Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.А даргалж, шүүгч Л.О, шүүгч Ч.О нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга С.Б,

улсын яллагч М.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч Б.Б,

шүүгдэгч Б.Ч түүний өмгөөлөгч О.Б, Ч.О, С.Д,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Х түүний өмгөөлөгч А.Э,

бусад оролцогч гэрч Д.Т, Х.З, Н.П, А.,

шинжээч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Б.Ч яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  эрүүгийн 201726020645 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Хэрээд овогт Б.Ч,  1970 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Барс” зах дээр хүнсний ногоо зардаг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн  хамт ..............дүүргийн ....дүгээр хороо  .......дугаар хэсэг ......дугаар байрны .....тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Б.Ч нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс 1 худалдааны захын №7 дугаарын зоорин дотор Т.Тамирыг “хайрцагтай сармис хулгай хийлээ” гэх шалтгаанаар зодсоноос Т.Тамир нь “цээжний хэсгийн гол судасны  цүлхэн хагарч үнхэлцгийн хөндийд цус хуралдсанаас зүрхний дарагдалт үүссэн” гэмтлийн улмаас газар дээрээ нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Ч мэдүүлэхдээ: “2017 оны 3 дугаар сарын 14-ний үдээс хойш 16-17 цагийн үед эхнэрээ эмчилгээнд явуулчихаад зоорь луу орсон. Хэсэг хугацааны дараа танайхаас сармис хулгайлаад байна гэхээр нь хартал нэг залуу цаашаа хараад хайрцагтай сармис бариад явж байсан. Би “хөөе чи наад сармис орхиоч” гэж хэлэхэд барьж байснаа тавиад цаашаа явсан. Тэрнээс 20-30 минутын дараа машинуудын дундуур сармис хулгайлсан залуу явж байхаар нь ханцуйнаас нь бариад зоорь руу оруулаад “чи яах гэж дандаа хулгай хийж явдаг юм бэ” гэж хэлээд шилбэ, бүдүүн гуя руу нь нэг нэг удаа өшиглөсөн. Тэгтэл нөгөө залуу “таны ногоо байсан юм уу, мэдсэнгүй” гэхээр нь “битгий хулгай хийгээрэй” гэж хэлээд гаргасан. Тэрнээс хойш 30-40 минутын дараа машин руугаа явахад нөгөө залуу хаалганы урд ертөнцийн зүгээр баруун тийшээ хараад сууж байсан. Би зоорио хаагаад гэр рүүгээ явсан. 19 цаг өнгөрөөгөөд Болороо над руу утсаар яриад “танай зоорины үүдэнд цагдаа нар ирсэн байна” гэж хэлсэн. Би юу болсон талаар тодруулахаар залгасан. Тэр өдөр ногоо буудаг өдөр байсан. Би ногоогоо буулгаад эргээд ирэхэд манай зоорийг тойруулаад цагдаа нар улаан уяа татсан байсан. Би явж очоод “энд юу болсон юм бэ” гэж дунд зэргийн нуруутай энгийн хувцастай хүнээс асуухад “та яах гэсэн юм бэ” гэж хэлэхээр нь “би энэ зоорины хүн байна” гэж хэлсэн. Тэр хүн надаас “та энэ хүнийг таних уу” гэж асуухаар нь “орой манайхаас сармис хулгайлж байсан залуу байна, энэ хүн яасан юм бэ” гэж хариулахад “надад таниас тодруулах зүйл байна” гэж хэлээд намайг Баянгол дүүргийн цагдаагийн газар руу дагуулаад явсан” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Хулан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Манай дүү байнга хулгай хийдэггүй. Үг хэлж хүний өөдөөс хэрэлддэг хүн биш. 3 дугаар сарын 14-ний өдөр зах руу явахдаа баяртай байсан. 3 дугаар сарын 23-ны өдөр Турк улс руу эгч рүүгээ явах байсан. Би маш их гомдолтой байна. Хохирлын хувьд сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг, оршуулгын зардалд 7.804.050 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Чийг “хохирогч Т.Тамирыг зодож алсан” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулах яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлджээ.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:

Шүүгдэгч Б.Ч нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс 1 худалдааны захын №7 дугаарын зоорин дотор Т.Тамирыг “хайрцагтай сармис хулгай хийлээ” гэх шалтгаанаар Т.Тамирыг зодож алсан гэх боловч дараах нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр шүүгдэгч Б.Чийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдоогүй байна.

Үүнд:

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 5-10, 17-18 дугаар хуудас/

Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 11-15 дугаар хуудас/

Хэргийн газрын схем зураг. /хэргийн 1 дүгээр хавтас 16 дугаар хуудас/

Гэрчийн мэдүүлэг шалгасан “... талийгаачийг өшиглөж зодсон гэх 7 номерын зоорины хаалганы зүүн талд нь талийгаач хана налаад хөлөө жийгээд сууж байсан гэж заасан газрыг 7 номерын тэмдэгээр  тэмдэглэж фото зургаар бэхжүүлж авав. Уг сууж байсан газраас талийгаачийг үүрээд уг зоорины ертөнцийн зүгээр хойгуур нь баруун эргээд жаахан яваад буулгаж энд хэвтүүлсэн гэж заасан газрыг 8 номерын тэмдэглэлгээгээр тэмдэглэж фото зураг авч бэхжүүлэв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 19-22 дугаар хуудас/

Хувцсанд үзлэг хийсэн “... Уг куртикны энгэр нь шороо тоос болсон. Ар нуруу хэсэг нь шороо болж хатуурсан, урагдалтгүй байв. ... Уг цамцны зах нь оёдлын дагуу урагдаж хиртэж бохирлогдсон байв” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 23 дугаар хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Хулангийн “ ... Цагдаагаас над руу 19 цаг 22 минутанд 89801333 дугаарын утсаар яриад “Тамирааг нас барсан байна” гэж хэлсэн. Цагдааг ярихаас өмнө  энэ дугаараас Улаанаа гэж хүүхэд залгаад “Тамираа хүн зодуулчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би хэнд гэхэд Улаанаа нь  та цагдаатай ярь гэсэн. Тэгсэн цагдаа нь дүү чинь нас барсан байна гэсэн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 25 дугаар хуудас/

 

Гэрч Эрболдын “... 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бид нар уулзахаар болоод өдрийн 15 цагийн үед талийгаач Т.Тамир, Сүхбаатар, Алтантүлхүүр бид дөрөв Барс зах дээр уулзаад хоёр шил 0,5 литрийн Хараа нэртэй архийг хувааж ууцгаасан. Бид нар архиа уугаад дууссаны дараа Давааням тааралдсан тэр үед талийгаач Т.Тамир нь “би ийшээ явлаа” гэж хэлээд Барс захын голын хаалган дээрээс явсан. Түүнийг явсаны дараа Сүхбаатар, Алтантүлхүүр, Давааням бид нар Барс захын голын хаалгаар гараад алхаж байтал Давааням, Алтантүлхүүр хоёр “Тамирааг хар даа тэнд тасарсан хэвтэж байгаа юм биш үү” гэж  хэлсэн. Тэгээд Давааням, Алтантүлхүүр, Сүхбаатар бид Тамираагийн хажууд очиход хөлөө жийсэн толгой нь хажуу тийшээгээ гилжийсэн хамаг хувцас нь шороо болсон, чирүүлсэн байдалтай мөн юүдэнтэй малгай нь шал нойтон болсон, хана налсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэгэхээр нь Алтантүлхүүр бид хоёр очоод наадах чинь тасарсан юм бишүү гэж хэлээд Алтантүлхүүр Тамирааг үүрээд 1 метр хүрэхгүй газар явахад хажуунаас нэг танихгүй явуулын хүн түргэн дуудаач яасан юм гэж хэлж байсан. Тэгэхэд нь Алтантүлхүүр Тамирааг шууд газар буцааж тавиад шууд түргэн дуудсан. Удаагүй Барс захын нэг хормогч зүүсэн эрэгтэй ачигч хажууд ирээд наадах чинь сая манай ачигчтай муудалцаж байсан шүү дээ гэж хэлээд цаашаагаа явсан. Тэгээд л удаагүй цагдаа болон түргэний машин ирээд Тамирааг эмч нь үзээд наад хүн чинь нас барсан байна өөр машин дууд гэж хэлээд явсан.

... Хаашаа явах талаараа хэлээгүй ямар ч гэсэн ийшээ явлаа гээд л Барсын голын хаалган дээрээс салаад цаашаагаа явсан. Яг ямар хүнтэй маргалдсан талаар мэдэхгүй. Бид нар Тамирааг олоод байж байтал саарал өнгийн хормогч зүүсэн эрэгтэй ачигч ирээд наадах чинь сая манай нэг ачигчтай муудалцаж байсан гэж хэлсэн. Би тэр ачигчийн царайг нь харвал танихгүй байх 180 орчим см өндөртэй цэнхэр өнгийн бөөрөнхий малгайтай ачигч байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 30-31 дүгээр хуудас/

“... тэр Лхагваатай талийгаач хэрэлдсэн гэсэн. Тэр өдөр талийгаачийг нас барахаас өмнө нь талийгаач бид нарыг байж байхад Лхагваа талийгаач хоёр хоорондоо хэрэлдсэн. Угаасаа Лхагваа талийгаачийг үздэггүй юм, яг юу гэж хэрэлдсэнийг нь сонсоогүй, бид нар жаахан зайтай байсан. Тэгсэн нас барсаных нь дараа Лхагваа тааралдаад би Баагийг зодоогүй биз дээ гэсэн юм яриад байсан. ... Лхагваа хүн болгоныг Баагий гэж ярьдаг. Намайг ч гэсэн Баагий гэж дууддаг” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 32 дугаар хуудас/

 

Гэрч А.Алтантүлхүүрийн “ ...Тэгээд ойролцоогоор  17 цагийн үед за бүгдээрээ салцгаая гээд Барсын жижиглэнгийн гол хаалга дээрээс Тамир гэртээ  харилаа гэж хэлээд 500-ын  зогсоол тал руу явсан бөгөөд Эрболд, Сүхбаатар бид гурав 1000-ын хаалга руу явж байтал Баатараа гэх залуутай тааралдаад шаналгаж байгаад 1 шил архи авхуулаад Даваажаргал гэх залуутай тааралдсан. Тэгээд Даваажаргал, Эрболд, Сүхбаатар бид дөрөв тэр архиа 1000-ын хаалганы хажууд хувааж уугаад 1 цаг орчим болоод бид дөрөв тэр архиа 1000-ын хаалганы хажууд хувааж уугаад 1 цаг орчим болоод бид дөрөв Барс руу ороод 500-ын зогсоол тал руу явсан. Тэгээд явж байтал А1 гэх нэртэй Зоорины хажууд Тамир тасраад уначихсан шүлс нь гоожсон, өмдөндөө шээчихсэн, куртикнээс нь чирсэн юм шиг байдалтай зулгаагдсан өмд нь шороо болсон байдалтай байсан. Эрболд эхэлж очоод Тамираа гээд сэрээх гээд татахад босохгүй байсан. Эрболд намайг дуудаад энэ хүнд зодуулчихсан байна, өргөөд аваад гэртээ харья гэсэн. Тэгээд би үүрэх гээд биед нь хүрсэн чинь нэг л эвгүй амьсгалгүй хамаг бие нь хүйт даачихсан нүүр нь цайчихсан байсан бөгөөд үүрээд тэр газраас ойролцоогоор 8 алхаад би Тамир нэг эвгүй болчихжээ буулгая гээд тэр зоорины дөнгөж булан эргээд хана налуулаад суулгасан. Тэгээд түргэн дуудъя би өөрийнхөө утаснаас Түргэн тусламж болон цагдаа руу  залгаад манай багын найз хүн зодуулчихсан ухаан орохгүй байна, та нар хурдан ирээч гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 44 дүгээр хуудас/

“... Өмссөн хувцасных нь урд хэсэг нь шороо болсон. Мөн хоёр гутлын хоншоор нь шороо болсон байсан. Гадуур өмссөн цамцных нь зүүн мөрнөөс нь татаж зулгаасан байдалтай хумигдсан байсан. Тэгээд бид нар угаасаа цохиж унагаад чирсэн байна гэж бодсон. Газар нь болохоор шороон дээр биш цементэлсэн талбай байдаг. Яг чирэгдсэн гэх ул мөр байсан үгүйг нь мэдэхгүй байнаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 53 дугаар хуудас/

“...Талийгаачийг Эрболд өргөөд надад үүрүүлсэн юм. Тэгэж үүрч барихад тэр цамцных нь юүдэнгийн хэсэг нь урагдсан эсэхийг мэдэхгүй байна. Үүрч явахад эвгүй байсан. Тэгэхэд нь газар буулгасан юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 62 дугаар хуудас/

 

Гэрч Э.Даваажаргалын “Би 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг өнгөрөөгөөд Барс зах дээр очоод Улаанаа,  Бамбууш, Сүхбаатар нартай захын үүдэнд  таарчихаад ганц шил архи босгож ууя гээд явж байхдаа Тамираатай буюу талийгаачтай таарсан. ... Тэгтэл Тамираа газар суучихсан байхыг нь би харсан тул танай найз Тамираа чинь тэнд тасарчихсан байна гэж хэлэхэд Улаанаа, Бамбууш, Сүхбаатар нар манай Тамираа энд ингэж тасарч унах хүн биш гэж хэлэхээр нь би үгүй ээ Тамираа чинь мөн байна гэж хэлэхэд манай найз нар очъё гэж хэлсэн. Тэгээд бид хэд Тамираа дээр очиход Тамираагийн хувцас нь шороо болчихсон, өмд нь шээчихсэн юм уу гэмээр норчихсон байсан тул би эмнэлэг дуудъя гэхэд хажуугаар нэг шляпан малгайтай нэг залуу явж байхаар нь би энэ сая хэнд зодуулсан бэ гэж асуухад уг шляпан малгайтай залуу манай нэг гүрүүшигтэй муудалцаад байсан гэж хэлээд жимсний зоорь луу явж харагдсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 51 дүгээр хуудас/

 

            Гэрч Ю.Болормаагийн “... Тэр өдөр жимсний лангуунаас хулгай хийх гэж байгаад хөөгдөж гарсан байна лээ. Ер нь л дэл сул юм байвал аваад явчихдаг, архи уудаг. Тэр өдөр 16 цагийн үед талийгаач дээд талын зоорь луу ороод хөөгдөөд гарч ирсэн гэсэн, тэгэхэд хүмүүс царай зүсийг нь хараад энэ одоо хаана үхэж гай болохын болдоо гэж хоорондоо ярилцаж байсан гэсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 54 дүгээр хуудас/

 

            Гэрч Д.Туяагийн “... Би ямар ч байсан орой 18 цагийн үед зоорио хаагаад гараад ирсэн чинь Чинзоригийн зоорины хаалганы хажуу талд Тамир хэвтэж байсан. Тэгээд би бодохдоо архиа уугаад тасарчихсан юм байх гэж бодсон. Тэгсэн чинь харин Лхагваа гэдэг байхаа, хэл муутай, гажиг залуу байдаг, тэр залуу ирээд тэр талийгаачийг өшиглөж байсан. Тэгээд чи яаж байгаа бэ ядарсан амьтныг гэхэд дуугүй солиор муу авгай минь энэ чинь хулгай хийсэн юм чинь гээд удаагүй тэр залуу яваад өгсөн.  ... Талийгаач ямарч байсан хэвтэж байсан. Тэгээд Лхагваа 3-4 удаа өшиглөсөн, би харахдаа нуруу нь өшиглөсөн үү гэж харсан. Лхагваа яах ийхийн зуургүй ирээд өшиглөсөн, тэгэхэд нь би хараад болиоч гэсэн чинь дуугай бай чи авгай минь энэ чинь хулгай хийсэн байхгүй юу гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 56 дугаар хуудас/

“... 7 дугаар зоорь манай зоорь хоёр хоорондоо их ойрхон байдаг. Тэгсэн тэр Лхагваа гэдэг хүн явж байгаад ирээд талийгаачийг хана  налаад хөлөө жийгээд сууж байсан чинь хажуугаас нь өшиглөөд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 63 дугаар хуудас/

 

Гэрч Х.Заяабаатарын “2017 оны 03 дугаар сард байх, яг өдрийг нь сайн санахгүй байна. Тэр өдрийн орой 18 цагийн үед зоориндоо ажил хийж байгаад гарч ирэхэд нэг залуу хэрэг гарсан газрын зоорины хаалганых нь хажуу талд нэг залуу хана налчихсан сууж байсан. Тэгээд би хажуугаар нь гараад явсан. Өдөр нь тэр залуу манай зоориор орж ирчихээд гараад явсан.  ... Ямар ч байсан хана налаад сууж байсан. Хөдлөөгүй. Хажууд нь хүн байгаагүй. Сүүлд нь 17-18 цагийн үед тэр найзууд нь болох 4-5 залуу тэр хана налаад  сууж байсан залуу дээр ирээд тэр сууж байсан залууг өргөөд хойд талд нь гаргаж тавьсан. ... Чинзориг тэр залууг хоёр гурван удаа хөл рүү нь өвдөглөсөн гэж сонссон яг хараагүй, Чинзоригийн зоорьноос сармис хулгай хийгээд баригдсан юм гэсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 64 дүгээр хуудас/

 

Гэрч Н.Пүрэвсүрэнгийн “Би энэ Барс зах дээр 10 гаран жил ажиллаж байна. ... Тэр өдөр ажил бараг тарж байсан, би ажлаасаа буугаад эхнэрээ авах гээд 7 дугаар зоорь луу орох гээд явж байсан чинь зоорьний хаалганы хажуу талд нэг залууг жижиглэнгийн Лхагваа гэдэг залуу нэг удаа өшиглөсөн, тэгэхэд хажууд Туяа эгч харж байгаад чи адилхан байж ядарсан хүнийг өшиглөөд байх даа яадаг юм гэж хэлээд загнаад хөөгөөд явуулж байсан. ... Биеийн аль хэсэг рүү өшиглөснийг нь анзаарч хараагүй, ямар ч байсан намайг булан тойроод гарч ирэхэд нэг удаа өшиглөж байсан, тэгсэн Туяа эгч Лхагвааг хөөж явуулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 65 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 598 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1. Талийгаач Т.Тамирын цогцост баруун бөөрний өөхөн эд, хальсан дах цус хуралт, баруун хацар, зүүн бугалга, далны доод хэсэг, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.3 Дээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх үхлийн шалтгаанд ямар нэг нөлөөгүй. Баруун хацар дах зулгаралт нь талийгаачийг нас барахаас 1-2 хоногийн дотор бусад зулгаралт нь 3-7 хоногийн өмнө үүссэн байхаар байна.

4. Талийгаач нь гол судасны гаж хөгжил, өгсөх хэсгийн цүлхэнтэй байсан ба уг цүлхэн хагарч  үнхэлцгийн хөндийд цусан хураа үүсч зүрх дарагдсаны улмаас нас баржээ.

5. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байна.

6.Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 2,2 промилли, ходоодны шингэнд 3,3 промилли спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 68-70 дугаар хуудас/

 

Шинжээч эмч Ц.Эрдэмболорын “... Бөөрний өөхөн эд, хальсан дахь цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цүлхэн бол өөрөө аяндаа болон цохилт доргилтын улмаас хагарч болно. Цээжийн хэсэгт хүчтэй цохиход үүснэ. Гол судасны гаж хөгжил өгсөх хэсгийн цүлхэн нь төрөлхийн болон олдмол байж болно. Энэ цүлхэн үүсээд 1 жил гаруй хугацаа болсон. Яахав өөрт нь бага зэргийн өвдөлт мэдрэгдэж байсан байх. Цүлхэн хагарах үед үнхэлцгийн хөндийд их хэмжээний цус алдаж зүрхийг дарсаны улмаас газар дээрээ нас барах буюу ямар нэгэн үйлдэл хийж явах боломжгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 78-80 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 599 дугаартай  Хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлгийн шинжилгээний:

 “1. 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 598 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Талийгаач Тамирын цогцост баруун бөөрний өөхөн эд, хальсан дах цус хуралт, баруун хацар, зүүн бугалга, далны доод хэсэг, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            3. Уг гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй болно.

            4. Талийгаачийн  баруун хацар дах зулгаралт нь талийгаачийг нас барахаас 1-2 хоногийн дотор бусад зулгаралт нь 3-7 хоногийн өмнө үүссэн байхаар байна гэсэн нь үндэслэлтэй байна.

            5. Цүлхийлт гэдэг нь аортын хана элэгдэж цусаар шахагдан судас аль нэг хэсэгтээ буюу бүхлээрээ өргөсөн тэлэгдэхийг хэлнэ. Шалтгаан нь судасны хатуурал, Тэмбүү, Механик гэмтэл, Марфаны хам шинж /гол судасны өгсөх хэсгийн төрөлхийн дутуу хөгжил/ Удамшил, Эмгэг жам: Судасны хатуурлаас болж гол судасны ханын дунд давхаргын бүтэц өөрчлөгдөн хатингаршил болж гол судас нэлэнхүйдээ өргөсөн цүлхийнэ. Талийгаач нь цээжний гол судасны өгсөх хэсгийн цүлхэн өвчтэй ба зовиурын хувьд ихэвчлэн шинж тэмдэггүй боловч хааяа цээжээр өвдөнө. Талийгаачийн цээжний хэсгийн гол судасны цүлхэн хагарч үнхэлцгийн хөндийд цус хуралдсанаас зүрхний дарагдалт үүсч нас баржээ.

            6. Цээжний хэсгийн гол судасны цүлхэнгийн хагарал нь цээжний хэсэг болон нурууны дээд хэсэгт хүчтэй цохисны улмаас болон унах, доргих үед үүсэх боломжтой. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд цохилтын хүчийг нарийвчлан тогтоох боломжгүй.

            7. Талийгаачийн гол судасны өгсөх хэсгийн цүлхэнгийн хагарал нь хөл болон бөгсөн хэсэг рүү өшиглөхөд үүсэхгүй.

            8. Талийгаачийн хүзүүний хэсэгт ямар нэгэн гэмтэл учраагүй байна.

            9. Талийгаач нь уг гэмтлийг аваад ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй шууд нас барна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 83-85 дугаар хуудас/

            Шүүгдэгч Б.Чийн яллагдагчаар өгсөн “... Би Барс захын гадаах 7 дугаар зоорин дээрээ ажиллаж байсан, тэгтэл 17 цагийн орчимд би зоорины ногооны хажууд юм хийгээд зогсож байтал зоорины дотор талын үүдэнд байсан хайрцагтай сармисыг талийгаач аваад явсан байсан. Тухайн үед би аваад гарахыг нь анзаарч хараагүй, гэтэл хүмүүс манай зоориноос сармис аваад гарахыг нь хараад хөөе наад сармисаа тавь гээд хүмүүс орилоход нь би харсан чинь талийгаач хайрцагтай сармисийг газар тавьчихаад цаашаа гүйгээд явсан. Сармисаа аваад зооринд оруулчихаад зоорины дотор талын үүдэнд зогсож байтал арваад минутын дараа талийгаач захын голоор ганцаараа явж байсан тэгэхээр нь хөөе нааш ир гэж дуудсан чинь хүрээд ирсэн, тэгэхээр нь яагаад сармис хулгай хийгээд байгаа юм гэж асуухад орж ирээд би таны сармис гэж мэдсэнгүй гэж хэлсэн. Тэгэхэд нь зүүн талынх гуя хэсэг рүү хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Тэгээд дахиж хүний юм битгий хулгай хийж байгаарай за одоо яв яв гэсэн чинь гараад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 115 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Эдгээр нотлох баримтуудыг улсын яллагч үндэслэн Б.Чийг хохирогч Т.Тамирыг алсан гэж яллаж байгаа боловч энэхүү баримтуудын агуулгаас дүгнэхэд гэрчийн мэдүүлэг өгсөн этгээдүүдээс хэн нь ч Б.Ч нь хохирогч Т.Тамирыг зодсон талаар мэдүүлээгүй, энэ талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой мэдэхгүй, зөвхөн талийгаач Т.Тамирыг хана налаад хэвтэж байхад нь олсон тухайгаа мэдүүлжээ.

Гэрчүүдийн өгсөн “...Тамираагийн хажууд очиход хөлөө жийсэн толгой нь хажуу тийшээгээ гилжийсэн хамаг хувцас нь шороо болсон, чирүүлсэн байдалтай”, “... Өмссөн хувцасных нь урд хэсэг нь шороо болсон. Мөн хоёр гутлын хоншоор нь шороо болсон байсан. Гадуур өмссөн цамцных нь зүүн мөрнөөс нь татаж зулгаасан байдалтай хумигдсан байсан. Тэгээд бид нар угаасаа цохиж унагаад чирсэн байна гэж бодсон” зэрэг мэдүүлгүүд нь гэрчүүдийн өөрсдийн таамагласан шинжтэй өгсөн мэдүүлгүүд тул хэрэгт ач холбогдолтой гэж үзэх боломжгүй байна.

             

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Чийн яллагдагчаар өгсөн “... зүүн талын шилбэ бүдүүн гуя руу нь тус  бүр нэг нэг удаа өшиглөсөн ...” гэсэн мэдүүлгийг Т.Тамирыг зодож алсан гэх гэмт хэрэгт яллах үндэслэлүүдийн нэг болгожээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дах хэсгийн 8.3 дах заалтад зааснаар “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг” нь дангаараа түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж зааснаар энэ мэдүүлгээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар заавал шинжилгээ хийх шаардлагатай байх бөгөөд энэ дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс удаа дараагийн шинжээчийн дүгнэлт гаргажээ. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 598 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 599 дугаартай Хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтүүдээс харахад талийгаач нь ямар шалтгааны улмаас нас барсан болохыг тогтоосон ажиллагаа бөгөөд энэ нь шүүгдэгч Б.Чийг хүн алсан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлож байгаа гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.Ч нь талийгаач Т.Тамирыг “... зүүн талын шилбэ бүдүүн гуя руу нь тус  бүр нэг нэг удаа өшиглөсөн ...” гэж мэдүүлсэн бөгөөд энэ талаар шинжээчийн дүгнэлтээр тодруулахад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 599 дугаартай дүгнэлтийн 7 дах заалтад “ Талийгаачийн гол судасны өгсөх хэсгийн цүлхэнгийн хагарал нь хөл болон бөгсөн хэсэг рүү өшиглөхөд үүсэхгүй” гэжээ.

 

Хэрэгт мөрдөн байцаах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд нь Б.Чийг тухайн гэмт хэргийг хэрхэн үйлдсэн гэдгийг бус харин талийгаач нас барахынхаа өмнө хэнтэй юу хийсэн, дараа нь ямар байдалтай олдсон талаарх үйл явдлыг болон талийгаачийн биед учирсан гэмтлийн шинж чанар, үхлийн шалтгааныг тогтоосон баримтууд байх бөгөөд эдгээр баримтуудыг үндэслэн Б.Ч нь “Т.Тамирыг алсан” гэдгийг нотлох боломжгүй бөгөөд талийгаачийн үхэл нь Б.Чийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойг тогтоосон талаар яллах талын нотлох баримтыг мөрдөн байцаалтын шатанд цуглуулж, бэхжүүлж чадаагүй байна.

Иймд энэхүү хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь тухайн гэмт хэргийг Б.Ч үйлдсэн болохыг хангалттай нотлож чадаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Чийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, түүнд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Б.Чийг “гэм буруутай” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  Б.Ч нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсоныг дурдвал зохино.

 

Шүүх хэргийг прокурорт буцааж байгаатай холбогдуулан шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

           

1. Х овогт Б.Ч-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Чт холбогдуулан үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 273 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасугай.

 

3. Б.Ч нь энэ хэрэгт 30 /гуч/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ

 

                                

     ШҮҮГЧИД                                 Л.ОЮУН                                                                                              

 

Ч.ОТГОНБАЯР