу хийгдсэн, судалгааны ажлыг үндэслэлгүй гэж үзээд түүнд үндэслэн гаргасан давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолыг шүүх хүчингүй болгосон.

Л.А******* байцаагч 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д заасны дагуу давамгай байдалтай аж ахуй эрхлэгч давамгай байдлаа хууль бусаар ашигласан гэсэн зүйл заалтаар торгууль тавьжээ. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаартай удирдамжийн дагуу улсын байцаагч эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, М******* ХХК-ийг эм ханган нийлүүлэх байгууллагуудад эмийг нийлүүлэхдээ ижил төрлийн эмийг ялгавартай үнээр борлуулах, түүнчлэн гэрээнд бөөний болон жижиглэнгийн үнийг худалдагч талын тогтоосон үнээр баримтална гэх заалт тусгах байдлаар давамгай байдлаа ашиглаж ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзээд 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар эм ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, эмийг ялгавартай үнээр борлуулсан гэх зөрчилд 8,485,603,706 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Шийтгэл ногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэг нь Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. хэмээх зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан үйлдлийг зөрчилд тооцохоор субъектийг тусгайлан заасан зохицуулалт байна.

Шийтгэлийн хуудаст зөрчлийг тодорхойлсноор эм ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч давамгай байдлаа хууль бусаар ашигласан гэж үзсэн.

Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзэхээр, 15 дугаар зүйлийн 15.1.6-д Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар тодорхой зах зээлд ... давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болохыг тогтоохоор заасан.

Гэтэл уг зөрчилд холбогдогч М******* ХХК-ийг эмийн импорт ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 177 дугаар магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан үйлдлийг зөрчилд тооцохоор субъектийг тусгайлан заасан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтаар торгох шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй байна.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлүүдийг 1.1 зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол, 1.2 зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол, 1.3 зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол хэмээн маш тодорхой зааж өгсөн.

Гэтэл хариуцагч удирдамжаар хийсэн хяналт шалгалтаар зөрчил нь тогтоогдсон гэхээс өөрөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлаагүй. Удирдамжаар хийгдсэн хяналт шалгалтаар тогтоогдсон гэх зөрчлийн хувьд ийнхүү үндэслэлгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд эдгээр үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9, Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.6, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан М******* ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч М******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА