| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0004/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чинбилиг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Чинбилиг,
хохирогч Д.Д,
гэрч Д.Жаргалсайхан,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708014540247 дугаар хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
А.А нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт гэх газарт иргэн Д.Д-ыг зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хувиараа гагнуурын ажил хийдэг тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Адъяа манай хоёрын гэр нэг чигт байсан. Ирж очихдоо эхнэрийг машиндаа дайгаад ирдэг байсан. 3-4 удаа орхиод ирсэн. Хэрэг гардаг өдөр эхнэрийг бас хаяад ирсэн. Жаргалсайхан, Адъяа хоёр маргалдсан. Би орж ирээд “сэтгэлгүйдээ л хаясан” гэж хэлтэл намайг татаж унагаад дэвссэн. Дахиад маргасан. Намайг заамдаж гараад дэвсээд 3м урт прус модоор гар руу цохисон. Хүмүүс гарч ирээд салгасан. Гар эдгээгүй байгаа, ажил хийх боломжгүй байгаа. Эмчилгээний зардалд 3 300 000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Эрүүгийн 1708014540247 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Дын: “2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд барилга дээр ажиллаж байсан. 12 цагийн үед ажилчдын гэрт хоол идэж байхад туслах ажилчин Адъяа гэх залуу манай эхнэр Жаргалсайхантай маргалдсан. Тэгэхэд нь би “наад тэнэг Адъяатай юугаа ярьдаг юм” гэж эхнэр рүүгээ хэлэхэд намайг араас ирээд боож аваад шалан дээгүүр чирээд толгой дээр 2-3 удаа дэвссэн. Ажилчид салгасан. Би гараа угаачихаад хоол идээд сууж байхад Адъяа эхнэр рүү дайраад аягатай хоол шидсэн. Тэгэхээр нь би “чи яагаад эмэгтэй хүн рүү юм шидээд байгаа юм” гэхэд “би чамайг ална, хөгшин пизда минь” гээд дахиад хоолой боон чирч үүдэнд гадаа дэвсээд прус модоор гар хуга цохиод далан дээр цохисон. Толгой руу нэг удаа өшиглөсөн.
...450000 төгрөгийн хохирлын баримт өгсөн. Төлбөртэй эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгнө. Нийт 800000 гаруй төгрөг болсон. Надад хохирлын мөнгө өгөөгүй, хохирол барагдаагүй. Адъяа над руу мод шидээгүй, гартаа мод барьж байгаад цохисон. Миний гар хугарсны дараа ар нуруу хэсэг цохисон. Би маш их гомдолтой байна, хохирлын мөнгө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-6-7, 10-11/,
Гэрч Т.Нацагдоржийн: “...Даваажав эхнэрээ өмөөрөөд Адъяад хандаж “чи ер нь санаа муутай хүн” гэж хэлж байсан. ...13 цагийн үед хоолны гэрт очиход Даваажавын эхнэр Цэцгээ Адъяад хоол өгөхгүй гэж хэлсэн. Хамгийн сүүлд Адъяад хоол өгсөн. Тэгээд хоолоо идэж байхад Даваажав Адъяад хандаж “чи болон танай хамаатнууд Ховд аймагт манай малыг маллаад сааль сүүг нь хэрэглэж байсан” гэсэн утгатай юм хэлэхэд Адъяа хоолоо идээд сууж байгаад Даваажавыг барьж аваад сууж байсан газарт нь заамдалцаад дарж авсан. Тэр үед бид нар ноцолдооныг салгасан. Тэгсэн Даваажав Адъяаг дахиад доромжилж эхэлсэн. Адъяа сууж байсан газраасаа босоод Даваажавыг чирээд гэрийн хаалгаар гарсан. Гараад удаагүй байтал Даваажав “ёо ёо” гээд орилоод араас нь гартал Даваажав гэрийн үүд хэсэгт зүүн гарын тохойг барьчихсан хашгираад сууж байсан. ...Ямар байдлаар гэмтэл учруулсныг мэдэхгүй. Даваажавыг өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-17-20/,
Гэрч Д.Магазины: “...Даваажавын эхнэр Цэцгээ хоол аягалж өгсөн ба ажилчдын дунд Адъяад хоол хийж өгөхгүй гэж хэлж байсан. Даваажав, Цэцгээ нар нийлээд Адъяаг янз бүрийн үгээр хэлж доромжилж байсан. Адъяа гэнэт босоод Даваажавын цамцнаас зуураад дараад авсан. Хоорондоо ноцолдоод байхаар нь салгаад хоёр талд суулгасан. Тэгээд үргэлжпүүлээд хоолоо идээд сууж байтал дахиад маргалдаад байсан. Адъяа дахиад гэнэт босоод Даваажавыг гэрийн хаалганы ойролцоо сууж байхад нь чирээд гаргасан. Даваажавын ёолсон чимээ гарсан. Биднийг гэрээс гарахад Даваажав нь зүүн гарын шуугаа барьчихсан сууж байх шиг байсан. Даваажавын биед Адъяа гэмтэл учруулсан, өөр ноцолдсон хүн байхгүй. Гэмтэл яаж учруулсан талаар мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-21-23/,
Гэрч Д.Жаргалсайханы: “...Би хоол аягалж байхдаа Адъяад хандаж “чамд хоол өгөхгүй, чи намайг өглөө гэрээс авч явахгүй орхиод явсан биз дээ” гэж хэлсэн. Адъяа надад юм хэлээгүй, чимээгүй сууж байсан. Манай нөхөр Адъяад хандаж “чи манай гэрт урьд идэж уугаад байж байснаа мартсан юм уу” гэж хэлээд надад хандаж “чамайг санаатай орхиж явсан” гэж хэлсэн. Тэгсэн Адъяа босоод манай нөхрийг заамдаж аваад түлхэж хэвтүүлээд цээж, толгой хэсэгт цохиод байсан. Ажилчид ноцолдооныг салгасан. ...Нөхөр Адъяад хандан дахиад “чи урьд манай гэрт хоол ундаанд явж байснаа санахгүй байна уу” гэж хэлтэл Адъяа идэж байсан хоолоо шидээд нөхрийг гэрээс чирээд гаргасан. Гэрийн үүдэн дээр байсан урт модоор ар нуруу хэсэгт, зүүн шуу хэсэгт нь цохиж байгааг нь харсан. Гэрийн хаалга нээлттэй байсан. Намайг таньдаг хүмүүс Цэцгээ гэж дууддаг...” гэх мэдүүлэг /хх-24/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.09.20-ны өдрийн 11795 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1.Д.Дын биед зүүн шуу ясны хугарал, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь ...журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөхгүй” гэжээ /хх-31/,
А.Агийн яллагдагчаар: “Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө 07 цагийн үед ажил руугаа ганцаараа явсан. Би ажил дээрээ 5 цагийн үед очсон шиг санаж байна. Намайг ажил дээрээ очиход хамт ажилладаг Даваажав, Нацагаа, Магазин, Мэндээ нар барилгын ажил хийж байсан. Тэгсэн Даваажав ах “чи замаараа манай эхнэр Цэцэгээг гэрээс нь аваад ажил дээр хамт ирсэнгүй, санаа муутай пизда” гэх мэтээр намайг хэл амаар доромжилсон. Тэр үед би Даваажавыг тоогоогүй. Өдөр 13 цагийн үед ажилчид хоолондоо орсон. Цэцэгээ надад хандаж “чамд хоол өгөхгүй, чи намайг гэрт үлдээчихээд ажил руу явсан” гэж хэлсэн. Хажуугаас нөхөр Даваажав надад хандаж “энэ муу урьд нь хүний мал маллаж явсан гуйлгачин, их том болсон байна, манай эхнэрийг авч ирсэнгүй чамтай тооцоо бодно” гэх мэтээр муу үгээр доромжилж байсан. Би Даваажавыг гэрийн хаалганы хажууд сууж байхад заамдаж авах гэтэл хойшоо хэвтчихээд намайг хөлөөрөө тийрч эхэлсэн. Тэгээд барилцаж авах хооронд Цэцэгээ миний араас модоор өгзөг хэсэгт цохисон. Тэр модыг Батжаргал ах гаргаж хаясан. Араас нь Магазин, Мэндээ ах нар бид хоёрыг салгасан. ...Намайг хоол идэж байх хооронд Даваажав намайг элдвээр доромжилж заналхийлэн манай ах дүү төрөл садан болон нутаг усаар минь доромжлоод байхаар нь идэж байсан аягатай цуйвангаа Даваажавын сууж байгаа зүг рүү шидсэн. Тэгсэн Даваажавыг онолгүй газарт унасан. Даваажав надад хандаж хоёулаа гэрээс гараад зодолдоё гэсэн. Бид 2 гэрт барилцаад гэрээс барьцалдсан чигээрээ гараад гэрийн үүдний хэсэгт нь Даваажав бид хоёр бүдэрч унасан. Босох гэтэл газарт прүсс мод байхаар нь би Даваажав руу шидсэн, мод Даваажавын зүүн гарыг оносон. Удалгүй Даваажав “ёо ёо” гэх чимээ гаргаад орилсон. Тэгсэн гэрээс ажилчид гарч ирсэн. ...Би Цэцэгээг уг нь авч явах гээд очиход хашааны гадна хүүхэд нь байсан. Надад “ээж ажилдаа явсан” гэж хэлэх шиг болохоор нь би орхиод явсан, миний зүүн чих муу сонсдог болохоор буруу сонсоод явсан байна лээ. Би 100000 төгрөг өгсөн, 70000 гаруй төгрөгөөр эм тариа авч өгсөн..” гэх мэдүүлэг /хх-37-40/,
Хохирогч Д.Дын гаргасан өргөдөл /хх-4/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-43/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/, Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-54/, хохиролтой холбоотой баримтууд /хх-57-63, 65/, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-66, 67/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар шүүгдэгч А.А нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт гэх газарт иргэн Д.Дыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Дээрх байдал нь хохирогч Д.Дын “...хоолой боон чирч үүдэнд гадаа дэвсээд прус модоор гар хуга цохиод далан дээр цохисон. Толгой руу нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-6-7/, гэрч Т.Нацагдоржийн “...Адъяа сууж байсан газраасаа босоод Даваажавыг чирээд гэрийн хаалгаар гарсан. Гараад удаагүй байтал Даваажав “ёо ёо” гээд орилоод араас нь гартал Даваажав гэрийн үүд хэсэгт зүүн гарын тохойг барьчихсан хашгираад сууж байсан. ...Ямар байдлаар гэмтэл учруулсныг мэдэхгүй. Даваажавыг өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-17-20/, гэрч Д.Магазины “...Адъяа дахиад гэнэт босоод Даваажавыг гэрийн хаалганы ойролцоо сууж байхад нь чирээд гаргасан. Даваажавын ёолсон чимээ гарсан. Биднийг гэрээс гарахад Даваажав нь зүүн гарын шуугаа барьчихсан сууж байх шиг байсан. Даваажавын биед Адъяа гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-21-23/, гэрч Д.Жаргалсайханы “...Адъяа идэж байсан хоолоо шидээд нөхрийг гэрээс чирээд гаргасан. Гэрийн үүдэн дээр байсан урт модоор ар нуруу хэсэгт, зүүн шуу хэсэгт нь цохиж байгааг нь харсан...” гэх мэдүүлэг /хх-24/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.09.20-ны өдрийн 11795 дугаар шинжилгээний дүгнэлт /хх-31/, шүүгдэгч А.Агийн “...гэрийн үүдний хэсэгт нь Даваажав бид хоёр бүдэрч унасан. Босох гэтэл газарт прүсс мод байхаар нь би Даваажав руу шидсэн, мод Даваажавын зүүн гарыг оносон. Удалгүй Даваажав “ёо ёо” гэх чимээ гаргаад орилсон. Тэгсэн гэрээс ажилчид гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-37-40/ болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Улсын яллагч “Хүний эрх зөрчигдсөн, хохирлыг нарийн тооцон гаргах боломжгүй учраас нэхэмжилсэн 2900000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй” гэж,
шүүгдэгч “Гарны хугарлын зардлыг гаргаж өгнө. Хохирогч бид хоёр 1 /нэг/ сая төгрөгийг 3 хувааж төлөхөөр тохирсон байгааг харгалзан үзнэ үү” гэж тус тус дүгнэлтээ гаргалаа.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, хэрэгт 451050 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдаанд “Эмчилгээний зардалд 3300000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлж байгаа боловч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл дээрх үнэ бүхий хохирол, хор уршгийг нотлож чадахгүй байх тул хохирогчийн нэхэмжилсэн “3300000 төгрөг гаргуулах”, улсын яллагчийн санал болгосон “2900000 төгрөг гаргуулах үндэслэлтэй” гэсэн хүсэлтүүдийг хангах боломжгүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч, хохирогч нар 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Эмчилгээний зардалд 1000000 /нэг сая/ төгрөгийг 3 хувааж хохирлыг барагдуулахаар харилцан тохиролцож” хэлцэл байгуулагдсаныг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 451050 төгрөгийн эмчилгээ хийгдсэн боловч хохирол, хор уршиг эдгэрээгүй, арилаагүй байгааг үндэслэн 1000000 /нэг сая/ төгрөгийг 3 сарын хугацаанд гаргуулах нь зүйтэй гэж үзэн шийдвэрлэв. Хохирогч нь бусад зардлын баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Улсын яллагч “Шүүгдэгч А.А орлого олдог болох нь тогтоогдоогүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 364 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
Шүүгдэгч “Хувиараа гагнуурын ажил хийдэг тул торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргасан болно.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.А урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Аг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.А урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хэрэг хянан шийдвэрдлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч А.Агаас 1000000 /нэг сая/ төгрөгийг 3 сарын хугацаанд гаргуулж хохирогч Д.Д -д олгож, цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР