Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 128/шш2024/0550

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:“А*******” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Маргааны төрөл: МВ-01******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа хариуцагчийн хууль бус үйлдлээс болж 1 сар 15 хоног тасалдсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, энэхүү харилцааг нөхөж эдлэх боломжтой эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Даариймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.“А*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан ““А*******” ХХК-ийн МВ-01******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа хариуцагчийн хууль бус үйлдлээс болж 1 сар 15 хоног тасалдсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, энэхүү хугацааг нөхөж эдлэх боломжтой байсныг зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Ашигт малтмал, газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Өргөдлийг хянан, ашигт малтмалын ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай” 459 дүгээр шийдвэрээр Дорноговь аймгийн А******* сумын нутаг дахь “Х******* 1” нэртэй 323.68 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 1*******А дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар “А*******” ХХК-д олгожээ.

 3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 359 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн МВ-01******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

4.Харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 416 дугаар шийдвэрээр 5 дахь жилийн төлбөрийг 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төлсөн гэх үндэслэлээр сэргээж шийдвэрлэжээ.

5.Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгох тухай” 275 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг MV-1******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож шинээр MV-01******* дугаар гэрчилгээ, хавсралтуудыг нөхөн олгосон байна.

6.Нэхэмжлэгчээс “тусгай зөвшөөрлийг сэргээсэн өдрөөс хугацааг тоолох ёстой” гэж, хариуцагчаас “шүүхийн шийдвэрээр сэргээгээгүй тул хугацааг олгосон өдрөөс үргэлжлүүлнэ тооцно” гэж тус тус маргасан.

7.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/...MV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 359 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан.

Тухайн үед 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бямба гараг байсан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 47 дугаар зүйлийн 47.4. “Хугацааг тоолох” тодорхойлоход Иргэний хуульд заасан журмыг баримтална.", Иргэний хуулийн 72.2. “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” гэж заасны баримтлан 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Даваа гарагт тусгай ээлжит жилийн төлбөрийг төлсөн байсан.

 Улмаар дээрх хуулиудын зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн байсан тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 416 дугаар шийдвэрээр “Тусгай зөвшөөрлийн эрх"-ийг сэргээж шийдвэрлэсэн.

Гэтэл тусгай зөвшөөрөл цуцлагдсан байсан 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 45 хоног буюу хуанлийн 1 сар 15 хоногийг хугацааг өнөө хэр нөхөн олгоогүй байна.

 Энэ тухай Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/2229 дугаар албан бичигт: "...Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 359 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалжээ. Дээрх шийдвэрийн танай компанид холбогдох хэсгийг Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 416 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл хүчингүй байх үеийн таслалдсан 1 сар 15 хоногийн хугацааг нөхөн олгоогүй байна..." гэж хүлээн зөвшөөрсөн байна.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8."Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэсэнтэй адилтган хэрэглэх боломжтой гэж үзсэн байх.

Хэрвээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дээрх 1 сар 15 хоногийн хугацааг нөхөн олгосон бол манай компанийн төлбөр төлөх сүүлийн өдөр болох 07 дугаар сарын 27-ны өдөр 09 дүгээр сарын 03-ны өдөр болж хойшилж, бидний төлбөр төлсөн өдөр болон 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нь 1 сарын алдангитай хугацаандаа б******* хамрагдаж манай компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдахгүй, эрх ашиг зөрчигдөхгүй, асуудлыг заавал шүүхийн журмаар шийдвэрлүүлэхгүй байх боломжтой байсан.

2/Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол дахь Америкийн худалдааны танхим хамтран “Хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр (2021.10.26) "...Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны хувьд нээлттэй, таатай орон бөгөөд Засгийн газраас 29 улстай “Давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээр", 24 улстай “Худалдаа эдийн засгийн ерөнхий хэлэлцээр", 42 улстай “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээрийг байгуулсан.

Гэсэн ч хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад эрх зүйн баталгаа олгох, дэмжих, хөрөнгө оруулалтын үр ашгийг илүү шинэ түвшинд гаргах нь чухал болоод байна. “...Зэсээ, алтаа, нүүрсээ баяжуулах хэрэгтэй байна." гэж хэлсэн байдаг. Манай компани БНХАУ-ын 100% хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бөгөөд хайлуур жонш баяжуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн.

Монгол Улсын Их Хурлын даргын дурдсан "Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай" хоёр талт хэлэлцээрийг байгуулсан 42 улсын нэг нь БНХАУ юм.

"Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай" хоёр талт хэлэлцээр нь Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2. "Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэж заасан үйлчлэлийг үзүүлдэг. Энэ утгаараа "Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хоорондын гэрээ"-г үндэслэн "Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг"-т бүхэлдээ давхцалтай байсан Америкийн Нэгдсэн Улсын хөрөнгө оруулалттай “И т*******” ХХК, тухайн үед Оросын холбооны Улсын хөрөнгө оруулалттай байсан “М*******” ХХК -ийн тусгай зөвшөөрлийг гаргасан байна.

“Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай" Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хоорондын 1991 оны хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 1-т “ Хэлэлцэн тохирогч Улсууд бие биеийнхээ нутагт оруулсан өөрсдийнхөө хөрөнгө оруулагчдын хөрөнгө, түүний орлого болон хөрөнгө оруулалттай холбогдсон үйл ажиллагаанд шударга, адил тэгш хандах бөгөөд тэдгээр нь хэлэлцэн тохирогч аль ч Улсын нутаг дэвсгэрт хамгаалалтад байна.

Энэ зүйлийн 1 дүгээр заалтад дурдсан хандлага болон хамгаалалт нь гуравдагч аливаа улсын хөрөнгө оруулагчаас оруулсан хөрөнгө, түүний өгөөж болон хөрөнгө оруулалттай холбогдсон үйл ажиллагаанд олгодгоос дутуугүй тааламжтай байна." гэжээ.

Монгол Улс Америкийн Нэгдсэн Улс болон Оросын холбооны Улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд олгосон тааламжтай нөхцөл буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар ашигт малтмал ашиглах, хайгуулын үйл ажиллагаа эрхлэх нь хориглогдож цуцлагдах нөхцөл бүрдсэн байтал, тухайн хуулийн үйлчлэлээс гаргаж үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангасан байдаг.

“Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хоорондын 1991 оны хэлэлцээр болон Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2."Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.8.”Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно.” гэж заасны дагуу манай компанийн MB-01******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа хариуцагчийн хууль бус үйлдлээс болж 1 сар 15 хоног тасалдсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, энэхүү хугацааг нөхөж эдлэх боломжтой байсныг зөвшөөрүүлэх журмаар оруулсан хөрөнгө оруулалтаа зайлшгүй хамгаалах шаардлагатай байна” гэжээ.

8.Хариуцагч шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

          1/...Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т”Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, гэж 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, гэж 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж хуульчилсан.

           Гэтэл “А*******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан тусгай зөвшөөрлийг олгосон өдөр буюу 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөх ба мөн зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө төлөөгүй гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу ашигт малтмалын MV-01******* тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" 351 дүгээр шийдвэрээр цуцалсан байна.

          2/ “А*******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан тусгай зөвшөөрлийг олгосон өдөр буюу 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөх ба мөн зүйлийн 34.6-д "Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна", гэж 34.7-д “...Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх..." гэж заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөх хуулийн зохицуулалттай байна.

           Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрийг 2013 оны 07 сарын 29-ний өдөр төлсөн байсан ба Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “...Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх..." гэж заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөх зохицуулалттай байхад 7 хонгийн өмнө Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 351 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын MV-01******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзсэн.

          3/Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай" 416 дугаар шийдвэрээр “А*******” ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-1******* тоот тусгай зөвшөөрлийн 5 дах жилийн төлбөрийг 2013 оны 07 сарын 29-ний өдөр төлсөн байх тул тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, 5 дахь жилийн төлбөрийг хүлээн авч бүртгэж, Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 351 дүгээр шийдвэрийн "А*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" 351 дүгээр шийдвэрээс Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай” 416 дугаар шийдвэрийн хооронд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүчин төгөлдөр байх хугацаа 45 хоног тасалдсан байна.

          4/Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д "Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно.” гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэрээр бус Захиргааны байгууллагын өөрөө Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай" 416 дугаар шийдвэрээр Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 351 дүгээр шийдвэрийн “А*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь заалт хамаарахааргүй байна.

          5/"А*******” ХХК нь Дорноговь аймгийн А******* сумын нутаг дахь "Х******* 1” нэртэй 323.41 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын MR-01******* тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтуудыг үрэгдүүлж, нөхөн авах тухай хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгох тухай” 275 дугаар шийдвэрээр MV-01******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож шинээр MV-01******* тоот гэрчилгээ хавсралтуудыг нөхөн олгосон.

      Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 359 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн МВ-01******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, мөн хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 416 дугаар шийдвэрээр 5 дахь жилийн төлбөрийг 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төлсөн гэх үндэслэлээр сэргээжээ.

2.Ингэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг мөн оны 07 дугаар сарын 27-ны өдөөр тооцохоор системд бүртгэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс “тусгай зөвшөөрлийг сэргээсэн өдрөөс хугацааг тоолох ёстой” гэж, хариуцагчаас “шүүхийн шийдвэрээр сэргээгээгүй тул хугацааг олгосон өдрөөс үргэлжлүүлнэ тооцно” гэж тус тус маргажээ.

4.Нэхэмжлэгчид анх тусгай зөвшөөрлийг 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр олгож, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 359 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр цуцалж, мөн хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 416 дугаар шийдвэрээр сэргээхдээ хугацааг мөн өдрөөр тооцоогүй нь хуульд нийцээгүй байна.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, МВ-01******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа хариуцагчийн хууль бус үйлдлээс болж 1 сар 15 хоног тасалдсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, энэхүү харилцааг нөхөж эдлэх боломжтой байсныг зөвшөөрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.5-д заасныг үндэслэн

 

ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15, 33.16, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д  заасныг тус тус баримтлан “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, МВ-01******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа хариуцагчийн хууль бус үйлдлээс болж 1 сар 15 хоног тасалдсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, энэхүү харилцааг нөхөж эдлэх боломжтой байсныг зөвшөөрүүлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ