| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0004/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Соронзонболд
улсын яллагч Г.Мөнхбаяр,
шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Хүрэлбаатарын Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710000000173 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1966 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ТЭЦ-4 ТӨХК-д үйлчлэгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Хүрэлбаатарын Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Э нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 19:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 7 дугаар хэсэг 49 тоотод иргэн эхнэр Ц.Нг архи уулаа гэх шалтгаанаар зодож, түүний бие махбодид нь баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Х.Э: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчтой эвлэрсэн, заавал гар хүрэхгүйгээр хэл амаараа учраа олж болох байсан, би уурандаа ийм зүйл хийлээ, дахиж эхнэртэй гар хүрэхгүй, цаашид хамтдаа сайхан амьдрах болно...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед өөрийн төрсөн дүү Энхтуяагийн гэр болох Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 7 дугаар хэсгийн 50 тоотод дүүгийн хамт 0.5 литрийн архи хувааж уугаад сууж байхад гаднаас манай нөхөр Х.Э хүү Аийн хамт орж ирээд “гэртээ орьё, юу хийгээд архи уугаад сууж байгаа юм бэ” гээд уурлаад гарсан. Ингээд гэртээ ороод байж байхад нөхөр архи уулаа гэж уурлаж, баруун гараараа баруун нүдний ухархай хэсэгт цохисон, тэр үед хамрын нуруу зулгарч, нүд хавдсан. Тухайн үед манай дүү Энхтуяа цагдаад дуудлага өгсөн байсан. ...Манай нөхөр Х.Э намайг цохиж зодож байгаагүй, манай нөхрийн бие их муу байгаа болохоор түргэн уурлаад байдаг болсон юм. ...Би гомдолгүй, миний буруугаас болж ийм асуудал гарсан...” /хх-ийн 13-14/ гэсэн,
Насанд хүрээгүй гэрч Э.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед өөрийн эцэг Х.Эын хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 7-49 тоот дахь гэртээ очсон. Аав бид хоёр гэртээ ороход гэрт хүн байхгүй, ээж хажуу талд дүү Энхтуяагийн гэрт орсон байсан. Тэгээд аав бид хоёр дүүгийнх нь гэр рүү ороход ээж дүүтэйгээ архи ууж байсан. Тэр үед аав уурлаад алив гарья гээд бид гурав хамт гарсан. Гэртээ орсны дараа эцэг Эрдэнбаатар, эх Н нар хэрэлдэж эхэлсэн, тэгээд аав уурлаад ээжийг нэг удаа гараараа цохисон. Тэр үед би болиулж салгасан...” /хх-ийн 15-16/ гэсэн,
Шүүгдэгч Х.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 18 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр байхгүй байхаар нь хөрш болох эхнэрийн дүү Энхтуяагийн гэрт ороход манай эхнэр Ц.Н дүүтэйгээ 0.5 литрийн архи уугаад сууж байхаар нь “чи яагаад архи ууж байгаа юм бэ” гэж загнаад гэр рүүгээ дагуулж ороод, “яах гэж архи уусан юм бэ” гэхэд өөдөөс хэрүүл хийгээд буцаж орох гээд байхаар нь баруун гараараа баруун нүд рүү нь нэг удаа цохьсон. Тэгсэн эхнэрийн дүү цагдаад дуудлага өгсөн байсан. Тухайн үед би орой ажлаа тараад ирэхэд эхнэр айлд архи уугаад сууж байхаар нь гэнэт уур хүрээд цохиод авсан. ...Манай эхнэр бид хоёр урьд өмнө маргалдаж, зодолдож байгаагүй. ...Би өөрийн буруутай үйлдлийг ойлгож байна. Тухайн үед уураа барьж чадалгүй ийм асуудал болсон. Миний буруу гэдгийг сайн ойлгож байна...” /хх-ийн 23-24/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 12847 тоот дүгнэлт: “...Дүгнэлт: 1. Ц.Нгийн биед баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-ийн 12/ гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгч Х.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25, 27/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Х.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Х.Э нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 07 дугаар хэсэг 49 тоотод иргэн Ц.Нг “архи уулаа” гэх шалтгаанаар зодож, түүний бие махбодид нь баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Нгийн “...нөхөр архи уулаа гэж уурлаж, баруун гараараа баруун нүдний ухархай хэсэгт цохисон, тэр үед хамрын нуруу зулгарч, нүд хавдсан. Тухайн үед манай дүү Энхтуяа цагдаад дуудлага өгсөн байсан. ...Манай нөхөр Х.Э намайг цохиж зодож байгаагүй, манай нөхрийн бие их муу байгаа болохоор түргэн уурлаад байдаг болсон юм. ...Би гомдолгүй, миний буруугаас болж ийм асуудал гарсан...” /хх-ийн 13-14/ гэсэн,
Насанд хүрээгүй гэрч Э.Аийн “...2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед ... аав бид хоёр ээжийн дүүгийнх нь гэрт ороход ээж дүүтэйгээ архи ууж байсан. Тэр үед аав уурлаад алив гарья гээд бид гурав хамт гарсан. Гэртээ орсны дараа аав, ээж хоёр муудалцаад хэрэлдээд эхэлсэн, тэгээд аав уурлаад ээжийг нэг удаа гараараа цохисон. Тэр үед би болиулж салгасан...” /хх-ийн 15-16/ гэсэн,
Шүүгдэгч Х.Эын “...2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 18 цагийн үед ...Энхтуяагийн гэрт ороход манай эхнэр Ц.Н дүүтэйгээ архи уугаад сууж байхаар нь “чи яагаад архи ууж байгаа юм бэ” гэж загнаад гэр рүүгээ дагуулж ороод, “яах гэж архи уусан юм бэ” гэхэд өөдөөс хэрүүл хийгээд буцаж гарах гээд байхаар нь гараараа баруун нүд рүү нь нэг удаа цохьсон. Тэгсэн эхнэрийн дүү цагдаад дуудлага өгсөн байсан. Тухайн үед би орой ажлаа тараад ирэхэд эхнэр айлд архи уугаад сууж байхаар нь гэнэт уур хүрээд цохиод авсан. ...Би өөрийн буруутай үйлдлийг ойлгож байна. Тухайн үед уураа барьж чадалгүй ийм асуудал болсон. Миний буруу гэдгийг сайн ойлгож байна...” /хх-ийн 23-24/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12847 тоот дүгнэлт: “...Дүгнэлт: 1. Ц.Нгийн биед баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 12/ гэсэн дүгнэлт, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Эын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүхээс Х.Эыг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Нгийн биед “баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь хохиролтой холбоотой зардал нэхэмжлээгүй, “...гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 14/ гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, шийдвэрлэх хохирол төлбөр үгүй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүх, шүүгдэгч Х.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Х.Э нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт Х.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол тооцон төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Хүрэлбаатарын Эрдэнэбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.Эт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Э нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 17100000000173 тоот хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Ц.Н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Х.Э нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР