Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/80

 

 

 

 

 

 

2023              01            19                                         2023/ДШМ/80                        

 

Л.Г-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Л.Г-ын хууль ёсны төлөөлөгч Л.Цэрэндулам, тэдгээрийн өмгөөлөгч Д.Батбаяр, Б.Дашдорж

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1424 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Г-, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Цэрэндулам нарын өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор Л.Г-од холбогдох 2108015511747 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г-,

Шүүгдэгч Л.Г- нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр **** тоотод насанд хүрээгүй хохирогч М.С-г 13 нас 5 сар 8 хоногтой байхад, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр мөн гэрт насанд хүрээгүй хохирогч М.С-г 13 нас 5 сар 10 хоногтой байхад нь хүч хэрэглэж хүчиндсэн буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 01551 1747 дугаартай шүүгдэгч Л.Г-од холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, С Г-ыг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч М.С-д цаашид сэтгэл заслын эмчилгээ хийх шаардлагатай тохиолдолд эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар бага насны хохирогч М.С-д хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, мэргэшсэн иргэн, магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдтэй хамтран үр дүнтэй арга хэмжээ авахыг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгаж, шүүгдэгч Л.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Г-, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Цэрэндулам нарын өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч н Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь насанд хүрээгүй хохирогч М.С-гийн мэдүүлэг /2хх 43/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Хишигсүрэнгийн мэдүүлэг /2хх 78/, шинжээчийн дүгнэлт /1хх 145-147/ зэргээс Л.Г- нь гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн нотлогддоггүй. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг буруу үнэлж, таамаглал дээр үндэслэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Г-од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Г-, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Цэрэндулам нарын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо 3 үндсэн нотлох баримтыг гол үндэслэл болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцсон. 1-т хохирогчийн мэдүүлэг, 2-т шинжээч эмч Ганцэнгэлийн мэдүүлэг, 3-т гэрч М-, Г- нарын мэдүүлгээр шүүгдэгч Л.Г-ыг гэм буруутайд тооцсон. Насанд хүрээгүй хохирогч гурван удаа мэдүүлэг өгсөн. 3 дахь мэдүүлэгтээ гэмт хэрэг үйлдэгдээгүй гэж хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж хуульд зохицуулсан. Мөн хохирогчийн мэдүүлгийг удаа дараагийн шинжээчийн дүгнэлт үгүйсгэсэн байдаг. Үүнийг шүүх анхаарч үзээгүй. Шинжээч Ганцэнгэлийн мэдүүлэгт тулгуурлан анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Шинжээч Ганцэнгэлээс мөрдөгч “бага насны хохирогч С-г доош нь харуулж байгаад Г- араас нь бэлэг эрхтнээ хийж бэлгийн харьцаанд орох явцад бэлэг эрхтнээ гүйцэт оруулаагүй, эсхүл хоёр гуяны завсар хийж дур тавих боломжтой юу” гэж асуухад “дур тавих боломжтой” гэж хариулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно” гэж заасан. Гэтэл уг мэдүүлэгт хүний нэрийг дурдаж асуулт асуусан. Мөн хэрэг болсон үйл баримтыг хөтөлж асуусан нөхцөл байдал тогтоогдож байна. Хэрэгт 3 шинжээч дүгнэлт гаргасан байтал зөвхөн Ганцэнгэлээс байцаалт авсан нь хууль зөрчсөн. Гэрч М-, Г- нар нь хохирогчтой хамаарал бүхий хүмүүс байсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Л.Г-ын хууль ёсны төлөөлөгч Л.Цэрэндулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний дүү Л.Г- анхнаасаа ийм асуудал болоогүй гэж хэлсэн. Би дүүгийнхээ зан аашийг сайн мэднэ. Манай дүү шударга, аймхай хүн. Би дүүгээ энэ гэмт хэргийг үйлдээгүй гэдэгт итгэж байна. Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч 13 нас 5 сартай байсан. Шинжээчийн дүгнэлтэд “онгон хальс урагдаагүй, урагдахгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжгүй” гэсэн. Энэ нь хэргийн гол нотлох баримт биш юм. Хохирогч “нүдний шилтэй, сэтгэцийн өвчтэй юм шиг ах” гэж шууд зааснаас гадна тухайн үед болсон үйл явдлыг мэдүүлэхдээ “миний өмдийг тайлаад, миний шээдэг зүйл рүү бэлэг эрхтнээ оруулаад хөдөлсөн. Надад өвдөлт мэдрэгдсэн” гэдэг. А- тухайн үед хохирогч болон шүүгдэгч нар хамт байсан болохыг гэрчилдэг. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлж, гэм буруутайд тооцсоныг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн гэж үзсэн. Гэм буруугүй буюу цагаатгах талын ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Л.Г-од холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Л.Г- нь 2021 оны 05 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд *** тоотод 13 нас 5 сартай бага насны хохирогч М.С-г доош нь харуулан хэвтүүлж, гуяных нь завсарт бэлгэ эрхтнээ оруулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч М.С-гийн “...миний араас барьж аваад намайг доош нь харуулж хэвтүүлсэн. ...Тэгээд тэр ах миний доогуур өмссөн байсан хувцсыг хүчээр тайлж миний шээдэг зүйл рүү өөрийнхөө бэлэг эрхтнээ оруулсан. ...Тэр хүний бэлэг эрхтнээс цагаан өнгийн шингэн зүйл гарсан байсан. ...Тэр өдрөөс хойш хоёр хоногийн дараа нөгөө нүдний шилтэй, сэтгэцийн өвчтэй юм шиг ах гаднаас дахиад ороод ирсэн. ...Тэр ах гэрийн хаалга дотроос нь түгжээд намайг шууд барьж аваад доош нь харуулж хэвтүүлээд миний өмдийг тайлж нүцгэлээд өөрийнхөө бэлэг эрхтнийг дахиад миний шээдэг зүйл рүү хийж хөдөлсөн. Тэр хүний бэлэг эрхтнээс цагаан шингэн зүйл гарсан байсан бөгөөд тэр шингэн зүйл нь гуяны хэсэг дээр нэлэнхийдээ байсныг би өөрөө айсандаа нойтон салфетка аваад арчин хогийн саванд хаясан. ...” /1хх 32, 91-92/,

гэрч Х.М-ийн “...М.С- “2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр намайг гэртээ ганцаараа байхад гаднаас аавын танил ах болох зузаан харааны нүдний шилтэй ах орж ирэхээр нь би цай хийж өгсөн чинь тэр ах миний гарнаас бариад татаж намайг үнсээд миний дүү секс гэж мэдэх үү гээд ах нь мэдрүүлж болно гэж хэлээд хүчирхийлсэн” гэж хэлсэн байсан. ...Миний охины биеэс юм гоожиж, халуураад хөл гэдэс нь базалж өвдөөд байна гэсэн. ...” /1хх 29-30, 104- 106/,

гэрч Ж.Г-ийн “...2021 оны 06 дугаар сард би Х.М-ийнд очиж хоёр хоносон. Тэр үед М.С- охин халуураад байсан. Асуухад “Өнгөрсөн сар аавыг ажилдаа явсан хойгуур манайхаар байнга ирдэг аавын найз ах гэрт ирээд ...“чи секс гэж мэдэх үү” гэж асуусан. Би “мэдэхгүй ээ” гэсэн чинь “ах нь заагаад өгье” гээд намайг оролдсон” гэсэн. Тэр хүн М.С-гийн бэлэг эрхтнийг үнсээд, өөрийнхөө бэлэг эрхтнийг охины бэлэг эрхтэн рүү хийсэн гэж хэлсэн. ...Ийм зүйл 2-3 удаа болсон гэж надад хэлж байсан. ...” /1хх 64/,

гэрч Б.А-ын “...одоо царайг нь санахгүй, санаанд буухгүй байна. Хар бараан өнгийн хувцастай, эрэгтэй хүн гэрийн баруун хананд байрлуулсан байсан орон дээр суусан байдалтай байсан. Тэгээд би тэдний гэрээс метр аваад гараад явсан. Х.М- ахын гэрт байсан үл таних хүн надаас түрүүлээд гараад явсан. ...” /1хх 112-114

гэрч Б.Б-ын “...Л.Г-ын хувьд хүнд болон хүндэвтэр оюуны хомсдолтой өвчтөнөөс ялгарч байгаа нь өөртөө тулгарч буй асуудлыг ойлгож ухамсарлаж, шийдвэрлэх чадвартай сэтгэхүйн түвшинтэй байдаг. ...Л.Г-ын хувьд асуусан асуулт болон болж өнгөрсөн үйл явдлын талаар бусдад хариулах болон хэлж ойлгуулах чадварын сэтгэхүйн түвшинтэй өвчтөн байгаа юм...” /1хх 116-118/,

шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...охин хальс урагдалгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжгүй. Ийм охин хальстай эмэгтэй хүүхэд бэлгийн харьцаанд орсон бол цусаар бохирлогдоно. ...Эмэгтэй хүүхдийн бэлэг эрхтнээс цайвар өнгийн шингэн ялгадас нь үрэвсэлт өвчин болон халамид өвчний үед болон шүүрэл, дааврын зохицуулалттай холбоотойгоор ихсэж болно. Мөн хувийн ариун цэвэр алдагдсантай холбоотойгоор үтрээнээс эвгүй үнэртэй, өнгөтэй ялгадас гарч болно. ...” /1хх 136-137, 139/,

шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...хохирогчийг доош нь харуулж араас нь бэлгийн харилцаанд орох явцад хоёр гуяны завсраар бэлэг эрхтнийг хийж дур тавих боломжтой. ...” /1хх 149-151/,

шинжээч эмч О.Баасанжавын “...Л.Г- бол нийгмийн харилцаанд орох чадвартай, механик ой тогтоолт сайн хөгжсөн, хийсвэрлэх ой өөртөө тохирсон хэмжээнд хөгжсөн, хэл ярианы хөгжил сайтай, хөнгөвчилсөн сургалттай сургалт өгөх сургуульд сурч боловсорч, амьдралд дасан зохицох чадвар эзэмших боломжтой хүн. ...Өөрийнхөө насанд сэтгэж, бодож, ухамсарлаж чадна. ...” /2хх 53-55/ гэсэн мэдүүлгүүд,

 

М.С-гийн охин хальс бүтэн, урагдалгүй байна. ...Үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 5468 дугаар дүгнэлт /1хх 123-124/,

“...2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 54568 дугаар дүгнэлт үндэслэлтэй. М.С-гийн охин хальс нь гэмтэлгүй, бүтэн байна. Түүний охин хальс урагдалгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжгүй болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар дүгнэлт /1хх 145-147/,

“...М.С- нь болсон хэргийн талаар зөв тусган ойлгож мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Харин гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанаас хойш сэтгэцийн хувьд эрүүл хүнд үүсэж болох айдсын хариу урвалттай байна. ...” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1009 дүгээр дүгнэлт /1хх 155-156/,

“...Л.Г- нь бэлгийн харьцаанд орох чадвартай болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 5934 дүгээр дүгнэлт /1хх 131- 132/,

“...Л.Г- нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. ...Л.Г- нь өөрийн үйлдлийг ухамсарлан удирдах чадвартай болохыг тогтоосон. ...” Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 660, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 639 дугаар дүгнэлтүүд /1хх 159-161, 2хх 47-50/, насанд хүрээгүй хохирогч М.С-гийн нас тоолсон тэмдэглэл /1хх 36, 53/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 44-52/, таньж олох ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 68-73/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Л.Г- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Прокуророос шүүгдэгч Л.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх “...Шүүгдэгч Л.Г-ын бага насны хохирогч М.С-г түрүүлэг нь харуулан хэвтүүлж, өөрийн бэлгэ эрхтнийг охины бэлгэ эрхтэн рүү оруулалгүйгээр хоёр гуяных нь завсарт бэлгэ эрхтнээ оруулан хөдөлж дур тавьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүчээр бэлгийн харьцаанд орох”, “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх" гэсэн хоёр төрлийн үйлдлийн алинд нь ч хамаарахгүй. Хууль тогтоогчийн “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно”. гэсэн аутентик тайлбартай нийцэхгүй. Тодруулбал, хохирогчийн хоёр гуяны завсарт бэлгэ эрхтнээ хөдөлгөн дур ханаж байгааг хохирогчийн биеийн хэсэг рүү бэлэг эрхтнээ оруулсан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэн түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь шүүгдэгч нь бага насны хохирогчийн бэлэг эрхтэнд бэлэг эрхтнээ, эсхүл биеийн аль нэг хэсгийг оруулахаар хүч хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн биед гэмтэл учраагүй, охин хальс нь урагдалгүй бүтэн болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байх тул бага насны хүүхдийг хүчиндсэн бус харин “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Л.Г-ын өмгөөлөгч Д.Батбаяр “...Л.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдоогүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Насанд хүрээгүй хохирогч М.С-гийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...миний мөрөн дээр хоёр гараараа дарж газар хэвтүүлээд эргэж өөдөөсөө харуулаад хувцас тайлж эхлээд миний хоёр гарыг толгойн дээр гараараа дараад өөрийнхөө эрхтэнг минийх рүү хийж хөдлөж байгаад эрхтнээс нь цагаан юм гараад боссон.  ...Би аяга аваад шидсэн чинь угаалгын машин оносон чинь тэр ах гараад явчихсан. ...05 сарын 12 өдөр 14 цагийн үед ... хаалга цоожлоод миний дээрээс дарж хойш нь харж хэвтүүлж өмд тайлаад эрхтэнээ минийх рүү хийж 20 орчим минут хөдлөж байгаад гараад явчихсан. ...”, 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...миний араас барьж аваад доош нь харуулж хэвтүүлсэн. Тэр ах миний доогуур өмссөн байсан хувцсыг хүчээр тайлж миний шээдэг зүйл рүү өөрийн бэлэг эрхтнээ оруулсан. Надад өвдөлт мэдрэгдсэн. Би айсандаа аяга шидэхэд гэрт байсан угаалгын машины гадна хэсгийг онож жижиг хэмжээтэй хагарчихсан. ...”, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “...би урьд хохирогчоор өгсөн мэдүүлгээр болсон үйл явдлын талаар үнэн зөв бүгдийг мэдүүлсэн. ...Хагарсан угаалгын машиныг гэрийн ард хашаа налуулж тавьсан байгаа. ...” гэсэн мэдүүлгийг харьцуулан дүгнэхэд мэдүүлгүүдийн агуулга өөрчлөгдөөгүй, түүнийг дамжмал байдлаар нотолсон бусад гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудтай тохирсон ба шүүгдэгч Л.Г- өөрийн дур хүслээ хангахыг эрмэлзэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн тодорхой үйлдлүүдийг хийсэн гэм буруутай болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Г-ын өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Л.Г-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 62 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1424 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Г-, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Цэрэндулам нарын өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.ОЧМАНДАХ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН