Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/60

 

 

    2023           01            13                                         2022/ДШМ/60

 

Г.Б-нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө  даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг, 

нарийн бичгийн дарга  Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/1156 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Л-ын гаргасан давж заалдах гомдлоор Г.Б-нд холбогдох 2208000001052 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

0,

Г.Б-н нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Депогийн автобусны буудлын хажуу талын “W” зочид буудалд бусадтай нийлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр Т.Л-ын хэвлийн тус газарт 2 удаа өвдөглөж, эрүүл мэндэд нь “дэлүүний задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1500 мл/” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Б-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг оногдуулсан торгох ялыг 2 жил 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Хохирогч Т.Л-а давж заалдах гомдолдоо: “ ... Хохирогч миний бие нь Г.Б-нд зодуулж, биедээ хүнд хохирол авсан. Зодуулсны улмаас өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, бие эрхтэн, сэтгэл санаа, эдийн засгаар асар их хохирч байна. Г.Б-н нь миний хохирлыг барагдуулна, 11.000.000 төгрөг төлнө гэж шүүх хурлын өмнө тохирч, бид хоёр сайн дураар эвлэрсэн боловч миний хохирлыг барагдуулаагүй байгаа болно. Анхан шатны шүүхээс Г.Б-ныг 10.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй бөгөөд ял шийтгэл нь хөнгөдсөн гэж үзэж гомдол гаргаж байна. Миний бие ам бүл 5 ба эхнэр ажил эрхэлдэггүй, зөвхөн миний цалин, орлогоор манай гэрийнхэн амь зуудаг. Би зодуулсны улмаас ажил хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй болж 1 жилийн хугацаанд хүнд зүйл өргөж болохгүй, гам барих шаардлагатай гэж эмч хэлсэн юм. Миний биеийн байдал одоог хүртэл бүрэн эдгээгүй ба хохирол төлбөрөө төлөөгүй хүнд шүүх хэт хөнгөн ял оноож, хохирогчийн эрхийг зөрчсөн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Б-н нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Хохирогч Т.Л-а нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүхийн шатанд 7.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан авсан. Шүүхийн шатнаас өмнө шүүгдэгч, хохирогч нар хоорондоо харилцан тохиролцож шүүгдэгчээс 11 сая төгрөгийг авахаар тохиролцсон байдаг. Анхан шатны шүүх уг асуудлыг хэлэлцээд хохирогч цаашид ямар эмчилгээ хийлгэх нь тодорхойгүй буюу баримт нь байхгүй байх тул үлдэгдэл 4 сая төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан сонгох санкцаас торгох ялыг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

          Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Г.Б-н нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Депогийн автобусны буудлын хажуу талын “W” зочид буудалд бусадтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр Т.Л-ын хэвлийн тус газарт 2 удаа өвдөглөж, эрүүл мэндэд нь “дэлүүний задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1500 мл/” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтууд тогтоогдсон байна.

Хохирогч Т.Л- нь “... 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би нутгийн танилууд болох Ш, Ч, М бид 4 хамт Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотод барилгын ажил хийх гэж орой 22 цагийн үед Драгон авто бааз дээр ирж, ... “W” гэх нэртэй зочид буудалд хонохоор болж ... бид хэд буудалд ороод 3 шил Хараа гэх нэртэй 0.75 литрийн архи ууцгаасан. ... Б-тай утсаар ярьж тохирсон байсан тул удаагүй байж байтал гаднаас Б ганцаараа орж ирээд хамт архи ууцгаасан. .... М-, Ч- хоёрыг унтаж байхад Б- гэнэт намайг орон дээр хэвтэж байхад “чи Өвөрхангайдаа том хулгайч гэл үү” гэж хэлээд намайг татаж босгоод баруун талын өвдгөөрөө 2 удаа өвдөглөсөн. ... 2022 оны 05 дугаар сарын 05-ны өглөө 07 цагийн үед сэрэхэд миний гэдсээр хөндүүр ... 103 дуудаж үзүүлсэн чинь Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан. Үзүүлтэл эмч дотуур цус алдсан яаралтай хагалгаанд ор гээд хэвлий цээжний тасагт хэвтсэн...” /хх 11/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийг тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Б.Ш-ийн “... 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгаас таньдаг манай нутгийн М-, Ч-, Л- бид 4 Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн юм. Манай нутгийн Б- гаднаас ганцаараа орж ирсэн. Би Б-ыг хэн дуудсаныг нь мэдэхгүй байна. Тэгээд бид хэд хамт архи ууж байгаад би 01 цаг өнгөрөөгөөд 2 номерын өрөөг хоногоор авч орж унтсан. 6 номерын өрөөнд М, Ч, Л Б нар үлдэж амарсан. Тэгээд өглөө 08 цагийн үед байхаа сэрээд 6 номерын өрөөнд нөгөө хэд дээрээ ортол Л- жаахан унтъя гэчихсэн, М, Ч, Б- нар босчихсон байсан. ... Л- нь Б- шөнө гараараа миний гэдэс рүү 2 удаа цохисон талаар хэлэхээр нь би 103 дуудаад үзүүлье гээд 103 дуудаж үзүүлээд ГССҮТ орсон ...” /хх 17/,

гэрч Ж.Ч-ын “... 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгаас таньдаг манай нутгийн М, Ш, Л бид 4 Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн. ... Бид хэд буудалд ороод хоол идчихээд 0.75 литрийн Хараа гэх нэртэй 3 шил архи хувааж ууж байтал гаднаас Б- орж ирсэн. Тэгээд бид хэд хамт архи ууж байгаад 01 цагийн үед байх, Ш- ах 2 номерын өрөө рүү орж унтсан. 6 номерын өрөөнд М-, Л-, Б- бид 4 үлдсэн. Би удаагүй архиндаа тасраад унтсан. Өглөө 08 цагийн үед сэрэхэд Л- ах “миний ходоод руу өвдөөд байна” гээд гараараа дараад байхаар нь би яасан талаар асуутал ... Б- өчигдөр шөнө гараараа миний гэдэс рүү 2 удаа цохисон гэж хэлсэн. ... Бид хэд Л- ахын гэдэс нь өвдөөд байхаар нь 103 дуудъя гэсэн боловч өөрөө харж байж болъё гээд байсан ...” /хх 19-20/,

гэрч Б.М “... Тэгээд би өглөө 07 цагийн үед сэрээд бостол Л- жаахан гэдэс рүү өвдөөд байна гэж хэлэхээр нь яасан талаар асуутал өчигдөр шөнө Б- гараараа миний гэдэс рүү 2 удаа цохисон талаар хэлсэн...” /хх 22/,

яллагдагчаар Г.Б-ны өгсөн “... 2022 оны 05 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед ажлаа тараад гадуур явж байхад нутгийн ах Ч-, М-, Ш-, Л- нар уулзъя гэж дуудсан. ... Л- ах нар архи уугаад бэлэн гоймон идэж байсан. Би архинаас нь хамт уусан. ... Л- ах ахдаа архинаасаа нэг хийгээд өг гэхээр нь хийж өгөөд гэдэс рүү нь 2 удаа баруун гараараа алгадсан. ... Өглөө 07 цагийн үед сэртэл Л- ах гэдэс рүү өвдөөд байна гээд хэвтээд байсан. Тэгээд бид хэд буудлаас гарч Драгон орж хоол идчихээд би 103 дуудаж үзүүлье гэтэл Л- ах ... хэрэггүй гээд байхаар нь би 103 дуудаагүй ... маргааш нь Л- ах эмнэлэгт байна гэж сонсоод ГССҮТ ирсэн ....” /хх 111/

Шинжээч эмч Б.Д-ийн “... Т.Л-ын биед учирсан дэлүүний задрал гэмтэл нь өвдөглөх, атгасан гараар 1 удаа цохих үед үүсэх боломжтой. Хэвлийн хөндийд цус хуралт нь дэлүү задарснаас болж үүссэн гэмтэл юм. Гарын алганы араар 2 удаа цохиход үүсэхгүй...” /хх 24/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 6739 дугаартай “... Т.Л-ын биед дэлүүний задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1500мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх 32-33/ гэх дүгнэлт,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/ зэргээр тус тус тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Б-ныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Хохирогч Т.Л-аас “... хохирлыг төлж барагдуулаагүй ...  анхан шатны шүүхээс Г.Б-нд оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн ... Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...”  гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг нөхөн төлөх, гэм хорыг арилгах үүрэгтэй.

Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тус тус тодорхойлогддог.

Тус гэмт хэргийн улмаас Т.Л-ын биед “дэлүүний задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1500 мл/” гэмтэл бүхий хүнд хохирол учирсны улмаас хагалгаанд орж эмчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан өвчний түүх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 6739 дугаартай шинжээчийн дүгнэлт болон тэдний тайлбар, мэдүүлгээр тогтоогджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Г.Б-наас хохирогч Т.Л-д нийт 7.000.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1.528.000 төгрөгийг тус тус төлж барагдуулжээ.

Хохирогч Т.Л нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэлж “... хохирогчоос нэхэмжилж буй 4.000.000 төгрөгийн асуудал нь хохирогч, шүүгдэгч нар хоорондоо өгч авалцахаар тохиролцсон хэлцлээс өөр ямар нэгэн нотлох баримтгүй, хохирогч нь ямар эмчилгээ, үйлчилгээ хийлгэх нь тодорхойгүй, таамаглалд үндэслэж 4.000.000 төгрөгийг хохирогчоос гаргуулах боломжгүй ...” хэмээн дүгнэсийг буруутгахааргүй байна. 

Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгч нараас хэрэгт гаргаж өгсөн “шүүгдэгч нь хохирогчид 7.000.000 төгрөгийг төлсөн, улмаар хохирогч болон шүүгдэгч нар нь 4.000.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 01-нээс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд өгч, авалцана” /хх 139-140/ гэх агуулга бүхий хүсэлтийг шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бодит хохирол, зардлын баримт хэмээн үнэлж, шүүгдэгчээс 4.000.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм. 

          Иймээс хохирогч Т.Л нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд, анхан шатны шүүхээс урьдчилан тооцоолох боломжгүй зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

          Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” хэмээн хуульчилсан.

Хохирогч Т.Л-аас “шүүгдэгч Г.Б-н нь эмчилгээний төлбөрт нийт 7.000.000 төгрөгийг ... төлсөн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрөө бүрэн авсан ... мөн надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн тул Г.Б-ныг хөнгөн журмаар шийдвэрлэж өгнө үү” хэмээн шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд ирүүлсний дагуу шүүх тус хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Г.Б-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл болон ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээтэй бөгөөд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг  үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүндрүүлэн өөрчлөх эрхгүй юм.

Иймд шүүгдэгч Г.Б-нд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна гэж үзэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогч Т.Л-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг хэлэлцээд 2022/ШЦТ/1156 дугаартай шийтгэх тогтоол гаргасан байх боловч тус шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт хуулийн хугацаанд гардуулаагүй, мөн хохирогч Т.Л-ын гаргасан давж заалдах гомдлыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсан атлаа хэргийг давж заалдах шатны шүүхэд хуулийн хугацаанд ирүүлээгүй буюу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн зөрчил гаргасан байх тул холбогдох ажилтан, албан хаагчид зохих хариуцлагыг тооцох нь зүйтэй бөгөөд цаашид ийм төрлийн алдаа, дутагдал гаргахгүй байхыг зориуд тэмдэглэж байна.,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/1156 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Л-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.МӨНХӨӨ

  ШҮҮГЧ                                                                Ц.ОЧ

                          ШҮҮГЧ                                                                Н.БАТСАЙХАН