| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2220000880114 |
| Дугаар | 2023/ДШМ/04 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ДШМ/04
Б.Над холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.С /зайнаас цахимаар/,
Яллагдагч: Б.Н,
Яллагдагчийн өмгөөлөгч: М.Ц /зайнаас цахимаар/,
Хохирогчийн өмгөөлөгч: О.Ү /зайнаас цахимаар/,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Ц/зайнаас цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Золбоо нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны 2022/ШЗ/262 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.Сийн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Б.Над холбогдох 2220000880114 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Яллагдагчийн биеийн байцаалт:
****Б.Н, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 639 дугаартай магадлалаар шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял болгон өөрчилж, хорих ялыг биеэр эдэлж дууссан.
2. Холбогдсон хэргийн товч агуулга:
Яллагдагч Б.Н нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Д.Гээс найздаа машинаа өгч бай, машиныг чинь унаад Улаанбаатар хотруу унаж явчихаад ирье, 10 гаруй хонох байх гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ****ийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнх нь гаднаас 26.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий **** улсын дугаартай тоёота приус 41 загварын хар саарал өнгийн тээврийн хэрэгслийг авч явж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Сэс яллагдагч Б.Над холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4. Анхан шатны шүүх: “...Гэрч Д.М нь уг хэрэгт ямар хамааралтай оролцсон болохыг шалгах, Хэрэгт торгуулийн мэдээлэл дээр 2022 оны 06 сарын 15-ны өдөр хохирогч Д.Гийн эзэмшлийн гэх **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зөрчил гарган 2 удаа тус бүр 20,000 төгрөгөөр торгуулах мэдээлэл авагдсан байдаг. Дээрх хугацаанд уг тээврийн хэрэгслийг хэн унаж явсан, ямар төрлийн зөрчил гаргасан, уг торгуулийг хэн нэгэн төлсөн эсэхийг шалгах, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хохирогч Д.Гийн шүүх хуралдаанд яригдсан Хан-Уул дүүрэгт уг тээврийн хэрэгслээр зам тээврийн осол гаргасан гэх мэдээллийг шалгах, Иргэний нэхэмжлэгч Б.Цгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг шалгах. Үүнд 2022 оны 05 сарын 29-нд Хас Хаан банк бус санхүүгийн байгууллагын хэн гэж эдийн засагч руу, хэн гэж хүн **** дугаарын гар утаснаас залгасан. Уг эдийн засагчийн гар утсанд **** дугаарын утаснаас ямар мессеж ирсэн талаар шалгах, уг хэрэгт хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв олж тогтоох шаардлагатай бөгөөд дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй...” гэж үзэн яллагдагч Б.Над холбогдох эрүүгийн 2220000880114 тоот хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
Шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор Б.С эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...5.1. Прокурорын зүгээс мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтуудад үндэслэн, өөрийн дотоод итгэлд тулгуурлан яллагдагч Б.Ныг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Д.Гээс найздаа машинаа өгч бай машиныг чинь унаад Улаанбаатар хотруу унаж явчихаад ирье. 10 гаруй хонох байх гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ****ийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнх нь гаднаас 26,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий **** УЛС улсын дугаартай тоёота приус 41 загварын хар саарал өнгийн тээврийн хэрэгслийг авч явж, залилсан гэж дүгнэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
5.2. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6, 16 дугаар хуудас/ -**** ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1001129 дугаартай “...26,000,000 төгрөг гэх үнэлгээний тайлан /хх-ийн 48-49x/, хохирогч Д.Гийн ... мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Ш.Цийн ... мэдүүлэг /хх-ийн 19-20, 188 дугаар хуудас/, Д.Мийн ... мэдүүлэг /хх-ийн 31-35 дугаар хуудас/, Р.Мөнхзаяагийн ... мэдүүлэг /хх-ийн 40-43 дугаар хуудас/, Б.Булгантөрийн ...мэдүүлэг /хх-ийн 44-47, 185 дугаар хуудас/, Торгуулийн мэдээлэл /хх-ийн 66-68 дугаар хуудас, эрэн сурвалжлалт зарлах тухай хуудас /хх-ийн 69-71 дүгээр хуудас/, Хаан банкны 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5374/305 дугаартай албан бичиг, дансны хуулга /хх-ийн 78- 149/, **** банк бус санхүүгийн байгууллагын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 221 дугаартай албан бичиг нас барсны бүртгэлийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний мэдээлэл, зээлийн гэрээний хуулбар, буцаан төлөх хуваарь, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 158-170 дугаар хуудас/, хохирогч Д.Гийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 171 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Цгийн мэдүүлэг /хх-ийн 192-193 дугаар хуудас/, **** банк бус санхүүгийн байгууллагын 2022 оны 10 дугаар сарын 05- ны өдрийн 390 дугаартай иргэний нэхэмжлэгчээр томилох тухай албан бичиг, баримт /хх-ийн 194-197х/ зэргээр дээрх үйл баримтыг дүгнэхэд, хэрэгт Д.М гэгчээс 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэг авсан ба болсон үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн ба яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт гэрч Ш.Ц, Д.М нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай прокурорын саналыг гаргасан болно.
5.3. ...**** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13:45, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 13:18 цаг 1 өдөр 2 удаа тус бүр 20,000 төгрөгөөр торгуулсан баримт хэрэгт авагдсан торгуулийн мэдээллийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар авсан ба дээрх хугацаанд торгууль төлөгдөөгүй нь харагддаг. Тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагын асап санд **** улсын дугаартай приус загварын хар ангийн тээврийн хэрэгслийг хулгайлагдсан тээврийн хэрэгслийг хайх болон хэн авч явсан нь тодорхойгүй гэсэн байдлаар тус тус эрэн сурвалжлалт зарлаж холбогдох ажиллагааг явуулсан ба хэргийг шилжүүлэх хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл хаа байгаа газар тодорхойгүй болох нь баримтуудаар тогтоогддог.
5.4. Иргэний нэхэмжлэгч Б.Ц нь урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт дурдагдсан асуудлыг шүүх хуралдаанаар тодруулах шаардлагатай бол баримтыг гаргуулан авах, ... мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Д.Гийг хэрэгт мөрдөгч хохирогчоор тогтоосон нь маргаантай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгч хууль ёсны төлөөлөгч тогтоохтой холбоотой маргаантай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ..." гэж заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж нотолсон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаагүй байна.
5.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой тул шүүгчийн 2022/Ш3/262 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэв.
6. Яллагдагч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байгаа. Ер нь анхнаасаа Г гэдэг залуу банкны зээлтэй, зээлээ төлье гэж надаас ирж, гуйж байгаад сүүлдээ чи боломжтой гэдэг талаас нь ийм зүйл хийсэн нь зүй бус асуудал юм. Үүнийг мөрдөн байцаалтын явцад тогтоох ёстой гэж үзэж байгаа. Анх зээл төлөөч гэж гуйж байснаа одоо ийм зүйл ярьж байгаа нь зүй бус юм. **** надтай ямар ч холбоо байхгүй. Би тэр 06 дугаар сарын 15-ны өдөр торгууль төлсөн гээд байгаа өдөр Өмнөговьд нэг ахтайгаа цуг ажил хийгээд явж байсан. Тэгэхэд өөр хүн бариад явж байсныг намайг гээд байгаа юм. ...Өмнө нь намайг таньдаг байсан гэдэг утгаар банк бус санхүүгийн байгууллагад зээлээ төлж чадахгүй байна, надад нэг туслаач гэсэн. Тэгэхээр нь би боломжоороо тусалъя, өмнө ажил хамтарч хийж, найз нөхөд гэж байж “чамайг ийм болсон үед чинь зээлийг чинь төлөхөд тусалъя” гэсэн юм. Тэгээд надад банк бус байгууллагын утсыг өгчхөөд дараа нь эргүүлээд энэ машиныг Н гэж хүн авсан, авсныг нь хэн ч хараагүй, сонин, ийм юм яриад байгааг би гайхаж байгаа юм. Ямар ч хүн хараагүй, хэн ч хараагүй гэж байгаа юм. Тэгсэн мөртлөө намайг гэрийн гаднаас ирээд аваад явсан гэдэг. ... Иймд энийг нягтлан шалгаж өгнө үү гэсэн саналтай байгаа.” гэв.
7. Яллагдагчийн өмгөөлөгч М.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Энэ хэргийг шалгахдаа мөрдөгч, прокурорууд хэт нэг талыг барьсан нотлох баримтуудыг хэрэгт цуглуулсан байгаа. Үүнийг анхан шатны шүүх хэлэлцүүлээд яллагдагч Б.Ныг гэм буруутай, үгүйг тогтоох боломжтой гээд байгаа нь өрөөсгөл байгаа юм. Ерөнхийдөө хохирогч гэж үзээд байгаа Г болон түүний түүний ээж, хэдэн найз нөхдөөс нь мэдүүлэг авчхаад, нөгөө хүмүүс нь юу гэж мэдүүлэг өгдөг вэ гэхээр “би Гээс тэгж сонссон, би тэгж ойлгосон, би тэгж бодож байна, Ныг тэр машиныг аваад явсан гэж бодож байна” гэсэн байдлаар гэрчийн мэдүүлэг авчихаад энэ гэрчийн мэдүүлгээ үндэслээд хүнийг яллаад оруулаад ирсэн байна. Тиймээс энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаагаад дахин мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байна гэсэн агуулгаар би урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлтээ гаргаж байсан. Үүнийг ч анхан шатны шүүх дэмжээд, хүлээн аваад хэд хэдэн ажиллагааг хийх шаардлагатай, шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас гарч ирсэн хохирогч Гийн өгсөн мэдүүлэг, Хан-Уул дүүрэгт осол гаргасан гэх газарт бүрэлдэхүүн очсон бол хэн гэдэг, ямар хүн унаж явсан талаар тогтоогдох боломжтой. Прокурор одооч энэ маргаан бүхий тээврийн хэрэгсэл эрэн сурвалжлагдаж байгаа гэж байна. Гэтэл Б.Нын гэм буруугийн талаар шийдсэний дараа энэ машин өөр этгээдээс илрээд гараад ирвэл яах вэ гэдэг асуудал гарч ирэх гээд байна. Тэгэхээр Б.Н нь залилаад аваад явсан юм уу, Г нь үрэн таран хийгээд бусдад зарж борлуулсан юм уу. Энэ нь “****” гээд банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа учраас захиран зарцуулах эрх байхгүй гэж үзэж байгаа. Хэн нэгэн этгээд эзэмшилдээ оруулах эрх нь хөдлөх хөрөнгийн хувьд боломжтой учраас хэн гэдэг хүн тээврийн хэрэгсэл эзэмшиж, ашиглаад явж байна вэ гэдгийг нэн тэргүүнд илрүүлж байж энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх юм болов уу гэж миний хувьд үзэж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн дэмжиж байна. Хавтаст хэрэгт цугларсан материалаар яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь учир дутагдалтай, хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Ныг цагаатгах юм уу, эсвэл үйлдсэн гэмт хэргийг хөнгөрүүлэх ч юм уу энэ талаас нь огт баримт цуглуулаагүй байж шууд гэм буруугийн шүүх хуралдаан руу шилжүүлнэ гэдэг нь учир дутагдалтай байна гэж үзээд байна.” гэв.
8. Хохирогчийн өмгөөлөгч О.Ү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Хэргийн хувьд тээврийн хэрэгслийг 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод жолоодоод явж байсан үйл баримт байгаа. М гэдэг гэрч бол энэ тээврийн хэрэгслийг мэдүүлээд байгаа. Тэгэхээр эд зүйлсийг тодорхойлох боломж байна гэж хохирогч талаас үзсэн. Энэ эд хөрөнгийг олох боломж байна. Эх сурвалжууд нь гараад ирж байна. Тийм учраас бид маргаан бүхий асуудлын талаар гэм бурууг цаашаа шүүхээр үргэлжлүүлэн хэлэлцүүлэх боломжтой байна. Тийм учраас гэм буруугийн асуудлыг шүүх рүү шилжүүлж өгөөч гэсэн асуудлыг анхан шатны шүүхэд гаргасан байгаа. Анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхдээ энэ байдлыг тогтоогоод явах боломжтой гэж үзэж байгаа. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.
9. Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Сийн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний 2022/ШЗ/262 дугаартай “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжтай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Прокурор Б.С нь яллагдагч Б.Ныг “2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Д.Гээс ”... найздаа машинаа өгч бай, машиныг чинь унаад Улаанбаатар хотруу унаж явчихаад ирье, 10 гаруй хонох байх” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ****ийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнх нь гаднаас 26,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий **** улсын дугаартай тоёота приус 41 загварын хар саарал өнгийн тээврийн хэрэгслийг авч явсан боловч автомашиныг буцааж өгөөгүй залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
2. Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.
3. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч “ ... анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр эсэргүүцэл бичсэн.
4. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокуророос бүрэн бодитойгоор тогтоож шүүхэд ирүүлээгүй тул шүүгчийн захирамжинд заасан ажиллагаануудыг хийснээр хэргийн бодит байдлыг нотлохын тулд хэргийг бүх талаас нь бодитойгоор шалгаж, эргэлзээгүйгээр тогтоох ач холбогдолтой нөхцөл байдлууд болно давж заалдах шатны шүүхээс үзэв.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр заасан ажиллагааг буюу тухайлбал тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд өртсөн эсэхийг шалгаж тогтоох нь хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтооход ач холбогдолтой гэж үзнэ.
Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр буцааж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр буюу хохирогч нас барсан тохиолдолд түүний эцэг, эхийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ажиллагааг мөрдөгч хийх нь энэ талаарх хуульд заасан журмыг зөрчихгүй болно.
Эдгээр ажиллагаанууд нь шүүхийн хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/262 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Сийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС