| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00405/И |
| Дугаар | 155/ШШ2024/00600 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2024/00600
2024 оны 5 сарын 31 өдөр Дугаар 155/ШШ2024/00600
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** оршин суух, Б Д-ийн Ж,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2024/00405/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Д-ийн Ж нь Хөвсгөл аймгийн Галт суманд 1969 онд төрсөн. Галт сумын 8 жилийн дунд сургуульд 4 дүгээр анги төгсөж Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд малчнаар 1986 онд элсэн орсон. Түүнээс хойш малчнаар тус нэгдэлд 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу нэгдэл тартал ажилласан юм.
Би 1987-1989 онуудад 2 жилийн хугацаат цэргийн алба хаасан.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас ажилд томилсон, чөлөөлөгдсөн болон бусад холбогдох тушаал олдоогүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Д.Ж миний Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодруулж байна. Үүнд: Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлье. Би 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргээс ирээд түүнээс хойш нэгдэлд ажилласан. Иймд миний Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1990 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулж байна гэв.
Нэхэмжлэгчээс: Б овогт Д-ийн Жын иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ... Тус аймгийн Галт сумын Идэрийн-Унрал нэгдлийн даргын 1986-1989 оны тушаал шүүж үзэхэд Д.Жыг малчнаар томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. ... гэх бичилт бүхий 11/311 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ... /РД69101516/ регистрийн дугаартай Д-ийн Жтад холбогдох 1986 оны 6 дугаар сараас 1990 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Цалингийн цэсний лавлагааг гаргаж хавсралтаар хүргүүлэв. Д-ийн Жтад холбогдох 1986-1991 оны цалингийн цэсний лавлагааг шүүхэд 1988-1989 оны баримт архиваас олдоогүй болно. ... гэх бичилт бүхий 03/108 дугаартай албан бичиг, Д- овогтой Жтын Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн Нүхт бригадад 1986 оны 6, 10 дугаар сар, 1987 оны 6-8 дугаар сар, 11, 12 дугаар сар, 1988 оны 01 дүгээр сар, 1990 оны 6 дугаар сар, 8-10 дугаар сар, 12 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Д- овогтой Жд Хөвсгөл аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны цэргийн хэлтсээс 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон №031106 дугаартай цэргийн батлахын хуулбар, №1700007786 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын Батлан хамгаалах төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 1-12, 19 дүгээр хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Э, П.Ц нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 32-36 дугаар тал)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Жын ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Д- овогтой Ж /РД69101516/-ын иргэний мэдээлэл цахим мэдээллийн санд бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний нэр, овог, нэр өөрчилсөн бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг, Архивын тасгаас Д-ийн Ж нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1986-1989 оны хооронд ажиллаж байсантай холбоотой тушаал шийдвэр бий эсэх лавлагаа, Монгол улсын Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын Төв архиваас Д-ийн Жын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, цэрэгт татагдах болон халагдах үеийн анкет зэрэг баримтуудыг тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 15-17, 20-27, 37, 39-40 дүгээр хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулсан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Ж нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Д.Ж нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газраас гаргаж ирүүлсэн Д- овогтой Жын Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн Нүхт бригадад 1986 оны 6, 10 дугаар сар, 1987 оны 6-9 дүгээр сар, 11, 12 дугаар сар, 1988 оны 01 дүгээр сар, 1990 оны 6 дугаар сар, 8-10 дугаар сар, 12 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Малчин, Ажилд орсон он гэх хэсэгт, цех, тасаг, бригад гэх хэсэгт, эрхэлдэг ажил гэх хэсэгт Малчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт, оршдог сум район гэх хэсэгт Мөрөн гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар,
Д-ийн Жтын 631106 дугаартай Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан гэх хэсэгт 1-р бригад хоньчин гэх бичилт бүхий Хөвсгөл аймгийн Галт сумаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет-ын хуулбарт Батлан хамгаалахын төв архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар,
Гэрч П.Цийн ...Д.Ж нь 16 настайгаасаа аавыгаа дагаж мал маллаж байгаад 18 настайдаа цэрэгт явсан ба халагдаж ирээд дахиад мал малласан. Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 16 настайгаасаа эхлээд ажилласан. 18 настайдаа цэрэгт яваад 2 жил цэргийн алба хааж ирээд, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. ... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Эгийн ....Ж нь 16 настайгаасаа Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 18 настайдаа 2 жилийн хугацаатай цэрэгт явж ирээд мөн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба нэгдэл тарах хүртэл буюу 1990 оныг дуустал ажиллаж байсан. ... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Ж нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгч Д- овогтой Ж нь Д-ийн Жт гэх нэрээр 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн 017 дугаар ангид цэргийн алба хааж 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан. Иргэний улсын бүртгэлд Д-ийн Жт (РД69101516) гэх бүртгэл байхгүй, тэрээр иргэний улсын бүртгэлд Д-ийн Ж нэрээр бүртгэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Б Д-ийн Жын иргэний үнэмлэхийн хуулбар,
Хөвсгөл аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс Д-ийн Жд 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олгосон цэргийн батлахын хуулбар, (хавтаст хэргийн 10 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ...Д.Ж гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэлтэй байх бөгөөд төрсний бүртгэлийн лавлагааг хүргүүлэв. Д.Жт гэх бүртгэл иргэний цахим мэдээлллийн санд бүртгэгдээгүй байна. гэх бичилт бүхий 1/664 дугаартай албан бичиг, (хавтаст хэргийн 2, 39 дүгээр хуудас)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гаргасан CVL2467010001003446 дугаартай Б Д-ийн Жын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдов. (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас)
Монгол улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архиваас гаргаж ирүүлсэн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 05/251 дугаартай ...Д-ийн Жт БХЯ-ны сайдын 1987.09.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 017 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989.09.26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.10.15-ны өдөр 631106 дугаарын цэргийн батлахтай халагдсан. ... гэх бичилт бүхий Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Д-ийн Жтын 631106 дугаартай -Хөвсгөл аймгийн Галт сум хотоос 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет-д Батлан хамгаалахын төв архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбарыг тус тус Д- овогтой Жд холбогдох баримт мөн гэж дүгнэн нотлох баримтад үнэлэв. (хавтаст хэргийн 19, 26, 27 дугаар хуудас)
Нэхэмжлэгч Д.Ж нь 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 19, 26 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б Д-ийн Жын Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН