Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2024/00498

 

 

2024 оны 5 сарын 15 өдөр Дугаар 155/ШШ2024/00498

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***од оршин суух, А овогт З-гийн Б-ы,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2024/00315/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Б- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие З.Б- нь Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуульд слесарь сантехникчээр суралцаж төгсөөд 1984 оноос эхлэн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт ажиллаж эхэлсэн ба 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Зам барилга ашиглалтын конторт уурын зуухны слесарьчнаар, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан.

Одоо өндөр насны тэтгэвэртээ орох гэтэл миний ажиллаж байсан зарим хугацааны ажилд орсон тушаал байхгүй, ажлаас гарсан тушаал байхгүйгээс миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна.

Иймд миний 1988 оны 10 дугаар сарын 7-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Зам барилга ашиглалтын конторт уурын зуухны слесарьчнээр, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. 1984-1988 онуудад ажиллаж байсантай холбогдох баримт бүрэн хангалттай шүүхээр тогтоолгох шаардлагагүй гэсэн гэв.

Нэхэмжлэгчээс: А З-гийн Б-ы иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдөр З- овогтой Б-д нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ... Тус аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1988 оны тушаал шүүж үзэхэд З.Б-ыг ажилд томилсон тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. ... гэх бичилт бүхий 11/215 дугаартай албан бичиг, ББМҮ Яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1984 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 103 дугаартай ТМС төгсгөж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай тушаал болон хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, БНМАУлсын Барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторын даргын 1988 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №119 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №134 дугаартай Зарим ажилчдыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, 1990 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №142 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл Авто замын засвар арчлалтын төрийн өмчит хувьцаат компаниас 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдөр гаргаж ирүүлсэн Хөвсгөл АЗЗА ТӨХК-нд З.Б-ы ажиллаж байх хугацаандаа авч байсан 1988 оны 10-12 дугаар сар, 1989 оны цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 2-16 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр С.Б, Б.Б нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 35-39 дүгээр тал)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс З- овогтой Б-ы ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрын карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн архивын хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архив, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архиваас З- овогтой Б-ы цэргийн алба хаасан эсэх лавлагаа, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас З- овогтой Б-ы нөхөн даатгалд хамрагдсан эсэх лавлагаа зэрэг баримтыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 21-24, 28, 29, 40 дүгээр хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Б- нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд уурын зуухны слесарьчнээр, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч З.Б- нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч З.Б- нь Хөвсгөл аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд уурын зуухны слесарьчнаар, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

З- овогтой Б-д Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нээж олгосон №031234 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 3 дугаар хуудас)

ББМҮ Яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1984 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 103 дугаартай ТМС төгсгөж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай тушаал түүний хавсралтад ... Д/д гэх хэсэгт 17, овог нэр гэх хэсэгт З- Б-, эрэгтэй, эмэгтэй гэх хэсэгт эр, хаана ТМС төгссөн гэх хэсэгт Мөрөн, мэргэжил гэх хэсэгт сант сле, зэрэг гэх хэсэгт III, ажилд томилсон он сар өдөр гэх хэсэгт 5/VII, аль бригадад очсон гэх хэсэгт сант ... гэх бичилт бүхий тушаал болон хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 5 дугаар хуудас)

БНМАУ Улсын Барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай ...З- овогтой Б-ыг 10 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсүгэй. ... гэх бичилт бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 6 дугаар хуудас)

Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторын даргын 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №134 дугаартай ... уурын зуухны слесарьч З.Б-ыг 1989-10-16-аас эхлэн үндсэн ажлаас нь чөлөөлж, З.Б-ыг АБЗ-д нормчноор .... тус тус ажиллуулсугай. ... гэх бичилт бүхий Зарим ажилчдыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 7 дугаар хуудас)

Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторын даргын 1990 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №142 дугаартай ... АБЗ-ын ажилчин З.Б- өвчний учир зургаан сарын хугацаатай гурав дугаар группт орсон учир 1990-12-14-нөөс ажлаас чөлөөлсүгэй. ... гэх бичилт бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас)

З- овогтой Б-ы Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторт ажиллаж байх хугацаандаа авч байсан 1988 оны 10-12 дугаар сар, 1989 оны цалин хөлсний түүвэр, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарт Хөвсгөл АЗЗА ТӨХК-ийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Барилга угсралтын трест, Ажилд орсон он гэх хэсэгт 1984, цех, тасаг, бригад гэх хэсэгт сантехник бригад, эрхэлдэг ажил гэх хэсэгт сантехникч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1984, оршдог сум район гэх хэсэгт Мөрөн гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 22 дугаар хуудас)

Гэрч С.Б-н ...З.Б- нь 1988 оноос 1991 оны хооронд Хөвсгөл аймгийн Зам барилга ашиглалтын конторт уурын зууханд слесарьчнаар ажилладаг байсан. Бас бетон зуурмаг хийдэг байсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа гарсан. ... гэх мэдүүлэг,

Гэрч Б.Б-ийн ...З.Б- нь 1988 оноос 1991 он хүртэл Хөвсгөл аймгийн Зам барилга ашиглалтын конторт уурын зуухны слесарьчнаар ажиллаж байсан. Тэгээд бие нь өвдлөө гээд гарсан. ... гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 35, 38 дугаар тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч З.Б- нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд уурын зуухны слесарьчнаар, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А овогт З-гийн Б-ы Хөвсгөл аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд уурын зуухны слесарьчнаар, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч З.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН