Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 128/шш2024/0546

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э*******,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.Ө*******,

Маргааны төрөл: Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.Ө*******ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн А.Э*******т холбогдох 08******* дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцсэн тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э*******, хариуцагч Б.Ө*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Н.Э*******ээс Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.Ө*******т холбогдуулан “Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.Ө*******ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн А.Э*******т 08******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт гаргасан.

2.Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах байцаагч Б.Ө******* 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн А.Э*******нээс гаргасан мэдээллийг бүртгэлийн 488 дугаартай бүртгэн, мөн өдрийн 08******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн А.Э*******ийг “Иргэний бүртгэлийн дүрмийн 2.7.1-д заасан заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

3.Иргэн А.Э******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шийтгэлийн хуудастай танилцан, Төрийн сангийн 100******* тоот дансанд торгуулийн 30,000 төгрөг (гучин мянган төгрөг)-ийг төлсөн байна.

          4....Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Н.Э******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  дүгнэлтдээ:

           “...Эрх бүхий албан тушаалтан Б.Ө******* нь “Үйлдсэн зөрчлөө сайн дураар илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай” тэмдэглэлдээ “... иргэний үнэмлэх бүртгэлийн дүрмийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэх бүртгэлийн дүрмийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэх, ҮЭГПОХЖ-8.3-т заасан гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээ цэвэр гамтай эзэмших, хадгалах, заалтыг зөрчсөн” зөрчлийг үйлдсэн зөрчлийг өөрөө илчилж ирсэн” гэж,

          “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэлдээ “улсын бүртгэлийн тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй гээгдүүлсэн үрэгдүүлсэн гэмтээсэн” гэх зөрчилтэй танилцаж гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэмдэглэл үйлджээ.

          Дээрх тэмдэглэлүүдийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан зөрчлийн холбогдогч А.Э*******т 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шийтгэлийн 08******* дугаартай хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэмэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

          Засгийн газрын 2018 оны 396 дугаар тогтоолоор батлагдсан “Иргэний үнэмлэхийн дүрэм”-ийн 2.7.1-д иргэн “иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах” үүрэгтэй гэж, дүрмийн 3.4-т “Хадгалж байгаа иргэний үнэмлэхийг гээсэн үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан энэ дүрмийн 2.8-2.12-т заасан иргэн, байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус журамласан.

          Дээрх дүрмийн заалтаас үзэхэд, иргэний үнэмлэхийг ашиглаж байгаа иргэн биш, харин хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын иргэний үнэмлэхийг хариуцаж байгаа этгээд гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ.

          Иймд иргэн өөрийн иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйг Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.   

          Гэтэл эрх бүхий албан тушаалтан иргэн А.Э*******ийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж дүгнэн түүнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Б.Ө*******ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн А.Э*******т 08******* дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив...” гэжээ.

          5. Хариуцагч шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “А*******ын Э******* нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн” гэх бүртгэлийн УБХ-488 дугаартай зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж, холбогдогч А.Э*******т 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

          “Монгол улсын иргэний үнэмлэх бүртгэлийн дүрэм”-ийг хуулийн нэгдсэн сайтад бүртгээлснээр нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт гэж үзэн Монгол улсын засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Монгол улсын иргэний үнэмлэх бүртгэлийн дүрэм”-ийн 2.7.1-д “Иргэн Иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах үүрэгтэй” гэх заалтыг иргэд иргэний үнэмлэхээ хадгалах эзэмших үүрэгтэй гэснийг төсөөтэй байдлаар хэрэглэн аймаг, нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-д зааснаар хүнийг 30 нэгж буюу 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          1.Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.Ө*******ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08******* дугаар шийтгэлийн хуудсаар иргэн А.Э*******т Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх буюу 30000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

          Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 396 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм”-ийн 2.7-д “Иргэн иргэний үнэмлэх эзэмшихэд дараахь үүрэг хүлээнэ” гээд 2.7.1-д “иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах” гэж заажээ.

          2.Иргэн А.Э******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн талаар Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандсан байх бөгөөд түүний уг үйлдлийг зөрчлөө сайн дураар илчилж ирсэн мэтээр эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдсэн нь хуульд нийцээгүй байна.

          Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино”, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тус тус заасан бөгөөд иргэний үнэмлэхээ нээгдүүлсэн гэх үйлдлийг зөрчилд тооцож шийтгэл ногдуулж буй нь үндэслэлгүй.

          Өөрөөр хэлбэл зөрчлийг зөвхөн Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн төрлийн аль нэгийг эсхүл хэд хэдэн зөрчлийг зөрчсөн тохиолдолд шийтгэл ногдуулах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 396 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм”-ийн 2.7.1-д “иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах” үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр иргэнд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй.

          3.Хэдийгээр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан хэдий ч дээрх журамд иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлэхийг хориглоогүй.

          4.Мөн дүрмийн 3.4-д “Хадгалж байгаа иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан энэ дүрмийн 2.8-2.12-т заасан иргэн, байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан нь бусдын иргэний үнэмлэхийг хуульд заасан үүргийн дагуу хадгалж буй иргэн, хуулийн этгээдэд хамааралтай болохыг дурьдах нь зүйтэй байна.

          5.Нөгөөтэйгүүр Зөрчлийн тухай хуулийн төсөөтэй хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

          Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Н.Э*******ээс Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.Ө*******т холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.Ө*******ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн иргэн А.Э*******т холбогдох 08******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ.