Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00697

 

 

2024 оны 6 сарын 19 өдөр Дугаар 155/ШШ2024/00697

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х***од түр оршин суух, Ч Б-ын О,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2024/00573/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1968 онд төрж, тус сумандаа 8 дугаар ангиа төгссөн. Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Мөрөн Пүүсийн харьяа Барилга угсралтын 1-р ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ноормчноор, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Эрчим ББХХ-д 1992 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байгаад чөлөөлөгдсөн юм.

Гэтэл өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн газруудад ажиллаж байсан хугацаанд ажилд орсон, гарсан тушаал, шийдвэр, цалингийн цэс байхгүй, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас олдохгүй байгаа учир миний ажиллаж байсан хугацаа тогтоогдохгүй байгаа юм.

Иймд миний Хөвсгөл аймгийн Мөрөн пүүсийн харьяа барилга угсралтын 1 дүгээр ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ноормчноор, Хөвсгөл аймгийн барилга угсралтын Эрчим ББХХК-д 1992 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийг дуустал хугацаанд ноормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн пүүсийн харьяа Барилга угсралтын 1 дүгээр ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгын нормчноор, Хөвсгөл барилга угсралтын Эрчим бүрэн бус хариуцлагатай компанид 1992 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан юм.

Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримт дутуу архиваас гарч ирэхгүй байгаа тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Ч овогт Б-ын Оийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 11/431 дугаартай албан бичиг, Б-ын Оийн №220427 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-5 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ц.Б, С.Н нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 19-25 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газраас Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 155/ШШ2021/00820 дугаартай захирамж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2020/00956 дугаартай шийдвэр, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трест, Барилга угсралтын Эрчим ББХК-ийн баримт бий эсэх талаар лавлагаа, БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай 20 дугаартай тушаал, БУТ-ийн даргын 1990-01-17-ны өдрийн 27 тушаал, түүний хавсралтын хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Б-ын О нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан талаарх лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Оийн ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн CVL2467010001003676 дугаартай Б-ын Оийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Барилга угсралтын Эрчим ББХК-ийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, татан буугдсан, нэр өөрчлөгдсөн эсэх лавлагаа, Б-ын Оийн хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн эсэх лавлагаа, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас Барилга угсралтын Эрчим ББХК-ийн 1991-1994 онд Нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн эсэх лавлагаа зэрэг баримтуудыг тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 9, 11, 26-59 дүгээр хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн пүүсийн харьяа Барилга угсралтын 1 дүгээр ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор, Хөвсгөл аймгийн барилга угсралтын Эрчим ББХК-д 1992 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.О нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Б.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн пүүсийн харьяа Барилга угсралтын 1 дүгээр ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Эрчим ББХХоршоонд 1992 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд тус тус нормчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Б- овогтой Од Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1987 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон №220427 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас)

БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай 20 дугаартай тушаал, БУТ-ийн даргын 1990-01-17-ны 27 тоот тушаалын ...Овог нэр 8.Б.О, албан тушаал ажилчин.... гэх бичилт бүхий №1 хавсралт, (хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Барилга трест, Ажилд орсон он гэх хэсэгт 1987, цех, тасаг, бригад гэх хэсэгт МААН Хөнжил хэсэг, эрхэлдэг ажил гэх хэсэгт үхэрчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1987, оршдог сум район гэх хэсэгт Мөрөн гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар,

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Барилга угсралтын Эрчим ББХК-ийн 1991-1994 онд Нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн төлбөрийн даалгавар архивт байх тул компанийн ажиллагсдын тоо, ажилтны нэрсээр байхгүй болно. Иймд Б-ын О -ийн нэрээр гаргах боломжгүй байна. гэх бичилт бүхий 218 дугаартай албан бичиг, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Барилга угсралтын Эрчим ББХК-ийн 1992, 1994 онд нийгмийн даатгал төлж байсан талаарх лавлагаа, (хавтаст хэргийн 55, 56 дугаар хуудас)

Гэрч Ц.Бы ...Б.О нь Хөвсгөл мөрөн пүүсийн харьяа барилга угсралтын 1 дүгээр ангид нормчноор 1991-1995 онд надтай хамт ажиллаж байсан. 1991 онд намайг Хөвсгөл Мөрөн пүүсийн харьяа барилга угсралтын 1 дүгээр ангид ажилд ороход Б.О нь ажилаж байсан. Би 1995 онд ажлаасаа гарсан. Тэгэхэд бас Б.О нь ажиллаж байсан. ... гэх мэдүүлэг,

Гэрч С.Нгийн ...Б.О нь 1987 онд Барилга угсралт трест төгсөөд тэндээ 1990 он хүртэл ажиллсан. Тэгээд Хөвсгөл Мөрөн пүүсийн харьяа барилга угсралтын 1 дүгээр ангид нормчноор 1990-1992 он хүртэл ажиллаж байсан. Үүний дараа Мөрөн пүүс нь Эрчим бүрэн бус хариуцлагатай хоршоо болоод тэндээ 1992-1995 он хүртэл ажилласан. Ингээд тус байгууллага нь дампуурсан.... гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 20, 23 дугаар тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.О нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Мөрөн пүүсийн харьяа Барилга угсралтын 1 дүгээр ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Эрчим ББХХоршоонд 1992 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд тус тус нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч Б-ын Оийн Хөвсгөл аймгийн Мөрөн пүүсийн харьяа Барилга угсралтын 1 дүгээр ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Эрчим ББХХоршоонд 1992 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд тус тус нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН