| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00482/И |
| Дугаар | 155/ШШ2024/00566 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/00566
2024 оны 5 сарын 27 өдөр Дугаар 155/ШШ2024/00566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***т оршин суух, Х Н-ийн Э
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2024/00482/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н.Э миний бие Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төгсөөд 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн нэгдлийн зөвлөлийн хурлаар орж илгээлтээр аавынхаа туслах малчнаар Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Агар 4 дүгээр бригадад ажилд орсон.
1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж 0119 дүгээр ангид 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан.
Ингээд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан.
Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол ажиллаж байсан хугацааны орсон, гарсан тушаал аймгийн архиваас олдохгүй, хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуугаас миний улсад ажиллаж байсан байдал тооцогдохгүй байна.
Би шүүхэд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүлтэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба энэ хүсэлтээ хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд буюу Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Х Н-ийн Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, Н-ийн Эийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Агар 4 дүгээр бригадад 1987 оны 1-5 дугаар сар, 7-9 дүгээр сар, 1989 оны 11, 12 дугаар саруудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Н-ийн Эийн нийгмийн даатгал нөхөн төлсөн тухай №1701000562 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Нэгдлийн гишүүдийг батлах тухай 03 дугаартай хурлын тогтоол болон түүний хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ...Тус сумын Соёл нэгдлийн Агар 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан Н-ийн Эийн ажилласан жил нь 1987 он-5 дугаар хэсгийн 11-д, 1989 он-4 дүгээр бригадын 173-д бичигдсэн байна. ... гэх бичилт бүхий 3/123 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн захиргаанаас Н- овогтой Эт 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архиваас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн ...Н-ийн Э нь Хөвсгөл аймгаас БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0119 дүгээр ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 10 дугаар сарын 26-ны өдрөөс цэргээс халагджээ. ... гэх бичилт бүхий 08/3227 дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монголын татварын албаны 2240402313985 дугаартай төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, (хавтаст хэргийн 2-14 дүгээр хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Ч, Б.Рнарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 31-35 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Эийн ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрын карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Н овогтой Эийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэрийг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 21-27 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулсан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.Э нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Н- овогтой Э нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Н- овогтой Эт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн захиргаанаас 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 10, 11 дүгээр хуудас)
Н- овогтой Эийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Агар 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байхдаа авч байсан 1987 оны 1-5 дугаар сар, 7-9 дүгээр сар, 1989 оны 11, 12 дугаар саруудын цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай Нэгдлийн гишүүдийг батлах тухай хурлын тогтоол болон түүний ... 133. Н- Э, 21, эрэгтэй, ---- ... гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 7, 8 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Соёл нэгдэл 4-р бригад, Ажилд орсон он гэх хэсэгт 1989, цех, тасаг, бригад гэх хэсэгт Агар, эрхэлдэг ажил гэх хэсэгт хоньчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1989, оршдог сум район гэх хэсэгт Баянзүрх гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 22 дугаар хуудас)
Гэрч Р.Р-ын ...Н.Э нь 1986 онд 8 дугар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад, 1987-1989 онд цэргийн алба хааж ирээд тус сум нэгдэлдээ малчнаар нэгдэл тарах хүртэл ажилласан. ...Би мөн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар хамт ажилладаг байсан. ... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Чын ... Н.Э нь 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад, 1987-1989 онд цэргийн алба хаасан. Халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригаддаа үргэлжлүүлэн малчнаар ажиллаж байгаад 2000 оноос Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд шилжиж ирээд одоог хүртэл энэ суманд мал маллаж байгаа.... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 32, 34, 35 дугаар тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Н.Э нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгч Н.Э нь 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 12 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х Н-ийн Эийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН