Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/81

 

 

 

 

 

   2023            01            19                                      2023/ДШМ/81                          

 

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Отгонтөгс,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа, Р.Булгамаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/687 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Ц.Батзаяа, Р.Булгамаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.А-д холбогдох 2210001690347 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А-,

 

Шүүгдэгч Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 21-оос 22-нд шилжих шөнийн 03 цагийн үед Хан-Уул дүүргийн *****тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Е-ттэй “утсаа салгаад хаагуур яваад орой ирж байгаа юм” гэж хэлсэн шалтгааны улмаас маргалдан, нуруун тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

­

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч Э.Е-т нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.А-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Ц.Батзаяа, Р.Булгамаа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх “...Шүүгдэгч Б.А- нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, үйлдлээрээ хүнд хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл юм...” гэж дүгнэснийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж өмгөөлөгч нарын хувьд үзэж байгаа болно.

Тодруулбал хавтас хэрэгт дор дурдсан нотлох баримтууд авагдсан. /1хх-4/ дуудлагын лавлагааны хуудас: А- дуудлага өгсөн, /1хх 06-11/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл: “...1 өрөө бүхий зохион байгуулалттай... /гэрэл зургийн үзүүлэлтээр 7 дахь зураг нь гал тогооны өрөөний зураг байдаг ба хэмжээ маш бага болохыг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авна уу.

/1хх 24-25/: Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл: “...би тэвэрч аваад гартаа барьсан зүйлийг нь тавиулах гэж оролдсон. Тэгээд нэг мэдэхэд төд удалгүй А- бид хоёр тэврэлдчихсэн нааш цааш болж байсан. Тэгтэл гэнэт би амьсгалж чадахаа больж, нуруунаас хий гарч байгаа нь мэдэгдэж, амьсгалын дутагдалд орж бие маань суларч, нуруундаа гараараа хүрч үзэхэд шингэн зүйл мэдэгдсэн. Тэгэхээр нь сэрээ л зоогдчихсон юм болов уу гэж бодоод өөрийн мэдэлгүй доош унасан. Тэгтэл А- хажууд “яана аа хайр аа юу болчих воо” гэж уйлаад түргэн тусламж дуудаж байсан. ...Гэмтэл согог судлалын төвд хүргэгдсэн. Тэнд очиход толгойноос бас цус гарчихсан байсан ба толгойнд 3 оёо, нуруунд 4 оёо хийлгэж цээжний хөндийд зүсэлт хийлгэж, амьсгал дэмжих зорилгоор гуурс тавиулсан. ...А- бид хоёр 2017 оноос хойш хамтран амьдарч хосын харьцаатай байсан. Бид хоёрын харилцаанд хувийн таарамжгүй харилцаа, өс хонзон гэх зүйл байгаагүй. ...А-гийн үйлдлийг би яг нарийн тодорхой сайн санахгүй байна. Ямар ч байсан А- миний ар нуруунаас намайг буруу харчихсан байхад хутгалаагүй. ...Би 0.5 литрийн савлагаатай 1 лааз пиво уусан байсан. ...Би тухайн өдөр гадаа байхдаа хэн хэнийгээ түлхэж маргалдсан. Гэрт орсон хойноо бол би А-д гар хүрээгүй. Харин зүгээр өндөр дуугаар шарыг нь малтах үг хэлсэн. Тэгэхэд А- гэнэт дүрс хийгээд л босож ирсэн. Тэгэхэд нь би тэвэрч аван гартаа барьсан зүйлийг нь тавиулах гэж оролдсон нэг мэдэхэд тэврэлдсэн. Тэгээд л би амьсгалж чадахаа больсон. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. А-д холбогдуулж гаргах гомдол санал гэх зүйл байхгүй.

/1хх 30-31/: А-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг: “...санаатай үйлдэл байгаагүй, гэмшиж байна. Одоо ч хайртай”, /1хх 63-65/: “зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Гэмшиж байгаа”, /1хх 68/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас: -Үгүй

/1хх 99-113/ хувийн байдалтай холбоотой баримтууд авагдсан бөгөөд өмгөөлөгч нарын хувьд уг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан баримтуудаар шүүгдэгч, хохирогч нар хутга булаацалдсанаас хохирогч Э.Е-тийн биед болгоомжгүй үйлдлээр хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсоор атал шүүх энэ байдал тогтоогдохгүй байна гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгөхийг хүссэн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн аваагүйд гомдолтой байна. Хэрэг учрал болсон цаг хугацаанд хохирогч Э.Е-т, шүүгдэгч Б.А- хоёр л байсан бөгөөд уг хүмүүсийн гэрч, хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон Б.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдэд Б.А- нь Э.Е-тийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулаагүй болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, Б.А-гийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болохыг нотолж тогтоосон баримт хэргийн материалд байхгүй. Гэтэл шүүх Э.Е-тийн биед учирсан гэмтэл нь зэвсгийн үйлчлэлээр үүсгэгдсэн учраас гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна гэх байдлаар дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол...” гэсэн заалтад Б.А-гийн үйлдэл хамаарна гэж өмгөөлөгч нарын хувьд үзэж байгаа учир энэ талаар дүгнэлт хийж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс надад 3 жил 5 сарын хорих ял оногдуулсан. Хүн ажил, хань хоёроо л зөв сонгох ёстой. Би ажилаа зөв сонгосон, амжилттай ч ажиллаж байсан. Харин ханиа буруу сонгосны улмаас өнөөдөр би хоригдож байна. Эцэс төгсгөлгүй хардалт, зодоон, цохион өнөөдөр ийм байдалд хүргэж байна. Яагаад ийм асуудал болсон болохыг шинжлэн судлаж өгнө үү. Би санаатай хохирол учруулах зорилгоор энэ үйлдлийг хийгээгүй. Гэм буруу дээр маргаагүй. Хариуцлагаас мултрахгүй, хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ санаатай үйлдэл үнэхээр байгаагүй. Санамсар болгоомжгүй үйлдлээс болж ийм нөхцөл байдалд хүрсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...бичгээр гаргасан давж заалдах гомдлоо бүхэлд нь дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхээс хүсэж байгаа гол зүйл бол хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, хариуцлагыг хөнгөрүүлж өгөх. Хэрэгт авагдсан баримтаар хэрэг болох үед хохирогч, шүүгдэгч хоёр л байсан. Энэ хоёр хүний мэдүүлгээс үзэхэд санаатайгаар хэн нэгнийхээ биед гэмтэл учруулах санаа, зорилго харагддаггүй. Харин болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх мэдүүлгүүдийг өгсөн байдаг. Үйл явдал болсон газар нь 30 мкв жижиг орон сууцны гал тогооны өрөөнд болсон нь үзлэг хийсэн тэмдэглэлээс харагдана. Хоёр хүн юм булаацалдаж, ноцолдож байгаа тохиолдолд ямар нэгэн байдлаар хана, тавилга хэрэгсэлтэй хүрэлцэх, шүргэлцэх, чөлөөтэй биш орчин харагддаг. Иймд гомдлыг хүлээн авч хэргийн зүйлчлэлийг өөрчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Р.Булгамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын гол зорилго нь хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Хувь хүний нийгэмд биеэ хэрхэн авч явж байгаа байдал, хэрхэн төлөвшсөн, дахин гэмт хэрэг үйлдэх эсэх талаар хувийн байдлыг нь харгалзан үзэх, өөрийнхөө гэм бурууг хэрхэн ухамсарлан ойлгож цаашид гэмт хэрэг үйлдэхгүй байх чадвартай эсэхэд шүүх бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар ялыг сонгон хэрэглэвэл гэм буруутай этгээдийг зөв нийгэмшүүлэх, нийтийн дунд биеэ авч явж чадах эсэхэд дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагыг оногдуулдаг гэж ойлгодог. Шүүгдэгч Б.А-гийн хувьд дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилтай, нийгэмд тулгамдсан асуудлаар мэдээ, сурвалжлага бэлтгэж өдөр болгон дэлгэцээр гардаг. “Ийгл” телевизэд мэдээний сэтгүүлчийн алба хашдаг. Хийж бүтээх насандаа байгаа залуу эмэгтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаагүй. Хэрэг гарах өдөр байгууллагынх нь шинэ жил болж А- “оны шилдэг сэтгүүлч” болсон байдаг. Оройтож ирсэн явдал нь залуу хосуудын хувьд маргаан гарах нөхцөлийг бүрдүүлсэн. Б.А-гийн нөхөр нь одоо ч гэсэн хорих ангид очиж уулздаг, хосууд бие биедээ хайртай, 5 жил хамт амьдарсан. Тэр өдөр хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эхнэрээ оройтож ирсэнд хардаж, үл ойлголцол үүссэн болох нь хэрэгт авагдсан мэдүүлгээс тодорхой харагддаг. Санамсар, болгоомжгүй үйлдэл болсны улмаас хохирогчид гэмтэл учирсан. Хутгаа булаацалдах явцад ийм гэмтэл учирсан гэдэг нь мэдүүлгээс тодорхой харагддаг. Шүүгдэгч Ц.А- санаатай хүний биед гэмтэл учруулах зорилготой байсан бол тэр даруй түргэн тусламж дуудахгүй, эмнэлэгт олон хоног сахиж, анхаарал халамж тавьж, эрүүл болоход нь голлох байр суурьтай оролцохгүй байсан. Хохирогч эрүүл, саруул болж гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн. Санаатай үйлдэл гэж урьдаас төлөвлөсөн, бэлтгэсэн, тухайн хүнд гэмтэл учруулсан үйлдлээр илэрдэг. Залуу хосуудын хувьд хутга булаацалдсанаас ийм хор уршиг бий болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хутгыг булаацалдсан ярьж гэж байна, тийм үйл баримт тогтоогдоогүй. Харин шүүгдэгч хутга бариад хохирогч руу хүрээд ирсэн, хохирогч хутгыг тавиулах гэж оролдсон гэж мэдүүлсэн. Тавиулах гэж оролдох явцад хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан байдаг. Хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хамгийн доод хэмжээний буюу 3 жил 5 сарын хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 03 цагийн үед Хан-Уул дүүргийн *****тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Е-ттэй “утсаа салгаад хаагуур яваад орой ирж байгаа юм” гэж хэлсэн шалтгааны улмаас маргалдан, түүний нуруун тус газар хутгалж, эрүүл мэндэд нь цээжний баруун ар талд нэвтэрсэн шарх, баруун уушгины дээд дэлбэнгийн ар ханын хатгагдсан шарх, уушиг уналт, плеврийн хөндийд шингэн хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Е-тийн “...гэнэтхэн л А- “чи одоо намайг юу гээд байгаа юм бэ?” гэж хэлээд хэвтэж байсан буйдан дээрээс босоод гал тогоо руу орж нэг зүйл гартаа авах шиг болсон. Тэгээд л над руу шууд хүрээд ирсэн. Би тэвэрч аваад гартаа барьсан зүйлийг нь тавиулах гэж оролдсон. Нэг мэдэхэд А- бид хоёр тэврэлдчихсэн нааш, цааш болж байсан. Гэнэт би амьсгалж чадахаа больж нуруунаас хий гарч байгаа нь мэдэгдэж, амьсгалын дутагдалд орж бие маань суларч, нуруундаа гараараа хүрч үзэхэд шингэн зүйл мэдрэгдсэн. Сэрээ зоогдчихсон юм болов уу? гэж бодоод өөрийн мэдэлгүй доош унасан. ...” /хх 22-24/,

гэрч Э.Ц-ийн “...нуруундаа хутга зоолгосон хүн байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиход эмэгтэй хүн уйлчихсан газар сууж байсан ба түүний өвөр дээр хар өнгийн малгайтай цамцтай нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Удалгүй 103 түргэн тусламжийн эмч ирж газар хэвтэж байсан залууг үзэж “нуруунд нь хүнд шархтай юм байна Гэмтлийн эмнэлэг рүү авч явна” гэж хэлээд анхны тусламж үзүүлж боолт хийж тухайн иргэнийг харж байсан эмэгтэйн хамт авч явсан. ...” /хх 36-37/,

шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “...Э.Е-тийн биед цээжний баруун ар хэсэгт, 5, 6 дугаар хавирга орчимд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх байсан. Энэ гэмтлийг өөрөө өөртөө үүсгэх боломжгүй. ...” /хх 52/

Б.А-гийн яллагдагчаар өгсөн “...би үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлаж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нь миний буруу, энэхүү үйлдэлдээ би маш их гэмшиж өөрийгөө буруутгаж байгаа. ...Босохдоо гал тогооны тавцан дээр дарахад гарт нэг зүйл баригдсан. Аваад хартал хутга байх шиг байсан. Айсандаа хэрвээ хутга барьчих юм бол над руу ойртохгүй байх гэж бодтол Э.Е-т над руу ойртож ирээд хутга булаацалдаж эхэлсэн. Хутга булаацалдаж байх хооронд гэнэт Э.Е-т доошоо суусан. Би “яасан бэ” гээд нуруун дээр нь дарахад миний гар цус болсон. Би айж сандарч Э.Е-тийн утсыг авч түргэн тусламж дуудсан. ...” гэсэн мэдүүлгүүд /хх 84-85/,

 

“...Э.Е-тийн биед цээжний баруун талд нэвтэрсэн шарх, баруун уушгины дээд дэлбэнгийн ар ханын хатгагдсан шарх, уушиг уналт, плеврийн хөндийд шингэн хуралт бүхий хүнд хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1268 дугаар дүгнэлт /хх 46-47/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-11/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-13/, хэргийн газраас хураан авсан хар өнгийн хугархай, хуванцар иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх 16/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.А- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Э.Е-ттэй маргалдан, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн нуруун тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Ц.Батзаяа, Р.Булгамаа нар “...хохирогчийн биед санаатайгаар гэмтэл учруулаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргээс гэм буруугийн хэлбэрээр ялгаатай ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний субъектив санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа зэргийг харгалзан үздэг.

 

Шүүгдэгч Б.А- нь хохирогчтой маргалдах явцдаа гал тогооны ширээн дээр байсан хутгыг авч Э.Е-тийн нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь “...Э.Е-тийн биед цээжний баруун талд нэвтэрсэн шарх, баруун уушгины дээд дэлбэнгийн ар ханын хатгагдсан шарх, уушиг уналт, плеврийн хөндийд шингэн хуралт бүхий хүнд хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1268 дугаар дүгнэлт, шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “...Э.Е-тийн биед цээжний баруун ар хэсэгт, 5, 6 дугаар хавирга орчимд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх байсан. Энэ гэмтлийг өөрөө өөртөө үүсгэх боломжгүй. ...” гэх мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газраас хураан авсан хар өнгийн хугархай, хуванцар иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Б.А- өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол, хор уршгийг хүсээгүй боловч үйлдлээрээ хүнд хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б:А- нь “...хохирогчийн зүгээс надад хүчирхийлэл үйлдэж, би айлгах гэж хутга авсан. ...” гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Ц.Батзаяа, Р.Булгамаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.А-гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 97 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/687 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Ц.Батзаяа, Р.Булгамаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 97 /ерэн долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.ОЧМАНДАХ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН