Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/61

 

 

 

 

    2023          01            13                                        2022/ДШМ/61

 

М.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Ундах,

шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч А.О-,

нарийн бичгийн дарга  Б.Эрхэс нарыг оролцуулан,  ,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/1263 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2108020251367 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

0,

- Хэнтий аймгийн Эрүүгийн шүүхийн 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/35 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 3, 247.1 дүгээр зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 4 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 20а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

- Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 177 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгэж, 1994 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 20а дугаартай таслан шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 28 хоногийн зарим болох 2 жилийн ялыг нэмж, бүгд 5 жил хорих ялаар шийтгүүлсэн,

- Багануур дүүргийн шүүхийн 1997 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 68 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагар хорих ялаар шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 20 хоногийг нэмж нэгтгэн, нийт 3 жил 5 сар 20 хоногийн хорих ял оногдуулж, 1999 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 43 дугаартай захирамжаар эдлээгүй 10 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 436 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сap 13 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 111A дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.2, 91.2.12 дахь заалтад зааснаар 18 жилийн хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн еренхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь заалтад зааснаар оногдуулсан 18 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялаас зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж 20 жил хорих ял оногдуулсан,

-Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 жил 10 сар 5 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж, биечлэн эдлэх ялыг 12 жил 10 сар 5 хоногоор тогтоож, 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 100 дугаартай шүүгчийн “ялыг дүйцүүлэн хасах” тухай захирамжаар түүнд оногдуулсан ялыг дүйцүүлэн хасаж, эдлэх ялыг 4 жил 8 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон.

М.Э- нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Э-ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан түүний хүзүү, цээж, гарыг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хүзүү, цээж, баруун сарвуунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан өмнөх Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 3 хоногийн хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 6 сар 3 хоногоор тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ийн бага насны хүүхэд болох 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Э.Н-т асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, уг үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Э- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.Э- миний бие Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 3 жил 6 сар 3 хоногийн хорих ял шийтгүүлсэн. Өөрийн гэм буруу дээр маргаагүй. Хувийн байдлын хувьд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин болох Э.Н-ын хамт амьдардаг, өрх толгойлсон, ганц бие эцэг. Одоо нагац эгч болох Д.О-ийн асрамжинд байгаа. Эгч минь өндөр настай, даралт ихтэй, хөл гар муутай, Даваагаас Баасан гаригуудад охиныг минь Нийслэлийн 54 дүгээр цэцэрлэгт хүргэж өгч, авахад хүндрэлтэй байгаа. Охин минь ээжгүй өссөн, одоо аав нь байхгүй байгаа ч нүдээрээ хайх, санах нь их байгаа. Гэнэн цайлган ч энэ насандаа олсон сэтгэл гутрал нь насан туршид нь үлддэг тул охины минь эрх ашиг давхар зөрчигдөж байгааг харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хойшлуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э-өөс мэдүүлэхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байдаг. Намайг 1 жил 1 хоногийн дараа яллагдагчаар татсан” гэдэг. Яллагдагчаар татсан өдөр нь 1 жил дотроо багтаад байдаг. Харин яллагдагчаар мэдүүлэг авахдаа 1 жил 1 хоног өнгөрсний дараа авсан байдаг. Мөн шүүгдэгч М.Э-өөс “намайг сэжигтэн байхад уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол гарах үед намайг дуудаагүй. 4 хоногийн дараа дуудсан. 4 хоногийн дотор намайг дуудах боломжтой байсан. Даруй хийх ажиллагааг цагдаагийн байгууллагаас хийгээгүй” гэх тайлбарыг удаа дараа өгдөг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж заасан байдаг. Яллагдагчаар татсан тогтоол гарсанаар хөөн хэлэлцэх хугацаа зогсоод байна уу, шүүгдэгчийн хэлээд байгаагаар сэжигтэн байхад нь хөөн хэлэлцэх хугацаа зогсоод байна уу гэдэг нь эргэлзээтэй учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч М.Э- давж заалдах гомдолдоо “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хойшлуулж өгнө үү” гэх асуудлыг дурдсан байна. Шүүгдэгч М.Э-д “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж хуульд заасан байдаг. Өмнө нь 7 удаа ял шийтгэл эдэлсэн тул боломжгүй” гэх байдлаар тайлбарлаж өгсөн байгаа. Өөрийнх нь яриад байгаа эргэлзээтэй гэх асуудлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Э- нь урьд 7 удаа шүүхээс ял шийтгүүлсэн. Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэсэн заалтын дагуу шүүхээс шүүгдэгч М.Э-д ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Хорих ялыг хойшлуулах асуудлыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэх боломжтой тул шүүгдэгч М.Э-д оногдуулсан хорих ялыг хойшлуулах боломжгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

М.Э- нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Э-ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан түүний хүзүү, цээж, гарыг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хүзүү, цээж, баруун сарвуунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

          Хохирогч С.Э-ын “... 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай ажлын залуу болох Энхтөр бид хоёр архи уухаар болоод ... манай гэрт уусан юм. Бид хоёр архи ууж байхад надаар тоглоом шоглоом хийгээд л байж байсан ... гэнэт гараад яваад өгсөн ... буцаж орж ирээд намайг цохих шиг болсон чинь манай эхнэр цус гараад байна гэхээр нь харсан чинь Энхтөр гартаа заазуур барьчихсан дахиад цохих гэхээр нь гараараа хаасан чинь миний гарыг зүссэн. Тэгээд манай эхнэр Энхтөрийг түлхээд гаргасан ... Бид хоёр маргалдах шалтгаан байгаагүй.” /хх 25-26/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, түүнтэй маргалдах болсон шалтгаан, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Х.А “...тэр өдөр манай нөхөр Энхтөртэй цуг Хараа архи авч орж ирсэн, тэгээд манай нөхөр тэр хоёр архиа хувааж уугаад байж байсан чинь Энхтөр гараад яваад өгсөн. Тухайн үед харьж байгаа юм байна гэж бодоод тоогоогүй юм. Тэгсэн гэнэт буцаж орж ирээд манай нөхөр орон дээр хоол идэж байхад нь хоолойг нь заазуураар зүссэн. Мөн дахиад гарыг нь зүссэн ба би шууд очоод түлхэж холдуулаад гэрээс гаргасан.” /хх 29/,

гэрч З.З “... 2021 оны 08 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед гэртээ байж байтал Б-ийн эхнэр над руу 22 цагт залгаад “Б-г Э хутгалаад зугтаачихлаа, яаралтай эмч, цагдаа аваад хүрээд ирээч” гээд байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” /хх 34/,

гэрч Ш.Ж “... Би 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэртээ унтаж байтал хажуу айлын залуу С.Э- нь “Э гэх залуу хоолойг нь зүсчихлээ” гээд ороод ирсэн, гараад хартал Э гартаа заазуур барьчихсан явж байсан бөгөөд түүнээс заазуурыг нь хаяулаад юу болсон талаар асуухад “Э эхнэртэйгээ хардахаар нь зүсчихлээ” гэж хэлсэн.” /хх 35-37/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 7858 дугаартай: “... С.Э-ын биед хүзүү, цээж, баруун сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” /хх 43-44/ гэх дүгнэлт,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 14-15/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “гэрийн зүүн талд бор өнгийн модон ор, түүний дээр цус мэт зүйлээр бохирлогдсон цоохор өнгийн гудас, хөнжил зэргийг гэрэл зургаар бэхжүүлж, ногоон өнгийн бариул бүхий төмөр заазуур хураан авав” /хх 16-20/ зэргээр давхар нотлогджээ.

Дээрх үйл баримтаас өмнө болон дараа нь С.Э- бусдад зодуулсан эсхүл өөр бусад хүчин зүйлээс болж биедээ тухайн гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

          Анхан шатны шүүх шүүгдэгч М.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч М.Э-өөс “өрх толгойлсон, ганц бие эцэг бөгөөд охин Э.Н-ын хамт амьдардаг, охины минь эрх ашиг давхар зөрчигдөж байгааг харгалзан үзэж хорих ялыг хойшлуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй, эх, эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. ...” гэж хуульчилсан ба шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүүхдийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх, жирэмсэн эмэгтэйн эрхийг хамгаалах, гурван нас хүрээгүй хүүхдийг эх, ганц бие эцгийн хайр халамжаас салгахгүй, тэдний эрх ашгийг хохироохгүй байх үүднээс шүүгдэгчид хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах эрхтэй юм.

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн 13-р хорооны Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 805 дугаартай албан бичигт “М.Э-ийг тус хорооны 5-11 тоотод охин Э.Н-ын хамт бүртгэлтэй боловч амьдардаггүй” хэмээн тодорхойлсон байх ба тус баримтаар түүнийг ганц бие эцэг гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Э-ийг ганц бие эцэг хэмээн үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг ганц бие эцэг гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг хэмээн ойлгодог.

Шүүгдэгч М.Э-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байх боловч тэрээр өмнө 7 удаагийн ял шийтгэлтэй, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан атлаа хяналт тогтоох хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн ангилалын гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Э-д 3 жил 6 сар 3 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх “шүүгдэгч М.Э-ийн хүүхэд Н.Нандинболорт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоолгох үүргийг Сүхбаатарын дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэснийг буруутгахааргүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” 2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Э- нь хохирогч С.Э-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэн байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн прокурорын тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Тодруулбал, шүүгдэгч М.Э-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил бөгөөд прокурор тус хугацааг өнгөрөөгүй байхад түүнийг яллагдагчаар татсан байх тул шүүгдэгч М.Э- болон түүний өмгөөлөгч А.О- нарын “яллагдагчаар мэдүүлэг авахдаа 1 жил 1 хоног өнгөрсний дараа авсан ... уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан өмнөх Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 3 хоногийн хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 6 сар 3 хоногоор тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч М.Э-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 94 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэргийг хэлэлцээд 2022/ШЦТ/1263 дугаартай шийтгэх тогтоол гаргасан байх боловч тус шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт хуулийн хугацаанд гардуулаагүй, мөн шүүгдэгч М.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан атлаа 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хугацаа хэтрүүлэн танилцуулж хэргийг давж заалдах шатны шүүхэд хуулийн хугацаанд ирүүлээгүй зөрчил гаргасан байх тул холбогдох ажилтан, албан хаагчид зохих хариуцлагыг тооцох нь зүйтэй бөгөөд цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй байхыг анхаарвал зохино. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/1263 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-нээс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 94 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНХӨӨ

 

                                    ШҮҮГЧ                                                          Ц.ОЧ

 

                                    ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН