Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 478

 

Ж.Б-ы нэхэмжлэлтэй, Монгол Улсын

 Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:       Х.Батсүрэн

Шүүгчид:                       Г.Банзрагч

                                       Б.Мөнхтуяа

                                       Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль, зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/51 тоот тушаалыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, цэргийн алба хаасан хугацааг тасралтгүйгээр тооцуулж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0424 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2018/0517 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, түүний өмгөөлөгч Б.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нар.

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Б гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0424 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.2.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Б ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга буюу Шийдвэр гүйцэтгэх албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 11 дугаар сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 7 сар 14 хоногийн цалин 10.321.452 төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч нь 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл цэргийн алба хаасан хугацааг тасралтгүйгээр тооцож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0517 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0424 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

        Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Ж.Б нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хандаж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/51 дүгээр тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоолоор маргаан хянан шалгах комиссыг байгуулагдсан.

4. Гэтэл маргаан хянан шалгах комисс нь иргэн Ж.Б ы гомдлыг хянан шийдвэрлэх гэтэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсний улмаас Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл түүний гомдлыг шийдвэрлэх боломжгүй болсон.

5. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтад “захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасан үндэслэл тогтоогдсон байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй харин нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 270 дугаар зүйлийн 270.2-д “Шийдвэр гүйцэтгэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчээс бүрдэнэ” хуулийн 270.4-д “Шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн 270.3-т заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байна", мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т “Шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч байна", мөн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3-т “Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 271.1, 271.2-т зааснаас гадна ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээрт тодорхой шийдвэр гаргах тухай даалгах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, хяналт тавих, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаархи гомдлыг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал тогтоох эрхтэй” байхаар тус тус хуульчилсан.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц болон бүдүүвч зураглал нь ойлгомжгүй, өөр хоорондоо уялдаа холбоогүй, ямар үндэслэлээр ажил үүргийн хуваарийг хуваарилсан нь тодорхойгүй байсан. Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь дарга, тэргүүн дэд дарга, хоёр дэд даргатай байна” гэж заасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар тэргүүн дэд дарга, 2 дэд дарга нарын ажил үүргийн хуваарь өөр хоорондоо зөрчилдөөнтэй, сул албан тушаал бий болгосон байжээ.

8. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолын 6 дугаар зүйлд “...Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудыг чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгохыг даалгасан”, түүнчлэн тогтоолын 6.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга (орлогч дарга) 1-тэй, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэл баримтална” гэж заасан уг тогтоолд нийцээгүй.

9. Ингээд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/293 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн баталж, шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын бүтцээр чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга” болон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга”-тай байхаар тус тус албан тушаалуудыг нэгтгэн зохион байгуулж, хууль, журамд нийцүүлэн баталсан.

10. Ж.Б нь дээрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй, түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын ажил, албан тушаал, чиг үүрэгтэй давхардаж хуульд харшилсан байсан бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа зохион байгуулалтын бүтэц, орон тоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэл хариуцсан дэд даргын орон тоо байхгүй юм.

11. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0424 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2018/0517 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгнө үү гэжээ.

12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 270 дугаар зүйлийн 270.2-т "Шийдвэр гүйцэтгэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчээс бүрдэнэ", 270.4-т "Шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн 270.3-т заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байна", 263 дугаар зүйлийн 263.2-т “Шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч байна" гэж тус тус заасан.

13. Харин нэхэмжлэгч Ж.Б-ы хувьд сонгон шалгаруулалтад орж байгаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн эрхгүй тул Дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны даргын албан тушаалд тэнцэхгүй болох нь хуулиас харагдаж байна.

14. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс ажлын байрны тодорхойлолтын "Ажлын байрны зорилго, зорилтыг ойлгож харьцуулан үзээгүйгээс гадна эгүүлэн томилохоор даалгасан албан тушаалын хуульд заасан нөхцөл шаардлагыг тухайн этгээд хангах эсэх талаар нотлох баримтгүй, хууль зөрчин хүчээр буцаан томилохоор шийдвэрлэсэн.

15. Шүүх "ажлын байрны тодорхойлолтод шийдвэр гүйцэтгэгч байх шаардлага тавигдаагүй тул" нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т "...эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” баталгаагаар хангагдана гэсэн заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн.

16. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалт буюу "Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх" гэсэн заалтыг баримтлан асуудлыг шийдвэрлэж байгаа нь хэрэгт ямар улс төрийн албан тушаалтан өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгч Ж.Б ыг албан тушаалаас өөрчилсөн талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байхад урьдчилсан байдлаар дүгнэлт гаргаж түүнийгээ батлах замаар асуудлыг шийдсэн гэж үзэхээр байна.

17. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т "Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна" гэж заасантай нийцэхгүй байна.

18. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0424 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2018/0517 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

19. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

20. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаЖ.Б ыг мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, нэхэмжлэгч Ж.Б нь уг тушаалыг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, учруулсан хохирол болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, цэргийн алба хаасан хугацааг тасралтгүйгээр тооцуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, “...төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, халах хуульд заасан аль ч үндэслэл байгаагүй, ...миний хашиж байсан албан тушаалд өөр хүнийг томилсон нь тушаалын үндэслэлийг үгүйсгэж байна, ...хууль бус” гэж маргажээ.

21. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/65 дугаар тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоо”-г шинэчлэн батлахдаа тус газарт 2 дэд дарга ажиллахаар орон тоог тогтоосон, уг тушаалыг үндэслэл болгож мөн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/78 дугаар тушаалаар Ж.Б-ыг шийдвэр гүйцэтгэлийн асуудал эрхэлсэн дэд даргаар томилсон, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шинэчлэн батлагдсан “Ажлын байрны тодорхойлолт”-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргын эрхлэх асуудалд Шийдвэр гүйцэтгэх алба, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Хяналт шалгалтын хэлтэс харьяалагдан, шууд удирдлагад нь ажиллах үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

22. Тухайн үед мөрдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцогдсон/ хуульд шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын удирдлагын бүрэлдэхүүнд “дэд дарга” байхаар заагаагүй, харин 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчлэн найруулсан/ хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д “...төв байгууллага нь дарга, тэргүүн дэд дарга, хоёр дэд даргатай байх”-аар тусгайлан тогтоосон, энэ тохиолдолд нэхэмжлэгчийг /эрх зүйн байдал нь дээрдсэн хуулийг хэрэглэнэ/ хуулийн дагуу “дэд дарга”-аар ажиллаж байсан гэж үзэх бөгөөд “дэд дарга”-аас чөлөөлсөн маргаан бүхий тушаалыг хариуцагч гаргахдааЖ.Б ыг анх томилсон тушаалыг “хууль зөрчсөн” гэж үзээгүй, уг үйл баримт нь энэ маргаанд хамааралгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 6.2-т хуульд өөрөөр заагаагүй бол ... агентлаг нь 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга 1-тэй, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах гэсэнд нийцээгүй” гэх агуулгатай гомдлыг хүлээж авах боломжгүй.

23. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3-т “хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй орлогч даргатай байна...” гэж заасан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь дарга, тэргүүн дэд дарга, хоёр дэд даргатай байх”-аар хуульчилсан, нарийвчлан зохицуулсан уг хуульд “хоёр дэд дарга”-тай байхаар өөрөөр заасан байхад хариуцагч нь Засгийн газрын тухай хуулийг буруу хэрэгжүүлсэн, эрх зүйн зөрчилтэй уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасанд нийцжээ.

24. Хууль бус болох нь тогтоогдсон захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэснээр шүүхэд хандсан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх учиртай хэдий ч энэ тохиолдлын хувьд нэхэмжлэгч Ж.Б-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргын албан тушаалд эсвэл шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэл тогтоогдохгүй байна.

25. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/198 дугаар тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоо”-г шинэчлэн баталснаар Шийдвэр гүйцэтгэх асуудал хариуцсан дэд даргын шууд удирдлагад Шийдвэр гүйцэтгэх алба, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Хяналт шалгалтын хэлтэс гэсэн 3 нэгж ажиллаж байсан бол мөн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/293 дугаар тушаалаар батлахдаа тус дэд даргын эрхлэх асуудалд Шийдвэр гүйцэтгэх алба, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хамаарахаар болсон, төв байгууллагын удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах 2 дэд даргын орон тоог “Дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга”, “Дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга” гэж тодорхойлж баталжээ.

26. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 257 дугаар зүйлийн 257.3-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага, иргэний, захиргааны, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх алба /цаашид “шийдвэр гүйцэтгэх алба” гэх/, цагдан хорих шүүхийн шийдвэр, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх алба /цаашид “хорих ял эдлүүлэх алба” гэх/, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх алба /цаашид “хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба” гэх/,...”-ээс бүрдэхээр, 261 дүгээр зүйлийн 261.1-д “...төв байгууллага нь дарга, тэргүүн дэд дарга, хоёр дэд даргатай байх”-аар, 263 дугаар зүйлийн 263.2-т “шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч байх”-аар, 270 дугаар зүйлийн 270.2-т “шийдвэр гүйцэтгэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчээс бүрдэх”-ээр, 270.4-т “шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн 270.3-т заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байх”-аар тус тус заасан, тухайн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын өмнөх бүтцийн дагуух “шийдвэр гүйцэтгэлийн асуудал хариуцсан дэд дарга”-ын болон Шийдвэр гүйцэтгэх албаны даргын тус тусдаа хэрэгжүүлж байсан чиг үүрэг нэгтгэгдсэнээр тус албан тушаалд хуулиар тавигдсан “ерөнхий шийдвэр гүйцэтгэгч” байх шаардлагыг хангаагүйЖ.Б ыг уг албан тушаалд томилох, шүүхээс томилохыг даалгах боломжгүй юм.

27. Түүнчлэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар Д.Дамдинцэрэнг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар томилсон, дараа нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар уг албан тушаалаас Д.Дамдинцэрэнг чөлөөлж, улмаар Газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар томилсон байх бөгөөд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан “дэд дарга”-ын албан тушаал нь дангаар байхгүй байхад түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй, “дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга”-аар Д.Д-г томилсон тушаалтай нэхэмжлэгч нь маргаагүй атлаа уг албан тушаалд шууд томилуулахаар /эгүүлэн тогтоолгох/ шаардах эрхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх уг маргааны үйл баримтад холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу, шүүхийн шийдвэр бодит байдлаар хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.

28. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэхдээ огт дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүх “...сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй,... нэхэмжлэгчийг хуулийн уг шаардлагад нийцүүлэх эсэх талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”,106.5-д “шүүх ...хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасанд нийцэхгүй.

29. Иймд, шийдвэр, магадлалын энэ хэсэгт холбогдуулан хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан “...албан тушаалуудыг нэгтгэн зохион байгуулсан,... Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, уг хуулийн хэрэглэх ёсгүй 27.2.2 дахь заалтыг хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлтэй байна.

30. Нэгэнт, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд нь эрх зүйн зөрчилтэй тушаал гаргаж, нэхэмжлэгчЖ.Б ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн, үүний улмаас нэхэмжлэгч нь “ажилгүй” болж хохирсон, хохирлоо “ажилгүй байсан хугацааны цалин”-гаар тооцож нэхэмжлэх эрхтэй тул шийдвэр, магадлалын энэ хэсгийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

31. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Б болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0424 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2018/0517 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 7 сар 14 хоногийн цалин 10 321 452 /арван сая гурван зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т тус тус зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, гуравдагч этгээдээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Х.БАТСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                    Ч.ТУНГАЛАГ