| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2219002470250 |
| Дугаар | 2023/ДШМ/03 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., 20.4.1., |
| Улсын яллагч | М.О |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ДШМ/03
Г.О, Б.А, Х.Ж, Э.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: М.О,
Шүүгдэгч: Х.Ж,
Шүүгдэгч: Э.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Ш,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Золбоо нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны 2022/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Г.О, Б.А, Х.Ж, Э.Б нарт холбогдох 2219002470250 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.1. Г О, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,
1.2. Х.Ж , ял шийтгэлгүй,
1.3. Э.Б, урьд ял шийтгэлгүй,
1.4. Б.А урьд
Дорноговь аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ял,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,
2. Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Х.Ж, Э.Б нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2022 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "****" ХХК-ний тэсрэх материалын агуулахад хууль бусаар,нууцаар нэвтрэн орж, 6.630.000 төгрөгийн үнэ бүхий тэсрэх бодис эмульс 25 кг, /100 ширхэг/, нонель /тэсрэх хэрэгсэл 100 ширхэг/, цахилгаан бялт /тэслүүр, 100 ширхэг/-ийг авсан. Мөн дээрх эмульс, нонель, цахилгаан бялт зэрэг тэсэрч дэлбэрэх бодисыг 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт бусдад борлуулсан гэмт хэрэг, Шүүгдэгч Г.О, Б.А нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт Э.Б, Х.Ж нараас 6.630.000 төгрөгийн үнэ бүхий тэсрэх бодис эмульс 25 кг, /100 ширхэг/, нонель /тэсрэх хэрэгсэл 100 ширхэг/, цахилгаан бялт /тэслүүр, 100 ширхэг/-ийг буюу тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас шүүгдэгч Х.Ж, Э.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2.2. дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Г.О, Б.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Ж, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, машин механизм ашиглан үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэсэрч дэлбэрэх бодис ...-ийг хууль бусаар борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүгдэгч Г.О, Б.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэсэрч дэлбэрэх бодис ...-ийг хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж, Э.Б нарт тус бүр 2 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил хорих ял шийтгэж,
Шүүгдэгч Г.О, Б.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 15,000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Х.Ж нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тус бүр 3 жилээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Х.Ж нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Г.О нарт оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялыг солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч нар нь хохирогч байгууллагад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Х.Ж нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 1,750,000 төгрөг гаргуулан улсын орлогод, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч Н.Бгаас 2,500,000 төгрөг, шүүгдэгч Х.Жаас 2,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Г.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Б, Х.Ж нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 5.1 “... Шүүгдэгч Г.О, Б.А, Х.Ж, Э.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрсдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байсан ба шүүхийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч хохирогч М.Нид учруулсан хохирол төлбөрийг ямар нэгэн маргаангүйгээр нэхэмжилсэн үнийн дүнгээр төлж барагдуулсан.
5.2. Шүүгдэгч Г.О, Б.А нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх байдлыг харгалзан үзэж, Г.О, Б.А нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бага хэмжээгээр оногдуулах үндэслэлтэй. ... Энэ хэргийн улмаас Б.А одоогоор ямар ч ажилгүй байгаад байгаа. Г.Оын хувьд хууль бусаар тэсрэх, дэлбэрэх бодис зарж, борлуулсан гэдгээр ажиллаж байсан “****” гээд төрийн бус байгууллагын үйл ажиллагаа зогсох хэмжээнд хүрсэн байгаа учраас торгох ялыг багасгаж өгөөч гэж гомдол гаргасан байгаа. ... Үнэхээр торгох ялыг багасгах боломжгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хамгийн урт хугацаагаар болгож шийдвэрлүүлэх саналтай байна.
5.3. Мөн шүүгдэгч Х.Ж, Э.Б нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сар хорих ял , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2.1, 2.4-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх Ялыг 1 жил 6 сараар тогтоох боломжтой юм.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлуудыг харгалзан үзэж, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/205 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
6. Шүүгдэгч Э.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ээжийн маань 49 хоног ч өнгөрөөгүй ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байгаа. Ямар зүйл гаргасан талаараа маш сайн ойлгосон. Цаашид ийм зүйл гаргахгүй. Иймд миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.
7. Шүүгдэгч Х.Жавхлан давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай найзын ээж нь нас бараад удаагүй байгаа. Мөн миний ар гэрийн байдал хэцүү нөхцөл байдалтай байгаа. Иймд ялыг маань хөнгөрүүлж өгөөч ээ гэсэн хүсэлтэй байна” гэв.
8. Прокурор М.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “....Анхан шатны шүүхийн ... шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Жавхлан, Э.Б нарын хувьд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан. Тэсрэх, дэлбэрэх бодис хууль бусаар олж авсан, худалдан борлуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Б.А, Г.О нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн болон анхан шатны шүүхээс тогтоосон ял шийтгэлийн хувьд анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулсан. Оногдуулсан ял шийтгэл нь тухайн Эрүүгийн хуулийн зүйл заалтад заасан доод хэмжээгээр оногдуулсан. Энэ ял шийтгэл нь шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан зарчимд нийцсэн гэж үзэж анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/205 дугаар шийтгэх тогтоолтой хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
1. Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2022 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө шүүгдэгч Х.Ж, Э.Б нар нь бүлэглэн машин механизм ашиглан Дорноговь аймгийн Айраг сумын 2-р багийн нутаг дэвсгэрт орших “****” ХХК-ны тэсрэх материалын агуулахад хууль бусаар, нууцаар нэвтрэн орж 6,630,000 төгрөгийн үнэ бүхий тэсрэх бодис эмульс 25 кг /100ш/, нонель /тэсрэх хэрэгсэл 100ш/, цахилгаан бялт /тэслүүр 100ш/ зэргийг авсан, мөн дээрх тэсэрч дэлбэрэх бодисуудаа 2022 оны 06-р сарын 18 өдөр Улаанбаатар хотод иргэн Г.О, Б.А нарт худалдан борлуулсан.
2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Г.О, Б.А нар нь бүлэглэн Э.Б, Х.Ж нараас 6,630,000 төгрөгийн үнэ бүхий тэсрэх бодисыг хууль бусаар худалдсан авсан гэсэн үйл баримтууд болсон нь хохирогч “****” ХХК-ныг төлөөлж гүйцэтгэх захирал М.Н, гэрч Баатарзоригт, Р.Р, Б.Ш, П.М нарын мэдүүлгүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгч нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүдээр гэмт хэрэг давхар батлагдан тогтоогдсон байна.
Шүүгдэгч нарын эдгээр үйлдлүүдэд Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас шүүгдэгч Х.Ж, Э.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2.2. дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
шүүгдэгч Г.О, Б.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
2. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Ж, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэсэрч дэлбэрэх бодис ...-ийг хууль бусаар борлуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г.О, Б.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэсэрч дэлбэрэх бодис...ийг хууль бусаар олж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.
3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шаас эс зөвшөөрч “ ... шүүгдэгч Г.О, Б.А, Х.Ж, Э.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг маргаангүйгээр төлж барагдуулсан ... шүүгдэгч Г.О, Б.А нарт Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг багасгах, торгууль төлөх хугацааг хуульд заасан хугацаагаар тогтоож өгөхийг, ... шүүгдэгч Х.Ж, Э.Б нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тус тус хөнгөрүүлэх боломжтой” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдсан гомдол гаргасан.
4. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
5. Мөн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль болон Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг үндэслэлтэйгээр зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
6. Шүүгдэгч Х.Ж, Э.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус заасан “ ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол ... гэмт хэргийг ... тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, ... учрах саадыг арилгах зорилгоор ... машин механизм ашиглаж үйлдсэн бол” гэх хулгайлах гэмт хэргийн шинжүүдэд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ... тэсэрч дэлбэрэх бодис ... хууль бусаар ...борлуулсан “ гэх галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших гэмт хэргийн шинжид тус тус нийцсэн,
Шүүгдэгч Г.О, Б.А нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ... тэсэрч дэлбэрэх бодис ... хууль бусаар ... олж авсан” гэх галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших гэмт хэргийн шинжид тус тус нийцсэн ба шүүхээс шүүгдэгч нарыг тус тус гэм буруутайд тооцсон нь анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзлээ.
7. Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бодитойгоор харгалзан үзээгүй байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн бол “ хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” журмын 1 дэх хэсгийн 1.3-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” буюу хорих ялыг хөнгөрүүлж болохыг заасан.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Х.Ж, Э.Б нарт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.3-т заасныг баримтлан 1 жилийн хорих ял болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж, Э.Б нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жилээр тогтоож хөнгөрүүлэх,
Шүүгдэгч Г.О, Б.А нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн бол “ ... таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.О, Б.А нарт арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял болгож хөнгөрүүлж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосныг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь буюу “Шударга ёсны зарчим”-д тохирно гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Энэ нь шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч “****” ХХК-д учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.7 дугаар зүйлд тус тус заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болох үндэслэлүүдэд тус тус нийцнэ.
8. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шаас ял хөнгөрүүлэх үндэслэлээр гаргасан давж заалдсан гомдлыг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар “... хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсэнд үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан” гэж нэмж, мөн заалтын “...Х.Ж, Э.Б нарт тус бүр 2 жил хорих ял...” гэснийг “Х.Ж, Э.Б нарт тус бүр 1 жил хорих ял” гэж,
3 дугаар заалтын “... 15000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000,000 төгрөгөөр ...” гэснийг “10,000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр” гэж,
4 дүгээр заалтын “...3 жилээр...” гэснийг “2 жилээр” гэж,
6 дугаар заалтын “...10 сарын хугацаанд...” гэснийг “3 жилийн хугацаанд” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шын давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Ж, Э.Б нарын цагдан хоригдсон 60 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС