Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/73

 

 

 

 

 

 

2023              01            18                                       2023/ДШМ/73

 

Ж.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

хохирогч Т.Уын хууль ёсны төлөөлөгч Э.И, түүний өмгөөлөгч С.Галцацрах,

шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1707 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Иын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ж.Ад холбогдох 2203 00537 0496 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн Жы А, 1981 оны 3 дугаар сарын 05-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гэр бүл судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.

Шүүгдэгч Ж.А нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 70 дугаар байрны хойд замд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний орой 17 цаг 50 минутын үед “Тоёота воксизагварын ... УБР улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4-р хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Э.И, Т.У нарыг мөргөж Т.Уын эрүүл мэндэд хүнд хохирол, Э.Иын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ж.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Аг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч Ж.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Агийн хэрэгт хавсаргагдан ирсэн “307651 дугаарын жолооны үнэмлэх, “Тоёота воксизагварын ... УБР улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Т.Уын хууль ёсны төлөөлөгч Э.И гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.И би 2022оны 9 дүгээр сарын 09-ний өдөр бага насны охин Т.Уыг тэвэрч явган хүний гарцаар зам гарч яваад авто машинд мөргүүлэн миний бие хөнгөн зэргийн гэмтэл, миний охин Т.У тархиндаа хүнд зэргийн гэмтэл авсан нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдон. Шүүгдэгч Ж.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан мөн дүрмийн 3.4-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхээр шийтгэгдэж нэг жилийн тэнсэн харгалзах ял оноогдож шийдвэр гарсан юм. Миний бие эрүүл саруул төрүүлж, өсгөж яваа нялх үрээ гавлын ясанд духны зүүн доод булангаас зүүн нүдний дээд хана руу дамжсан шугаман хугарлын оноштой хүнд гэмтлийг тохиолдлоор хэн нэгэн этгээдийн хэнэггүй анхаарал болгоомжгүй байдлаас болж учруулсан хор уршгийн хохирлыг арилгаагүй байсаар байтал тэнсэн харгалзах ял оноож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний хүүхдийн духны зүүн буланд маш тод ойролцоогоор З см хөх туяа сорив үлдсэн. Үүнийг эмч нар бүрэн гүйцэд алга болно хэмээн баталгаатай хэлж чадахгүй гэсэн бөгөөд тархины цууралттай тул мэргэжлийн эмч нар зөвлөхдөө, гадаадын эмнэлэгт нарийвчлан үзүүлэх шаардлагатай. Тухайн хэсгийн булчин нь хугарсан зовхи унжсан жижиг том нүдтэй байгаа, тархины гэмтэл Монгол Улсад үзүүлээд зүгээр гэдэг боловч унаж татдаг цаашлаад харвах ч тохиолдлууд их байдаг тул шинжилгээ өгөх, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэсэн нь дээр гэж үзсэн.Тиймээс цаашид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын SHANGHAI BLUE CROSS BRAIN HOSPITAL эмнэлгийн эмчтэй нөхөр маань холбогдон бие мах бодь болон гоо сайхан, ирээдүйд тохиолдох хор уршгаас сэргийлж нарийвчилсан шинжилгээ хийлгэх боломж бүрдсэн. Гэвч гадагшаа явах зардлын хувьд өөрсдөө гаргах боломжгүй байгаа тул 15.000.000 орчим төгрөг дүнгээр зардлыг хариуцагчаас нэхэмжлэх саналтай байна. Бид Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй дархан байх эрхээ ямар баталгаагаар эдлэн, хамгаалагдах ёстой тухайгаа мэдэхгүйгээр хууль, шүүхийн байгууллагад найдсан боловч миний хүссэн үр дүнд хүрээгүй. Энэхүү материаллаг хохирол учруулж, эрүүл мэндийг нөхөн сэргээх боломжгүй болгон, ял завшаад явж байгаа, хэнэггүй иргэдийн толгойг нь илээд хэзээ хэнд дахин аюул, занал учруулахыг мэдэхгүй, ухамсарлуулахгүй хохирогчийг хохь чинь болгодог тогтсон тогтолцоо үзүүлэлтээ эргэж нэг харан, ухамсар бие мах бодь санхүүгээр нь амсуулдаг, ойлгуулдаг байхыг хүссэндээ маш их гомдон энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй, хуулийг буруу ашигласан ял завшсан гэж үзэж маш их гомдолтой хэмээн гомдол гаргалаа. ...” гэв.

Хохирогч Т.Уын хууль ёсны төлөөлөгч Э.Иын өмгөөлөгч С.Галцацрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Итой өчигдөр гэрээ байгуулж өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн талтай уулзаж “өмгөөлөгч авч мөнгө зараад хэрэггүй. Би чадлаараа тусална. Миний хүүхэд унаж татдаг учир би ойлгож байна” гэж итгэл үнэмшил төрүүлээд, анхан шатны шүүх хуралдааны дараа өөр зан гаргасанд хохирогчийн зүгээс гомдож байна. Гэмт хэргийн хор уршиг арилаагүй байх тул давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бичиг үсгийн маш их алдаатай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол, хор уршгийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлсээр ирсэн. Би уурлаагүй. Машинаа барьцаанд тавьж мөнгийг төлнө гэж нөхөртэй нь тохиролцсон. Хохирогч талаас надтай ярих бүрдээ нэхэмжилсэн мөнгөө нэмэгдүүлдэг. Хэрэв өмгөөлөгч авбал намайг хөлсийг нь төл гэх мэтээр үргэлж сэтгэл зүйн дарамтад оруулдаг. Яг одоогоор надад мөнгө өгөх боломж байхгүй байна. Надаар мөнгө төлүүлнэ гэж байгаа бол эмчилгээний зардлаа өөрсдөө гаргаад баримтаа авчраад нэхэмжилбэл би мөнгийг төлнө. Би байсан бол тэгэх байсан. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Агийн өмгөөлөгч У.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд цаашид гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч цаашид гарах зардлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлж, анхан шатны шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Тухайн үед миний үйлчлүүлэгч боломжоороо байгаа мөнгөө өгье гэхэд хохирогч 15.000.000 төгрөгийг бүтнээр авъя гэсэн учир бид дутуу мөнгө өгч чадаагүй. Миний үйлчлүүлэгчийн унаж явсан машин төрсөн дүүгийнх нь нэр дээр байдаг. Машины лизингийг төлөөд өөрийнхөө нэр дээр авч байгаа бөгөөд машиныг худалдаж эсвэл барьцаалаад мөнгө авах төлөвлөгөөтэй байсан ч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа учир боломжгүй болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийн зүгээс харамсаж байгаа. Хохирогчийн зүгээс нэхэмжилж буй мөнгөн дүн өөрчлөгдөж, амаар нэхэмжилж байгаа тул өгч чадахгүй байгаа. Баримтаа бүрдүүлээд нэхэмжилбэл төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч хохирогчийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал 950.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 678.000 төгрөгийг тус тус төлсөн. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид 3.000.000-4.000.000 төгрөгийг өгөх гэхэд авахгүй байгаа талаар шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байсан. Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, баримтаар нэхэмжилсэн бодит хохирлыг төлж барагдуулсан гэж үзэж Ж.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсанаар шийдвэрийг хүчингүй болох боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын техникийн шинжтэй алдааг зөвтгөх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ж.А нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 70 дугаар байрны хойд замд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний орой 17 цаг 50 минутын үед “Тоёота воксизагварын ... УБР улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4-р хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Э.И, Т.У нарыг мөргөж Т.Уын эрүүл мэндэд хүнд хохирол, Э.Иын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Уы хууль ёсны төлөөлөгч Э.Иын “Би 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 70-34 тоотод байрлах гэрээсээ 2 настай охин Уг тэврээд дэлгүүр орох зорилготой Нарантуул захын арын замаар урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гараад дуусч байтал зорчих хэсгийн уулзвараар хойноосоо баруун тийш эргэж байсан тээврийн хэрэгсэл миний баруун талын хэсэг рүү мөргөсөн би мөргүүлээд газар унасан. Тэгээд босоод иртэл охин Угийн дух нь нилээн хавдчихсан уйлаад байж байтал жолооч нь машинаас бууж ирээд шууд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” /хх 15/

иргэний нэхэмжлэгч Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Ч.Энхтуяагийн: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Тээврийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.У, Э.И нар нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судпалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 678.000 төгрөгийн зардал гарсныг Ж.Агаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 43/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Анхбаярын “Тоёота Vоху” маркийн ... УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Манай эгч ББСБ-с зээл авах гэтэл орлого нотлогдохгүй байсан тул би өөрийнхөө нэр дээр тухайн тээврийн хэрэгслийг Транскапитал ББСБ-с 15 сая төгрөгийн зээлийн гэрээ хийж худалдаж авч өгсөн. Үндсэн зээлдэгч нь би байгаа. Тухайн машиныг эгч А жолооддог. Би ослын улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй. ...Ослын улмаас эвдрэл гэмтэл учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй." /хх 49, 52/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “...Т.Угийн биед дух яс, зүүн нүдний дээд ханын хугарал, духанд зулгаралт, цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... Амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ..." гэх 12595 дугаар дүгнэлт /хх 67-68/,

мөн хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “...Э.Иын биед дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, өвдөг, тавхайн ар хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 12596 дугаар дүгнэлт /хх 72-73/

Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 999484 дүгээр бүрэлдэхүүнтэй шинжээчийн “Тоёота Vоху” маркийн ... УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна..." гэх дүгнэлт, /хх 78-81/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1096 дугаартай "Тоёота \/оху” маркийн ... УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4-р хавсралт заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах..." гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэх магадалгаа /хх 84/,

зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-10/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Аг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх “...Шүүгдэгч Ж.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорын хохирлоос сайн дураараа төлсөн, цаашид гарсан зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн...” гэж дүгнэн шүүгдэгч Ж.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь, шүүгдэгч Ж.А нь тээврийн хэрэгсэл жолоодох үедээ хохирогч Э.И, Т.У нарыг мөргөн Э.Иын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Т.Уын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирол буюу хор уршиг арилаагүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Гэвч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хуулийг 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрх хэмжээ байхгүй юм.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арг хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж хуульчилсан байхад шүүгдэгч Ж.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэзээнээс хэрхэн тоолохыг шийтгэх тогтоолд дурдаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэмэлт заалт оруулан зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж зааснаас өөрөөр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах болон хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хүндрүүлэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Ад оногдуулсан ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж хуульчилсан тул насанд хүрээгүй хохирогч Т.Уын хууль ёсны төлөөлөгч Э.Иын гаргаж өгсөн хохиролтой холбоотой гэх баримтуудыг давж заалдах шатны шүүхээс үнэлэх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр хохирогч Т.Уын хууль ёсны төлөөлөгч Э.Иын гаргасан “...хохиролд 15.000.000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэсэн давж заалдах гомдлын хэсгийг хэрэгсэхгүй болгож, “...шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн. ...” гэсэн гомдлын агуулгыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” хэсэгт шүүгдэгч Ж.Агийн нэрийг Ж.Энхтуяа гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдаж, цаашид ийм алдаа гаргахгүй байх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, насанд хүрээгүй хохирогч Т.Уын хууль ёсны төлөөлөгч Э.Иын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1707 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.  

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч хохирогч Т.Уын хууль ёсны төлөөлөгч Э.Иын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР