| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00630/И |
| Дугаар | 155/ШШ2024/00696 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2024/00696
2024 оны 6 сарын 19 өдөр Дугаар 155/ШШ2024/00696
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***т оршин суух, О Д-гийн Б,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2024/00630/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Д-гийн Б нь Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1969 онд төрсөн. Их-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 10 дугаар анги төгсөж Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаад, цэрэгт яваад 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл буюу нэгдэл тартал малчнаар ажилласан юм.
Би 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ардын армийн 065 дугаар ангид цэргийн алба хаасан.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн, мөн зарим ажилд орсон гарсан тушаал, цалингийн түүвэр дутуу зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Д.Б миний Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүсэлтийн шаардлагыг дараах байдлаар тодруулсан. Үүнд: Би 1990 оноос хойш нийгмийн даатгалаа нөхөн тооцуулсан тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлье. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулж байна гэв.
Нэхэмжлэгчээс: О овогт Д-гийн Бын иргэний үнэмлэхийн хуулбар, Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 06/781 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, Хөвсгөл аймаг Их-Уул сумын Саруул амьдрал нэгдлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай 1986-1987 оны хичээлийн жилд 8, 10-р анги төгсөж шууд үйлдвэрлэлд хуваарьлагдагсдыг аижлд томилох тухай тушаал болон түүний хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын Хурлын Гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Их-Уул сумын Саруул амьдрал нэгдлийг хувьчлах тухай 23 дугаартай тогтоол болон түүний хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ...Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул- Амьдрал нэгдлийн даргын 1991 оны тушаал шүүж үзэхэд Д.Быг малчнаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. ... гэх бичилт бүхий 11/469 дугаартай албан бичиг, №1707000852 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны хуулбар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 3/146 дугаартай албан бичиг, Д-гийн Бын 1988 оны 2-5, 11, 12 дугаар саруудад Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын баримтад Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-12 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр О.А, Т.Ла нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 22-27 дугаар тал)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Бын ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Архивын тасгаас Д-гийн Б нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1987-1988, 1990-1992 оны хооронд ажиллаж байсантай холбоотой тушаал шийдвэр бий эсэх лавлагаа зэрэг баримтуудыг тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 28-31, 34-38 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулсан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчин, малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймаг Их-Уул сумын Саруул амьдрал нэгдлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1986-1987 оны хичээлийн жилд 8, 10-р анги төгсөж шууд үйлдвэрлэлд хуваарьлагдагсдыг аижлд томилох тухай №32 дугаартай тушаал болон түүний ...№7. Овог нэр Д-гийн Б, эрэгтэй, эмэгтэй Эр, хаа ямар ажилд хуваарилагдсан 1-р хэсэгт малчин... гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас)
Хөвсгөл аймгийн Ардын Хурлын Гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Их-Уул сумын Саруул амьдрал нэгдлийг хувьчлах тухай 23 дугаартай тогтоол болон түүний ...д/д 272, овог нэр Д- Б... гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 5, 6 дугаар хуудас)
Д- овогтой Бын 1988 оны 2-5, 11, 12 дугаар саруудад Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын баримтад Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Саруул амьдрал нэгдэл, Ажилд орсон он гэх хэсэгт 1987, цех, тасаг, бригад гэх хэсэгт 2-р хэсэг, эрхэлдэг ажил гэх хэсэгт үхэрчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1987, оршдог сум район гэх хэсэгт Их-Уул гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас)
Гэрч О.Аийн ...Д.Б нь 10 дугаар ангиа төгсөөд 1987 оноос эхлээд 1 жил гаруй хугацаанд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд миний туслах малчнаар ажиллаж байгаад цэрэгт татагдсан. Тэгээд 1 жилийн хугацаанд цэргийн алба хааж ирээд, 1990 оны сүүлээс эхлээд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байгаад, нэгдэл тарахад хувийн малаа аваад гарсан. ... гэх мэдүүлэг,
Гэрч Т.Лын ....Д.Б нь 10 дугаар ангиа төгсөөд 1987 оноос эхлээд 1 жил гаруй хугацаанд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд миний туслах малчнаар ажиллаж байгаад цэрэгт татагдсан. Тэгээд 1 жилийн хугацаанд цэргийн алба хааж ирээд, 1990 оны сүүлээс эхлээд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байгаад, нэгдэл тарахад хувийн малаа аваад гарсан. ... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 23, 26 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгч Д.Б нь 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 3 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О Д-гийн Бын Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН