| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00628/И |
| Дугаар | 155/ШШ2024/00740 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/00740
2024 6 27 155/ШШ2024/00740
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***т оршин суух, Х Д-гийн Б,
Хариуцагч:***од оршин суух Б Т-ын Б
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдсан портер маркийн автомашины үнэ 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг, моторын үнэ 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг, нийт 6,000,000 (зургаан сая) төгрөг гаргуулах тухай 155/2024/00628/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Б нь 46-19ХӨҮ улсын дугаартай портер маркын автомашинаа бүтэн мотор дагуулж Т.Бд 09-60ХӨН улсын дугаартай nadia маркын машинаар сольсон юм. Гэтэл уг машин Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу явж байгаад мотор нь цохиж зогсоод машинаар чирж оруулж ирсэн. Т.Бд хэлэхэд засаж өгнө гэж аваад одоог хүртэл өгөөгүй байна.
Иймд миний 46-19ХӨҮ портер маркын автомашины үнэ 4,500,000 төгрөг, дагаж явуулсан моторын үнэ 1,500,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг Т.Бгоос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.Бтой эвлэрэн хэлэлцэх санал хүсэлтэй байна. Үүнд: Т.Бгоос худалдаж авсан машинд дагалдуулж өгсөн моторыг уг авсан машиндаа сольж тавиулж, хоёр автомашин харилцан худалдсаны зөрүүд 750.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж авахаар ярилцаж тохиролцлоо гэв. Иймээс бидний эвлэрсэн эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2024 оны 4 дүгээр сард өөрийн 0690 ХӨН улсын дугаартай, nadia маркийн машинаа зарахаар Хөвсгөл аймгийн фэйсбүүк группт зар оруулсан. Зарын дагуу Д.Б холбогдож супер портер маркын 4619ХӨҮ улсын дугаартай машинаар миний машиныг сольж авах санал тавьсны дагуу бид машинаа харилцан үзээд солихоор болсон. Миний машины мотор муу байсан учраас 850,000 төгрөгөөр мотор худалдаж аваад тус мотороо машиндаа дагалдуулж өгсөн.
Гэтэл наймаа хийснээс хойш 10 хоногийн дараа Д.Б гуай утсаар холбогдоод хөдөө явж байгаад мотороо цохиулчихлаа, оруулах бензиний мөнгө байхгүй гэж ярихаар нь бензиний мөнгө 100,000 төгрөг шилжүүлж өгөөд машинаа аваад ирээрэй. Би солиод өгье гэж хэлсэн.
Удалгүй машинаа авч ирж үлдээсэн ба дараа нь миний бие өвдөж хэвтэрт ороод хэд хоносон юм. Гэтэл Д.Б гуай манайд ирж намайг хэл амаар доромжилж гар хүртэл хүрсэн учраас би сольж өгөөгүй юм. Үнэндээ нэгэнт наймаа хийсэн учраас миний хувьд моторыг нь сольж өгөх үүрэг байхгүй ч сэтгэл гаргаад солиод өгье гэсэн. Би Д.Б гуайгаас машиныг сольж авчихаад 300,000 төгрөгийн торгуулийг нь хүртэл төлсөн. Одоо 0960 ХӨН улсын дугаартай машины моторыг нь солиод түүнд өгөхөд татгалзах зүйл байхгүй. Харин нэхэмжлэлийн шаардлага болох 6,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Эвлэрэх саналтай байна. Нэхэмжлэгчийн саналыг хүлээн зөвшөөрч байгаа. Би автомашиндаа дагалдуулж өгсөн моторыг боож засаж өгөөд зөрүүнд 750,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор өгье гэв.
Нэхэмжлэгчээс: Х Д-гийн Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д-гийн Бийн өмчлөлийн 4619ХӨҮ улсын дугаартай Hyundai Porter маркийн автомашины гэрчилгээний хуулбар, 2024 оны 3 сарын 15-ны зураг Бд өгөхөд явж байсан гэх бичилт бүхий хөх өнгөтэй ачааны машины зураг, Асуудалтай зүйл эд ангиуд бүрэн бүтэн байсан эвдрэл гэмтэлгүй байсан гэх бичилт бүхий хөх өнгөтэй ачааны машины зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-5 дугаар хуудас)
Хариуцагчаас: хариу тайлбарыг ирүүлсэн. (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т.Бд холбогдуулан 6,000,000 (зургаан сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд зохигчид эвлэрч дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрсэн.
Үүнд: Хариуцагч Т.Б нь өөрийн худалдсан гэх 09-60 ХӨН улсын дугаартай nodia (нодиа) маркийн тээврийн хэрэгслийн моторыг сольж боож өгөхөөр, түүнчлэн худалдсан автомашины үнийн зөрүүд 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Бид өгөхөөр харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 (нэг зуун арван мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бгоос мотор сольж боох тухай шаардлага буюу үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг, 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгт тохирох улсын улсын тэмдэгтийн хураамж (хорин хоёр мянга таван зуун тавь) 70,200+22,550=92,750 (ерэн хоёр мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бид олгохоор тогтов.
Хариуцагч Т.Б нь энэ шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Бд холбогдох 6,000,000 (зургаан сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Б нь нэхэмжлэгч Д.Бид худалдсан 09-60 ХӨН улсын дугаартай nodia (нодиа) маркийн тээврийн хэрэгслийн моторыг сольж боож өгөх, худалдсан автомашины үнийн зөрүүд 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Бид өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 (нэг зуун арван мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бгоос 92,750 (ерэн хоёр мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН