| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00728/И |
| Дугаар | 155/ШШ2024/00720 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/00720
2024 оны 6 сарын 24 өдөр Дугаар 155/ШШ2024/00720
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***т оршин суух, Ө Я-гийн Э,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2024/00728/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Я.Э нь Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1971 онд төрсөн бөгөөд Арбулаг сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж, 8 дугаар ангиа 1987 онд төгсөөд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд малчнаар илгээлт аван ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш малчнаар тус нэгдэлд 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж ирсэн юм.
Би эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн алба хаагаагүй.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас ажилд томилсон, чөлөөлөгдсөн болон бусад холбогдох тушаал олдоогүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Би улсаас 1990-2000 онуудын ажилласан хугацаагаа нөхөн тооцуулсан.
Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 3 дугаар бригадад 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч намайг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүй, цалин хөлсний зарим бичилт дутуу байгаа учир хэрэгт авагдсан баримтаар хэргийг шийдвэрүүлье. Иймд миний Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 3 дугаар бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Ө овогт Я-гийн Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ... Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1987-1989 оны тушаал шүүж үзэхэд Я.Эийг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж боломжгүй байна. ... гэх бичилт бүхий 11/574 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ... Тус сумын Мандал нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан Я- овогтой Эийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 3-р бригадад 1988 оны 1-10 дугаар сар, 1989 оны 1-3, 8 дугаар саруудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний тодорхойлолт гэх баримт, 70-р дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Я-гийн Эийн нийгмийн даатгал нөхөн төлсөн тухай №1702000230 дугаартай баталгаажилтын хуудасны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-9 дүгээр хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.О, Д.Н нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 23-29 дүгээр тал)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Я.Эийн ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Я.Эийн ажиллаж байсантай холбоотой тушаал шийдвэр бий эсэх лавлагааг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 14-16, 22 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Э нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд тэрээр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 3 дугаар бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулсан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Я.Э нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Я.Э нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 3 дугаар бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ... Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1987-1989 оны тушаал шүүж үзэхэд Я.Эийг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж боломжгүй байна. ... гэх бичилт бүхий 11/574 дугаартай албан бичиг, (хавтаст хэргийн 3 дугаар хуудас)
Я- овогтой Эийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 3-р бригадад 1988 оны 1-10 дугаар сар, 1989 оны 1-3, 8 дугаар саруудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт, Ажилд орсон он гэх хэсэгт, цех, тасаг, бригад гэх хэсэгт, эрхэлдэг ажил гэх хэсэгт Малчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт, оршдог сум район гэх хэсэгт Арбулаг гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 15 дугаар хуудас)
Гэрч Г.Оийн ...Я.Э нь 8 дугаар ангиа төгсөөд л Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд малчнаар ажилд орж байсан. Тэгээд нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Одоо ч бас малчин хэвээрээ байгаа. ... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Нийн .....Я.Э нь 8 дугаар ангиа төгсөөд л Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд малчнаар ажилд орж байсан. Тэгээд нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. ... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 23-29 дүгээр хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Я.Э нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 3 дугаар бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ө Я-гийн Эийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 3 дугаар бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН