Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2024/00601

 

 

2024 оны 5 сарын 31 өдөр Дугаар 155/ШШ2024/00601

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х***од оршин суух, Б Д-ийн Т,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2024/00472/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Д-ийн Т нь Хөвсгөл аймгийн Хатгал хотын 10 жилийн дунд сургуулийг төгсөж Хатгалын оёдлын үйлдвэрт 1988 оны 9 дүгээр сарын 01-нд оёдолчноор элсэн орсон билээ. Түүнээс хойш оёдолчноор тус үйлдвэрт 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж ирсэн юм.

Мөн Мөрөн сумын Цагаан-Уул Тэрхэн ХХК-д 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн захирлын 02-р тушаалаар үйлчлэгчээр ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 4-р тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчлэгчээр эргэж орж ажиллаж байгаад 2022 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн тус ХХК-ийн захирлын 06 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн үйлдвэрт ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, холбогдох тушаал аймгийн архиваас олдохгүй байгаа зэргээс миний оёдлын үйлдвэрт ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Би нийгмийн даатгалын байцаагчтай уулзахад намайг Цагаан-Уул Тэрхэн ХХК-д ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагагүй гэсэн учир би Хатгалын оёдлын үйлдвэрт ажиллаж байсан байдлаа тогтоолгоно.

Иймд Д.Т миний биеийг Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгалын оёдлын үйлдвэрт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Б овогт Д-ийн Тгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д- овогтой Тд Хатгалын оёдлын үйлдвэрийн захиргаанаас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, БНМАУ-ын Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгалын оёдлын үйлдвэрийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилтан, ажилчдыг ажилд хуваарилах тухай №01 дугаартай тушаал болон түүний хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Цагаан-Уул Тэрхэн ХХК-ийн захирлын 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн №02 дугаартай тушаал, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №4 дугаартай тушаал, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №08 дугаартай тушаал, 2022 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн №06 дугаартай тушаал, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газарт хүргүүлсэн ... Тус аймгийн Хатгал тосгоны Оёдлын үйлдвэрийн даргын 1994 оны тушаал манай архивд шилжиж ирээгүй тул Д.Тд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. ... гэх бичилт бүхий албан бичиг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нийгмийн даатгалын хэлтсийн даргаас Д- овогтой Тд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон №А0869961 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ...Хатгал хотын Оёдлын үйлдвэрийн баримт бичиг Захирагчийн ажлын албаны архивд шилжиж ирээгүй тул Оёдлын үйлдвэрт оёдолчноор 1988-1994 оны хооронд ажиллаж байсан гэх Д-ийн Тд холбогдох баримт бичгийн лавлагаа гаргах боломжгүй болно... гэх бичилт бүхий 1/274 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-11 дүгээр хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Ө, П.Б нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 25-29 дүгээр хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Тгийн ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгалын оёдлын үйлдвэрийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилтан, ажилчдыг ажилд хуваарилах тухай №01 тушаал болон хавсралт, БНМАУ-ын Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгалын оёдлын үйлдвэрийн цалингийн баримт бий эсэх лавлагаа, БНМАУ-ын Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгалын оёдлын үйлдвэр татан буугдсантай холбогдох баримт бий эсэх лавлагаа зэрэг баримтуудыг тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 17-20,33-35, 38 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгалын оёдлын үйлдвэрт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор, Цагаан-Уул Тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд тэрээр Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгалын оёдлын үйлдвэрт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор ажиллаж байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулсан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Т нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Д.Т нь Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгалын оёдлын үйлдвэрт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор, ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

БНМАУ-ын Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгалын оёдлын үйлдвэрээс Д- овогтой Тд 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас)

БНМАУ-ын Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгалын оёдлын үйлдвэрийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилтан, ажилчдыг ажилд хуваарилах тухай №01 дугаартай тушаал болон түүний ...Овог нэр гэх хэсэгт 104.Д- Т, Албан тушаал гэх хэсэгт --, Тушаалын дугаар, он, сар, өдөр гэх хэсэгт -- гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 5, 6 дугаар хуудас)

Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Оёдлын үйлдвэр, Ажилд орсон он гэх хэсэгт 1988, цех, тасаг, бригад гэх хэсэгт Оёдолчин, эрхэлдэг ажил гэх хэсэгт, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум район гэх хэсэгт Хатгал гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 18 дугаар хуудас)

Гэрч Д.Өын ...Д.Т нь эхлээд Хөвсгөл аймгийн Хатгал сумын ноос угаах үйлдвэрт анх 1988 онд эхлээд үйлчлэгч хийж байсан. Тэгээд Хөвсгөл аймгийн Хатгал сумын ноос угаах үйлдвэр нь татан буугдаад оёдлын үйлдвэр болоход нь оёдолчноор 1994 он хүртэл ажилласан. ... гэх мэдүүлэг,

Гэрч П.Бийн ...Д.Т нь эхлээд Хөвсгөл аймгийн Хатгал сумын ноос угаах үйлдвэрт анх 1988 онд эхлээд үйлчлэгч хийж байсан. Тэгээд Хөвсгөл аймгийн Хатгал сумын ноос угаах үйлдвэр нь татан буугдаад оёдлын үйлдвэр болоход нь оёдолчноор 1994 он хүртэл ажилласан. ... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 26, 28 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Т нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгалын оёдлын үйлдвэрт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгч Д.Т нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Цагаан-Уул Тэрхэн ХХК-д 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, мөн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б Д-ийн Тгийн Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгалын оёдлын үйлдвэрт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Тн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН