| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00429/И |
| Дугаар | 155/ШШ2024/00560 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/00560
2024 оны 05 сарын 27 өдөр Дугаар 155/ШШ2024/00560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Б.Отгонбямба, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***т оршин суух, А О-ын Э,
Нэхэмжлэгч: ***т оршин суух, А Б-ын Д,
Хариуцагч: ***т оршин суух, Б Э-ийн Э,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 510,000 (таван зуун арван мянга) төгрөг, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 4,861,000 (дөрвөн сая найман зуун жаран нэгэн мянга) төгрөг, нийт 5,371,000 (таван сая гурван зуун далан нэгэн мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/00429/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: О.Э, Б.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б,
Иргэдийн төлөөлөгч: А.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Э, Б.Д нар нь Э.Эод холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 510,000 (таван зуун арван мянга) төгрөг, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 4,861,000 (дөрвөн сая найман зуун жаран нэгэн мянга) төгрөг, нийт 5,371,000 (таван сая гурван зуун далан нэгэн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манайх 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Э.Эын жолоодож явсан фургон маркийн машинд 2202 ХӨҮ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 100 маркийн автомашинаа мөргүүлсэн. Тухайн үед автомашиныг Б.Д унаж явсан бөгөөд осол болсон даруйд Ханх сумын цагдаагийн хэсэгт дуудлага өгсөн. Цагдаа нар ослын байдалтай танилцаж, хэргийн газрыг шалгах ажиллагааг дүрс бичлэгээр баталгаажуулж авсан ба зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийж 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эрх бүхий албан тушаалтны магадлагаа гаргасан ба зөрчлийн хуулиар хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж, бидэнд учирсан хохирлыг гэм буруутай этгээд барагдуулалгүй өнгөрсөн. Иймд хариуцагч Э.Эоос Б.Дгийн 7 хоног эмчилгээ хийлгэсэн эмчилгээний хөлс буюу эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 510,000 төгрөг, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 4,861,000 төгрөг, нийт 5,371,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2023 оны 9 сарын 29-ний өдөр Ханх сумын 3 дугаар багийн төв зам дээр осол болсон шалтгаан нь: Иргэн Д нь 22-02 ХӨҮ дугаартай Ланд 100 маркийн тээврийн хэрэгслээр хүрдлэгт зоогийн газрын машины зогсоолоос төв замаар хөдөлгөөнд оролцож байсан УАЗ 84-56 ХӨВ маркийн фургон машиныг мөргөсөн. Би машиндаа эхнэр 3 хүүхдийнхээ хамтаар гэрээсээ хөдлөөд Бүрэнхаан колонк орж бензин аваад төв замаар хөдөлгөөнд орсон. Миний урд 3 фургон машин хөдөлгөөнд оролцож байсан. Би 4-т явсан. Хүрдлэгт зоогийн газрын машины зогсоолоос гарч ирж мөргөчхөөд миний бие болох Э.Эыг шүүхэд өгсөнд гомдолтой байна. Осол болоход сумын цагдаа нарыг дуудаж үзлэг хийлгэсэн. Осол болоход хөндлөнгөөс харсан гэрч олон байгаа. Бас хууль цагдаад танил тал ихтэй гэж хүртэл дайрч давшилж доромжилж байсан. Би олон жаахан хүүхдүүдтэй болохоор хэл амнаас хол байхыг хүсдэг. Хууль дүрэм нь үнэн зөвөөр шийдэж өгөх байхаа. Иргэн Д нь өөрийнхөө буруу үйлдлийг хүнд тохож байна. Тэр үед манай суманд цас их байсан болохоор төв замаар зорчиход цагаан зураас давахгүй явах боломжгүй байсан. Осол болоход цагаас зураас дээр болсон байхад Д нь зогсоол байхад ирж мөргөсөн гэж гүтгэж байгаа. Үүн дээр нэмж бичихэд Асьфалт зам дээр гарсан хар зураас нь буюу дугуйны мөр нь Ланд 100 маркийн машиных болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нөхөр бид хоёр 3 хүүхдээ аваад Бүрэнхан шатахуун түгээх станцаас төв замаар хөдөлгөөнд оролцсон. Бидний өмнө дараалсан 3 фургон машин явж байсан. Тэгтэл Ланд 100 маркийн гарч ирж өөрөө урдуур орж мөргүүлсэн. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэж машин жолоодсон нь буруу. Энэ буруу үйлдэлдээ арга хэмжээ авахуулсан. Нөхрийг маань буруутай гээд байгаад гомдолтой байна. Адилхан Б.Дгийн жолооны үнэмлэхийн хугацаа дууссан зөрчилтэй, манай хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан. Тухайн үед харсан гэрчүүд олон байгаа. Ланд 100 машин урдуур нь өөрөө ороод фургон машинд мөргүүлчихлээ гээд хараад зогсож байсан гэж ярьж байсан. Тийм учраас энэ нэхэмжлээд байгаа хохирол төлбөрийг төлж чадахгүй. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч А.Б дүгнэлтдээ: Согтуугаар машин барьсан учир Э.Эыг буруутай гэж үзэж байна. Гэм хорын хохирлыг гаргуулах нь зүйтэй юм байна гэв.
Нэхэмжлэгч О.Э, Б.Д нараас А О-ын Э, А Б-ын Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай ... О- овогтой Э 0000000, Б- овогтой Д 0000000 нар нь Ханх сумын 3-р баг Турт багт 3 хүүхдийн хамт оршин суудаг болохыг тодорхойлов. ... гэх бичилт бүхий тодорхойлолт, Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 01 дугаартай магадлагаа, Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн №15561/ДД№27898400 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан, мөн өдрийн №15561 дугаартай Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт эх хувь, О-ын Эрдэнэтулгын Хаан банк ХК дахь 5753224756 тоот дансны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дансны хуулга, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас гаргаж ирүүлсэн Хөвсгөл аймгийн Ханх сумын хэсгийн төлөөлөгчийн 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн №0740019 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №0296556 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, Хөвсгөл аймгийн Ханх сумын Эрүүл мэндийн төвийн Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, Хүний их эмч П.Б-ийн ...Б- овогтой Д нь гэмтлийн улмаас тархины доргилттой, хүзүү, сээр гацсан. ... гэх бичилт бүхий тодорхойлолт, Бага эмч Б.Э-ийн ...Зовиур: 2023 оны 09 дүгээр сарын 29-нд машинтай яюж байгаад машинд мөргүүлсэн гэсэн толгой маш их өвдөж бөөлжис хүрнэ. Б/үзлэгт: Биеийн байдал дунд зэрэг афбиндоо харьлаатай, арьс салст ердийн чийглэг, хэл өнгөргүй, царай цонхигор, хүзүү хөшингтэй, АД 120/80, 110/70, пульс 7 минутад 76 удаа О2=96-тай хэвийн эмзэглэхгүй зөөлөн, шэс ховор, Д: Тархины даралт хямрал гэсэн оношоор өвдөлт намдаах тайвшруулах эм тариа хийсэн. Дуудлагаар 19 цаг 10 минутад очиж үзсэн. ... гэх бичилт бүхий тодорхойлолт, эмч Б.Б-гийн ... Б- овогтой Д 37 настай. Зовиур: толгой өвдөх, ууц нуруугаар өвдөх, бөөлжис хутгах, даралт тогтворгүй. Өвчний түүх: 2023.09.22-нд машинд сууж байхад араас ирэх машинд мөргүүлсэн тул дуудлагаар үзэхэд SPO2-988 А/Д-110/70, ps-83, уушиг 2 талд цулцангийн амьсгалтай, Зүрхний авиа тод, хэм жигд, хэвлий зөөлөн эмзэглэхгүй, шээсний гарц хэвийн ... гэх бичилт бүхий тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Ханх сумын эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын ... өдрийн Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, болон түүнд хавсаргасан гэрэл зурагт тус тус Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А овогт О-ын Эас А овогт Б-ын Дд олгосон 0054 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, Улсын дугаар 2202 ХӨҮ, Тоёота Ланд Круйзер 100 маркийн авто машины техникийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Авто машинд гэмтэл учирсан байдлыг буулгасан гэрэл зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн иргэн Б.С-, Л.Т нарын бичиж өгсөн тайлбар зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 2-27, 66-68 дугаар хуудас),
Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, Б Э-ийн Эоос Дармаа Ж-ын Бд олгосон 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 0114 бүртгэлтийн дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас),
Талууд хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Нэхэмжлэгч О.Эрдэнэтулгын өмчлөлийн 2202 ХӨҮ улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер 100 маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байх үед хариуцагч Э.Э 8456 ХӨВ улсын дугаартай, УАЗ-220692-033 маркийн тээврийн хэрэгслээр мөргөсний улмаас Б.Дгийн нуруу хүзүү гацсан, толгой баруун талдаа доргилт авсан, мөн машинд хохирол учирсан. Б.Д болон Э.Э нарыг согтуурлын зэрэг шалгах төхөөрөмжөөр шалгахад Б.Д нь 0 бүхэл, Э.Э нь -2,87 бүхэлтэй гарсан. Замын цагдаа нар ирээд шинжилгээ хийгээд хэн нь буруутай болохыг тогтоосон.
Эмнэлгийн үйлчилгээ авсан зардал 510,000 (таван зуун арван мянга) төгрөг, машинд учирсан хохирол буюу эд хөрөнгөд учирсан хохирол 5,371,000 (таван сая гурван зуун далан нэгэн мянга) төгрөгийг гаргуулна гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гэм буруугийн талаар маргаж тухайн осол болоход согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан боловч зам тээврийн осолд гэм буруу байхгүй. Нэхэмжлэгч Б.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон ба түүний жолоодож явсан автомашин замын эсрэг урсгал руу орж ирж мөргүүлсэн. Хэн аль нь эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Э.Э нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Турт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хяр гэдэг газарт асфальтан зам дээр УАЗ-220692-033 маркийн 84-56 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дахь заалт ...согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн дүрмийн 11.3 дахь заалт Жолооч эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саад тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтыг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Эрх бүхий албан тушаалтны магадлагаа (эх хувиар), 0740019 дугаартай Шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байх ба Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК үнэлгээний байгууллага нь хохирлын үнэлгээг тогтоожээ. (хавтаст хэргийн 5-10, 16-17 дугаар хуудас)
Тус үнэлгээнд ...уг машины урд 2 гэрэл хагарсан, баруун урд крыло чихэгдэж гажсан, урд жааз тунарч гажсан, баруун урд нэмэлт гэрэл хагарсан, усны болон хөргөлтийн радиатор чихэгдсэн, урд гэрлийн доод хүргэлж хөмсөг чихэгдсэн, урд буфер хагарч бутарсан, жагсаалтад байгаа эд ангиуд эвдэрлсэн байв. ... гэсэн байх ба нийт үнэлгээгээр тогтоосон дүн 4,861,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь зохигч талуудын тайлбар болон Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна.
Тоёота Ланд Круйзер 100 маркийн 2202 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч О.Э-ын өмчлөлд бүртгэлтэй болох нь тус тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба тээврийн хэрэгслийн өмчлөгч болон уг тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан үйл баримттай хариуцагч маргаагүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, уг гэм буруутай үйлдэл, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдоно.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч Э.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, нэхэмжлэгч Б.Дгийн эрүүл мэндэд, нэхэмжлэгч О.Э-ын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэлд нь хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж хуульчилсан.
Иймд нэхэмжлэгч О.Э, Б.Д нар нь өөрийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар буруутай этгээдээс шаардах эрхтэй.
Э.Эод холбогдох зөрчлийн хэргийг шалгах явцад эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон шинжээч болох Хөрөнгө үнэлгээ эстимэйт ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан болон автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, автомашины эвдрэл, хохирлыг харуулсан гэрэл зургуудаар дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч О.Э-ын өмчлөлийн Тоёота Ланд Круйзер 100 маркийн 2202 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4,861,000 төгрөгийн эвдрэл хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь зам тээврийн осол гарсан гэм буруугийн талаар маргаж байгаа боловч 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0740019 дугаартай Э.Эод холбогдох хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон, өөрийн татгалзлыг нотолсон нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Б.Д нь 7 хоног бариа, зүү тавих, хануурын эмчилгээ хийлгэсэн ба уг эмчилгээний төлбөрт 510,000 төгрөг нэхэмжилсэн.
Тэрээр дээрх эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол шаардсан шаардлагаа нотлох үүднээс хавтаст хэрэгт эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, Б- овогтой Д нь гэмтлийн улмаас тархины доргилттой, хүзүү сээр гацсан. ...Хүний их эмч Полоожийн Б- гэх, 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Б.Дгийн биед үзлэг хийсэн хүний бага эмч Б.Э-ийн тодорхойлолтын хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б.Дгийн биед үзлэг хийсэн эмч Б.Б- гэх баримтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Харилцагчийн нэр хэсэгт О- Э, Дансны төрөл хэсэгт харилцах, Дансны дугаар хэсэгт 5753224756, Эхлэх огноо 2023-10-04, Дуусах огноо 2023-10-04 гэх бичилттэй Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 9, 12-15 дугаар хуудас)
Гэвч эдгээр баримтаар дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Б.Дгийн биед гэмт учирсан эсэх талаар эрх бүхий шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй тул түүнд тухайн ослын улмаас гэмтэл учирсан гэж үзэх, нэхэмжлэгч О.Эрдэнэтулгын Хаан банкны харилцах данснаас 5900132788 дугаар дансанд Б.Д эмчилгээ гэсэн утгаар шилжүүлсэн 510,000 төгрөгийн гүйлгээг Б.Дгийн биед тухайн ослоос шалтгаалан учирсан гэмтлийг илааршуулах зорилгоор эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримт гэж үзэх тус тус үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иймд Тоёота Ланд Круйзер 100 маркийн 2202 ХӨҮ улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохиролд 4,861,000 төгрөгийг хариуцагч Э.Эоос гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч Б.Дгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн 510,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэдийн төлөөлөгч А.Бийн ...Согтуугаар машин барьсан учир Э.Эыг буруутай гэж үзэж байна. Гэм хорын хохирлыг гаргуулах нь зүйтэй. гэсэн дүгнэлт нь шүүхээс өгсөн хариуцагчийг гэм буруутай гэх эрх зүйн дүгнэлттэй тохирч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Э, Б.Д нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эоос 4,861,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 92,726 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Э, Б.Д нарт олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Э.Эоос гэм хорын хохирол 4,861,000 (дөрвөн сая найман зуун жаран нэгэн мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Э, Б.Д нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 510,000 (таван зуун арван мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,886 (нэг зуун мянга найман зуун наян зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эоос 92,726 (ерэн хоёр мянга долоон зуун хорин зургаа) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Э, Б.Д нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА
Г.ДАВААХҮҮ