Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч С.Г,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1708023760387 дугаар хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Рич” баарны үүдэнд иргэн С.Гын нуруу болон гуя хэсэгт пивоны шилээр зүсэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө найз нартайгаа уулзсан. Цамбагаравын “Рич” баарны урдуур явж байгаад ийм зүйл болсон. Хэрэг болсноос хойш таг болсон. 867500 төгрөг нэхэмжилнэ. Нуруундаа 4 оёдол тавиулсан. Одоо биеийн байдал гайгүй байгаа” гэв.

 

Эрүүгийн 1708023760387 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Гын: “2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой би ажлын газрын найзууд Амарбилэг, Түвшинтөр, Цэрэндаваа нартай 22 цагийн үед уулзаад хоолонд орсон. Тэндээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн хажуу талын “Цэ” паабад орж 2, 2 пиво уусан. ...тэндээс 23 цаг өнгөрч байхад гарсан. Тэндээсээ гараад манайх руу явж байгаад замаасаа тамхи авах гээд ТҮЦ дээр зогссон. Тэнд нэг ах “машин түрээд өгөөч” гэхээр нь Цэрэндаваа, Амарбилэг, бид 3 машиныг нь түрж өгчихөөд явах гэтэл Түвшинтөр хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Бид нар тэндээс “Москва” хороолол руу явж байтал замд “Рич” баарны үүдэнд Түвшинтөр манай ажлын Цэрэнчимэд /86567770/-тэй юм яриад зогсож байсан. Тэгтэл Түвшинтөр “Рич” баар руу яваад орчихсон... араас Амарбилэг түүнийг гаргах гэж орсон. Тэр 2 баарнаас гараад ирэхээр нь Амарбилэг, Түвшинтөр, Цэрэндаваа, бид 4 манайх руу явах гээд зам хөндлөн гараад явж байтал араас танихгүй 5-6 залуу бид нарыг дуудсан. Тэгтэл тэр залуучуудын нэг нь Амарбилэгийг заамдаж аваад унагаагаад өшиглөсөн. Манай найзуудыг нэг нэгээр нь дагуулаад аваад явсан. Би Амарбилэгийг зодоод байсан залууг нь салгаад зогсч байтал ногоон цамцтай залуу нь миний араас нуруу руу хутгалсан. Би нуруу руу хүйт оргихоор нь Хархорин чиглэл рүү гүйсэн. Би гүйж байхад Цэрэндаваа зам гараад намайг гүйж байхаар нь би дуудаад би өөрийнхөө утаснаас цагдаа дуудсан. Цагдаа ирэх хооронд Цэрэндаваа бид 2 миний нурууг үзтэл цус гарч байсан. Гадуур өмсөж явсан хөх өнгийн куртик нуруун тус газраа зүсэгдсэн ором, дотуур нь өмссөн байсан цагаан цамц, цагаан пудволк мөн зүсэгдээд цус болсон байсан. Тэгээд цагдаа нар ирсний дараа түргэн дуудаад би түргэний машинаар Цэргийн нэгдсэн эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Би Цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтээгүй. Би “Манал Оточ” эмнэлэгт 16 хоног хэвтэн эмчлүүлсэн. Уг эмнэлэг нь Гэмтлийн эмнэлгийн хажууд байдаг эмнэлэг. Танихгүй ногоон цамцтай залуу миний нуруу руу хутгалчих шиг болсон. Улаан цамцтай залуу нь “хутга аваад ир” гээд орилоод байхаар нь би хутга гэж бодсон. Тэрнээс би яг хутгаар нурууг зүссэн гэдгийг хараагүй. Ямар шалтгаанаар манай найзуудыг өдөж хоргоогоод... яг ямар учраас бид нарыг зодсоныг би мэдэхгүй байна. Амарбилэгийг гурван залуу зодож байсан. Тэрээр газар унагаагаад хэдэн талаас өшиглөөд байсан... Тэнд таван залуу байсан санагдаж байна. Одоо би зарим нэгийнх нь царайг харвал танина. Тэр залуучууд Амарбилэгийг дуудаад байсан. Амарбилэг яваад очтол газар унагаасан. Яг юунаас болж муудалцсаныг би мэдэхгүй байна. Би болон манай найзууд тухайн залуучуудыг цохиж зодоогүй.  Надад хохирлын баримтууд байгаа би гарган өгье. Би гомдолтой байна...”,

“...Би одоо өмгөөлөгчгүй байцаалт өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ ярьсан байгаа. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Надад учирсан 867.500 төгрөгөө нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулбал гомдол, санал байхгүй. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхийг хүсч байна” гэх мэдүүлэг /хх-11-12, 76/,

Гэрч С.Гын: “Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны оройн 22:00 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч Сүлжмэлийн урд талын автобусны буудал дээр найзууд болох Б.Цэрэндаваа, Б.Угтахбаяр, П.Түвшинтөр, Ц.Амарбилэг нартай уулзаад Саппорогийн Шөлөндөөд орж хоол идчихээд, Саппорогийн  “Tse” pub-д орж суугаад хүний 2, 2 пиво уугаад тэндээсээ гараад гэрлүүгээ чиглээд алхаж явах замдаа Цамбагаравын “Рич” баарны урд талын явган хүний зам дээр явж байтал явган хүний замын дэргэд зогсож байсан 5-6 хүний нилээн согтуу нэг хүн нь манай найз Амарбилэгийг хажуугаар нь зөрөөд гарч байхад нь өдөж маргалдаад манай найзыг газар унагаагаад хоёр, гурвуулаа нийлээд зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би салгах гээд яваад очтол тэнд байсан улаан куртиктэй өндөр залуу /25-26 настай, 170-175 см орчим өндөртэй, бор царайтай/ нь саарал өнгийн куртиктай 150-155 см орчим өндөртэй, 24-25 орчим насны, шар царайтай залууд хандаж “Машинаас очоод хутга аваад ир” гээд гүйлгэсэн. Нээх удалгүй найзыгаа салгах гээд зогсож байтал миний нуруунаас халуу төөнөөд явчихсан. Би эргээд хартал нөгөө машин руу явуулсан саарал куртиктай залуу миний ард зогсож байсан. Би хутгалуулснаа мэдээд тэндээс зугатаасан чинь Амарбилэгийг нөгөө залуучууд тавихгүй аваад үлдчихсэн. Би 200 метр газар гүйгээд Цэрэндаваа дээр очоод цагдаад дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгсөн талаараа орилсон чинь нөгөө хэдэн залуучууд зугтаах гэж оролдсон. Миний нурууны зүүн доод бүсэлхийний хавьд нэг удаа хутгалсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би тухайн үед барьж байсан зүйлийг нь сайн хараагүй. Араас ирээд хутгалчихсан. Өөр учирсан гэмтэл байхгүй. Надаас ямар нэг зүйл дээрэмдэх гэж оролдоогүй. Харин зодолдож байх үед манай 2 найзын гар утаснууд нь алга болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-5-6/,

Гэрч Ц.Амарбилэгийн: “...2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой ажил тараад шөнө түргэн авна эхээр нь ойрхон ажлын газрын Галбадрахынд хононо гээд би Цэрэндаваа, Түвшинтөр, Галбадрах нарын хамт 22 цагийн үед Саппорогийн шөлөндөө орж хоол идчихээд “Цэ” пааб орж бүгдээрээ 2, 2 пиво ууцгаагаад гарсан. Бид нар Саппорогийн тэнд байрлах “Цэ” паабаас 23 цагийн үед гараад Галбадрахын гэр рүү явсан. Бид нар замдаа “тамхи авч татья” гээд замын эсрэг гарсан. Тэгтэл Саппорогийн эсрэг талын автобусны буудал дээр 1 ах “машин түрээд өг” гэж хэлэхээр нь Цэрэндаваа, Түвшинтөр, Галбадрах бид 4 машиныг нь түрж өгөөд байж байтал Түвшинтөр утсаар яриад яваад өгсөн. Бид нар буцаад доошоо алхаад явж байтал Цэрэндаваа Түвшинтөр алга болсон гэхээр нь бид нар хайгаад явж байтал “Рич” баарны үүдэнд Түвшинтөр нь манай ажлын газрын Цэрэнчимэдтэй уулзаад байж байсан. Тэгэхээр нь Цэрэндаваа, Галбадрах бид 3 тэд нар дээр очин Цэрэнчимэдтэй гар барин “юу байна” гээд байж байтал Түвшинтөр баар руу яваад орчихсон. Би баар руу орж Түвшинтөрийг олж авч гарахаар орсон. Би бааранд ортол бааранд зодоон болж байсан. Би тэрийг тоогоогүй цаашаа явж Түвшинтөрийг авчихаад буцаад гарах гэтэл зодоонд оролцож байсан улаан цамцтай залуу “гайхаад байна уу” гэж хэлсэн. Би түүнд “тийм юм байхгүй ээ, бид нар явлаа” гээд Түвшинтөрийг аваад гартал нөгөө улаан цамцтай залуу 10 гаруй залуучуудтай араас гараад ирсэн. Цэрэнчимэд, Түвшинтөр, Галбадрах, Цэрэндаваа, бид нар цаашаа явган хүний замаар алхаад явж байтал нөгөө залуучууд араас “ална” гээд орилоод өдөөд байсан. Тэгтэл улаан цамцтай Ижилээ гэх залуу нь Түвшинтөрийг ирээд нүүр рүү нь алгадаад над руу дайраад байхаар нь би хойшоо ухарсан. Тэгтэл улаан цамцтай нь гутлын түрийг бариад юм гаргаж ирэх гээд байсан. Тэгэхээр нь би “больё, та нар хутгатай юм байна, уучлаарай” гэтэл 4-5 залуучууд над руу дайрч намайг зодсон. Тэгээд намайг зодохоо болиод би босоод зогстол Цэрэнчимэд “та нар манай ахыг яагаад байгаа юм бэ” гээд ороод ирсэн. Тэгээд Цэрэнчимэд тэр улаан цамцтай залуутай нь зууралдаад авсан. Би салгах гэтэл Цэрэнчимэдийг нэг залуу нь аваад явсан. Би тэдгээр залуучуудад “та нар ингээд явж болохгүй юм уу” гэхэд улаан цамцтай залуу нь “машинаас хутга аваад ир” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би айгаад саад руу дөхсөн. Тэгтэл саарал куртиктэй залуу “манай ах шоронд орсон, ахиад ороход алзах юм байхгүй шүү” гээд байсан. Тэгтэл ногоон цамцтай залуу замын брюжуранд 1 пивоны шил хагалахаар нь “бид нарыг гэмтээх нь гэж бодоод би саадны хашлага давж үсэртэл намайг нэг нь араас зулгаах шиг болсон. Тэгээд би бүр цаашаа саадны тийшээ очсон. Би эргээд хартал манай хэдээс хэн нь ч байгаагүй. Нөгөө саарал куртиктэй залуу нь намайг дуудаад байхаар нь би цаашаа чигээрээ яваад өгсөн. Би явж байгаад өмссөн куртикээ үзтэл зүүн ханцуй нь зүсэгдсэн, ар нуруу хэсэгт ирмэгтэй зүйлээр хатгасан байсан. Тэгээд би Цэрэндаваа руу залгатал “андаа нөгөө газраа хүрээд ир, цагдаа дуудчихсан байна” гэхээр нь би яваад очтол Галаа байхгүй байсан. Манай найзууд Галааг хутгалуулаад эмнэлэг авч явсан гэж хэлсэн. Бид нар хүний 2 пиво уусан байсан. Бид нар согтоогүй байсан. Улаан цамцтай залуу нь “машинаас хутга аваад ир” гээд орилоод байсан. Галбадрахын нурууг хэн гэмтээснийг мэдэхгүй байна. Тухайн залуучууд намайг өөр хүнтэй андуураад дайраад байсан. Би тэд нартай маргалдсан зүйл байхгүй. Намайг тэдгээр 5-6 залуу нийлээд газар унагаагаад дээрээд дэвсээд өшиглөсөн. Одоо миний биед гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-18-19/,

Гэрч Б.Цэрэндаваагийн: “...2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой ажил тараад шөнө түргэн авна гэхээр нь ойрхон ажлын газрын Галбадрахынд хононо гээд би Амарбилэг, Түвшинтөр Галбадрах нарын хамт 22 цагийн үед Саппорогийн Шөлөндөө орж хоол идчихээд “Цэ” пааб орж бүгдээрээ 2, 2 пиво ууцгаагаад гарсан. Бид нар Саппорогийн тэнд байрлах “Цэ” паабаас 23 цагийн үед гараад Галбадрахын гэр рүү явсан. Бид нар замдаа “тамхи авч татъя” гээд замын эсрэг гарсан. Тэгтэл Саппорогийн эсрэг талын автобусны буудал дээр нэг ах “машин түрээд өг” гэж хэлэхээр нь Амарбилэг, Түвшинтөр, Галбадрах бид 4 машиныг нь түрж өгөөд байж байтал Түвшинтөр утсаар яриад яваад өгсөн. Бид нар буцаад доошоо алхаад явж яваад Түвшинтөрийг хайсан. Тэгтэл Түвшинтөр “Рич” баарны үүдэнд ажлын газрын Цэрэнчимэдтэй уулзаад байж байсан. Тэгэхээр нь Амарбилэг, Галбадрах бид 3 тэд нар дээр очин Цэрэнчимэдтэй гар барин “юу байна” гээд байж байтал Түвшинтөр баар руу яваад орчихсон. Амарбилэг Түвшинтөрийг авах гээд баар руу орсон. Удалгүй Түвшинтөр, Амарбилэг 2 баарнаас гарч ирсэн Амарбилэг ...“дотор зодоон болж байна, тэгсэн чинь хажуугаар нь явсан чинь нэг залуу нь “юугаа хараад байгаа юм” гэж хэлсэн гэсэн. Тэгээд бид нар зам дагаад алхаад явж байтал араас танихгүй хэдэн залуучууд ирээд намайг нэг малгайтай сахалтай залуу нь барьж аваад зам руу түлхээд ...бид хоёр орсон. Улаан цамцтай залуу нь Амарбилэгийг заамдсан байсан. Тэр малгайтай залуу бид хоёр нэлээн удаан заамдалцсан. Тэгтэл цаанаас Түвшинтөр тэр залууг надаас ирж салгасан. Тэгтэл Галбадрах “хутгалуулчихлаа” гэж орилсон. Би замаас гаран хашлага даваад Галдбадрах дээр гүйгээд очтол нуруугаа дараад байсан. Түүний нурууг нь үзтэл куртик нь нэвтрээд цус гараад нуруунаас нь цус гарч байсан. Би тэгээд цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирсэн байхад Амарбилэг бид нар дээр ирсэн. Бид нар хүний 2 пиво уусан байсан. Бид нар согтоогүй байсан. Би хараагүй болохоор мэдэхгүй байна.Тухайн залуучууд яагаад бид нар дээр ирсэнийг би мэдэхгүй байна. Бид нар хэнтэй ч маргалдаж муудалцаагүй. Намайг цохиж зодоогүй, миний биед гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Бид нар дээр 8-9 залуучууд ирсэн. Намайг заамдаж авсан залууг харвал би танина...” гэх мэдүүлэг /хх-20/,

Гэрч П.Түвшинтөрийн: “...2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой ажил тараад шөнө түргэн авна гэхээр нь ойрхон ажлын газрын Галбадрахынд хононо гээд би Амарбилэг, Цэрэндаваа, Галбадрах нарын хамт 22 цагийн үед Саппорогийн шөлөндөө орж хоол идчихээд “Цэ” пааб орж бүгдээрээ 2, 2 пиво ууцгаагаад гарсан. Бид нар Саппорогийн тэнд байрлах “Цэ” паабаас 23 цагийн үед гараад Галбадрахын гэрлүү явсан. Бид нар замдаа тамхи авч татъя гээд замын эсрэг гарсан. Тэггэл Саппорогийн эсрэг талын автобусны буудал дээр нэг ах “машин түрээд өг” гэж хэлэхээр нь Амарбилэг, Цэрэндаваа. Галбадрах бид 4 машиныг нь түрж өгөөд байж байгаад би цаашаа АТМ орох гээд явсан. Би” АТМ” орчихоод Цамбын автобусны буудал дээр зосож байтал ажлын газрын Чимэдчимэд баарнаас гарч ирлээ гээд зогсож байсан. Тэрээр намайг “юу байна” гэхээр нь би “юмгүй дээ” гээд мэнд мэндэлсэн. Тэгтэл араас Амарбилэг, Цэрэндаваа. Галбадрах нар бид хоёр дээр ирсэн. Би “Рич” баарны хажуу талын дэлгүүр онгорхой байна гэтэл дэлгүүр хаалттай байсан. Тэгээд би Чимэдээг хэнтэй явж байгааг нь харах гээд дотогшоо баар руу орсон. Тэгтэл араас Амарбилэг орж ирсэн. Тухайн бааранд зодоон болж байхаар нь Амарбилэг бид хоёр шууд гарсан. Амарбилэг бид хоёр Галбадрах, Цэрэндаваа нарын хамт явах гээд зам дагаад алхаж байтал араас бааранд зодоон хийж байсан залуучууд гарч ирээд Амарбилэг рүү дайрсан. Бид нар Амарбилэгийг салгах гэтэл Цэрэндавааг 1 залуу нь бас заамдаад авсан байсан. Цэрэндавааг би салгаж байтал намайг саарал куртиктэй залуу нүд рүү цохисон. Би Цэрэндавааг салгаад цаашаа шууд явсан. Би Цэрэндавааг аваад цаашаа явж байтал Цэрэндавааг Галбадрах дуудаад хутгалуулсан гэж хэлсэн. Тэгээд Галбадрах дээр яваад очтол Галбадрахын нуруунаас цус гарч байсан. Тэгээд цагдаа дуудсан. Бид нар хүний 2 пиво уусан байсан. Бид нар согтоогүй байсан. Галбадрах яаж гэмтсэнийг би хараагүй болхоор мэдэхгүй байна. Тухайн залуучууд яагаад бид нар дээр ирснийг би мэдэхгүй байна. Бид нар хэнтэй ч маргалдаж муудалцаагүй. Саарал куртиктэй залуу намайг нүд рүү цохисон. Одоо миний нүд гайгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Тэдгээр залуучуудыг одоо харвал таних эсэхээ би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-21/,

Гэрч С.Ижилбаатарын: “Өчигдөр би 18 цагийн үед ганцаараа “Рич” бааранд орсон... Тэгтэл гаднаас 23 цагийн үед Чинбат, Бямбагарав, Мөнх-Эрдэнэ нар халамцуу орж ирсэн. Тэр гурав орж ирээд 1 шил архи захиалан уусан. 1 цаг гарны дараа би ДЖ-ний ард сууж байтал хамгаалагч Баясгаа гэх залуу “танай гурван найз гадаа зодоон хийгээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очтол Чинбат уулзвар дээр нэг залуутай барьцалдаад зогсож байсан. Би Чинбатыг салгаад явах гэтэл Бямбагарав хажууд пивоны шил хагалаад барьчихсан байсан. Би очоод Бямбагаравыг салгах гэтэл Бямбагарав шилтэй гараараа нэг залуугийн нуруу руу далайх шиг болсон. Тэгтэл нөгөө залуу нь хашлага даваад зугтаачихсан. Чинбатыг аваад Бямбагарав бид гурав такси барих гээд байж байтал цагдаа нар ирээд бид нар цагдаа руу авч явсан. Би өчигдөр улаан цамцтай байсан. Тэр залуучуудыг  танихгүй. Би зодуулаагүй миний биед уичрсан гэмтэл шарх байхгүй. Би архи уугаагүй эрүүл байсан. Бид нарт хутга байгаагүй. Хэн ч хутга аваад ир гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-26/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.08-ны өдрийн 14025 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С.Г-н биед нурууны зүүн хэсэгт шарх, зүүн гуяны дотор хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрхи гэмтэл нь гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-32/,

Б.Бын яллагдагчаар өгсөн: “...Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн үед би гэрээсээ найз Чинбаттай уулзах гэж гарсан. Бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд уулзсан, ...дэлгүүрээс 0.5 литрийн “Соёрхол” архи аваад гадаа 62 дугаар сургуулийн ойр хавьд сааданд уусан. ...архийг ууж дуусчихаад 1-2 цаг болсоны дараа бид хоёр “баар оръё” гэж тохироод тэндээсээ такси бариад ...Рич бааранд орсон. Бид хоёр ойролцоогоор 00 цагийн үед ...Бааранд ороод бид хоёр хүний 2, 2 нийт 4 шил пиво захиалан авч уусан. Бид хоёр бааранд таньдаг ах Ижилбаатартай таарсан. Чинбат бид хоёр Ижилбаатарыг тэнд ажилладаг гэж мэдээгүй өмнө нь зүс мэддэг байсан. Бид хоёр Ижилбаатартай мэнд мэдэлцээд өнгөрсөн. ...Удалгүй Чинбат “гадаа тамхиллаа” гээд гараад явсан. Би мөн Чинбатын араас тамхилах гээд гарсан. Тэгтэл баарны үүдэнд Чинбат танихгүй нэг залуутай хамт ...тамхи татаад зогсож байсан. Би Чинбатаас тамхи аваад дөнгөж асаагаад зогсож байтал цаанаас танихгүй 3-4 залуучууд бид гурав дээр хүрч ирсэн. Тэдгээр залуучуудын нэг залуу нь намайг “хэн юм” гээд байсан. Чинбат намайг “цаашаа ор, ор” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тамхиа татаж дуусчихаад оръё” гэж бодоод зогсож байтал нөгөө залуучуудын хоёр залуу нь “чи хэн юм, юу юм яах гээд байгаа юм” гээд намайг хоргоогоод байсан. Тэдгээр залуучууд бүгдээрээ согтуу байсан. Би тэр хоёр залуутай маргалдаж эхэлсэн. Тэгтэл Чинбат намайг “за, за одоо хоёулаа харья аа, замаас такси барья” гээд бид хоёр зам дагуу алхаж байтал араас нөгөө 4-5 залуучууд Чинбат бид хоёрын араас гүйж ирээд үгийн зөрүүгүй нэг урт бараан өнгийн куртиктэй залуу нь Чинбатыг хавирч унагасан. Чинбат босч иртэл тэр залуу нь Чинбатыг хоолойгоор нь боогоод байсан. Тухайн... залуу нэлээн согтуу байсан. Над дээр хоёр залуу нь ирээд намайг заамдаад бариад авсан. Чинбаттай гадаа хамт тамхилаад зогсож байсан залуу нь хажууд хараад зогсоод байсан. Тэгээд тухайн залуучууд намайг зодчих гээд байхаар нь би буцаж баар руу гүйгээд Ижилбаатарыг дуудсан. Би Ижилбаатарт “гадаа хэдэн залуучууд явахуулахгүй байна, салгаад явуулаад өгөөч” гэж хэлсэн. Ижилбаатар намайг “түрүүлээд гарч бай” гэхээр нь би гараад алхаж байтал Ижилбаатар араас гараад ирэхээр нь бид хоёр нөгөө залуучууд дээр замын цаана очсон. Чинбат нэг залуутай нь муудалцсан байдалтай байсан. Тэгтэл нөгөө залуучуудын нэг залуу нь “чи хүн дуудлаа” гээд орилоод байсан. Тухайн орилоод байсан залуу нь Чинбатыг хавирч унагасан залуу байсан. Тэдгээр залуучууд мөн Ижилбаатартай муудалцах гээд байсан. Би тэр үед буцаад баар руу “хамгаалагчийг нь дуудъя” гэж бодоод зам гаран гүйж байтал хөлд пивны шил тээглэсэн. Тэгэхээр нь би тэр газарт байсан хоосон пивоны шилийг аваад суурь бетон дээр пивоны шилийг амсар хэсгээр нь барьж байгаад ёроолоор нь хагалаад буцаад зам гараад нөгөө хэд дээр очоод нэг залуугийнх нь нурууг шилээр зүссэн. ...тэд нар орилдоод “цагдаа дуудна” гээд байсан. Нөгөө залуучууд бүгдээрээ замын урагшаа гарч явсан. Чинбат, Ижилбаатар бид гурав буцаад баар руу чиглэн яваад баар руу орчихоод би буцаад гараад ирэхэд зодоон болсон газар цагдаа нар ирсэн байсан. Би өөрөө цагдаа нар дээр явж очсон. Араас Чинбат, Ижилбаатар хоёр мөн цагдаа нар дээр ирсэн. Ижилбаатар архи уугаагүй эрүүл байсан. Чинбат бидх хоёр нэлээн согтсон байсан, би бас зарим зүйлийг санахгүй байна, тэр үеийн ухаан санаа орж гараад л байсан согтуу байсан... Ижилбаатар улаан цамцтай, би ногоон цамцтай... Чинбат саарал өнгийн куртиктэй байсан санагдаж байна. Би тэр залуучуудыг танихгүй, өмнө нь маргалдан муудалцаж байгаагүй. Ижилбаатар тэдгээр залуучуудыг танихгүй. Чинбат 1 залууг нь таньдаг юм шиг байсан. Чинбат бид 2 яагаа ч үгүй. Би тамхи татах гээд байж байхад л өөрсдөө ирээд “чи юу юм” гээд томроод байсан. Урт бааран өнгийн куртиктэй залуу нь хавирч унагаасан. Би зам гарч гүйж очоод л нгэ залуугийнх нь нурууг шилээр зүссэн. Би яг ямар хувцастай, ямар дүр төрхтэй хэн гэх залуугийх нь нурууг гэмтээснийг мэдэхгүй байна. Би согтуу байсан учраас яагаад хүний нурууг шилээр зүссэнээ одоо ойлгохгүй байна. Согтуугийн л гай гэж бодож байна. ....пивоны шилийг ...тэр ойр хавьд л шидчихсэн. Бид нарт хутга байгаагүй. Бид гурваас тэгж орилсон хүн байхгүй. Чинбатыг нэг нь хавирч унагаасан. Өөрөөр бид гурав зодуулсан зүйл байхгүй. Би нэг залуугийнх нь нурууг пивоны шилээр зүссэн өөр зүйл байхгүй. Тэдгээр залуучууд нэлээн согтуу байсан. Миний санаж байгаагаар 4-5 залуу байсан. ...”хутга аваад ир” гэж хэлсэн хүн байхгүй. Миний биед гэмтэл шарх учраагүй учраас би шүүх эмнэлэгт үзүүлээгүй...”,

“...Надад өмнө нь өгсөн байцаалтан дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид учирсан хохирлыг удахгүй төлж барагдуулна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-80-81, 82/,

Хохирогч С.Гаас гаргасан өргөдөл /хх-3/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/, хохирлын баримт /хх-14/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-16-17/, шүүгдэгчийн иргэний мэдээлэл, лавлагаа /хх-46/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-58, 60/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Бямбаргарав нь 2017 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Рич” баарны үүдэнд иргэн С.Гын нуруу болон гуя хэсэгт пивоны шилээр зүсэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтууд буюу хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд баримтаар нотлогдсон 867500 төгрөгийг шүүгдэгчээс 3 сарын хугацаанд гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд 360 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-с 867.500 /найман зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөгийг 3 сарын хугацаанд гаргуулж хохирогч С.Г-д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

              

 

                   ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР