Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/82

 

 

 

 

 

  2023            01            19                                         2023/ДШМ/82    

 

Ц.Э-, Э.Ч- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор О.Нандинцэцэг,

хохирогч Н.Б-, Д.О-,

шүүгдэгч Ц.Э-,

шүүгдэгч Ц.Э-, Э.Ч- нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/879 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Б-, шүүгдэгч Ц.Э-, Э.Ч- нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Э-, Э.Ч- нарт холбогдох эрүүгийн 1811013730536 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Э-,

 

2. Ч-,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 6 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;

 

Шүүгдэгч Ц.Э- нь ганцаараа:

1. 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 30-488 тоот амины орон сууцыг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж “өөрийн байр” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг амины орон сууцны 1 дүгээр давхарт байрлах 125 мкв талбайг худалдана гэж хуурч иргэн Огаас 50.000.000 төгрөгийг авч залилсан,

2. 2015 оны 1 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 30-488 тоотод байрлах хүнсний дэлгүүрийг 60.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Б.Д-аас урьдчилгаа болох 11.450.000 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Хаан банкны 5007776081 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

3. 2017 оны 5 дугаар сарын 20-ноос 31-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “танай хүүг БНХАУ-д өөрийнхөө ажиллаж байсан худалдааны байгууллагад ажилд оруулж өгнө, мөн Дорноговь аймагт байрлалтай нүүрсний орд газрыг 12.000.000 доллараар зарах болсон, тэр болтол ажиллагааны зардал хэрэгтэй байна” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ж.О-аас 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Дэнжийн 30 дугаар гудамжны 488 тоотод “БНХАУ-аас бараа оруулж ирээд мөнгийг чинь нэг нугалаад өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Н.Б-аас 37.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

5. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “БНХАУлсруу мах гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Н.Х-аас 4.730.000 төгрөгийн үнэ бүхий 52 ширхэг гулууз хонины мах авч залилсан,

6. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4, 5 дугаар хороо, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянхонгор аймгийн Баянцагаан сумын “Тэмээн чулуу” гэх газарт уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн М.Н-гаас 15.400.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,

7. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “БНХАУ-ын CCPIT компанийн Монгол дахь төлөөлөгч, тухайн компаниас 10 ширхэг гар утас оруулж авчирч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Д.Г-оос 706.800 төгрөгийг Хаан банкны 5007776081 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

8. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “БНХАУ-аас ковш загварын тээврийн хэрэгслийг хямдаар, зээлээр оруулж ирж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн А.Б-оос 9.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр “БНХАУ-аас ачааны 20 ширхэг “Норд бенз” автомашин хямдаар оруулж ирж өгнө, үүний тулд БНХАУ-ын худалдааны CCPIT байгууллагад гишүүнээр элссэн байх ёстой” гэж 3.800.000 төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр “БНХАУ-д очиж гэрээг чинь байгуулах гэж байна, замын зардал” гэж 2.000.000 төгрөгийг тус тус зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн А.Э-оос нийт 5.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

10. 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвд иргэн Т.Б-гийн эзэмшлийн 99105828 дугаарыг “дугаарыг чинь түр барьцаалж зээл авъя, лифтний бизнесийн ажилдаа хэрэглэе, нэрээ шилжүүлчих” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж А.Б-ын нэр дээр шилжүүлэн авч залилсан,

 11. “Би Цэнгэл даргыг танина, танай техникүүдийг Оюутолгойд ажилд оруулж өгнө, мөн би өөрөө БНХАУлсын CCPIT компанийн Монгол Улс дахь төлөөлөгч Хятад улсаас цахилгаан шат оруулж ирж 20-30 хувийн хямдралтай үнээр нийлүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Г.Э-аас 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг, 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 2.400.000 төгрөгийг Хаан банкны 5007776081 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

12. 2018 оны 8 дугаар сарын 9, 8 дугаар сарын 16-ны өдрүүдэд “БНХАУ-аас хөргөлтийн тоног төхөөрөмж оруулж ирнэ, урьдчилгаа 40 хувийг өг” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн П.А-аас 11.630.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

13. “Арматур төмөр зарна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Д.О-ээс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 15.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөгийг, нийт 18.000.000 төгрөгийг Худалдаа Хөгжлийн банкны 412035999 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

14. Ц.Э-, Э.Ч- нар нь бүлэглэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “хар цавуу, замаскны үйлдвэр байгуулж, хамтран ажиллая” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж С.О-аас 2 удаагийн үйлдлээр 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 5.000.000, 10 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөгийн нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,  

15. Э.Ч- нь ганцаараа 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “БНХАУ-ын CCPIT China байгууллагад гишүүнчлэлээр элсүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн О.Э-аас 3.800.000 төгрөгийг Хаан банкны 5007776081 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

16. 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.З-ыг бусадтай хардан гараараа толгойн зүүн хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Э.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э-г ганацаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ч-ийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2021 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 8 дах хэсэгт зааснаар Ч-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Э-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 зааснаар шүүгдэгч Э.Ч-ийг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Э.Ч- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Э-гаас 15.400.000 төгрөг гаргуулан хохирогч М.Н-д, 18.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.О-т, 4.450.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Д-т тус тус олгож, хохирогч Д.О- нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ц.Э- 85 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Э.Ч-ийн цагдан хоригдсон 85 хоногийг нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 4.000.000-1.275.000=2.725.000 төгрөгийн торгох ялаар тогтоож, Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор, шүүгдэгч Э.Ч-т авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Н.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй, бодит үнэнийг тогтоох талаар буруу шийдвэрлэсэн. Ц.Э- нь “2017 онд барилгын ажил өгнө, шүүх хурал болох гээд байна, өргүй болсон гэсэн бичиг хийж өгөөч, том ажил олсон, мөнгө орж ирнэ” гэж хуурч, өр дууссан гэх бичиг хийлгэж авсан. Түүнээс хойш 2022 оны 3 сард цувуулж, шаардуулж 15.000.000 төгрөг өгсөн. Өөр хохирол барагдуулаагүй. Энэ бодит байдлыг шүүх тогтоогоогүй. Иймд Ц.Э-гаас одоо 22.000.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авахыг хүсэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Э-, Э.Ч- нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нийт хохирогчдоос Д.О-, Б.Д-, М.Н- нарын хохирлыг барагдуулаагүй байсан гэдэг нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй зөрүүтэй байсан. Тухайлбал, хохирогч Д.О-ийн хохирлын нэхэмжлэл нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хохирогч Б.Д-ын хувьд Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа энэ үйлдпийг гэмт хэргийн шинжгүй байхад шүүхээс гэмт хэрэгт тооцсон, хохирогч М.Н-д хохирол төлбөрийг барагдуулахаар 50-78 УАЕ дугаартай тээврийн хэрэгсэл өгөхөөр тохиролцсон зэрэг байдлаас хэргийг бүхэлд нь хууль зүйн дүгнэлт хийхэд шүүхээс эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.Э-гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Д.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хуулийн мэдлэггүй учраас давж заалдах гомдол гаргаагүй. Өнөөдрийг хүртэл хохирол төлөхгүй байгаа нь маш их хохирол авчирч байна. Би банкнаас 600 сая төгрөгийн зээл авсан. Намайг зээл авсан болохыг мэдээд надаас 70.000.000 гаруй төгрөг авсан. Мөнгөө нэхэхээр 40.000.000 төгрөгийн машин ав гэсэн. Гэтэл машины төлбөрөө надаас гаргуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймэрхүү байдлаар Э.Ч-, Ц.Э- нар бүлэглэж намайг зохион байгуулалттай залилсан. Ц.Эрдэнэдайлагаас 18.000.000 төгрөг гаргуулан надад олгохоор шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэртэй маргах зүйлгүй ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Э-, Э.Ч- нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмнө хохирогч М.Н-, Б.Д- нарын гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хэлэлцэж уг хэрэг буцаж байсан. Хэргийг буцаагаагүй шийдвэрлэсэн бол өнөөдөр хохирогч нарын хохирол төлөгдсөн байх магадлалтай хугацаа өнгөрсөн байна. Шүүгдэгч Ц.Э- нь гэм буруу дээрээ маргаагүй. Хохирогч нарын гаргасан нэхэмжлэл, хохирлыг бүрэн төлж барагдуулаад явсан. Одоогийн байдлаар Д.О-, М.Н- нарт шүүхээс тогтоож өгсөн хохирлыг төлөхөө илэрхийлж, хоёр автомашины үнэлгээг гаргуулаад, төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж өгсөнөөр хохирол бүрэн барагдах боломжтой байна. Хохирогч Н.Б- хохирсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ анхан шатны шүүх хохирогч Н.Б-ын гаргаж өгсөн тодорхойлолтыг үндэслээд хохирол, төлбөргүй гээд шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм. Хоёр машины үнэлгээ нийлээд 45-46 сая төгрөг гарсан. Энэ үнээр борлуулсан тохиолдолд хоёр хохирогчийн төлбөрийг барагдуулаад үлдэгдэл төлбөрөөр хохирогч Н.Б-ын хохирлыг барагдуулах боломжтой харагдаж байгаа. Хохирогч Н.Б-тай тохиролцсон нөхцөл байдлыг харгалзаад шүүгдэгчид ашигтайгаар буюу Н.Б- иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой. Хохирогч Б.Д-ын гаргасан гомдлыг иргэний шүүх шийдвэрлэсэн. Б.Д- салсан нөхөртэйгээ маргаантай асуудлаа тусдаа шийдвэрлүүлэх нь зүйтэй байх. Б.Д-ыг залилсан үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналыг дэмжиж байна. Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулсан тохиолдолд төлөх боломжтой талаар анхан шатны шүүх дээр өөрийнхөө боломжуудыг хэлсэн байдаг.

Шүүгдэгч Ц.Э- нь хувийн байдлын хувьд насанд хүрээгүй бага насны хоёр хүүхэдтэй. /Холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн/. Хорих ял авсаны дараа орон гэр нь шатсан, ар гэр нь хүнд нөхцөл байдалд байгаа. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн тохиолдолд хохирол төлбөрийг хангалттай төлж барагдуулах нөхцөл байдлууд харагдаж байгаа учраас түүнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж, торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Нийт 150.000.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн хоёр хохирогчид хохирлыг төлөх гэсэн боловч амжаагүй. Би гэм буруу дээрээ маргах зүйлгүй. Ар гэрийн байдал болон биеийн эрүүл мэндийн байдал маш хүнд байна. Даралт 180 хүрч байна. 6 настай хүү, 10 настай охин гээд хоёр бага насны хүүхэдтэй. Орон, гэргүй хаагуур явж байгааг нь мэдэхгүй байна. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч Н.Б-ад нийт 37.500.000 төгрөгийн хохирлыг төлсөн гэх баримт хэрэгт авагдсан учраас анхан шатны шүүх уг баримтыг үнэлж, хохирол төлбөргүй гэж үзсэн. Хохирогч Н.Б- хохирлыг төлөөгүй гэж байна. Шийтгэх тогтоолд Н.Б-ын 37.500.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан гэж дүгнэсэн учраас хохирогч Н.Б- цаашдаа хохирлоо барагдуулах боломжгүй болсон байна. Үлдэгдэл 22.000.000 төгрөгийн хохирлыг бодит байдал дээр төлөөгүй тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хохирогч Н.Б-ад гаргуулахаар шийдвэрлэх боломжтой гэсэн саналыг гаргаж байна. Хохирол төлөхөө илэрхийлж баримтууд гаргаж өгч байна. Уг баримтад Баяраа гэх хүн “тээврийн хэрэгслийг хохиролд төлөхөд татгалзах зүйлгүй” гэсэн нотариатаар гэрчлүүлсэн баримт байна. Нөгөөх нь Э.Ч- буюу шүүгдэгч Ц.Э-гийн хүүгийнх нь хамаарал бүхий компанийн нэр дээр байдаг машиныг хохиролд төлж болно гэж тусгасан байна. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь Э.Ч-ийн эзэмшлийн компанийн нэр дээрх тээврийн хэрэгсэл мөн үү гэдэг нь тодорхойгүй байна. Мөн Баяраа гэх хүн нотариатаар батлуулаад хүсэлт бичиж өгсөн байх боловч Э.Ч-ийн нэр дээр шилжүүлсэн баримт байхгүй байна. Өмчлөгч нь өөр байна. Шууд хохирогч нарт шилжүүлэх гэхэд тухайн өмчлөгч нь шилжүүлэхгүй болчихвол яах вэ. Дахиад хохирогч нар хохироод үлдэх үү. Бодитоор хохирол төлөгдөөгүй байна. Хохирогч Б.Д-ын хохирол иргэний шүүхээр шийдвэрлэгдсэн гэж байна. Үүнийг Б.Д- үгүйсгэдэг Нийт 11.450.000 төгрөгийн хохирлоос 7.000.000 төгрөгт нь контейнер өгсөн байдаг. Өнөөдрийг хүртэл үлдэгдэл 4.450.000 төгрөг бодитоор төлөгдөөгүй. Хэргийн нөхцөл байдлын тухайд 2017 оноос хойш 2021 он хүртэл үргэлжилсэн. Өмнө нь анхан шатны шүүх шийдвэж давж заалдах шатны шүүхээс буцаасан. Гэтэл одоо хүртэл хохирогч М.Н-гийн хохирол төлөгдөөгүй байна. Шүүгдэгч Ц.Э- цагдан хоригдсон учраас хохирлыг төлж чадаагүй гэсэн тайлбарыг хийж байна. Гэтэл шүүх хурал 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болсон бөгөөд үүнээс хойш хоригдсон. Өмнөх хоёр жилийн хугацаанд яагаад хохирлыг төлөөгүй юм бэ. Нийтийн байрны түрээсийн орлого байдаг юм бол хохирлыг яагаад төлөхгүй байна вэ. Хохирол төлөгдөх боломжгүй гэж үзэж байна. Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар байх тул эхнэр нь хүүхдүүдээ асардаг гэж харагдаж байна. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Ц.Э-, Э.Ч- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Э- нь ганцаараа болон Э.Ч-той бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд “Амины орон сууц худалдана”, “БНХАУлсад өөрийнхөө ажиллаж байсан худалдааны байгууллагад ажилд оруулж өгнө”, “БНХАУ-аас бараа оруулж ирээд мөнгийг нь нэг нугалаад өгнө”, “БНХАУлс руу мах гаргаж өгнө”, “уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил авч өгнө”, “БНХАУ-ын CCPIT компанийн Монгол дахь төлөөлөгч, тухайн компаниас 10 ширхэг гар утас оруулж авчирч өгнө”, “БНХАУ-аас ковш загварын тээврийн хэрэгслийг хямдаар, зээлээр оруулж ирж өгнө”, “БНХАУ-аас ачааны 20 ширхэг “Норд бенз” автомашин хямдаар оруулж ирж өгнө”,дугаарыг чинь түр барьцаалж зээл авъя, лифтний бизнесийн ажилдаа хэрэглэе”, “БНХАУлсаас цахилгаан шат оруулж ирж 20-30 хувийн хямдралтай үнээр нийлүүлнэ”, “БНХАУ-аас хөргөлтийн тоног төхөөрөмж оруулж ирнэ, урьдчилгаа 40 хувийг өгнө”, “Арматур төмөр зарна”, “хар цавуу, замаскны үйлдвэр байгуулж, хамтран ажиллана” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 14 удаагийн үйлдлээр нэр бүхий 14 иргэнд 187.116.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

мөнгөө залилуулсан талаар хохирогч Огийн “...2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Э- гэх хүнтэй зарын дагуу холбогдоод дэлгүүр зарах талаар ярилцаж ямар ч асуудалгүй дэлгүүр гэж хэлсэн. ...40.000.000 төгрөгийг  О гэх Э-н хэлснээр төрсөн дүү нь гэж танилцуулсан хүний данс руу хийгээд бэлэн 10.000.000 төгрөгийг Ц.Э-д өөрт нь өгсөн. ...Үл хөдлөх худалдан авах гэрээ хийе гэтэл үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй байсан. ...” /1хх 40/,

С.О-ын “...Э- тэр үед БНХАУ-ын Хөх хотын засгийн газрын биет төлөөлөгч хийдэг гэж байсан. ... Хүүтэйгээ танилцуулаад манай хүү Хятад хэлтэй юм хийж чадах авьяастай хүү байгаа юм, Улаанбаатар хотод хар замаск, хар цавууны үйлдвэр байгуулна гэж хэлсэн. ...2-3 хоногийн дараа хүү Ч-ийг дагуулан ирээд шуудайн дээр байх “Универсальный замаск” гэсэн бичигтэй шуудай, үйлдвэрийн тоног төхөөрөмж захиалсан та одоо мөнгөө өг гэж хэлсэн. Эхлээд би 5.000.000 төгрөг өгсөн, 10 гаруй хоногийн дараа 5.000.000 төгрөг банкаар шилжүүлсэн. .../1хх 192-193/,

М.Н-гийн “... “Тэмээн чулуу” гэх газарт нөхөн сэргээлт хийж ашигт малтмал олборлох ажил явуулахын тулд холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч гэрээ байгуулах ажлыг хөөцөлдөж байгаа талаар хэлэхэд Ц.Э- “...би наад ажлыг чинь бүтээж чадна, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Цэнгэлийг танина, би хуурай дүү нь байгаа юм, надад 28.000.000 төгрөг өгчих, урьдчилаад 5.000.000 төгрөг өгчих, би  ажлыг чинь гялс эхлүүлээд өгье гэсэн. ...” /1хх 218-219/,

А.Б-ын “...Ц.Э- нь тухайн үед 8 нэрийн хүнсний дэлгүүр зарна гэсэн зарыг үнэгүй.мн сайт дээр тавьсан байсан. ...өөрийгөө БНХАУ-д 8 жил худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад ирсэн. БНХАУ-д танил сайтай БНХАУ-аас машин оруулж ирж зарах гэж байгаа гэсэн. ...Ковшийг 30 сая төгрөгөөр оруулж ирж чадна гэсэн. ...Тэгээд 30 сая төгрөгийн 30 хувийн урьдчилгаа буюу 9 сая төгрөгийг нь яаралтай өгөөд ковшоо ирэхээр нь үлдэгдэл мөнгийг нь 6 сарын хугацаагаар төлж барагдуулж болно гэж хэлсэн. ...” /2хх 10-11, 12/,

Б.Д-ын “...Ц.Э- өөрийгөө БНХАУ-ын элчин сайдын яаманд худалдааны төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд БНХАУ-д ажиллаж байгаа учраас энэ объектоо бүхлээр нь зарах гэж байгаа юм. Та нар дэлгүүрийг нь сонирхож байгаа бол тусад нь авч болно гэж хэлсэн. Дэлгүүрээ тусад нь 60.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. ...Би гэрчилгээг нь үзмээр байна гэсэн чинь манай нөхөр Доржпүрэв бид хоёрт өөрийнх нь нэр дээр тэр объект нь бүтнээрээ байгаа гэсэн үл хөдлөхийн гэрчилгээний хуулбар хувийг үзүүлсэн юм. ... /2хх 34-35/,

Т.Б-гийн “...Ц.Э- нь өөрийгөө БНХАУ-д худалдааны компанийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад ирлээ. Одоо тэнд сүлжээ холбоо маш их байна. Худалдаа арилжаа хийж хамтран ажиллая гэж хэлсэн. ...би өөрийнхөө 99115828 дугаартай ижилхэн 99105828 гэдэг утасны дугаартай байсан юм. Э- “хоёулаа хамтарч ажиллаж байгаа юм чинь би тантай адилхан дугаартай болмоор байна. Энэ утсыг чинь би түр барьж байя гээд симийг нь хийгээд бариад явж байсан юм. ...Э- надад ах 99105828 дугаараа Б-ын нэр дээр шилжүүлээд өгчих би энд тэнд барьцаалж зээл аваад нөгөө лифтний бизнесийн ажилдаа хэрэглэлээ, таны нэр дээр өр ширтэй байлгаж яах вэ дээ гэж хэлсэн. Би итгээд зээлээ аваад юм хийг гэж бодоод 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Тэди худалдааны төв орж өөрийн нэр дээр байдаг 99105828 дугаараа Ц.Э-н хамтаар Б-ын нэр дээр шилжүүлж өгсөн. .../2хх 58-59/,

Н.Х-ын “...2017 оны 9 дүгээр сарын дундуур 100 айлд айраг зарж байгаад Э- гэх хүнтэй танилцахад өөрийгөө Булган аймгийн Могод сумын харьяат Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгэлийн төрсөн дүү гэж хэлээд мал, мах, цагаан идээ Хятад улс руу гаргаж өндөр үнээр борлуулж өгнө гэхээр нь би Э-д 1100 кг мах Улаанбаатар хотод оруулан өгөхөөр тохиролцоод 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 52 ширхэг гулууз мах буюу 1 тонн 100 кг махыг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр байдаг хашаанд буулгаж өгсөн. ...” /2хх 123-125/,

Ж.О-ын “...Ц.Э- надад Хятад Улсын Хөх хотод Олон улсын худалдааны байгууллагад Монголыг төлөөлөн ажиллаж байгаад ирлээ гэж хэлж байсан. Ц.Э- манай том хүү Дэлгэрийг Хятад улсад өөрийнхөө ажиллаж байсан худалдааны байгууллагад ажилд оруулж өгнө гэж амлаад мөн өөрөө өөрийн нэр дээр байдаг Дорноговь аймагт байрлалтай нүүрсний орд газрыг 2017 оны 5 дугаар сарын 20-ны үед 12 сая доллароор зарах болсон тэр болтол ажиллагааны зардал хэрэгтэй байна гэж хэлээд надаас 5.000.000 төгрөгийг эхнэрийнхээ Хаан банкны дансаар авсан. 10-аад хоногийн дараа дахин надтай утсаар яриад би мобайл банкаар дахин 5.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” /2хх 161-162/,

А.Э-ын “...Ц.Э- ах өөрийгөө “ах нь БНХАУ-д 9 жил амьдарч байгаад ирсэн. БНХАУ-ын олон улсын худалдааны “СиСиПиАйТи” гэж байгууллагатай гишүүн байгууллага болох Монгол Хятадын Сэргээгдэх эрчим хүчний төв төрийн бус байгууллагын тэргүүн байна. Манай байгууллага нарны эрчим хүчээр ажилладаг амьтан ойртохоор ус гоождог худгийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа, манай байгууллагаар дамжуулан аливаа худалдаа хийх юм бол тухайн үйлдвэрээс бараг хамгийн доод үнээр авдаг, тэгээд хил гааль дээр ч гэсэн татварыг нь хамгийн багаар гаргаж өгдөг. Ингэж хямдаар машин авахын тулд манай олон улсын CCPIT байгууллагад гишүүнээр элссэн байх ёстой гэж хэлан миний иргэний үнэмлэхийн хуулбар зураг авсан. Гишүүний төлбөр 3.800.000 төгрөг шилжүүлэх ёстой гэсэн бөгөөд над руу Ви чатаар Монгол Хятадын сэргээгдэх эрчим хүчний төв төрийн бус байгууллагын 5009902684 тоот данс руу гишүүнчлэлийн төлбөрөө хийчих гэсэн. ...Мөн би онгоцоор нисэх тул замын зардалд 2 сая төгрөг байхад болно өгчих гэж хэлсэн. ...” /2хх 238-239/,

П.А-ын “...аав Пүрэврагчаатай анх Э- уулзаж манай зоорийг үзээд 3 тоног төхөөрөмж орох юм байна. Нийт үнэ нь 29.075.000 төгрөг болно. Эдгээр 3 төхөөрөмжийг БНХАУ-аас захиалж авчирна. Захиалж авчрахын тулд урьдчилгаа 40 хувийг нь өгчих гэж хэлсэн бөгөөд эхний ээлжид яаралтай 3 сая төгрөг өгчих гэж хэлсэн. ... /3хх 205/,

Н.Б-ын “...Ц.Э- нь өөрийгөө БНХАУ-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад ирсэн. Одоо энэ барилга зарна, эсхүл түрээсэлж болно гэсэн. Тэгээд уг дэлгүүрийн дээр залгуулаад барьсан хүн амьдардаг байрыг нь үзэхэд 56.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө өгөөд авч болно гэсэн. Тэгэхээр нь би худалдаж авахаар болоод бэлэн 10.000.000 төгрөгийг өгсөн. ...” /3хх 224-225/,

Д.Г-ийн “...Ц.Э- нь өөрийгөө “би БНХАУ-ын CCPIT гэж олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгч нь байгаа юм, манайхаас хямд үнээр буюу үйлдвэрийн үнээр бараа, материал захиалж болно” гэж ярьж байгаад гар утасныхаа дугаарыг мэддэг болоод салцгаасан. Тэгээд надтай утсаар ярьж байгаад танай байгууллагаас сүлжээ сайн барьдаг утас байна уу гэж асуухад Ц.Э- над руу хэдэн гар утасны зураг явуулаад алийг нь авах вэ аль нь ч болно гэхээр нь хэд хоногийн дотор ирэх вэ гэж асуухад 1 сарын дотор ирчихнэ гэсэн. Тэгэхээр нь би 10 ширхэг гар утас авъя гэхэд өөрөө бодож байгаад 706.800 төгрөг болох юм байна гээд тухайн үеийн ханшаар л бодоод байх шиг байсан. Тэгээд мөнгөө энэ данс руу шилжүүлчих гээд 5007776081 тоот Хаан банкны данс өгсөн. ...” /4хх 4-5/,

Г.Э-ын “...Ц.Э- гэж би Хятад улсад олон жил болсон. Хятадаас хямд үнээр тоног төхөөрөмж оруулж ирж чадна, хамтарч ажиллая гэхээр нь утсаар нь ярьж байгаад уулзаад ярилцахад “цахилгаан шат, тоног төхөөрөмж 20-30 хувийн хямд үнээр нийлүүлэлт хийж өгье, би өөрөө Хятадын CCPIT компанийн Монгол дахь төлөөлөгч нь байгаа юм, бараа материалыг асуудалгүй оруулж ирнэ, мөн танай тоног төхөөрөмжийг Оюутолгойд нийлүүлж өгөөд тэндээсээ 20 хувийг нь авъя, чи 80 хувийг нь ав. Би Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг сайн танина, Ц.Цэнгэл даргад хэлчихэд бүх ажлыг бүтээгээд өгчихнө, өөр ч том том танил зөндөө байгаа” гэх зэргээр яриад салаад явсан. ...” /4хх 24-25/,

Д.О-ийн “...тэр үед Ц.Э- нь надад би хүмүүстэй хамтран БНХАУ-аас арматур төмөр оруулж ирж байгаа, түүнээс аваад өгөх үү гэхээр нь зөвшөөрөөд түүнтэй хамтран ажилладаг эхнэр, нөхөр гэх хоёр хүнтэй очиж уулзсан. ...Ингээд тэрээр эхний ээлжинд надад 100 тонн арматурыг худалдана, урьдчилгаанд мөнгө хэрэгтэй байна, мөнгө өгөөч гэхээр нь Худалдаа хөгжлийн банкны дансаар нь шилжүүлэн өгсөн. ...” /8хх 138-139/,

гэрч Ц.О /1хх 48/, Ц.Б/1хх 54/, Ц.О /1хх 74/, Ц.Н/1хх 225-226/, Н.Ш /1хх 227-228/, Б.Б /1хх 230-231/, Д.А /2хх 13/, Ч.Д /2хх 36/, О.Д /2хх 170/, Ж.Х /2хх 242-243/, Д.П /3хх 206/, Н.Б /3хх 231/, С.Н /8хх 151-152/, А.З- /8хх 154-155/, Ц.Д /8хх 157-158/, Н.Ч /8хх 160-161/,

шүүгдэгч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1хх 201-202/, /2хх 191/, /4хх 28, 32/,

депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 75/, /1хх 216/, /1хх 239/, /1хх 240/, /2хх 6-7/, /2хх 23-25/, /2хх 176-177/, /2хх 199-197/, /3хх 16/, /3хх 199-202/, /3хх 230/, /3хх 245/, /4хх 21-22/, /1хх 187-188/, /8хх 187-193/, мөнгөн хүлээлцсэн тухай хэлцэл /1хх 5-6/, малын ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудас /2хх 116/, гарал үүслийн гэрчилгээ /2хх 17/, эд зүйлийн үнэлгээ /2хх 129/, мобикомын гэрээ /2хх 78/, төлбөрийн баримт /2хх 88/ зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Э.Ч- нь Ц.Э-тай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “хар цавуу, замаскны үйлдвэр байгуулж, хамтран ажиллая” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж С.О-аас хоёр удаагийн үйлдлээр 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг,

ганцаараа 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “БНХАУ-ын CCPIT China байгууллагад гишүүнчлэлээр элсүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн О.Э-аас 3.800.000 төгрөгийг Хаан банкны 5007776081 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг,

2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.З-ыг бусадтай хардан гараараа толгойн зүүн хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн үсний халцрал, өвдөгний арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

мөнгөө залилуулсан талаар хохирогч О.Э- /3хх 70-71/, С.О- /1хх 192-193/, Э.Ч-т зодуулсан талаар хохирогч А.З- /7хх 57-58/, гэрч Х.А /7хх 63/, Ш.Б /7хх 65/, шинжээч эмч Ж.Г /7хх 74/, Э.Ч-ийн яллагдагчаар өгсөн /7хх 81/ мэдүүлгүүд,

“...А.З-ын биед тархи доргилт, зулайн үсний халцрал, өвдөгний арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2761 дүгээр дүгнэлт /7хх 68-69/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 85-87/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ц.Э-, Э.Ч- нар гэм буруутай эсэх, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Ц.Э-н ганцаараа болон бүлэглэн өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг амлан хохирогч нарыг хуурч эд хөрөнгийг нь авч их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Э.Ч-ийн ганцаараа болон бүлэглэн өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг амлан  хохирогч нарыг хуурч эд хөрөнгийг нь авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

хамтран амьдрагч А.З-ын эрүүл мэндэнд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хохирогч Н.Б- “...хохирол бүрэн барагдаагүй байхад анхан шатны шүүх хохирол төлөгдсөн гэж үзсэн тул миний үлдэх хохирлыг гаргуулж өгнө үү. ...”,

шүүгдэгч Ц.Э-, Э.Ч- нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “...хохирогч Д.О-т учруулсан гэх хохирол баримтаар тогтоогдоогүй, ...хохирогч Б.Д-ын хэргийн үйл баримтын талаар Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэр гарсан байхад гэмт хэрэгт тооцож хохирлыг давхардуулж гаргасан, ...Ц.Э-гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогч нарт нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгч Ц.Э-гаас гаргуулахаар шийдвэрлэсэн хэдий ч зарим хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч төлсөн гэж дүгнэхдээ энэ нь үнэхээр бодитой хэрэгжсэн эсэх, хохирогчийн тайлбар, мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдож байгааг хангалттай тодорхойлж, дүгнэж чадаагүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, түүнийг нөхөн төлж барагдуулсан байдал нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх, түүнчлэн ял оногдуулахад шууд нөлөөлдөг тул уг нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байх учиртай.

Анхан шатны шүүх хохирогч нарын “хохирлоо авсан, гомдол саналгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Ц.Э-г Н.Б-ад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн боловч хохирогч нь давж заалдах гомдлоор уг нөхцөл байдлаа үгүйсгэжээ.

Тодруулбал, хохирогч Н.Б-ад нийт 37.500.000 төгрөгийн хохирол учирснаас тэрээр 15.500.000 төгрөгийг хүлээн авч, Ц.Э-н гуйлтаар үлдэгдэл мөнгийг хоорондоо зохицож авахаар тохиролцсон бичгийг хийж өгсөн боловч шүүгдэгч Ц.Э- нь тохиролцсон хугацаанд мөнгөө өгөөгүй тул үлдэгдэл төлбөрийг гаргуулах талаар тайлбар гаргаж, шүүгдэгч Ц.Э- ч 10 гаруй сая төгрөг өгөх дутуу байгаа талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлж байх тул шүүгдэгч Ц.Э-гаас 22.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Б-ад олгож энэ талаар гаргасан түүний давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Хохирогч Д.О-ийг залилсан гэх үйлдэл нотлох баримтаар тогтоогдоогүй гэх асуудлын тухайд,

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг

Энэ гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэрэг, тухайлбал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргээс өмчлөгч хууртагдсан итгэсэн учраас гэмт этгээдэд эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхээ сайн дураараа өгсөн байдгаараа ялгаатай.

 

Шүүгдэгч Ц.Э- нь хохирогч Д.О-т зээл авахад нь бичиг баримтыг нь бүрдүүлэх зэргээр туслалцаа үзүүлэн түүнд итгэл төрүүлж, Д.О-ийг барилга барихад нь арматур төмөр хэрэг болж байгаа нөхцөл байдлыг нь далимдуулан “БНХАУ-с арматур төмөр оруулж ирж байгаа, зарна” гэж түүнээс 18.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө...”-ийг шилжүүлэн авсан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогч Б.Д-ын хэргийн үйл баримтын талаар Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэр гарсан байхад гэмт хэрэгт тооцож, хохирлыг давхардуулж гаргасан гэх асуудлын тухайд,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 6903 дугаар захирамжаар Ч.Д /хохирогч Б.Д-ын нөхөр/-ийн нэхэмжлэлтэй Ц.Э-д холбогдох 11.450.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 37349 дүгээр захирамжаар дээрх 11.450.000 төгрөгийг гаргуулах тухай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ./8хх 26-27/

Шүүхийн шийдвэр /тогтоол, захирамж, шийтгэвэр/-ийг зөвхөн дээд шатны шүүх өөрчилж, хүчингүй болгож /шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй бол давж заалдах шатаар, харин хүчин төгөлдөр болсон хяналтын шатаар/ болно гэж тайлбарласан ба дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон шийдвэр хэрэгт авагдаагүй ба тухайн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж хуульчилсан ба нэгэнт Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байхад 4.450.000 төгрөгийн хохирлыг Ц.Э-гаас давхардуулан гаргуулж хохирогч Б.Д-т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорих ялыг хөнгөрүүлэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Н.Б-, шүүгдэгч Ц.Э-, Э.Ч- нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлын “...Б.Д-ын хохирлыг давхардуулж гаргасан. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангах ёстой.

Гэтэл шүүгдэгч Э.Ч- нь урьд 2 удаа ял шийтгүүлсэн байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт ял шийтгэлгүй гэж бичсэн, мөн хэзээ, ямар хэрэгт шийтгүүлсэн талаар огт дурдаагүй, ял шийтгэлийн тэмдэглэл үнэн зөв эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар зайлшгүй нотолбол зохих асуудалд хамаарахаас гадна шүүгдэгчийн гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг анхаарвал зохино.

 

Прокуророос Ц.Э-г Э.Ч-той бүлэглэн С.О-ыг хуурч 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 10 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч залилсан хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх /шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох хэсэгт/ Ц.Э- нь Э.Ч-той бүлэглэн 2017 оны 6 дугаар сард “С.О-ыг хуурч хоёр удаагийн үйлдлээр нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэж, харин Э.Ч-ийг Ц.Эрдэнэдайлайтай бүлэглэн С.О-ыг хуурч 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 10 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөгийг нийт 10.000.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч залилсан гэж гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг  зөрүүтэй бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөснийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ц.Э-гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 66 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/879 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “..Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Э-гаас 15.400.000 төгрөг гаргуулан хохирогч М.Н-д, 18.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.О-т, 22.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Б-ад тус тус гаргуулан олгосугай. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-н 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 66 /жаран зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.ОЧМАНДАХ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН