Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/0579

 

2024 07 09 128/ШШ2024/0579

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А******* ХХК,

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар,

Маргааны төрөл: Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй, нөхөн олгохоос татгалзсан татгалзлыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг даалгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Агуулах, оффисын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй, нөхөн олгохоос татгалзсан татгалзлыг тус тус хууль бус болохыг тогтоож, агуулах, оффисын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг даалгах.

Хоёр. Маргааны үйл баримтын талаар.

1. А******* ХХК Баянзүрх дүүргийн, 10 дугаар хороо, Цагдаагийн академи тоот хаягт байрлах нэгж талбарын ******* дугаартай, Нийслэлийн Засаг даргын 2012 оны , 2014 оны дугаар захирамжаар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй төмөр зам, агуулах-ын зориулалттай өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгө бүхий газартаа агуулах, оффисын барилга барихаар 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тоот албан бичгээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн, хариуцагч байгууллага барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгоогүй, бичгээр хариу өгөөгүй.

2. Нэхэмжлэгч компани барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй байхад агуулах, оффисын барилга барьж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн авах хүсэлтийг 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр дахин гаргаснаар хариуцагч байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр тоот албан бичгээр нөхөж олгохгүй хэмээн татгалзжээ.

Гурав. Маргаж буй үндэслэлүүд.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани анх 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүрэг, 10-р хороо, цагдаагийн академийн тоот, ******* нэгж талбарт орших газрыг Нийслэлийн засаг даргын 2012 оны 02-р сарын 21-ний өдрийн дугаар захирамжийн дагуу 15 жилийн хугацаатайгаар хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болсон. Мөн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төмөр зам, агуулах"-ын зориулалттайгаар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Бид Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмшигчийн үүргээ зохих ёсoop биелүүлж ирсэн бөгөөд газраа зориулалтын дагуу ашиглах эрхийн хүрээнд 2013 оноос хойш төлөвлөж барилгын ажлыг эхлүүлэхээр холбогдох бэлтгэл ажлыг хуулийн дагуу хангаж, барилгын ажил гүйцэтгэгчтэй гэрээг байгуулсан. Ингээд хуульд заасан журмын дагуу барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авахаар анх 2018 онд Хот байгуулалт, хөгжлийн газарт хандсан бөгөөд тухайн үед Хот байгуулалт, хөгжлийн газраас манай хүсэлтийг эзэмших эрхийн хугацаа 2019 онд дуусаж байгаа гэдэг үндэслэлээр татгалзсан.

Манай компани нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ 2018 онд Нийслэлийн Засаг даргад гаргасан боловч манай компанийн газар эзэмших эрхийн хугацаа сунгах ажиллагаа төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор 4 жилийн хугацаанд үргэлжилсэн болно.

Бид төрийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, газрын эрхийг сунгаж өгөхийг хүлээсэн бөгөөд өмнө дурдсанчлан барилгын ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу барилга барих үйл ажиллагааг эхлүүлсэн болно. Учир нь барилгын ажлын гүйцэтгэгч нь гадаадын улсын хуулийн этгээд байсан тул төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гэрээний үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах үндэслэл байгаагүй бөгөөд хэрэв бид гэрээний үүргээ зөрчих тохиолдолд их хэмжээний хохирол, нөхөн төлбөр төлөх эрсдэл үүсэх юм.

Ингээд манай компанийн газрын эрхийг 4 жилийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар 15 жилийн хугацаатай сунгасан болно. Бид өнгөрсөн хугацаанд барилгын ажлын зөвшөөрлийг авахаар удаа дараа Хот байгуулалт, хөгжлийн газрын холбогдох мэргэжилтэн, албан тушаалтантай уулзаж байсан бөгөөд газрын эрхийг сунгах хүртэл зөвшөөрөл олгохгүй болохыг амаар мэдэгдэж байсан болно.

Ийнхүү бид газар эзэмших эрхийн хугацаа хуулийн дагуу сунгагдсаны дараа дахин 2023 оны 12 дугаар сард Хот байгуулалт, хөгжлийн газарт хандахад нэгэнт баригдсан барилгад зөвшөөрөл нөхөж олгохгүй, шүүхийн журмаар шийдүүл гэх хариуг амаар бидэнд өгөөд байгаа тул бид шүүхэд хандахаас аргагүйд хүрээд байгаа болно.

Манай компани нь хуульд заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг авахаар хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлэн Хот байгуулалт, хөгжлийн газарт хандсан байтал өөр төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой буюу биднээс хамаарахгүй шалтгаанаар зөвшөөрөл олгохоос татгалзаж манай компанийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хуулийн дагуу шударгаар өмч хөрөнгөтэй болох эрхийг зөрчиж, төрийн байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах хууль дээдлэх зарчмыг зөрчин, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэн, аж ахуй нэгж байгууллагын хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэх үүргээ зөрчиж байна.

Хот байгуулалт, хөгжлийн газраас манай компанид барилгын ажлын зөвшөөрлийг олгохгүй байгаагаас үүдэн бид газраа зохих журмын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч, цаашлаад барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгч, Улсын бүртгэлийн гэрчилгээ авч зохих ёсоор барилгаа өмчлөх, ашиглах эрхийг шууд зөрчиж байна.

Мөн Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолын (тухайн цаг хугацаанд үйлчилж байсан) хавсралтаар баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.6.Зөвшөөрөл олгох байгууллага дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзаж, энэ тухай захиалагчид бичгээр хүргүүлнэ: 2.6.1. баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн; 2.6.2. баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага (гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон өргөх байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын тусгай зөвшөөрлийн болон техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болсон, байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн)-д нийцээгүй" гэж заасан үндэслэлээр нь зөвшөөрөл олгохоос татгалзахаар байна.

Гэтэл Хот байгуулалт, хөгжлийн газраас үндэслэлгүйгээр манай компанид зөвшөөрөл олгохоос татгалзаад бүтэн 4 жил газрын эрхийн гэрчилгээг сунгуулахыг хүлээлгэж манай компанийг хохироосон байна.

Хот байгуулалт, хөгжлийн газрын дээрх хууль бус ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т "хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", арван зургаа дугаар зүйлийн 12-т төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй", Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1-д хуульд үндэслэх", 4.2.2-т "шуурхай, тасралтгүй байх", 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах", гэж заасантай нийцэхгүй байна.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол улсын засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийн 7.2-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөн олгохыг хориглоно" гэсний дагуу бид энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Иймд Хот байгуулалт, хөгжлийн газрын А******* ХХК-ийн агуулахын болон оффисын барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохыг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгаж өгнө үү. гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэмэлт тайлбартаа: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах, түүнийг барьцаалах болон цаашдын бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах, татварын зөрчилд орохгүйн тулд татвар төлөгчөөр хугацаанд нь бүртгүүлж татвар төлөх үүргээ хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Гэтэл барилгын ажлын зөвшөөрөлтэй байж улсын комисс хүлээж авах нөхцөл бүрдэнэ. Улсын комиссын актаар ашиглалтад хүлээлгэж өгч байж улсын бүртгэлд бүртгүүлнэ, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлж байж татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Ийм үр дагаврууд, сэргэх эрх байгаа. барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр барилгыг эхлүүлж, гүйцэтгэсэнтэй холбоотойгоор барилгын техникийн хяналтын улсын байцаагч зөрчлийн хэрэг үүсгэж шалгасан зүйл байхгүй. Өөр бусад этгээдийн буюу хөрш зэргэлдээ этгээдийн эрхийг зөрчсөнтэй холбоотой маргаан тухайн газарт байхгүй. Барилгын зөвшөөрөлгүйгээр барилга баригдсантай холбоотой төрийн захиргааны байгууллага болон бусад иргэдээс гомдол санал байхгүй.

Эзэмшил газарт төмөр зам, шатахууны агуулахын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд бий. Төмөр замын ашиглалтын гэрээг Улаанбаатар төмөр замтай байгуулсан. Манайх Хятад улсаас барилгын материал оруулж ирдэг. Агуулах руу зөөхөд салаа төмөр замаа ашиглаад явж байгаа.

Архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан 5 блокийн нэг барилгыг барьсан. Батлагдсан эскиз зураг, ажлын зураг, техникийн нөхцөл бүгд энэ агуулахын барилгад хамаарч байгаа.

Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүссэн хүсэлтийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бичгээр гаргаж байсан байна. 2019 онд барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд газар эзэмших эрхийн хугацаа дуусах гэж байна, сунгуулаад ир гэсэн. Бичгээр хариу өгөөгүй, амаар тэгж тайлбарласан. Газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаад сунгахгүй байсан шалтгаан нь автозамын трасс төлөвлөгдсөн гэдэг ч трасс төлөвлөгдсөн батлагдсан зураг байгаагүй, зам ч баригдаагүй.

2023 онд газрын эзэмших хугацааг сунгуулсны дараа 2023 оны 12 дугаар сард дахин хүсэлтээ бичгээр гаргасан, нөхөж олгохгүй гэсэн. гэв.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа, хангаж шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлттэй байна. Хариуцагчийн тайлбарыг болоод шүүх хуралдааны мэтгэлцээний явцад гарч байгаа тайлбаруудыг харвал хариуцагчийн зүгээс бол хуулиар олгогдсон эрх хэмжээнд байхгүй боловч бодит байдал дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд байгаа гэж ойлгогдож байна. Яагаад гэвэл Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт барилгын ажлын зөвшөөрлийг олгохгүй байх үндэслэлийг дурдсан байдаг. Манай маргааны хувьд эдгээр үндэслэлүүд нь огт байхгүй 26.1.1-ээс 26.1.3 хүртэлх үндэслэлүүд байхгүй буюу зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл байхгүй байгаа юм. Барилгыг барихаасаа өмнө зөвшөөрөл авах ёстой нь үнэн. Бид энэ тал дээр маргахгүй. Хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас бид тухайн үедээ авч чадаагүй юм. Өөрөөр хэлвэл 2014 онд олгогдсон газрын гэрчилгээ 2019 онд хугацаа дуусахаар байхад 2018 онд барилгын ажлын зөвшөөрөл олгохгүй, газрын хугацаагаа сунгуул гээд өгөөгүй. 2019 онд газрын гэрчилгээгээ сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд нь гаргасан ч автозамын трасс төлөвлөгдсөн, зам тавигдах хүртэл шийдвэрлэхгүй гэж явсаар байгаад 2023 онд газар эзэмших эрхийн хугацаа сунгагдсан байгаа. /хавтаст хэргийн 120, 125 дахь талд/ Засаг даргын захирамж байдаг./188 дахь талд/ Хотын Засаг даргын захирамжийг харахад хавсралтаар нь А******* компанийн 2014 онд олгогдсон энэ газар дээр 2023 онд ийм сунгалт хийгдсэн, сунгаж гэрчилгээг нь олгосон гэдэг үйл баримт нь байдаг. Нэгж талбарын дугаараар энэ бол нэг газар гэдгийг нотлох юм. Тус газар дээр манай байгууллага анх худалдан авахдаа 1,5 тэрбум буюу сая долларын зардал гаргасан. Одоо нэмж 5 блок барилга барихаар төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтын асуудлуудыг гэрчийн мэдүүлгээс харж болно. Түүнчлэн тухайн газар дээр үзлэг хийлгэсэн. Үзлэгийн тэмдэглэлээр фото зургаар авагдсан үйл баримтаас харахад тухайн газар дээр барилгын ажил явагдчихсан, үнэхээрийн тус газрыг ашигт үр шимийг нь хүртэх зорилгоор бол газар эзэмшигч ашиглаж байсан. Үүний хүрээнд барилга бариад ашиглаж байгаа. Тус барилгыг агуулахын зориулалтаар барьсан. Хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа газрыг хууль ёсны дагуу ашиглаж, эзэмшиж байгаа. Ганц асуудал нь барилгаа улсын бүртгэлд өмчлөх эрхээ бүртгүүлэхэд Улсын комисст хүлээлгэн өгөх ёстой, барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барьчихсан байна гэдэг шалтгаанаар улсын комисс хүлээж авахаас татгалзаад байна. Зөвшөөрлийг нөхөж гаргуулах тухай барилгын ажлын зөвшөөрөл авахаас өмнөх бүх бичиг баримтын бүрдэл бэлэн болчихсон, барилгын эскиз зураг, ажлын зураг батлагдсан, зурагт магадлал хийгдсэн, техникийн нөхцлүүд авагдсан. Барилгын зөвшөөрөлгүй болохоор Улсын комисс ажиллахгүй, Улсын комиссын актгүй болохоор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч, улсад төлөх татварыг төлөөд ашигт хүч шимийг хүртэх хүсэлтэй байна. Тэгээд нэхэмжлэлийн шаардлага нь хугацаандаа зөвшөөрлөө аваагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь яг тогтоогдож байна. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд барилгын ажлын зөвшөөрлийг нөхөж олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: А******* ХХК-иас тус газарт 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Барилга байгууламж барих ажлын зөвшөөрөл хүсэх тухай 02 дугаартай албан бичиг ирүүлсэн.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, цагдаагийн академи тоот хаягт нэгж талбарын ******* дугаартай газарт, агуулахын зориулалттай барилгыг 2021 онд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.16 заалтуудыг тус тус зөрчиж барилга угсралтын ажлыг зөвшөөрөлгүй хийж гүйцэтгэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан барилгын ажлын зөвшөөрөл олгох дүрмийн 7.2-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно гэж заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгох хуулийн үндэслэл байхгүй. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бичиг баримтын бүрдлийг хангаж, хүсэлтээ өгсний дагуу барилгын ажлын зөвшөөрлийг тодорхой хугацаанд олгосны дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэх хуулийн зохицуулалттай байдаг. Иймд нэгэнт эхлүүлж барьж дууссан барилга дээр нөхөж олгох хуулийн зохицуулалт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тус газраас барилга байгууламж барихтай холбоотойгоор 3 захиргааны акт олгож байгаа. Дээрх захиргааны актуудыг зөвхөн хүчин төгөлдөр ямар нэгэн эрхийн зөрчилгүй газар дээр үндэслэж олгодог. Архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслээд хийсэн загвар зургийг батлаад тэр загвар зураг болон бусад техникийн нөхцөлүүд Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрдэлд Барилгын хөгжлийн төвөөс магадлал хийсэн дүгнэлт дээр үндэслээд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгодог. Зөвшөөрлийн гэрчилгээг газар эзэмших хугацаа болон газартай холбоотойгоор бас нийцүүлж тодорхой хугацаагаар олгоод тэр зөвхөн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ дээр үндэслэж барилгын үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрдөг. Тухайн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2021 онд баригдсан барилга дээр, 2024 онд манайхаас нөхөж олгох ямар нэгэн хуулийн үндэслэл байхгүй. Мөн 2021 онд баригдаад 2024 онд хүсэлтээ өгсөн байдаг ба барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авахад манайд ямар нэгэн эс үйлдэхүй болоод хэрэгт авагдсан нотлох баримт болон үйл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2019 оны 09 дүгээр сарын 26-нд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүсэхэд нь газар эзэмших эрхийн хугацаа дуусаж байгаа гэдэг үндэслэлээр олгоогүй. 2023 онд дахин хүсэлтээ гаргасан, Засгийн газрын тогтоолоор барилгын ажлын зөвшөөрөл олгохтой холбоотой энэ зохицуулалтаар манайхаас баригдсан барилга болон барилгын ажил эхлүүлсэн тохиолдолд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгох тийм хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Засгийн газрын тогтоолоор зөвхөн шүүхийн шийдвэрээс бусад тохиолдолд нөхөж олгохыг хориглоно гээд заачихсан байдаг. Барилгын чанар болон бусад барилга барих үйл ажиллагаатай холбоотой асуудал нь барилгын асуудал хариуцсан хяналт шалгалтын газрын чиг үүрэг байдаг. Манайхаас зөвхөн Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрдлийг хангаад одоо барилга байгууламжаа эхлээд ямар нэгэн зөрчилгүй тохиолдолд олгодог. Эхэлсэн тохиолдолд нөхөж олгох хориотой байдаг. Барилга зөвшөөрөлгүй баригдаж байвал Хяналт шалгалтын газар, хуучин Хотын стандартын газраас хяналт шалгалт тавьдаг. Тэндээс нэхэмжлэгч компанид ийм асуудлаар шалгасан зүйлгүй. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А******* ХХК нь Агуулах, оффисын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй, нөхөн олгохоос татгалзсан татгалзлыг тус тус хууль бус болохыг тогтоож, агуулах, оффисын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг даалгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг доорх агуулгаар хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Үйл баримтын хувьд.

1.1. А******* ХХК нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаагийн академи тоот хаягт байрлах төмөр зам, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн,

1.2. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаагийн академи тоот хаягт байрлах газрыг А******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар захирамжаар нэгж талбарын дугаараар, агуулах, үйлчилгээний зориулалтаар, 25953 м.кв хэмжээгээр анх эзэмшиж, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар 22811 м.кв хэмжээгээр, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар, 5 жилээр эзэмшиж, 10 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан.

1.3. Эзэмшил газартаа агуулах, үйлчилгээний зориулалттай барилга барих хүсэлт гаргаснаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 181 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, уг газарт агуулах, үйлчилгээний зориулалттай 5 блок метал каркасан хийцлэлтэй барилга төлөвлөхийг зөвшөөрч, барилгажих талбайн схем зургийг баталсан[1]. Улмаар архитектур төлөвлөлтийн даалгавраа шинэчлэн батлуулах хүсэлт гаргахад Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *******, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот албан бичгээр автозамын трасст орсон үндэслэлээр татгалзсан байдаг.

1.4. А******* ХХК барилгын загвар зургаа батлуулахаар 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүсэлт гаргаснаар Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд хотын ерөнхий архитектор агуулах, үйлчилгээний зориулалттай барилгын загвар зургийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр баталж[2],

1.5. Холбогдох техникийн нөхцлүүдийг[3], тухайлбал дулааны шугам сүлжээнд холбох 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 311/2018 тоот техникийн нөхцлийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас, цэвэр усаар хангуулах, бохир ус татан зайлуулах шугам сүлжээнд холбох 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн **** тоот техникийн нөхцлийг Ус сувгийн удирдах газраас авч, 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр **** тоот техникийн нөхцлийг шинэчлэн авсан, холбоо мэдээллийн шугам сүлжээнд холбох 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ЭАТС/ТН:017 тоот техникийн нөхцлийг Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-иас, цахилгаан эрчим хүчний шугам сүлжээнд холбох 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ****** тоот техникийн нөхцөл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас авч, хүчин чадлыг өөрчилж 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн **** тоот техникийн нөхцлийг дахин авсан,

1.6. Хот байгуулалт, хөгжлийн газар ЦДКШ, КТПН зориулалтаар 83кВа 10/0,4 кв шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглалыг хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авч 2019 оны 9 дүгээр сарын 19-нд 04-02/662 дугаартай акт үйлдсэн

1.7. Нийслэлийн Онцгой байдлын газраар барилгын ажлын зураг төсөлд хяналт хийлгэж 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 009/28 дугаартай дүгнэлт[4] авч,

1.8. Зураг төслийн Т ХХК-ийн 2018 онд боловсруулсан агуулах, оффисын барилгын ******* шифртэй ажлын зургийг Барилгын хөгжлийн төв 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтээр баталгаажуулсан[5] байдаг.

1.9. А******* ХХК нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тоот албан бичгээр хүссэн байх ч хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/ барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй буюу бичгээр аливаа хариу өгөөгүй ба газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахыг шаардсан талаар талууд тайлбарладаг.

1.10. Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гүйцэтгэгч Э******* ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажлын ******* тоот гэрээгээр металл карказ сендвичэн хийцлэлтэй агуулах, офиссын барилгыг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр бариулсан.

1.11. Нэхэмжлэгч А******* ХХК газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандсан байх ч шийдвэрлээгүй, хариу өгөөгүй байна. тухайлбал, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 180 тоот албан бичгээр, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 128 тоот албан бичгээр, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 179 тоот албан бичгээр, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 211 тоот албан бичгээр, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах маягтаар, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 222 тоот албан бичгээр тус тус автозамын бүтээн байгуулалт, зураг төслийн шатанд автозамын трассын зурагт зөвшилцөх боломжтойг илэрхийлж, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах-аар[6] хандсан байдаг.

1.12. Энэ хугацаанд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцээд зөвшөөрсөн шийдвэр гарсан ч Засаг даргын захирамжийн төслөөс автозамын трасс төлөвлөсөн хэсгийг хасуулах үндэслэлээр хасагдсан болохыг Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А******* ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлд дурдсан байна. Улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар 2022 оны 12 дугаар сарын 16-нд хэлэлцээд гэрчилгээний хугацаа сунгах-ыг зөвшөөрч[7] 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжаар ийнхүү хүсэлт гаргаснаас 4 жилийн дараа хугацааг сунгасан.

Ийнхүү 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 180 тоот албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан ч 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж[8], 22790 м.кв хэмжээгээр нэгж талбарын ******* дугаарт бүртгэсэн байдаг.

1.13. Улмаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн авах хүсэлтийг 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр дахин гаргаснаар хариуцагч байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр тоот албан бичгээр нөхөж олгох зохицуулалтгүй хэмээн татгалзжээ.

2. Хууль тогтоомжийн зохицуулалтын хувьд.

2.1. Иргэн, хуулийн этгээд эзэмшил газартаа хотын ерөнхий төлөвлөлтөд нийцүүлэн олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу, инженерийн дэд бүтэц шугам сүлжээний холбогдох техникийн нөхцөл олгогдсон тохиолдолд, барилгын зураг төслөө батлуулан, барилгын ажлын зураг төслийг эрх бүхий экспертийн байгууллагаар магадлуулан, барилгын тухай хууль тогтоомж, барилгын норм дүрмийг хангуулан барилга барих эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.

2.2. Барилгын баримт бичгийн бүрдэлд холбогдох байгууллагууд тус тусын чиг үүргийг хэрэгжүүлж, архитектур төлөвлөлтийн даалгавар олгох, загвар зураг болон ажлын зураг төсөл батлах, зураг төсөлд магадлал хийх, техникийн нөхцөл олгох, барилгын ажлын зөвшөөрөл олгох, хяналт хэрэгжүүлэх, ашиглалтад хүлээн авах ажиллагаанд оролцдог. Нэхэмжлэгчийн маргаанд хамаарах агуулах, оффисын зориулалттай, металл карказан сендвичэн хийцлэлтэй 2 давхар барилгын хувьд барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг Нийслэлийн Засаг дарга харьяа агентлаг болох хариуцагчаар дамжуулан хэрэгжүүлэхээр Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заажээ.

2.3. Барилгын салбарт төрийн үйлчилгээ үзүүлэхэд дээр дурдагдсан барилгын үйл ажиллагааны зохицуулалт, бүртгэл, зөвшөөрлийг ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулах, барилгын үйл ажиллагаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангах зарчмыг баримтлахаар Барилгын тухай хуульд тодорхой заасан. Түүнчлэн эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол, иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбоотой үүсэх эрх, ашиг сонирхол, барилгын тухай, хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх-ийг харгалзахаар Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан, өөрөөр хэлбэл энд зааснаас өөр үндэслэлээр эзэмшлийн газартаа барилга барих иргэн, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлах үндэслэл хуулиар заагаагүй буюу ийм эрх төрийн захиргааны байгууллагад олгоогүй байна.

2.4. Барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзах үндэслэлийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 3-т 27.3.1. хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй; 27.3.2.зураг төсөлд магадлал хийгдээгүй; 27.3.3.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон. хэмээн тодорхой заасан.

Гурав. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх дараах үндэслэл байна гэж үзлээ.

3.1. Ийнхүү барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохоос татгалзах дээрх үндэслэлүүд энэ барилгын хувьд үүсээгүй, хариуцагчийн татгалзалд ийм тодорхой үндэслэл заагаагүй юм. Тодруулбал нэхэмжлэгчийн барилгын хувьд газрын эрх болон барилгын байршилтай холбогдуулан хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч, оршин суугчдаас аливаа гомдол гаргаагүй буюу маргаан байхгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эзэмшлийн газартаа барилга барих эрхийг хязгаарлах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйн дээр анх 2019 онд барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд хариуцагч шийдвэрлээгүй орхигдуулсан буюу барилгын тухай хуулиар хүлээсэн барилгын зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн барилгын ажлын зөвшөөрөл дахин 2024 онд хүсэхэд хариуцагч нөхөж олгохгүй гэхээс өөрөөр хуулиар тодорхойлсон аливаа үндэслэл заагаагүй татгалзсан хариу өгсөн байна.

Барилгын ажлын зөвшөөрөл хүссэн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй Хот байгуулалт хөгжлийн газрын эс үйлдэхүй нь Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан барилгын салбарт төрийн үйлчилгээ үзүүлэхэд барилгын үйл ажиллагааны зохицуулалт, бүртгэл, зөвшөөрлийг ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулах, барилгын үйл ажиллагаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангах зарчимд, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд үндэслэх, шуурхай тасралтгүй байх, төрийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн эзэмшил газартаа барилга барих, үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндсөн байна гэж үзлээ. Тодруулбал ийнхүү хүсэлт гаргах үедээ нэхэмжлэгч нь хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй байсан бол хариуцагч нь үндэслэлийг зааж барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах, ийнхүү татгалзах үндэслэл тогтоогдоогүй бол барилгын ажлын зөвшөөрлийг олгох, хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй байжээ. Тиймээс шийдвэрлээгүй, хариу өгөөгүй орхигдуулсан эс үйлдэхүйн хувьд Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1, 27.3.2-т заасан зохицуулалтад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

3.2. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд шаардагдах баримт бичгийн бүрдлийг заасан бөгөөд өөр баримт бичиг шаардахыг 28.6 дахь хэсгээр хоригложээ. Хариуцагч тайлбараараа баримт бичгийн бүрдэл хангаагүй гэж маргаагүй.

3.3. Гэтэл 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр дахин хүсэлтээ гаргаснаар хариуцагч байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр тоот албан бичгээр нөхөж олгохгүй хэмээн татгалзахдаа хуулиар тогтоосон татгалзах үндэслэлийг тодорхойлоогүй байна.

3.4. Ийнхүү барилгын ажлын зөвшөөрөл хүсэх үедээ, хүсэлтээ дахин гаргахдаа нэхэмжлэгч нь хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангасан байсан, тодруулбал архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон, загвар зураг батлагдсан, техникийн нөхцлүүд олгогдсон, Онцгой байдлын ерөнхий газраар зураг төсөлд хяналт хийлгэж дүгнэлт гаргуулсан, барилгын ажлын зурагт магадлал хийгдэж, нэгтгэгдэн баталгаажсан байхад буюу Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т заасан барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд шаардагдах баримт бичгийн бүрдэл хангагдсан, 27 дугаар зүйлийн 27.3.1, 27.3.2, 27.3.3-т заасан барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдоогүй байхад хуулиар тогтоосон эдгээр үндэслэлээс өөр нөхөж олгохгүй гэх үндэслэлээр татгалзсан нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д заасныг зөрчсөнөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд үндэслэх, шуурхай тасралтгүй байх, төрийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд мөн л нийцээгүй байна гэж үзлээ.

3.5. Шүүхийн үзлэгээр тухайн агуулах, оффисын зориулалттай сендвичэн барилга угсралтын ажил хийгдэж дууссан, инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдож ашиглалтад орсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хувьд эдийн засгийн сөрөг үр дагавар үүсгэхгүй байх нөхцлийг харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг барилгыг барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн үндэслэлээр буулгах үр дагавар үүсгэхээс илүүтэй энэ нөхцөлд зөвшөөрлийг хуульд нийцүүлэн нөхөн олгох асуудлыг шийдвэрлэх нь хуулийн этгээдэд эдийн засгийн хувьд илүү хэмнэлттэй, сөрөг нөлөөлөлгүй байх хууль зүйн үр дагаврыг харгалзсан болно.

3.6. Нөгөө талаас зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэсэн энэ тохиолдолд захиргааны байгууллага хяналт тавьж барилга баригдаж дуусах хүртэлх эдгээр үр дагаврыг үүсэхээс өмнө таслан зогсоох чиг үүрэгтэй байсныг дурьдах нь зүйтэй.

3.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүй, үйлдэл, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх нь захиргааны хэргийн шүүхийн үүрэг төдийгүй захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго юм. Нөгөө талаас шүүхийн хамгаалалт үр нөлөөтэй байх учиртай. Хэдийгээр барилга угсралтын ажил гүйцэтгэгдсэн ч барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэж өгөх үе шатанд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зайлшгүй шаардагдах бөгөөд шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасны хууль зүйн үр дагавар үүнд оршино.

3.8. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг нь шийдвэрлээгүй төрийн захиргааны байгууллагын 2019-2023 оны хоорондох үйл ажиллагаанд газар эзэмшигчийг буруутгах нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлт шийдвэрлээгүй эс үйлдэхүйг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах шаардлага тавьсан гэх үндэслэл зөвтгөхгүй.

3.9. Дээрхээс дүгнэж барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд Барилгын тухай хуульд заасан тодорхой үндэслэлээр биш, газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт шийдвэрлэгдээгүй байгаа гэх хамааралгүй үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй, нөхөн олгохгүй гэх хуульд заагаагүй татгалзлыг тус тус хууль бус болохыг тогтоож, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан нөхцөл шаардлагыг хангуулан барилгын ажлын зөвшөөрлийг олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

3.10. Хэдийгээр Барилгын тухай хуулиар барилгын ажлыг зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхийг хориглодог, нэхэмжлэгч үүнийг зөрчиж барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй байхад барилгыг барьж дуусгасан үйл баримт байгаа ч нэгэнт баригдчихсан барилгын чанарын талаар болон хөрш зэргэлдээ этгээдүүдтэй аливаа маргаан байхгүй энэ нөхцөлд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нь нөхөж олгох нь өмчлөх эрхээ бүртгүүлэх замаар эдийн засгийн харилцаанд оролцох, цаашлаад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх үүргээ хэрэгжүүлэх зэргээр захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэл, татгалзлаас зөрчигдсөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхийг сэргээх шүүхийн шийдвэрийн зорилгод нийцнэ гэж үзсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.3, 4.2.4, 4.2.5, 4.2.8 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч А******* ХХК-ний 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг болон 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлтэд 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр тоот албан бичгээр татгалзсаныг тус тус хууль бус болохыг тогтоож, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан нөхцөл шаардлагыг хангуулан барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА