Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 574

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа би, “М*******” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М*******” ТБАГУТҮГ-ын захирал Б.Б******* нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:  

“...Тус хүрээлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалттай нутгийн удирдлагын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 35 дугаар цэцэрлэгийн газрын солбилцолд өөрчлөлт оруулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэв. 

Гуравдагч этгээд 35 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Б******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: 

“...Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 167 дугаар захирамжийн М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагаасаа татгалзаж байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М*******” ТБАГУТҮГ нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-188 дугаар тушаалаар 35 дугаар цэцэрлэгт 1000,0 м.кв газар олгосон хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “М*******” ТБАГУТҮГ нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Гуравдагч этгээд 35 дугаар цэцэрлэг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 167 дугаар захирамжийн М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлага гаргасан бөгөөд энэхүү гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаасаа татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасны дагуу гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Мөн нэхэмжлэгч “М*******” ТБАГУТҮГ-ын захирал Б.Б*******, гуравдагч этгээд 35 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Бямбахорлоо нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М*******” ТБАГУТҮГ нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч “М*******” ТБАГУТҮГ нь “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-188 дугаар тушаалаар 35 дугаар цэцэрлэгт 1000,0 м.кв газар олгосон хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ, гуравдагч этгээд 35 дугаар цэцэрлэгийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 167 дугаар захирамжийн М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.САЙХАНТУЯА