Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 116/ШШ2024/0009

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн  баг, худаг,  тоотод оршин суух, /РД:*******/

 

Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга нарын хоорондын “Эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ...Хэрлэн сумын баг, орон сууцны байрны урд талд байрлах нэгж талбарын дугаартай, 864м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгон өөрчлөхийг даалгах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П., өмгөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч П. нь Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан, “Эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ...Хэрлэн сумын баг, орон сууцны байрны урд талд байрлах нэгж талбарын дугаартай, 864м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгон өөрчлөхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/705 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэгж талбар нэгтгэх тухай” захирамжаар Хэрлэн сумын багийн нутаг дэвсгэрт орон сууцны байрны урд талд хоёр нэгж талбарын тус бүр 626 мкв, 238 мкв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшигч ******* овогтой ******* /*******/, ******* овогтой ******* /*******/ нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг Пүрэвгэрэл овогтой /*******/-т худалдаа үйлчилгээний зориулалтаар 7 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлж, газрын хэмжээг нэгтгэн 864 мкв-аар тогтоожээ.[1]

2.2. П.т дээрх захирамжийг үндэслэн Хэрлэн сумын баг, Эв нэгдэл-1, 109 хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 864 м.кв газрыг  худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар 7 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-0614000611 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон.[2]

2.3. Иргэн П. нь 2023 оны 03 дугаар сарын 15, 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд Дорнод аймгийн Засаг даргад хандан “...Чойбалсан хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд холимог орон сууцны зорилалтаар, Хэрлэн сумын газар зохион байгуулалтын 2023 оны ерөнхий төлөвлөгөөнд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар нийцүүлж өөрчилж өгөхийг” хүссэн өргөдөл гаргасан байна.[3]

2.4. Нэхэмжлэгч П.аас Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.[4]

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч П. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 онд Засаг даргын 12 дугаар сарын 15-ны өдрийн захирамжаар иргэн Д.*******, Д.******* нараас 864 м2 худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг шилжүүлж авсан. Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны А/705 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамжийн дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг орон сууцны байрны урд талд байрлах нэгж талбарын дугаартай, 864м2 талбай бүхий газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших болсон юм.

Миний эзэмшиж буй газар нь Чойбалсан хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд холимог орон сууцны бүсийн зориулалтаар, Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12/05 дугаар тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд “үйлчилгээний орон сууцны зориулалт”-аар тусгагдсан байдаг.

Энэхүү газрыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 347 дугаар тогтоол болон 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд заагдсан зориулалтын дагуу нийцүүлэн үйлчилгээтэй орон сууц болгож өөрчлүүлэхээр 2023 оны 04 сард Дорнод аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шийдвэрлэхгүй явсаар байсан тул 2023 оны 12 сар болон 2024 оны 02 сард тус тус дахин хүсэлт хүргүүлсэн боловч хүсэлтийг биелүүлээгүй. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.6-д заасны дагуу дээр дурдсан төлөвлөгөөний дагуу өөрийн эзэмшиж буй газрын зориулалтыг хуулийн дагуу өөрчлүүлэх шийдвэр гаргуулахыг хүссэн.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу иргэд, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, газрын зориулалт, хэмжээг өөрчлөх шийдвэр гаргах эрхийг Засаг дарга эдлэх эрхтэй юм. Гэтэл Дорнод аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу П. миний бие өөрийн эзэмшиж буй газрын зориулалтын өөрчлүүлэх хүсэлтийг гаргасан бөгөөд тус асуудлыг шийдвэрлэх эрх нь Дорнод аймгийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарч байхад миний хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэж өгсөнгүй өнөөдрийг хүрсэн. Дорнод аймгийн Засаг дарга нь миний эзэмшиж буй газрын зориулалтыг өөрчлөхгүй байх ямар нэг эрх зүйн үндэслэл байхгүй байхад миний өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус захиргааны акт буюу эрх зүйн зөрчилтэй захиргааны актад хамаарах юм. Иймд Дорнод аймгийн Засаг даргын П. миний өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Дорнод аймгийн Хэрлэн сум баг орон сууцны байрны урд талд байрлах нэгж талбарын дугаартай, 846 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгон өөрчилж өгөхийг даалгаж өгнө үү гэв.  

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байгаа. Уг газар нь Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоол болон Чойбалсан хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2022 оны 12 дугаар сарын 16-ны А/705 дугаартай Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар иргэн т 864 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар 7 жилийн хугацаатайгаар олгосон. Өөрөөр хэлбэл энэ газрын зориулалтыг өөрчлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэх бүрэн үндэслэл байгаа гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч нарын өгсөн тайлбарт Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр хүргүүлсэн гэж байгаа. Гэвч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь хэсгийг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/240 дугаар захирамжаар байгуулагдсан Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталсан захирамж нь хүчингүй юм. Тухайлбал хуучин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь хүчингүй болсон учраас хүчингүй болсон хуулийн хүрээнд гаргасан, эрэмбээрээ хуулийн дор байх ёстой Засаг даргын захирамж хүчингүй. Тухайн захирамж хууль бус учраас нэгж болон нэгжээс гаргасан шийдвэр хууль бус болно. Одоо шинэ үйлчилж байгаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлд Засаг даргын бүрэн эрх тодорхой байгаа бөгөөд ямар нэгэн зөвлөл байгуулах эрх огт олгоогүй. Тиймээс хуулиар нарийвчилсан зохицуулалт байхгүй байгаа учраас шинэчилж батлах шаардлагатай. Хариу тайлбартаа 4 болон 5 сард хоёр удаа хуралдсан гэж байгаа боловч хэлэлцээгүй орхисон байдаг. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6-д “Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн талаар заасан” бөгөөд Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал биш. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-т “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулна” гэж тус тус заасан. Тиймээс Засаг дарга нь Дорнод аймгийг 2030 он хүртэл хөгжүүлэх Засгийн газрын тогтоолыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Хүчин төгөлдөр бус зөвлөл нь Засаг даргад тодорхой асуудлаар зөвлөх үүрэгтэй боловч эцсийн шийдвэр гаргах эрх бүхий субъект биш юм. Аймгийн ерөнхий архитекторын эрхлэх асуудлын хүрээнд бие дааж Засаг даргадаа зөвлөх боломжтой бөгөөд заавал хамтын удирдлагын шийдвэр шаардлагагүй. Иймд шийдвэрлэх боломжтой байхад харилцан бие бие рүүгээ түлхэж, эс үйлдэхүй гаргаад байгаа нь хууль бус гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан. Сая хэлэхдээ захиргааны акт гаргаагүй гэж хэлж байгаа боловч захиргааны актыг гаргах үүрэг нь хуулиар олгогдсон байхад шийдвэр гаргаагүй нь эс үйлдэхүй буюу хууль бус юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

3.3. Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хоёр үндэслэлээр тайлбарласан. Тухайлбал, нэгдүгээрт Дорнод аймгийн Засаг дарга нь хүсэлтэд хариу өгөөгүй, хоёрдугаарт хууль бус захиргааны акт гэж үзсэн байсан. Эхний үндэслэлийг тодруулбал Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны А/705 дугаар захирамжаар иргэн П.т 7 жилийн хугацаатай 864 м2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. Улмаар жил гаруйн хугацааны дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дээрх газрыг орон сууцны зориулалтаар өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хүлээн авч Дорнод аймгийн Засаг даргын зүгээс Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын зөвлөлийн хуралд шилжүүлсэн. Газрын тухай хуульд Аймгийн засаг даргад газрын зориулалт өөрчлөлт эрх олгоогүй байдаг учраас Хот байгуулалтын зөвлөлийн хуралд шилжүүлсэн байдаг. Иймд мэргэжлийн байгууллагын саналыг авах зорилгоор Аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын зөвлөлд хүсэлтийг шилжүүлсэн. Аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын зөвлөл нь тухайн үйлчилгээний зориулалттай барилгад орон сууц барихад барилгын норм стандарт хангагдаж байгаа эсэхийг шалгах, Аймгийн ерөнхий хөгжлийн 30 жил хүртэлх төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах чиг үүрэгтэй. Дээрх 2 шаардлагыг хангаж байгаа тохиолдолд Хот байгуулалтын зөвлөл дэмжсэн шийдвэр гаргаж, аймгийн Засаг дарга зориулалт өөрчлөх шийдвэр гаргадаг. Аймгийн ерөнхий архитектораас хүсэлтийг Хот байгуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцэх гэж байгаа болон шаардагдах материалын талаар иргэн т мэдэгдсэн.

Хоёр дахь үндэслэл болох хууль бус захиргааны актын тухайд Аймгийн Засаг дарга нь ямар нэгэн хууль зөрчсөн шийдвэр гаргаагүй байгаа учраас хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.

Гуравдугаарт аймгийн Засаг дарга хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлтэй байдаг. Газрын тухай хуулийн дагуу газрын зориулалт өөрчлөх талаар аймгийн Засаг даргад тусгайлсан эрх олгогдоогүй байдаг учраас даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П. нь 2023 оны 03 сард газар эзэмших эрхийн гэрчилгээний зориулалт өөрчлүүлэх тухай хүсэлтийг аймгийн Засаг даргад ирүүлсэн. Аймгийн Засаг даргаас Газрын харилцаа, барилга хот байгуулалтын зөвлөлөөр хэлэлцүүлэх, материал бэлтгэж ирүүлэхээр уг албан бичгийг явуулсан. Үүний хүрээнд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хот байгуулалтын зөвлөлөөр хэлэлцүүлэх материалыг ирүүлсэн. Хот байгуулалтын зөвлөлөөр хэлэлцэх асуудлыг урьдчилж хэлэлцэх ажлын хэсэг ярилцаад иргэн П.ын орон сууцны зориулалтаар өөрчлүүлэх гэж байгаа газар нь хэдэн м2, ямар байшин, хэдэн давхар болон барилгын норм стандартыг хангаж байгаа эсэхийг тодруулж байж Хот байгуулалтын зөвлөлөөр хэлэлцье гэж шийдсэн. Тухайн үед П.ын ажилтан болох ******* /******* утасны дугаартай/ гэдэг хүнд танилцуулсан. Тухайлбал танайх хэдэн давхар, ямар барилга, барилгын норм стандартыг хангаж байгаа эсэх болон авто зогсоол, ногоон байгууламжийн төлөвлөлтийн зургийг ирж танилцуулсны үндсэнд Хот байгуулалтын зөвлөлөөр хэлэлцэнэ гэж хэлсэн. Ингээд 2023 оны 10 дугаар сард барилгын батлагдаагүй загвар зургийг надад өгсөн. Үүний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр холбогдох материалыг албан бичгээр над руу ирүүлсэн. Энэ асуудлаар Хот байгуулалтын зөвлөл нь 2024 оны  04 дүгээр сарын 11-ний өдөр болон 05 дугаар сарын 07-ны өдөр тус тус 2 удаа хуралдсан. Иргэн П. өөрийн биеэр надтай ирж уулзахдаа би энэ асуудлаар шүүхэд хандсан байгаа гэж хэлсэн учраас энэ 2 хуралдаанаар хэлэлцээгүй байгаа.

Монгол Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан Чойбалсан хотын 2030 он хүртэлх хөгжлийн  ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн газар нь холимог орон сууцны бүсээр төлөвлөгдсөн байгаа. Хоёрдугаарт Хэрлэн сумын 2023 оны 03 дугаар сарын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор тухайн газар нь худалдаа, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар олгогдсон. Гуравдугаарт Хот байгуулалтын зөвлөл нь 2014 оны А/149 дүгээр захирамжаар байгуулагдсан бөгөөд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний А/240 дүгээр захирамжийн дагуу шинэчлэн байгуулагдсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь заалт нь нэгжийн хуульд өөрчлөлт орохоос өмнө нь байсан заалт бөгөөд уг заалтын дагуу Хот байгуулалтын зөвлөл шинээр байгуулагдсан. Мөн Хот байгуулалтын тухай хуульд 2023 оны 12 сард нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй, нийт талбайн 20-оос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна гэж заасан. Нэхэмжлэгчийн надад ирүүлсэн зурагт тухайн барилга нь 32.5 × 16 буюу 520 м2 төлөвлөсөн байгаа. Хуулийн дагуу 864 м2 эзэмшил газрын 60 хувь нь 518.4 м2-аас илүүгүй байх ёстой. Дээрх шаардлагыг хангаагүй байгаа бөгөөд 60 хүртэл хувь гэж байгаа нь 60 хувьд тулгана гэсэн үг биш. Гэхдээ зөвхөн барилга нь 520 м2 байгаа учраас байгууламжид хамаарах зоорийн давхар руу орох хэсэг болон цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоолын 20 хувийн шаардлагыг хангахгүй болно гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1 Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

            2. Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/705 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэгж талбар нэгтгэх тухай” захирамжаар “Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орон сууцны байрны урд талд хоёр нэгж талбарын тус бүр 626 м.кв, 238 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар ******* овогтой ******* /*******/, ******* овогтой ******* /*******/ нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг Пүрэвгэрэл овогтой /*******/ -т худалдаа үйлчилгээний зориулалтаар  7 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлж, газрын хэмжээг нэгтгэн 864 м.кв-аар тогтоож шийдвэрлэжээ.[5]

П.т дээрх захирамжийг үндэслэн Хэрлэн сумын баг, Эв нэгдэл-1, 109 хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 864 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар 7 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-0614000611 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон.

 

            3. Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 12/05 дугаар тогтоолоор ...Зориулалт өөрчлөх газрын байршил, хэмжээг гуравдугаар хавсралтаар... тус тус баталсан байна.[6]

 

4. Иргэн П. нь 2023 оны 03 дугаар сарын 15, 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд Дорнод аймгийн Засаг даргад хандан “...Чойбалсан хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд холимог орон сууцны зорилалтаар, Хэрлэн сумын газар зохион байгуулалтын 2023 оны ерөнхий төлөвлөгөөнд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар нийцүүлж өөрчилж өгөхийг” хүссэн өргөдөл гаргасан байна.[7]

5. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймгийн ...Засаг даргын  газрын харилцааны талаархи нийтлэг бүрэн эрхийг хуульчилсан”, энэ хуулийн 20 дугаар зүйлийн  20.2.1-т “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” гэж заасан бөгөөд Засаг дарга нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу “нутгийн өөрийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулах” зарчмыг хэрэгжүүлэх гол субъект тул газрын талаарх төрийн нэгдсэн бодлого, газрын хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ хангах, иргэдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй.

 Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд энэхүү хуульд заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй.

Өөрөөр хэлбэл, Нэхэмжлэгчийн зүгээс ...Миний эзэмшиж буй газар нь Чойбалсан хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд холимог орон сууцны бүсийн зориулалтаар, Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12/05 дугаар тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд “үйлчилгээний орон сууцны зориулалт”-аар тусгагдсан байдаг. Энэхүү газрыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 347 дугаар тогтоол болон 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд заагдсан зориулалтын дагуу нийцүүлэн үйлчилгээтэй орон сууц болгож өөрчлүүлэхээр 2023 оны 04 сард Дорнод аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шийдвэрлэхгүй явсаар байсан тул 2023 оны 12 сар болон 2024 оны 02 сард тус тус дахин хүсэлт хүргүүлсэн боловч хүсэлтийг биелүүлээгүй. Гэтэл Дорнод аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу П. миний бие өөрийн эзэмшиж буй газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлтийг гаргасан зэргээр бодит нөхцөл байдлыг дурдаад байхад, энэхүү дурдсан асуудлыг урьдчилан шалгаж тогтоохгүйгээр, захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан бөгөөд Дорнод аймгийн Засаг даргын зүгээс тухай бүр нь өргөдөл хүсэлтэд хариу өгөөгүйг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 12/05 дугаар тогтоолоор ...Зориулалт өөрчлөх газрын байршил, хэмжээг гуравдугаар хавсралтаар ...тус тус баталсан бөгөөд энэхүү маргаан бүхий газар нь дээрхи тогтоолд холимог орон сууцны зориулалтаар тусгагдсан байхад зориулалтыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус юм.

7. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эзэмшлийн газрын зориулалтыг өөрчлүүлэх асуудлаар аймгийн Хот байгуулалтын орон тооны бус зөвлөлд хандсан бөгөөд энэхүү зөвлөл нь 4, 5 сард хуралдсан гэх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс энэхүү асуудлаар шүүхэд хандсан гэдэг үндэслэлээр өргөдлөө татсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

7.1 Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/240 дүгээр захирамжаар Аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн Бүрэлдэхүүнийг шинэчлэж, зөвлөлийн ажиллах журмыг баталсан байна.[8]

7.2 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шинэчлэн батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн байхад дээрхи журам нь өөрчлөгдөөгүй, бүрэлдэхүүн  нь хуучнаараа байгаа бөгөөд энэхүү хүчингүй журмаар үйл ажиллагаагаа явуулж, асуудлыг шийдвэрлэж байгаа нь хууль бус юм.

Иймд тус шүүхээс П.ын, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, Эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ...Хэрлэн сумын баг, орон сууцны байрны урд талд байрлах нэгж талбарын дугаартай, 864м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгон өөрчлөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 1. Газрын тухай хуулийн 20 дугаар 20.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч П.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ...Хэрлэн сумын баг, орон сууцны байрны урд талд байрлах нэгж талбарын дугаартай, 864м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгон өөрчлөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.т олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

                  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              П.АМАРЖАРГАЛ

 

 

[1] Хавтаст хэргийн 8-р хуудас

[2] Хавтаст хэргийн 5-р хуудас

[3] Хавтаст хэргийн 11-12-р хуудас

[4] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[5] Хавтаст хэргийн 8 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 9-10-р хуудас

[7] Хавтаст хэргийн 11,12-р хуудас

[8] Хавтаст хэргийн 36-41-р хуудас