| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/03672/И |
| Дугаар | 181/ШШ2024/03996 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2024/03996
2024 10 22 181/ШШ2024/03996
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Экспресс тауэр, 1506 тоотод байрлах, Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж-2, Засгийн газрын 8 дугаар байранд байрлах, Э м я холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 80,280,384 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Э м я холбогдуулан 80,280,384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Э ХХК нь Э м я зарласан Эрүүл мэндийг дэмжих төвд шаардлагатай тоног төхөөрөмж их засвар төсөл арга хэмжээний багц 12 Эрүүл мэндийн төвүүдийн их засвар-3-ийг хийж гүйцэтгэх ажлын тендер шалгарч, тус ажлыг 860,114,298 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.
Манай компани Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Дархан-Уул аймгийн Дархан сумуудад байрлах эрүүл мэндийн төвүүдийн их засварын ажлыг бүрэн дуусгаж холбогдох газруудад барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт үйлдэн хүлээлгэж өгсөн.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 88 дугаар тогтоолын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 75 дугаар тушаалаар батлагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам-ыг баталсан.
Дээрх ажлыг гүйцэтгэхэд барилга угсралтын ажлын материалын үнийн өсөлтөөс шалтгаалан зөрүү бий болсон бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 88-0278/2022 дугаартай магадлалын дүгнэлтээр материалын үнийн өсөлтийн өөрчлөлтийг 80,280,384.8 төгрөгөөр хянасан байдаг. Улмаар тус үнийн өсөлтийн зөрүү төлбөрийг авахаар захиалагч Эрүүл мэндийн яам болон Сангийн яамд хандахад Эрүүл мэндийг дэмжих төвд шаардлагатай тоног төхөөрөмж их засвар төсөл арга хэмжээний багц 12 Эрүүл мэндийн төвүүдийн их засвар-3-ийн санхүүжилт нь их засварын ажлын санхүүжилтээс биш тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний санхүүжилтээс гаргасан тул тус үнийн зөрүүг олгох боломжгүй гэсэн хариуг бидэнд өгсөн.
Ингээд дахин 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр болон 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрүүдэд Эрүүл мэндийн яам болон холбогдох сайдад тус асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн хариуг авахаар удаа дараа асууж, шаардсаны эцэст талууд хамтран уулзалт товлож 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр биечлэн уулзахад мөн л адилхан хариуг холбогдох мэргэжилтэн нь өгсөн байдаг.
Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 75 дугаар тушаалаар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох түр журмаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төсөл арга хэмжээг гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших үлдэгдэл ажилд материалын үнийн дундаж өсөлтөөр тооцож олгохоор зохицуулсан.
Манай компанийн гүйцэтгэсэн Эрүүл мэндийг дэмжих төвд шаардлагатай тоног төхөөрөмж их засвар төсөл арга хэмжээний багц 12 Эрүүл мэндийн төвүүдийн их засвар-3-ийн санхүүжилт нь их засварын ажлын санхүүжилтээс биш тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний санхүүжилтээс гарсан нь бараа материалын үнийн өсөлтийн зөрүүг олгохгүй байх үндэслэл биш бөгөөд Эрүүл мэндийн яам нь үндэслэлгүйгээр олгохоос татгалзаж байна.
Иймд бараа материалын үнийн өсөлтийн зөрүү төлбөрт 80,280,384 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Э ХХК-ийн бараа материалын үнийн өсөлтийн зөрүү төлбөрт 80,280,384 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэл бүхий тайлбараар бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг Улсын Их Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хурлаар баталж, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж баталсан. Уг хуулийн 2 дугаар хавсралтын Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XIX.3.30 Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж төсөл арга хэмжээг 110,000 тэрбум төгрөгөөр баталсан.
Уг хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Жагсаалт батлах тухай А/494 дүгээр тушаалаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг үндэслэн Бүх шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай хөрөнгө оруулалтын жагсаалтыг баталсан бөгөөд жагсаалтын 3 дугаарт Эрүүл мэндийг дэмжих төвд шаардлагатай тоног төхөөрөмж, их засвар-ын төсөл арга хэмжээг 18,500 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр баталсан.
Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/543 дугаар тушаалаар Эрүүл мэндийг дэмжих төвд шаардлагатай тоног төхөөрөмж, их засварын төсөл арга хэмжээний жагсаалт, техникийн үзүүлэлтийг хавсралтаар баталсан бөгөөд хавсралтын багц-10, багц-11, багц-12, багц-13-т 10 аймгийн эрүүл мэндийн төвүүдийн их засварын төсөв батлагдсан. Нэхэмжлэгч компанийн Орхон аймаг дахь БОЭТ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн их засварын төсөв багц 12-т батлагдсан болно.
Мөн Эрүүл мэндийг дэмжих төвд шаардлагатай тоног төхөөрөмж, их засварын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн хоёрдугаар бүлэг, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 1.2-т багц-12 эрүүл мэндийн төвүүдийн их засвар-3, ТОӨЗ 2.1д багц-12 880,000,000 төгрөгөөр батлагдсан.
Энэхүү тендерийн багц-12-т Эйч ар ви констракшн ХХК шалгарч гэрээ байгуулагдан ажлаа хийж гүйцэтгэн 2022 оны 01 дүгээр сард Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төв. 3 дугаар сард Орхон аймгийн БОЭТ-ийн Эрүүл мэндийг дэмжих төв, 5 дугаар сард Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн засварын ажлуудыг хүлээлгэж өгсөн.
Улсын Их Хурлын 2021 оны Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 88 дугаар тогтоол батлагдаж уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 75 дугаар журмаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох журмыг баталсан. Мөн Улсын Их Хурлын 2022 оны Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 72 дугаар тогтоолоор төсөвт өртгийн нэмэгдлийн төрийн аудитын байгууллагын дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн шаардлагатай бол төсвийн хуульд тусган шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.
Нэхэмжлэгч Э ХХК-ийн дээрх ажлууд нь 2021 оны Төсвийн тухай хуулийн Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж төсөл арга хэмжээнээс санхүүжиж хэрэгжсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэл, Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 88-0278/2022 дугаар дүгнэлтийн нэгтгэлийн хуулбар, Э ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Э м я гаргасан хүсэлт, Э ХХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Ч гаргасан хүсэлт, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Эрүүл мэндийг дэмжих төвд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, их засвар төсөл арга хэмжээний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Барилгын засварын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэх гэрээний хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багийн эрүүл мэндийг дэмжих төвийн барилгын засварын ажлыг ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Барилга, хот байгуулалтын яамны Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Барилга, хот байгуулалтын яамны Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Барилга, хот байгуулалтын яамны Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагчаас Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/494 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/543 дугаар тушаал, Эрүүл мэндийг дэмжих төвд шаардлагатай тоног төхөөрөмж, их засварын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг, Эрүүл мэндийг дэмжих төв байгуулах шинэчлэлийн ажлын жишиг баримт, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 88 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2022 оны Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 72 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 75 дугаар тушаал зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Барилга, хот байгуулалтын яамнаас Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 75 дугаар тушаалаар батлагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг түр тооцох журам-ыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Манай компани эрүүл мэндийн төвүүдийн их засварын ажлыг бүрэн дуусгаж холбогдох газруудад барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт үйлдэн хүлээлгэж өгсөн.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 88 дугаар тогтоолын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 75 дугаар тушаалаар батлагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам-ыг баталсан.
Дээрх ажлыг гүйцэтгэхэд барилга угсралтын ажлын материалын үнийн өсөлтөөс шалтгаалан зөрүү бий болсон бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 88-0278/2022 дугаартай магадлалын дүгнэлтээр материалын үнийн өсөлтийн өөрчлөлтийг 80,280,384.8 төгрөгөөр хянасан. Улмаар тус үнийн өсөлтийн зөрүү төлбөрийг авахаар захиалагч Э м я болон Сангийн яамд хандахад Эрүүл мэндийг дэмжих төвд шаардлагатай тоног төхөөрөмж их засвар төсөл арга хэмжээний багц 12 Эрүүл мэндийн төвүүдийн их засвар-3-ийн санхүүжилт нь их засварын ажлын санхүүжилтээс биш тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний санхүүжилтээс гаргасан тул тус үнийн зөрүүг олгох боломжгүй гэсэн хариуг бидэнд өгсөн. Хариуцагч нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам-ын дагуу үнийн зөрүүг олгох ёстой гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд ... Нэхэмжлэгч Э ХХК-ийн дээрх ажлууд нь 2021 оны Төсвийн тухай хуулийн Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж төсөл арга хэмжээнээс санхүүжиж хэрэгжсэн тул журмын зохицуулалтад хамаарахгүй, мөн гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэж байх үедээ гүйцэтгэх ажлын төсөв нэмэгдэх талаар огт мэдэгдэж байгаагүй бөгөөд ажлын хөлсийг бүрэн төлж, үр дүнг хүлээн авснаар гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигчийн хооронд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 531 дугаартай "Эрүүл мэндийн дэмжих төвд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, их засвар төсөл арга хэмжээний /Багц-12: Эрүүл мэндийн төвүүдийн их засвар-3/ гэрээ байгуулагдсан байх ба гүйцэтгэгч нь нийт 3 эмнэлгийн тоног төхөөрөмж, их засварын ажлыг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлс нийт 860,114,298 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээжээ.
6. Гэрээнд заасан ажлыг нэхэмжлэгчээс хийж гүйцэтгэн 2022 оны 01 дүгээр сарын 21, 2022 оны 03 дугаар сарын 14, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд тус тус захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тогтоогдсон. /хх 25-40/
7. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авсан бөгөөд хэлэлцэн тохирсон хөлсийг гүйцэтгэгчид төлсөн үйл баримтад талууд маргаагүй.
8. Харин нэхэмжлэгч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 75 дугаар тушаалаар батлагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам-ыг үндэслэн гүйцэтгэсэн ажлын материалын үнийн өсөлтийн зөрүүг хариуцагчаас шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
9. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн явдал Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн талуудын үүрэг дуусгавар болох үндэслэл болно.
10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээ дуусгавар болсноос хойш буюу Барилга, хот байгуулалтын сайдын 2022.04.04-ны өдрийн 75 дугаар тушаалаар батлагдсан түр журам болон 2022.06.19-ны өдрийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг үндэслэн материалын үнийн өсөлтийн зөрүү 80,280,384 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй болжээ.
11. Түүнчлэн, Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй, 345.3-д Төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаас үзвэл гүйцэтгэгч нь материалын үнэ батлагдсан төсвөөс нэмэгдсэн тохиолдолд захиалагчид нэн даруй мэдэгдэж, улмаар уг үнийн зөрүүг захиалагчтай харилцан тохиролцож, хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх зохицуулалттай.
12. Тодруулбал, улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийг дагаж мөрдөх ба тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт Худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна гэж заасан.
13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-д Худалдан авах гэрээнд дараах нөхцөлийг тусгана: гээд 39.3.8-д гэрээний үнэд тохируулга хийх бол тохируулга хийх нөхцөл, аргачлал, 40 дүгээр зүйлийн 40.1-т Худалдан авах гэрээ болон ерөнхий гэрээнд дараах тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж болно: гээд 40.1.2-т энэ хуулийн 11.11-д заасан нөхцөл, аргачлалын дагуу гэрээний үнийг тохируулах гэж заасан ба энэ зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хуулиар хориглосон.
14. Төсөл арга хэмжээ хэрэгжих явцад нэхэмжлэгч нь гүйцэтгэх ажлын төсөв нэмэгдэж буй талаар захиалагчид мэдэгдэж байсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна зохигч талууд Ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 44.0 дэх хэсэгт гэрээнд үнийн тохируулга хийхгүй байхаар харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь материалын үнийн зөрүүг шаардах эрхгүй байна.
15. Нэхэмжлэлийн үндэслэл болгосон Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 75 дугаар тушаалаар батлагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам-аар Монгол Улсын Их хурлын 2021 оны 88 дугаар тогтоолд заасны дагуу Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжиж буй барилга байгууламжийн төсөвт өртөгт Барилгын тухай хуулийн 24.4-т заасны дагуу өөрчлөлтийг тооцох үндэслэлийг хянаж, тогтоох, магадлал хийх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахаар журамласан байх бөгөөд журмын 1.3-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40.4-т Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч дараахь тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно гэж заасан зарчмын хүрээнд авч үзнэ гэжээ.
16. Дээрх журам нь барилга байгууламжын төсөвт өртөгт барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой өөрчлөлт оруулах үндэслэлийг хянаж, тогтоох, магадлал хийх харилцааг түр зохицуулсан агуулгатай байх ба ийнхүү үнийн өөрчлөлтийг тооцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлахаар тусгасан байна.
16. Иймд уг журам нь зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан материалын үнийн өөрчлөлийг шаардах эрхийг нэхэмжлэгчид шууд үүсгэх үндэслэл болохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 52.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Э м я 80,280,384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 52.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ